Телевиз: Тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл

Тэмцлийн хүчин зүйлүүд

Хэвлэл мэдээллийн эздийг сандаргаж, телевизүүдийн ирээдүйг төсөөлөхөд хүргэсэн нэгэн содон үйл явдал 2019 онд болов. Бизнесийн байгууллагуудын дижитал буюу цахим зар сурталчилгаанд зарцуулсан мөнгөний хэмжээ ноднин анх удаа уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагад төлсөн мөнгөнөөс давжээ. Энэ баримт эздэд хэвлэл мэдээллийн ирээдүйн чиг хандлагыг бодитоор мэдрүүлсэн байх учиртай. Учир нь зар сурталчилгаанаас олох орлого бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн амьдралын баталгаа, хараат бус сэтгүүлзүйн үндэс юм. “Microsoft”- ын ерөнхий захирал асан Стив Баллмер нэгэнтээ уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг “Явж буй үхдлүүд” гэж хэлснийг тэр үед олон хүн эргэн санасан биз. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа мэдээний телевизийн ирээдүй тийм бүрхэг гэж үү. Интернэт зар сурталчилгаатай өрсөлдөх боломж үнэхээр байхгүй юу?

Анхаарал татсан энэ асуултын хариултыг нээлттэй эх сурвалжаас хайн бэдэрлээ. Олсноо та бүхэнтэй хуваалцья.

Зар сурталчилгааны зах зээлийн өнөөгийн байдал

Цар тахлын шалтгаант эдийн засгийн уналт дэлхий даяар ажиглагдаж ААН-үүд зардлаа танаж байгаа ч зар сурталчилгаанд зарцуулах мөнгөө л буулгасангүй. Цаашдаа ч бууруулахгүй гэдэг нь бараг тодорхой байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл (УХМХ)-ийг нэг тал, интернэт, цахим орчин дахь платформ хэрэглэгчдийг нөгөө тал гэж үзвэл ААН-үүд 2018 он хүртэл эхнийхийг нь илүүд үзэж сонгож байв. Харин 2019 онд энэ байдал өөрчлөгдөж, энэ чиглэлээр зарцуулагдсан бүх мөнгөний 50.1 хувь нь цахим зар сурталчилгаанд ногджээ.

Цахим зар сурталчилгаанд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2019 онд өмнөх оноосоо 17.6 хувиар өсөж 333.25 тэрбум ам.долларт хүрснийг “eMarketer”-ын судалгаа баталжээ. Энэ нь дээр хэлсэнчлэн, дэлхийн зар сурталчилгааны нийт зардлын 50.1 хувь бөгөөд Их Британи, БНХАУ, Норвеги, Канад улсад хамгийн өндөр буюу 50-иас дээш хувьтай гарсан байна (Зураг 5). Энэ жил тэдэн дээр АНУ (54.2 хувь), Нидерланд (52.6) нэмэгдэх өндөр магадлалтай гэсэн судалгаа гарчээ.

Харин Өмнөд Америк болон Зүүн Өмнөд Азийн орнуудад УХМХ-д сурталчилгаагаа даатгасан хэвээр байгаа нь харагдаж байна. Технологийн хоёр аварга Google, Facebook цахим зар сурталчилгаанаас хамгийн их (103.73 болон 67.37 тэрбум $) ашиг олжээ.

Телевизийн засаглалаас цахим засаглал руу

Хүмүүсийн хэрэглээ 1990-ээд оны сүүлээс УХМХ-ээс цахим руу шилжиж байгаа юм. Хэрэглэгчдийг насны бүлгээр нь ангилаад үзвэл бага насны хүүхдүүд ихэвчлэн цахим орноос мэдээллээ авч байгаа бөгөөд тэд том болохын хэрээр цахим хэрэглэгчдийн масс өсөж, УХМХ- ээс мэдээлэл авдаг хэсгийн жин буурч буй. УХМХ хүч нөлөөтэй, мэдээллийн үнэн худлын хэмжүүр хэвээрээ боловч өнгөрсөн зууны сүүлийн хагаст байсан шиг бүрэн ноёрхохоо аажмаар больж байгаа юм. УХМХ-ийг таашаагч ахимаг настнуудад харамсмаар мэдээ байж магадгүй, гэвч 2012 оноос эхлээд телевизийн нэвтрүүлэг үзэлтийн тоо жилд 3-4 хувиар тогтмол буурч байна. Нөгөө талд цахим сувгаар цацагдсан мэдээллийн үзэлт өссөн нь мэдээж. Ингэхдээ залуу үе цахим орчин руу хошуурч, ахмад настнууд телевизийн мэдээнд ач холбогдол өгөх зарчмаар явж байгаа болохыг өмнөх мэдээллээс ойлгосон биз ээ.

Нөхцөл байдал хаашаа чиглэж байгааг УХМХ мэдээжийн хэрэг нэлээд эрт мэдэрсэн, бас зүгээр хараад суугаагүй. Бэлтгэсэн мэдээ, контентоо цахим орчин, олон нийтийн сүлжээний платформ ашиглан аль болон олон сувгаар хэрэглэгчдэд хүргэх өрсөлдөөнд нэгэнт татагдан оржээ.

Ялангуяа мэдээллийн телевизүүдийн хувьд энэ нь харин ч үнэн бодит мэдээллийг илүү товч, тодорхой байдлаар хамгийн хурдтай үзэгчдэд хүргэх илүү таатай боломжийг бүрдүүлж өгч байна. Мэдээний өрөөний уламжлал хэв загвар ч хамт хөгжиж, илүү баялаг агуулгатай болжээ.

Техник технологийн дэвшил, нийгмийн олон талт харилцааны шинэ шинэ тусгалууд мэдээний өрөө буюу мэдээллийн редакцид тусгалаа олж, менежмент, маркетингийн олон, олон шинэаргабарилаар баяжигдсаар байна. Мэдээллийн хүчирхэг редакц нь дан ганц чадварлаг сэтгүүлчдээс бүрдэхээс гадна цагаан болон хар арьст ажиллагсдын тооны харьцаа, үндэстний цөөнхийг төлөөлөл байгаа эсэх, сэтгүүлчдийг олон талт чадвартай болгохын тулд тодорхой хугацааны давтамжтайгаар алба сэлгэн ажиллуулж байх зэрэг олон дэвшилтэт агуулга, хэлбэр нэвтэрсэн байна.

Телевизүүдийн боломж- Үнэн бодит мэдээлэл, мэдээний өрөөний соёл

Тоон технологи хөгжиж хүмүүс “гар утас” хэмээх жижигхэн “шидтэн”-г гартаа атгаснаар том дэлгэц ширтэж суух шаардлагагүй болсон. Гэхдээ тэглээ гээд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевиз өрсөлдөөнөөс арчигдана гэх нь одоохондоо эртдэнэ. Тэр тусмаа Монголтой төстэй пост коммунист орнуудад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэ цэнээ удаан хадгалах боломж бусдаас илүү өндөр юм байна.

Үүнд гурван шалтгаан бий.

Нэгд, Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээгээр дагнасан телевиз нь сэтгүүлчдийн хувьд мэргэжилдээ өсч дэгжих хамгийн боломжтой газар хэвээр байна. Иргэний сэтгүүлзүй, блог, видео блогерууд олноор бий болж, тоон мэдээллийн тэсрэлт болж байгаа өнөө үед ч мэргэжлийн редакц нь сэтгүүлчийн карьераа өсгөх хамгийн боломжтой газар хэвээр бөгөөд цаашид ч энэ чигээр үлдэх нь тодорхой байна.

Хоёрт, Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хөрөнгө мөнгө их шаардах эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдийг санхүүжүүлэх боломж нь бусдаас илүү хэвээр байна. Тэгвэл сэтгүүл зүйн энэ төрөл өдгөө нийгэмд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, ирээдүйд ч үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байх төлөв байгаа нь телевизүүдийн аз болж байна. Интернэт мэдээлэл бэлтгэгчид нь хурдад илүү төвлөрч, гүн гүнзгий судалгаанд цаг гаргаж чадахгүй нь ойлгомжтой.

Гуравт, интернэтэд нэвтрэх, тоон технологийн төхөөрөмж ашиглах боломж улс орон бүрд ялгаатай байна. Интернэт болон дижитал төхөөрөмжийн хэрэглээ багатай улсад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл давуу талтай, илүү удаан ноёрхох нь мэдээжийн хэрэг юм.

Энэ шалгуураар авч үзвэл тоон технологийн платформуудыг хориглодог БНХАУ, Иран, Хойд Солонгос, Куба улсад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийн гол эх сурвалж болж чадаж байна. Мөн тухайн улсдаа ганц байх давуу талыг бий болгосон телевизүүд байр сууриа удаан хадгалах нь мэдээжийн хэрэг юм. Цэвэр мэдээллийн телевизүүдийн тоо жилээс жилд цөөрч байгаа үед энэ бол маш том даавуу тал мөн юм.

Эцэст нь, УХМХ-д хамгийн чухал нь, үнэн бодит мэдээлэл түгээх давуу тал байна.

Тэгэхээр нөгөө талаар УХМХ доройтох биш, харин технологийн асар хурдацтай хөгжилтэй зэрэгцэн хөгжиж яваа гэвэл үнэнд илүү нийцнэ. Жирийн иргэд ч, албаны хүмүүс ч үнэн бодит, ёс зүйтэй, хурдан шуурхай мэдээллийг хүсдэг. Тиймээс УХМХ-ийн рестораны хоолны цэсэнд байх хамгийн түгээмэл хоолтой зүйрлэж болох юм. Зочид юу ч захиалж идсэн бай хамгийн сүүлд УХМХ-ээс л үнэн худлыг нь шалгадаг хэвээр байх болно.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ. Дугаар 457

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)