“Их өмч хувьчлал II” аян зарлах уу

“Төр муу менежер” гэж үг байдаг. Энэ үгийн бодит биеллийг одоогийн Төрийн өмчит компаниуд харуулж байна. Өнөөдөр Монголын төр 32 их наяд төгрөгийн үнэлгээтэй компаниудыг эзэмшиж, үүнийхээ төлөө 10 их наяд төгрөгийн өрөнд оржээ. Энэ их алдагдал, өр нь гэхдээ мөнгөн дүн гэхээсээ илүү сахилга хариуцлагатай холбоотой.

“Үндэстний тойм” сэтгүүл энэ удаагийн эдийн засгийн буландаа “Төрөөс “Их өмч хувьчлал” II-ыг явуулья” гэсэн сэдвийг хөндөж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед нэг удаа хуйвалдаангүйгээр ил тод өмч хувьчлал явуулснаар төсвийн алдагдлыг нөхнө. ТӨК-иудын тухайд энэ өмч хувьчлал нь сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой байх болно. Тодруулбал, ТӨК-иудад хувийн хэвшлийн хяналт тогтоох үүднээс тодорхой хувийг хувьчлах санааг илэрхийлж байгаа юм. Төр угаасаа ашиггүй компаниудаа хувьчилж, ачаанаасаа салдаг жишиг бий. Заавал 100 хувь биш, тодорхой хувийг нь хувийн хэвшилд зарснаар тухайн компанид хяналт бий болж, үргүй зардал багасан, аж ахуйн тооцоон дээр ажиллах боломж бүрдэнэ. Урьд нь алдаа оноотой олон хувьчлал хийсэн туршлагадаа тулгуурлаад оновчтой шийдвэр гаргах боломж байна. Томоохон компаниудын тодорхой хувийг олон нийтийн өмчит болгох ажлыг ТӨК-иудаас эхэлсэн ч болохгүй юмгүй.

Их наядын өр, тэрбумын орлого

Монгол Улсад төрийн өмчийн 117компани бий. Эдгээрийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байдаг бол 10 гаруй нь “Эрдэнэс Монгол” компанийн харьяа, 10 орчим нь Сангийн яамны харьяанд бий. Эдгээр компанийн 62 хувь нь алдагдалтай ажиллаж, нийт өр нь 10.2 их наяд болсныг УИХ-ы чуулганы хуралдаанаар авч хэлэлцсэн. Гэтэл 2021 оны төсвийн төсөлд тусгаснаар бол төрийн өмчийн компаниудаас төсөвт ердөө 183 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Мөн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой компаниудаас 155 тэрбумхан төгрөгийн ногдол ашгийн орлогыг

Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр тооцсон байна. Өр нь их наядаар хэмжигдэж, төсөвт төвлүүлэх нь 200 хүрэхгүй тэрбум байхад УИХ дүлий дүмбэ оргиж суугаа нь “ТӨК алдагдалтай ажилладаггүй, харин алдагдалтай ажиллуулдаг” гэж хардахад хүргэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Төрийн өмчит 117 компанийн үнэ цэнэ 32 их наяд. 32 их наяд гэдэг нь манай ДНБ-тэй дүйх хэмжээний хөрөнгө. Гэтэл бид энэ өгөөжийг хүртэж чаддаггүй. 32 их наядын хөрөнгөөсөө 2021 онд 30 тэбумын орлого олно гээд яриад сууж байна. Компаниудын нийт хөрөнгийн нэг хувьд нь хүрэхгүй өгөөж хүртэх гээд шүү дээ. Харамсалтай байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан

Төрийн өмчийн компаниуд ашиггүй ажиллаж байгааг сүүлийн 10-аад жил ярьж байна. Тэр болгонд хувьчилна гэдэг хэрнээ өнөөдрийг болтол ямар ч арга хэмжээ авсангүй.

 

“Намын” өмчит компаниуд

Монголын “Төрийн өмчит компани”-иуд өнөөдөр бүгд “Намын өмчит” компаниуд болсон гэж хэлж болно. УИХ-д олонх болсон нам Төрийн өмчийн компаниудыг хувийн компани
мэт болгож, ТУЗ-д нь сайд, дарга нарыг олноор суулгадаг нь үүнийг баталдаг. Нэг ёсондоо ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал намын “тэжээгч”-ийн шагнал, ТӨК намын санхүүжилтийн нэг эх үүсвэр болж хувирчээ.

Харьяа яамныхаа сайд, дарга нарын зардлыг төрийн өмчит компани нь даадаг гэдэг ч баримтууд бий. Үүнийг нь нотлоод Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан хүн нь “Төрийн өмчит компаниудад хоёр төрлийн шахаа байдаг юм. Эхнийх нь албан тушаал, ажлын байрных. Тэр дарга, сайд, гишүүний хүн гэх мэт. Энэ нь бараг тогтолцоо болсон гэхэд болно. Харин дараагийнх нь тендерийн шахаа” гэж хэлж байсан удаатай. Түүнчлэн ТӨБЗГ төрийн өмчит компаниуд гурван жилд тансаг хэрэглэлийн 170 жийп машиныг 20 орчим тэрбум төгрөгөөр авсан.

Жилд дунджаар 42 ширхэг жийпийг 5 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэж тайландаа дурдсан нь бий. Ингэхдээ 10 компанийн удирдлага таван саяас дээш,
79 компанийнх 3 сая төгрөгийн цалин авдаг тухай танилцуулж байсан бол Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр төрийн өмчит компаниудын удирдлага 60 сая төгрөгийн урамшуулал авдаг тухай ширүүн шүүмжлэл ч өрнөж байсан. Төрийн өмчийн компаниудын шахаа, булааг төрийн бүх шатандаа ярьж, мэддэг хэрнээ “тавьж явуулж” эс чадна. Өнөөдөр төрийн өмчийн компаниудын үүсгэсэн гэх, ирээдүйд татвар төлөгчдийн халааснаас төлөх 10.2 их наядын өр дотор дарга нарын өндөр цалин, тансаглал орчихсон яваа. Цаашид ийм байж болохгүй, нэн даруй зогсоох ёстой.

Хариуцлагажуулах хувьчлал

Төрийн өмчит компаниуд ийнхүү төсөвт олон их наядын дарамт үзүүлж, алдагдал учруулдаг байтал хувьчилж, татан буулгаж цөөлөхийн оронд эсрэгээрээ жил бүр тоог нь нэмдэг хачирхалтай жишиг бас байна. Өнгөрсөн жил л гэхэд “Эрдэнэс Монгол” компани охин компанийнхаа тоог дөрвөөр нэмсэн байдаг. Ажилчдын тоогоор яривал 50 орчим хүнээр бүл нэмжээ. Гэтэл энэ жил авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг эс тооцвол бусад компанийн үр өгөөж, ашиг тусыг монголчууд мэдрээгүй байгаа.

“Судалгаа хийж байгаа” нэрээр олон хүнтэй баг бүрдүүлж “цалин цохидог” жишиг нийтлэг болсон байна. Тиймээс эрчим хүчний үнэ бүрдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг “Шивээ овоо”, Багануураас бусад ТӨК-иуд дээр хувьчлах асуудлыг ярих цаг болсон.

Өмчөө мэдэж, үр өгөөжөө өгч байгааг нь авч үлдээд, ашиггүй, төсөвт буюу ард түмний халаасыг хоосолж байгааг нь татан буулгаж, хувьчилж, зах зээлийнх нь зарчмаар хөгжүүлэх нь төрийн үүрэг. Тиймээс “Их өмч хувьчлал II”-ыг ТӨК- иуд дээр төвлөрүүлж явуулах цаг ирсэн байна. Дээр хэлсэнчлэн, хувийн хэвшлийн хяналтыг оруулж хариуцлагажуулах хувьчлал байх болно. ТӨК-ийн тодорхой хувийг хувьчилснаар ашигт ажиллагааны түвшин, үнэ цэнэ нь өссөн жишээ бий. “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчлахад компанийнх нь ханш тав дахин өссөн. Хувийн хэвшлийн хяналт орж ирснээр “Монгол шуудан”-д томилгоо, шахаа үгүй болж, засаглал сайжирч, ил тод болсон” гэдэг. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал ч хууль бусаар явагдсан л болохоос компанид хувийн хэвшлийн хяналт оруулж ирснээрээ зөв зүйтэй байсан гэж боддог.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Ашиггүй ажиллаж байгаа ТӨХК-иудыг хувьчлаад зах зээлийнх нь зарчмаар ажиллуулмаар байна. Тэгвэл орлого нь нэмэгдэж, цаашлаад ногдол ашиг олгох хэмжээнд очиж болно. Тэгэхгүй бол төсөвт хүндрэл учирч байна.

Улиг болсон “амлалт”

Манай дарга нар уг нь юу хийх ёстойгоо мэдээд байдаг. Жишээлбэл, “Алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудын алдагдлыг төсвийн мөнгөөр нөхсөөр байх уу” гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өмчийн компаниудын өнөөгийн нөхцөл байдлын дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийж байгаа. Энэ дүгнэлтээр ирээдүйд компаниудын аль нь ашигтай, аль нь ашиггүй байх вэ гэдэг нь тодорхой болно. Дүгнэлтийн дагуу ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгах уу, хувьчлах уу, эвсэл ашигтай ажиллах хугацаатай үүрэг өгөх үү гэдгийг нь шийднэ. Ирэх сарын 1 гэхэд энэ дүгнэлтийн хариу гарна” гэдэг хариултыг өгсөн. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах ёстой. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг бүх аж ахуйн нэгж хэрэглэх хэрэгтэй. Зарим аж ахуйн нэгж “Шилэн дансыг яаж ашиглахгүй байх вэ?” гээд үг үсгийг хүртэл өөрчилж байна. Тиймээс төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааных нь зардлыг бууруулах, гүйцэтгэх захирлыг ажлын үр дүнтэй нь уялдуулах арга хэмжээг авна” гэсэн байх жишээтэй.

Ирэх оны төсөвт ч “Ирэх онд төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал сайжруулах, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэсэн зөв өгүүлбэр бий.

Гэсэн ч амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг итгэл яагаад ч юм бэ багасчихаж. Магадгүй, хоёр жилийн өмнө “Төрийн банк, МИАТ, “Монгол шуудан”, “Хөрөнгийн бирж”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Мэдээлэл холбоо сүлжээ” тэргүүтэй ашиггүй ажиллаж байгаа 27 компанийг Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй санал болгоно” гэж ярьсан ч сураг алдарснаас болсон биз ээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ. Дугаар 455

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tegeed l avaad ashigtai ajilluulj ehelsniigee muu feodal geed dairaad shorond hiine dee

    0 0 Хариу бичих