Гал алдаж мэдэх гадаад худалдаа

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын улмаас Монгол Улсын өрх бүрт 1 сая төгрөгтэй дүйх тусламж үзүүлэх санал гаргасан нь бүлэг, байнгын хороодын босго давалгүй уналаа.

Нийтдээ 900 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ саналаа хэрэгжих боломжтойг Төрийн тэргүүн илэрхийлээд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгт архи, тамхинаас бусад төрлийн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах ваучер олгох санал дэвшүүлээд байсан юм. Гэвч энэ боломжтой юу. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас харахад Монгол Улс дотооддоо үйлдвэрлэдэг нь үйлдвэрлэдэггүйгээсээ хавьгүй бага болох нь хэнд ч ойлгомжтой. Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас сэлтийг бид БНХАУ-аас зөөдөг бол хүнсний бүтээгдэхүүний багагүй хэсгийг ОХУ-аас, нефть бүтээгдэхүүнээ бол бараг бүгдийг нь хойд хөршөөс авч байна.

Коронавирусийн цар тахлын энэ цагт хойд хилээр ачаа тээвэрлэдэг жолооч нарын дунд эрсдэл өндөрсөж, дотооддоо алдсан тохиолдлын анхдагч нь ч жолооч нараас эхэллээ. Энэ нь эргээд Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших, импортын хэрэглээг хязгаарлахыг сануулж буй мэт. Гэвч одоохондоо бидэнд чадал алга.

Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд үнэ нь огцом нэмэгдсэн өндөгний жишээнээс л үүнийг харж болж байна. Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 50 хувийг дотооддоо хангаж, үлдсэнийг нь ОХУ- аас импортоор авдаг. Тэгвэл хатуу хөл хорио тогтоож, зарим боомтыг хааснаас үүдэж өндөгний үнэ огцом нэмэгдлээ. Дотоодын үйлдвэрлэгчид ч нийлүүлэлтээ нэмэхийн тулд зардлаа өсгөсөн, дагаад үнэ нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Учир нь бид өөрсдөө үйлдвэрлэхээс илүү өрөөлөөс авах нь их байдагтай холбоотой. Хатуу хөл хорио тогтоож, хил хаахаас өмнөх 10-хан хоногт Монгол Улс 190.5 мянган ам.доллароор 2.9 ширхэг өндөг ОХУ-аас авсан байх
юм.
Энэ нь өмнөх оны арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт 217.4 мянган ам.доллароор 3 сая ширхэг өндөг авсантай харьцуулахад арай бага ч, бид эх орондоо хүнсээ үйлдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Эрх баригч МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо өгсөн гол амлалтын нэг нь хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангах тухай заалт байсан. Цар тахлын уршиг улам бүр нэмэгдэж буй энэ үед эрх баригчдаас амлалтыг нь нэхэх хэцүү боловч аюулт өвчин дотоодын хэрэгцээгээ дотоодоосоо хангахыг шаардаж байгаа нь үнэн юмдаг. Ямар боловч нөхцөл байдал хурцдаж, боомтууд хааснаас үүдэж сөрөг нөлөөллүүд гарч болзошгүй байдал бий боллоо.

Боомтууд юу болов?

Хойд хилээр ачаа тээвэрлэдэг жолооч нарт коронавирусийн халдвар бүртгэгдэх нь нэмэгдсэнээр манай улс тэр чиглэлийн зарим боомтуудаа хаах шийдвэр гаргасан. Одоогоор ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг нэгдүгээр сарын 15 хүртэл, Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Харин нефтийн бүтээгдэхүүн импортолдог Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг арваннэгдүгээр сарын 23-наас гарагийн зохицуулалттай нээхээр болсон. Ингэснээр сар бүрийн хоёр болон дөрөв дэх долоон хоногт ачаа нэвтрүүлэхээр болжээ.

Монгол Улс 46 боомттой байхаар хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээр, Засгийн газрын тогтоолд байдаг. Үүний дийлэнх нь ОХУ-тай хиллэдэг. Өөрөөр хэлбэл, 29 нь ОХУ-тай хиллэдэг хэсэг юм. Гэвч байнгын ажиллагаатай нь хуруу дарам. Анх ОХУ Монгол Улсын гадаад харилцааны ганц түнш байсан. Тэгвэл одоогоор импортын гол түнш болсон. Экспортын хувьд тун багахан хувь эзэлдэг. Тодруулбал энэ оны эхний 10 сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларын импорт хийсэн бол 42 сая ам.долларын экспорт хийжээ. Үүнээс гадаад худалдааны дүр төрх тун тодхон харагдах юм. Импортод хүнс, нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүч голлодог бол экспортод хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн жин дардаг. Иймээс бид энэ удаад ОХУ, Монголын гадаад худалдааны гол нэрийн бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе. Учир нь, хилийн боомтууд хаагдсанаар гадаад худалдаанд гарах хохирол нэмэгдэх нь гарцаагүй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манайхан энэ жагсаалтаа барьж байгаад л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйгаа дэмжих хэрэгтэй байгаа юм даа.тэгвэл гаднаас авах шаардлагагүй болно..

    0 0 Хариу бичих