Хорионоос өндийсөн дарангуйлал

Хүний эрхийн хамгийн хүчтэй дайсан нь дарангуйлал. Дарангуйллын бий болоход хамгийн хүчтэй зэвсэг нь айдас. Яг одоо бүгдээрээ цар тахлын айдастай байна. Энэ айдас эрхээ хасуулах эхний дархлааг дарангуйлаад эхэлчихлээ. “Улсын эрх ашгийн төлөө” үгээр тэжээгдэн дарангуйлал өсөн өндийж байна. Уухайлан дэмжиж байна. Аль ч дарангуйлал нийгмийн дайсныг бий болгодог. Бидний ковидтой тэмцэх тэмцэл аажмаар утгаа алдаж байна. Өвчнөөс хүнээ хамгаалах зорилготой тэмцлийн чиглэл хазайж эхэллээ. Цар тахлаар хүн амь алдаагүй байхад түүнтэй холбоотойгоор авсан арга хэмжээний буруугаас эрдэнэт хүн эндэв. Тэд юу хийчхэв ээ?    

Буруутан нь буруутныг олно  

Үхэх, төрөх ээлжлэн байдаг орчлонд хүний жам ёсны эрх бол амьд явах.  Мөнх бишээс хойш үхэх эрх ч заяагдмал. Жам ёсны эрхэд хэнбэгуайч халдаж үл болно. Энэ эрхийг төр хангах үүрэгтэй болохоос халдах эрхгүй. Гэтэл халдчихлаа. Архангай аймгаас нийслэлд эмчлүүлэхээр ирсэн иргэн 22-ын товчоон дээр гацаж, онцгой комиссын буруутай үйл ажиллагаанаас болоод эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдав. 22-ын товчоонд ажиллаж байсан эмч онцгой комиссынхон руу хоёр удаагийн үйлдлээр 80 гаруй удаа залгасан ч холбогдож чадаагүйгээ харамсан ярьж байна. Гэтэл Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар эмгэнэл ч илэрхийсэнгүй. Ерөнхий сайд уучлал гуйв. Хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох үүргийг Улсын онцгой комисст өгчээ. Ийм явдал болох шалтгааныг бий болгосон субьект нь УОК өөрөө шүү дээ. Тов тодорхой зүйл гэвэл УОК-ын шийдвэрээс болж ийм хэрэг гарсан. Ийм байтал өөрсдөө өөрсдөөсөө буруутанг олох ёстой болов. Ядах юмгүй хэн нэгнийг золиослох нь тодорхой болчихлоо. Жинхэнэ буруутнууд түүнийг тодруулах юм. 

Бид алдаанаасаа суралцах болоогүй бололтой. Хорьдугаар зууны аймшигт хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн Онцгой бүрэн эрхэт комисс гээч хоёрхон жилийн хугацаанд буруутан нэрийдлээр 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулсан гашуун түүх байсаар л байна. Шүүхгүйгээр шүүвэл ийм л юм болдог билээ. 

УОК-т хамаарах гэмт хэрэг  

УОК эрсдэлийг бууруулах үүрэгтэй. Гэтэл “Энхсаран” тусгаарлах байранд ажиглалтад байсан 146 хүнээс арваннэгдүгээр сарын 3-аас 23-ны хооронд нийт 49 хүн халдвар авч өвчилжээ. Өөрийгөө хамгаалах эрхээ төрд шилжүүлж, түүний хяналтад байсан иргэд хохирчихлоо. Хамгаалах ёстой хүнээ халдварлуулсан нь жинхэнэ утгаараа гэмт хэрэг. Харин УОК-ын дарга “Хариуцлага тооцох эзэн олдоно” гээд асуудал таг чиг. Энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Шалгах ч ёстой. Эрсдэлээс хамгаалах бус эрсдэлд оруулж буй энэ үйлдэлд хэн нэгэн этгээд буруутай байж болох ч УОК ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх л ёстой. 

Хязгаарлаж болох, хориглож болохгүй 

Нийтийн эрхийг хамгаалах үүднээс хязгаарлалтын арга хэмжээг төрийн зүгээс авч болох ч тэр нь хүний эрх үндсэн эрхийг хааж болохгүйг НҮБ-ын зүгээс анхааруулж буй. Харин манайд иргэдээ цар тахлаас хамгаалж  хөл хориог хэрэгжүүлж буй хууль, хяналтын албан хаагчдад эрхийн тухай суурь ойлголт хангалтгүй байгаа жишээ нь хөдөө орон нутгаас ирсэн зорчигчид 20 гаран цаг цагдаагийн хяналтад автобуснаас буух, биеэ ч засах эрхгүйгээр тарчилжээ. Бие засах, ус уух хүний заяагдмал эрхийг зөрчсөн үйлдэлд буруутан бас олдсонгүй. Харин ч төмөр хувинд бие засуулсан албан хаагч магтуулах маягтай. Хорио, цээрийн дэглэмээр хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл дараагийн жишээ нь дөрвөн сартай, халуурсан үрээ үзүүлэхээр такси барьсан залууг өөрийнх нь тээврийн хэрэгсэл биш шалтгаанаар буулган, хасах 20 хэмийн хүйтэнд 2,5 км замыг явган алхахаас өөр сонголтгүй орхив. Буруутан бас л олдсонгүй. 

Эдийн засгийн эрх чөлөөгүй болов

Идэх хоолгүй, түлэх түлээгүй иргэд хөлдөхгүй юмаа гэхэд өлсгөлөнд ойрхон болжээ. Хүн өмчтэй байх эрхтэй. Тэр эрх нь өмчөө өөрөө хэрхэн захиран зарцуулж байгаагаар илэрдэг. Хүнсний дэлгүүрээс бусад нь бүгд хаагдав. Мөнгө байгаад ч нэмэр алга. Иргэдэд хоол хүнсээ цуглуулах эрх олгосон ч зорчих эрхийг нь хязгаарласнаар хумив. Хоол хүнсээ авах мөнгөтэй байхын тулд ажиллах хэрэгтэй. Гэтэл мөнгө олох эрхийг нь хязгаарлаагүй ч боломжийг нь үгүй хийснээр эдийн засгийн хувьд төрөөс шууд хамааралтай, эрх чөлөөгүй болов. Цар тахлын тоог мэдээлж байгаагаас бус хэдэн айл, өрх хоолгүй байгаа мэдээлэл алга. Архидан согтуурах нь халдвар авах эрсдэлийг бий болгож болох ч хувийн мөнгөөрөө юу авч уух эсэх нь хувь хүний эрхийн асуудал байтал шууд л хорисноор спиртэд хордож үхсэн тохиолдол цөөнгүй гарлаа. Иргэд ч өөрийнхөө сонголтоор шийдчих асуудлыг заавал төрийн оролцоотойгоор хийлгүүлэхийг хүсэмжилж, өөрсдийн эрхээ өөрсдөө үгүйсгэх болжээ.  

Хүний эрхийг хамгаалах сонирхол алга 

Хязгаарлалт тогтоосон энэ үед хүний эрх зөрчигдөх магадлал ихэсдэг. Гэр бүлийн хүчирхийлэл ч илүү далд байдалд орж, газар авдаг учраас илүү ихээр анхаарлаа хандуулах шаардлага бий болдог. Тиймээс ч энэ чиглэлд илүү анхаарал тавих зүй ёсны хэрэг урган гардаг. Хүний эрхийн үндэсний комисс энэ үүднээс УОК-ын ажлын албаны бүрэлдэхүүнд орох саналаа арваннэгдүгээр сарын 20-нд тавьсан ч хүлээж аваагүй аж. Гэтэл 2020 он гарсаар ХЭҮК-д нийт 670 гомдол ирснээс 68 гомдол нь “Ковид-19”-тэй холбоотой гомдол байна. Энэ оны байдлаар УОК-д хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 26 зөвлөмж хүргүүлснээс 5 нь арваннэгдүгээр сард, хүний эрхийн зөрчлийг арилгуулах таслан зогсоох чиглэлээр 27 шаардлага хүргүүлснээс 3 нь арваннэгдүгээр сард гарсан байна. Салбар салбарын зааварчилгаа ойлгомжгүй, уялдаагүй, нээлттэй биш байгаагаас иргэдийн эрх зөрчигдөж байна гэж  ХЭҮК-оос удаа дараа мэдэгдсэн ч "хүндэтгэлтэй хандаж байна" гэдгээс өөр хариу аваагүй ажээ. Тэр ч бүү хэл УОК-ын хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ч хуралдах мэдээллээ өгөөгүй талаар мэдэгдлээ. Ингэж л улайрч байна. Онцгой комисс Онцгой бүрэн эрхэт болоход ойрхон иржээ. 

Хэвлэлийг цагдаа цагддаг болов 

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020.05.13-ны өдөр гаргасан “Ковид-19 удирдамж”-д зааснаар КОВИД-19-тэй холбоотойгоор онцгой байдлын үеийн эрх хэмжээгээ гагцхүү нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэхээс бус хүний эрхийн хамгаалагчид эсвэл сэтгүүлчдийн ажил, үйл хэргийг няцаах, хүчингүй болгох эсвэл тэднийг чимээгүй болгоход ашиглах ёсгүй юм. Харин манайд энэ удирдамж хэрхэн хэрэгжиж буйг танд үлдээе. 

Энэ үед иргэд бодит мэдээллээр ангаж байна. Хэвлэл мэдээлэл хязгаарлагдмал эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бодит бүрэн дүүрэн мэдээллээр хангах боломжгүй болж эхлэв. “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” гээчээр хэвлэл мэдээллийн амыг барих боломжтой боллоо. Ингэхдээ шүүх бус цагдаагийн албан хаагч өөрөө бие даан, хувийн туршлагадаа тулгуурлан тодорхойлохоор журмалсан нь цагдаагийн албан хаагчдыг дур зоргоороо асуудлыг шийдэх боложийг өгчээ. Тиймээс ч цагдаагийнхан аливаа маргааныг зөвхөн өөрсдөд ашигтай талаас харагдуулахуйц бичлэгийг хийж олон нийтийн сүлжээгээр цацан иргэдээр шүүлгэн, үзэн ядуулсан тохиолдол ч гарав. Хэвлэл мэдээллийг хянах, хүссэнээрээ чиглүүлэхийг аль ч үед дарангуйлагчид хүссээр ирсэнийг бид мартах учиргүй. 

Бүх зүйл дуусахад... 

Хөр цаснаас цухуйх яргүй адил дарангуйлал ийнхүү цухалзаж, хэзээ хэзээгүй цэцэглэхэд ойрхон болжээ. Харин айдаст автсан бид улам бүр чангалуулж, өөрсдөө ч дараачийн хохирогч болно гэдгээ мэдэлгүйгээр хориглохыг дэмжиж байна. 

Хэрэвзээ байдал энэ янзаараа үргэлжилбэл нийгэм бүхэлдээ уналтад орж, хуульт ёс бус үзэмж үйлчилж эхлэх нь. Тиймээс бүх зүйл дууссаны дараа бид юутай үлдэх вэ гэдгээ бодох цаг болжээ.  

Өлссөн ч, ядарсан ч, уусан ч, унтсан ч, үхсэн ч өөрийн эрхээр байхын тулд бид хүмүүнлэг ардчилсан нийгмийг сонгосон билээ. Ухрах уу, урагшлах уу гэдэг нь биднээс өөрсдөөс шалтгаалах нь. Тиймээс эрхийнхээ төлөө эргэцүүлэх хэрэгтэй болов уу?

Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зовцгооё...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ноднингоос хойш л нээх коронагаас хамгаалаад арга хэмжээ аваад шилдэг байна майна гээд л байсан яасан одоо эргэж буцаад алж өгч байна дөө иргэд дунд нь хохирч байгаа нь харамсалтай байна

    0 0 Хариу бичих
  2. өвчнөөр далимдуулж арай дэндэж байнаа яг голоор нь олоод хэлжээ

    0 0 Хариу бичих
  3. Яг шоронд л байна, гүйэ шоронд хоол өгдөг ш дээ, тэгэхээр цөллөг маягийн

    0 0 Хариу бичих
  4. Yg unen...

    0 0 Хариу бичих