Хар тамхичдын "арми"-тай гар хоосон тулалдах уу?

Өөрчлөгдсөн байр суурийг өмөөрөхүй

Хар тамхи, мансууруулах бодис худалдсан, үйлдвэрлэсэн хэрэгт насаар нь хорих ял оноодог хуулийн зохицуулалт оруулж ирснээ арван сарын өмнө анхааруулж асан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сайд болмогцоо арай өөрөөр асуудлыг шийдэхийг оролдож байна. Сайд хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх эмнэлэг байгуулахаар ажиллаж буйгаа Ерөнхий сайдад хэлсэн нь иргэдийн цухлыг барав. “Хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн ороо нэмэгдүүлэхийн оронд юун хар тамхичдад зориулсан эмнэлэг вэ” гэх юм уу эсвэл “Муусайн баячуудын хүүхдүүдэд зориулж эмнэлэг байгуулах нь”. “Тэдний очих ёстой газар бол шорон”. Гүйцээ.

Эндээс хар тамхи, мансууруулах бодис, түүнд донтогчдын тухай нийгмийн сэтгэл зүй ямар байгааг маш хялбархан дүгнэж болно. Мууг тэвчдэггүй монгол хүний араншин гэж ойлгож болох ч түр азнаарай.

Яам энэхүү эмнэлгийг татвар төлөгчдийн мөнгөөр бус архи, согтууруулах ундаа үйлдвэрчлэгч, импортлогчдоос нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө төвлөрүүлэх замаар 1000 ортойгоор барина гэдгээ хэлсэн. Тэрхүү эмнэлэг нь мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эмийн хамааралтай болоод архины хамааралтай хүнийг албадан болон сайн дураар эмчлэх бөгөөд үндэсний хэмжээний эмнэлэг болно.

Хар тамхи, мансууруулах бодист донтогсдыг барьж хорьж, яллаад байгаа ч эмчлүүлээгүй учраас гарч ирээд эргээд хэрэглэх нь элбэг. Эмчилье гэхнээ манайд нарийн мэргэшсэн эмнэлэг байтугай эмч өнөөдөр алга.

ЦЕГ-ын газрын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр шүүхээс тэнсэн харгалзах ял авсан 64 хүнийг гэнэтийн шинжилгээнд хамруулахад 20 нь мансууруулах бодис хэрэглэсэн, дөрөв нь биедээ авч явсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 111 шийдвэрлэсэн бол энэ оны гуравдугаар улирлаар 163 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Ганцхан жилийн дотор 46.8 хувиар өссөн гэсэн үг. Ийм хурдацтай өсч, тэрхүү хэрэгт 18-35 насны залуус холбогдож байгаа нь яллаад, хориод асуудлыг шийдэхгүй, харин ч бүр гааруулдгийг харуулаад байх шиг. Айлгаж үзлээ. Барьж хорилоо. Энэ хэрэг нэмэгдсээр. Ялаа эдлээд гарч ирээд дахин ял авсан ч тохиодол ч бишгүй. Ямар ч үр дүн алга. Яагаад гэвэл тэд эрхээ хасуулсан ч эргэлтээр мансуурах бодисоо аваагүй гэх баталгаа алга. Хэрэглэгчдийн тоо ч өссөөр. Тиймээс тэднийг яллах бус эмчлэх бааз суурийг бий болгох нь юу юунаас чухал аж.

Хэн халтираад байна вэ?

Зохион байгуулалт сайтай, маш нууц түвшинд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг зөвхөн мөнгөтэй, нөлөөтэй хүмүүс хийж, хэрэглэгчид нь чадалтай нэгэн эсвэл тэдний хүүхэд байдаг уу гэвэл харамсалтай нь тийм биш. Ядуу, зүдүүхэн амьдралтай залуус ч олноороо татагдан оржээ.

Энэ төрлийн хууль бус наймаа огт өөр схемтэй. Тэрхүү схемийг томоор нь төсөөлөх гээд үзье. Схемийг пирамид гэж үзвэл оройд нь диллер байна. Диллерийн доор “Хастлууд” (Hustle) бий. Hustle гэдгийг толь бичгээс шүүвэл луйвар гэж буух боловч барууны киноноос бидний олж үздэгчлэн гудамжинд хар тамхи зардаг этгээд гэх утгаараа хар ярианд өргөн хэрэглэгддэг. Харин энэхүү Хастлуудын дор хэрэглэгчид бий. Диллер хууль бусаар оруулж ирсэн, олж авсан мансууруулах бодисоо тодорхой үнээр Хастлуудад өгнө. Хастл өөрийн үнийг нэмэхийн дээр, тодорхой хэмжээний бодисыг өөртөө авч үлдээд, хэрэглэгчдэдээ зарна. Энэ бүхэн хууль бус учраас маш далд, тодорхой хүрээнд л болно. Баруун зүүнээрээ солилцоно гэсэн ойлголт байхгүй. Урьдчилж мөнгөө авна. Нэг талаас юугаа ч зарж, үрэхэд бэлэн болтлоо донтсон мансуурагч мөнгөө өгөөд хүлээнэ. Хааяадаа хулхидуулна. Ингэлээ гээд хэзээ ч цагдаад хандахгүй. Нөгөө талаас диллерээс авч дамжуулахдаа бага багаар хумсалдаг Хастл хэсэг хугацааны дараа хуримтлуулснаасаа багаахныг нь өгөөд өр цайрна. Хуулиар хориотой наймаа учраас хууль хяналтын байгууллагад ч хандахгүй.

Монголд өдөрт 70-80 сая төгрөгтэй дүйцэхүйц мансуурах бодис зарагддаг

Маш их мөнгө энэхүү хар ертөнцөд эргэлдэж, мөнгө хүүлэгчдээс ч илүүгээр ашиг олж байна. Мэдээж ямар хэмжээний мөнгө эргэлдэж буйг нарийн тогтоох боломжгүй. Харин өмнө нь хэрэглэгч төдийгүй диллер байгаад одоо больсон эх сурвалжийн хэлснээр өдөрт 70-80 сая төгрөгтэй дүйцэхүйц мансууруулах бодис зарагддаг аж. Ингээд бодвол жилдээ 21-30 тэрбум төгрөгийн мансууруулах бодис энэхүү хар ертөнцөд эргэлдэж байна гэсэн үг. Нэг нь баригдаж шоронд ороход өөр нэг нь гарч ирнэ. Аймшигтайгаар хурдан хүрээгээ тэлдэг учраас Монгол Улс хар тамхи, мансуулах бодисыг дамжин өнгөрүүлэгч улсаас хэрэглэгчийн статустай оронд тооцогдох болжээ. Хамгийн аюултай нь өнөөдөр монголчууд энэ төрлийн өвсийг өөрсдөө түүн, түүнийгээ боловсруулан зарж худалдаалж байгаад баригдах болжээ.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн 55 хувийг Монголд ургадаг өвс, ургамал хэрэглэсэн, татсан, тээвэрлэсэн хэрэг, 45 хувийг манай улсад үйлдвэрлэдэггүй химийн аргаар гаргаж авдаг бодисыг хууль бусаар оруулж ирсэн, хэрэглэсэн, тээвэрлэсэн хэрэг эзэлдэг аж. Энэ төрлийн хэргийн баригдаж, шүүхээр шийдэгдсэн тоо жилдээ 50 орчим хувиар нэмэгдэж байхад далдуур, илрэхгүй үлдсэн хэргийг төсөөлөхөд ч бэрх. Зөвхөн өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар 300 орчим холбогдогч энэ хэрэгт холбогдсон гээд бод.

Өвсийг зөвшөөрөх үү?!

Гадаадад боловсрол эзэмшсэн, залуусын массад чамгүй нөлөөлдөг залуус өндөр хөгжилтэй оронд өвсийг мансууруулах бодисоос хасчихсан. Тиймээс далд зүйлийг ил гаргахын тулд “Өвсийг зөвшөөрөөч ээ” гэх нь олонтаа. Гэтэл бодит байдал дээр хар тамхины хяналтаа алдсан улс орнууд химийн найрлагатай, өндөр хөнөөлтэй мансууруулах бодис руу алдчих вий гэхдээ өвсийг зөвшөөрдөг аж. Өвсийг мансууруулах бодисоос хассан улс орнууд амжилтад хүрсэн жишээ ч алга. Тэд аргаа бараад, хүчин мөхөсдсөндөө ийм шийдвэр гаргаж байгаагаас бус амжилт олсондоо биш юм.

Гэхдээ бүх зүйл өвснөөс эхэлдэг аж. Шуудхан мөс буюу “ice” хэрэглэсэн тохиолдол байхгүй. Анх сонирхон өвс татаж үзээд аажмаар тогтмолжиж, яваандаа илүү таашаал өгөх хүчтэй мансууруулах бодис туршиж үзсээр нэг мэдэхэд донтоно гэсэн үг. Тиймээс өвсийг зөвшөөрөх нь үнэндээ бид сүйрэл рүүгээ алхах замыг нээж өгнө гэсэн үг.

Нийгмийн хог шаар бус өвчтөн

Мансууруулах бодист донтогчийг өнөөдөр нийгмийн хог шаар гэсэн өнцгөөс бид ханддаг. Гэтэл тэрхүү хог шаарууд маш хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Эрүүл хүн амьдралын хамгийн аз жаргалтай үедээ 6-9 хувийн таашаал авч буй мэдрэмж төрдөг бол мансууруулах бодис хэрэглэсэн үед 90-100 хувьд хүрэхүйц хүчтэй таашаал төрүүлдэг бөгөөд энэ нь аажмаар тархийг үхүүлдэг аж. Тиймээс л мансуурсан донтогчид ойр дотных нь хайртай хүмүүс үнэ цэнгүй мэт, амьдрал нь утгагүй учиргүй мэт санагдах болж, айх айдасгүй болгодог гэсэн үг. Тэд бол үнэндээ донтсон өвчтнүүд.

Архинд донтсон хүнийг бүрэн эмчилж болдог бол мансууруулах бодист донтогсод бүрэн гүйцэд эдгэрч, эмчлэгддэггүй. Харин хэрэглэхгүй цэвэр яваа тухай ярина. Тиймээс л энэ аюултай тэмцэе гэвэл тэднийг эмчилж, ойлгох нь чухал. Одоогийн залууст өмнөх үеийн туулсан борог нийгэм шиг өлсөж, цангаж, өмсөхөөр дутагдаж, гачигдахын зовлон барагтай бол алга. Гэхдээ л тэд илүү их аз жаргалыг мэдрэхийн тулд эхлээд мансууруулах бодис хэрэглэж үздэг тухай сэтгэл зүйч хэлж байна.

Алдсан хүмүүсээ буцааж олох арга

Мансууруулах бодист донтогчдын тоог өнөөдөр нарийн тогтоох боломжгүй. Ирээдүйд ч чадахгүй биз ээ. Харин тийшээ халтирсан залуусаа буцааж, тэр аймшигт ертөнц рүү алдахгүй байх боломж бол бий. Тэднийг ойлгож, хорт зуршлаасаа салахад хамгийн сайн тусламж нь ойр дотныхон, сэтгэл санаагаар дэмшигч, ААА цуглааныхан байдаг тухай “Мөс буюу Кристал Метээс Гарахуй” номыг бичигч Жосеф Шарп бичжээ. Тэрээр өөрөө мансууруулах бодист донтогч байсан бөгөөд түүнээс амжилттай ангижирсан туршлага нь мянга мянган донтогчийн гарын авлага болж, хар тамхинаас холдоход тус болжээ.

Тиймээс бид мансууруулах бодистой тэмцэе гэвэл мансуурагчийн сэтгэл зүйг ойлгож, илэн далангүй ярилцдаг цуглаан, эмнэлгийн орчинг бий болгож эмч нараа бэлтгэхээс гадна өөрсдийн сэтгэл зүйгээ өөрчилж ойлгох нь чухал аж.

Хэрэвзээ хандлагаа өөрчлөхгүйгээр хуулиа чангаруулж, цагдаа, хяналтын байгууллагад найдаад орхих юм бол шорон эсвэл шороонд булуулсаар тэднийгээ алдсаар сална. Бид тэднийг мансууруулах бодист алдах уу, эс алдах уу гэдэг нь хандлагаа хэрхэн өөрчлөхөөс хамаарна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ.Дугаар 457

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. өдөрт 70-80 сая төгрөгийн хар тамхи манайд наймаалдаг гэнээ аймаараа,хаагуур хэн оруулуулж ирээд байнаа,гаальчидад но байгаа юм бишүү,энэ чинь цөөхөн монголчуудад жинхэнэ тахал шүү,төр,засаг,хууль хүчнийхэн минь амар суухуу,яах вэ,аймаараа.

    0 0 Хариу бичих
  2. Dongos!

    0 0 Хариу бичих