Цар тахлыг цурамлах цаг явж эхэллээ

Нас нэмэхийн тоолонгоор улам хэрсүүжин ухааждагтай адил өнөөдрөөс дахин өндөржүүлсэн бэлэн байдалд нийслэлчүүд шилжлээ. Гараа угааж, гэрээ ариутгаад халуун ам бүлээрээ шинэ оныг бид угтах нь. Цар тахалд дахин нэг “цаашаа” гэж хэлээд хаалгаа хаая.

Өмнөх хатуу хөл хорионы үеэр НОК, УОК-ын удирдлагуудын зүгээс  хариуцлагатай байхыг байнга биднээс шаардаж байлаа. Харин ч иргэд аймшигт тахлын өмнө хүчтэй байж, сэрэмж, болгоомж алдалгүйгээр айдсаа даван туулж чадсан юм. Бид ухамсартай байсан. Бид хариуцлагатай байлаа. Үр хүүхэд, буянт буурлуудаа өвчинд өгчилгүй хамгаалж чадсан.

Жаахан сэрэмж алдах төдийд л цар тахал хэрхэн хүрээгээ тэлснийг бид хөл хориог сулруулсан арав хоногийн хугацаанд харлаа. Түүний уршгаар өчигдөр 1006 болсон халдвар авагсдын тоо дахиад анхаарлаа сулруулахад хэд болж өөрчлөгдөхийг төсөөлөхөд бэрх. Дэлхийн хөгжилтэй орнуудад ч энэ тахлын өвчлөл секундээр нэмэгдэж халдвар авсан хүний тоо мянгаар бус саяар тоологдож байна. Тиймээс бид төр засгаас илүүтэй өөрсдөдөө найдаж, дахиад хамгаалалтаа сайжруулан гэр бүлээ хамгаалах үүрэг тулгарлаа.

Бидэнд бухимдах зүйл бишгүй байна. Гэхдээ бусад орнуудтай харьцуулбал бахархах зүйл бас ололт, амжилт бишгүй байна. Хамгийн гол нь хатуу хөл хорионы үеэр хариуцлага алдаж бусаддаа вирус тараасан тохиолдол байсангүй. Энэ бол иргэд хүсвэл энэ өвчнөөс хэрхэн бусдыгаа хамгаалж чадаж байгаагийн тод жишээ.

Хамгийн гоё нь бид эх орондоо элэг бүтэн байж энэ өвчинд ойр дотны нэгнээ алдсангүй. Тусгай үүргийн нислэгээр бусад хүмүүсийг халдвар авахаас сэргийлэн шинжилгээний хариугаа сөрөг биш гэдгийг нуулгүй хэлсэн бүсгүйгээр бахархъя. Тэр эх оронч байлаа. Өнгөрсөн хугацаанд хангалттай талархлаа илэрхийлсэн ч гэлээ эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгойгийн алба хаагчдад дахин талархая. Тэд сайн байсан. Бид талархлаа сэтгэлээсээ илэрхийлж чаддаг ард түмэн шүү. Харин албан тушаалтнууд хэл яриандаа анхаарч, хэний хүчинд ямар яваагаа санаарай. Өнгөрсөн хугацаанд өөрсдийгөө тахин шүтүүлэх мэдээллээр бөмбөгдөж, цагаа тулахад ямар ч бэлтгэлгүй, өөр хоорондоо уялдаа холбоогүй, хаана бооноос өөр шийдвэргүй, хариуцлагаас зугтах маягтай явдлаас чинь болоод хайран хүний халуун амь эрсдэж, халуурч, бүлээрсэн хүүхэд, хөгшид хүйтэн дааран хөлд дүүжлэх унаагүй хоёр хөлнийхөө хүчээр эмнэлэг бараадан цуцтлаа алхсан гэдгийг бодоорой. Хүлцэнгүй тэдний хайрыг дааж амьдраарай. 

Хүсвэл бид хэнээр ч заалгахгүй, ийм чадалтай. Хүчирхэг улсуудаас илүү өөрсдийгөө хамгаалж чадаж байна. Хожмын нэгэн өдөр ярих сайхан дурсамжаа өнөөдрөөс бичвэл ямар вэ?

Хорин хоёр зууныг хамтдаа илээсэн хүн төрөлхтөн танаа,

-Хоёр дахь хөл хорионы үеэр бид нэг ч халдваргүй нэмээгүй, хохиролгүй даваад гарсан. Хохирлын хэмжээ гэвэл олж байдаг, үрж байдаг хэдэн төгрөг. Олз гэвэл ойр дотнынхноо олж харсан. Ойлгож, ухаарсан. Бид бүлсэг ард түмэн учраас биенээ хамгаалсан юм гээд эхэлбэл гоё оо?!

Тийм ээ, энэ л өдөр ихийг бодогдуулах цаг ирлээ. Хаа нэгтэй хэн нэгний маань удам залгах хүү хорвоод дуу хадаан мэндэлэх ч түүнтэй зэрэгцээд хаа нэгтэй бидний хайрлан хүндэлдэг буурай эсвэл хэн нэгэн чимээгүйхэн буцдаг хорвоо. Буцсан, ирсэн алин байвч хорвоогийн жам. Өчигдөр өнөөдрийн эхлэл болохоор өнөөдөр маргаашийн үүтгэл болохоор хүний амьдрал үргэлжилж хорвоог дэлхий ухаар гэсэн шиг ховор сонин үзэгдлээрээ бидэнд бэлэг барих нь нэн гоёхон. Буурал хорвоод бид ирдэг, буцдаг. Хамгийн сайхан, хамгийн харгис, харуусан халагламаар түүхийг бид л бий болгодог, бас үгүй.

Тиймээс үл тасрах удам хойчийн үргэлжлэл болсон үр хүүхдүүд минь биднээр хожмын өдөр бахархах, бас суралцах түүхийг бид өнөөдрөөс бүтээхийн тулд хичээе. Дахин тохиолдохгүй хором мөчийг хамгаас хайртай хүмүүстэйгээ, халуун дулаанаар өнгөрөөцгөөе. 

Хойтон жилийн шинэ жилээр харамсах зүйлгүйгээр охид, бүсгүйчүүд гоёхон даашинзаар гангаран энхрий ялдам инээмсэглэж, харчуул баярын ширээний ард бахархалтайгаар хундага тулгаж, багачууд маань хөгжилдөн хөөрөн гүйлцэж, өвгөд маань үр, ач нартаа өөрийн бэлгээ гардуулан өнөр өтгөн суухын ерөөлтэйгөөр өнөөдрөөс цаг явж эхэллээ.  Энэ өдрийг бид халдварыг хумиж чадсан гэдгээр хожмын өдөр тэмдэглэхийн төлөө!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. пиво архи нөөцөлсөн хүмүүс одоо яах бол

    0 0 Хариу бичих
  2. гол нь тайван амгалан байцгааяаа муу муухай юм ярихгүй сонсохгүй

    0 0 Хариу бичих
  3. бүгцгээе

    0 0 Хариу бичих