АТГ-ын даргын томилгоо буюу жижиг чулуугаар хөдөлгөсөн том чулуу

Шинэ жил, цагаан сар, үндэсний их баяр наадам зэрэг баярын үеэр буюу иргэд, олон нийт анхаарлаа өөр зүйлд хандуулсан үед УИХ хуудуутай шийдвэр гаргадаг гэж харддаг. Олон нийтийн энэ хардлага зарим үед үнэхээр бодитой байдаг. УИХ энэ удаад ч хардлага төрүүлэхээр нэгэн шийдвэрийг он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 31-нд гаргав. Энэ бол Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан явдал юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын анх өргөн барьсан төсөлд зөвхөн  АТГ-ын дэд даргыг томилох процессыг өөрчлөх тухай заасан байлаа. Тодруулбал, АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болох тухай заасан байв. Ингэж өөрчлөх болсон шалтгаанаа хуулийн төслийн танилцуулгадаа бичихдээ “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байхаар болсон. Үүний дагуу тухайлбал, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно” гэж заасан. Тиймээс АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа” гэсэн байв.

УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэг уг хуулийн төслийг анхнаас нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Эсэргүүцэх ганц боломжоо ашиглан завсарлага авч хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшуулсан юм. АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссаны дараа эрх баригчид барьцаа ахиулж, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайдын саналаар УИХ томилдог болох тухай заалт нэмэв. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт үүнийг тайлбарлахдаа “Засгийн газрын өргөн барьсан төсөлд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуучин заалт хэвээрээ байсан. Харин Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгодог болгох зарчмын зөрүүтэй санал оруулж дэмжигдсэн. Ингэснээр АТГ нь УИХ-ын дэргэдэх байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газрын эрхлэх хүрээний асуудал тул АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилдог болно” гэсэн юм. Өрөөр хэлбэл, сая баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын даргын томилгоонд оролцох эрхгүй боллоо. Эрх баригчид эхлээд зөвхөн АТГ-ын дэд даргын томилгоотой холбоотой төсөл өргөн бариад явцын дунд ийнхүү АТГ-ын даргын томилгооноос Ерөнхийлөгчийн оролцоог хасчихлаа. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж үүнийг л хэлнэ.

АТГ-ын дэд даргыг томилуулдаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нь хасахыг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцсэн тухай дээр дурдсан. Гэтэл бүр АТГ-ын дарга, дэд даргын хоёулангийнх нь томилгоонд Ерөнхийлөгч оролцох эрхгүй болов. Үүнтэй холбоотойгоор магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө болон ирээдүйн Ерөнхийлөгчийн өмнөөс Авлигын эсрэг хуульд хориг тавих биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. АТГ байх хэрэг байна уу? Нэг чухал томилох гээд бөөн юм болох юм. Энэ газар бий болоод ард түмний хүссэн хүлээлтийг хир зэрэг биелүүлсэн билээ.

    0 0 Хариу бичих
  2. Avilgatai temtseed garsan ur dun her bdiin be tom avilgachdiig odoo boltol shiideegui biz dee

    0 0 Хариу бичих
  3. Цөөнхи нь АТГ-ийн даргыг сонгож байя

    0 0 Хариу бичих
  4. Erenhiilegch songodog byryy?ajil uilsiig ni hyanaj chadahgyi!!!ajil hiideg gardan yilddeg erenhii said ni songood yabag?....bid tyrslagiin tyylai bolj syraagyi bis dee!!

    0 0 Хариу бичих
  5. Еренхий сайд 76 тайгаа нийлээд сонгодог болчихвол Ер АТГ гэж байгаад хэрэг байх уу Одоо идэж уух уусныг нь хуулиараа шийдчихэж чадахгуй айгаад байгаа хумуус чинь Хуучнаараа еренхийлегч нь сонгоод Харин дэдийгээ АТГ дарга нь сонгоод явах хэрэгтэй санагдлаа Тэгэхгуй бол чононд хоть хадгалуулсан улгэр шиг л

    0 0 Хариу бичих
  6. өөрийг нь шалгах газрынх нь даргыг өөрөөр нь томилуулалтай биш дээ.

    0 0 Хариу бичих
  7. хяналтгүй идэж уух нь

    0 0 Хариу бичих