Шударга ёс, Хувьсгал бас Ард түмэн

Хэрвээ би багш байсан бол Ерөнхийлөгчийн илтгэлд муу, УИХ-ын даргад сайн, Ерөнхий сайдад дунд дүн тавих байлаа.

Ерөнхийлөгчийн үг:

Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ШУДАРГА ЁС гэдэг үг хамгийн их давтагдав. 1 сая төгрөгийн эрхийн бичиг гэдэг саналыг нь эс тооцвол Монгол Улсын төрийн тэргүүний үгэнд харамсалтай нь ямар ч тоо, статистик байсангүй. Салхитын мөнгөний орд гэдэг шиг энэ 1 сая төгрөгийг гаргах боломжит эх үүсвэрийг үндэслэлтэй нь тайлбарласан бол харин сонирхол татахаар байв.

Тоо тооцоолол байхгүй атлаа Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүлэл, эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэн, ухаарал зэрэг хийсвэр буюу хэмжихэд хүнд зүйлсээр агуулгаа баяжуулжээ. 

Рационал гэхээс илүү цэвэр эмоци дээр суурилсан үг бэлдэх гэж хичээжээ. Гэхдээ сайн бэлдэж чадаагүй байна.

Үгийг сүүлийн хагасыг анзаарвал гомдоллосон, хохирогчийн байр сууринаас хандаж буй нь анзаарагдлаа. Баялгаа ард иргэддээ тэгш хүртээх, баялгийн шударга хуваарилалт дээр онцолсон нь уул уурхай мань эрийн гол сэдэв хэвээр буйг батлав.

УИХ-ын даргын үг:

УИХ-ын дарга ХУВЬСГАЛ гэдэг үгийг хамгийн их дурдах шиг боллоо. Шинэ жилийн илтгэлдээ видео дүрс оруулж, доогуур нь титр урсгаж буй нь хэлэх үгээ эртнээс, нэлээд сайн бэлдэх гэж хичээснийг баталж байна. Мөн нөгөө хоёртой харьцуулбал хамгийн их тоо, статистик дурдав. Мөн мань эр Ардын хувьсгалын 100 жилтэй холбон бодлогын асуудлуудыг цогцоор нь хөндлөө. Хамгийн таалагдсан нь цахим шилжилт, технологи, боловсрол, хүний эрх зэрэг эрдэнэ мэт үгсийг удаа дараа давтан төрийн бодлого болгоно гэдгээ амлав.

Ковидтой хийж буй тэмцлээ хангалттай ярьсан ч пост ковид буюу хямралын дараах төрийн бодлогыг тоо төлөвлөгөөтэй даанч дурдсангүй. Эдийн засаг талдаа орлогын нэмэлт эх үүсвэр, нэмүү үнэ цэнийн тухай үг цухуйлгасангүй, хөлгүй их мөнгөтэй их сангийн нярав шиг ингэлээ тэглээ, ингэнэ тэгэнэ гээд илтгэлээ дуусгаж байна.

Ерөнхийлөгчтэй адил байгалийн баялгийн тэгш бас шударга хуваарилалтаас гадна Ардын хувьсгалын 100 жилийн ойг илтгэл дээрээ онцоллоо.

Ерөнхий сайдын үг:

Ерөнхий сайдын үгэнд АРД ТҮМЭН гэдэг үг хамгийн их давтагдсан анзаарагдав. Хэлсэн үгний тал нь онцгой байдлын даргын илтгэл шиг болжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа бүх биш юм гэхэд ядаж бодлогын яамдуудынхаа зорилго, гүйцэтгэлийг дүгнээд хэлсэн бол өгөөжтэй байх байлаа. Ийм агуулга байгаагүйгээс хэлсэн үг нь уул тахиж байгаа засаг ноёны илтгэл маягийн жул уншигдаж байна.

Хүмүүсийн анхаарлыг вакцин дээр татахын оролджээ. Зүйн хэрэг. Гэхдээ эх үүсвэр, хугацаа, мөн хямралын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг талаар төсөөлөл өгсөнгүй. Бодлого юу ч ярьсангүй. Ковид, хүн ам, малын тоог эс тооцвол мөн л тоо, баримт, судалгаа дурдсангүй.

Хамгийн сайшаалтай нь ковидтой тэмцэн өдөр шөнөгүй ажиллаж буй хүмүүс, хувийн хэвшилд талархал илэрхийлжээ.

Дүгнэлт:

Төрийн гурван өндөрлөгийг уул уурхайн салбар нэгтгэж байгаа нь хэлсэн үгнүүдээс нь илт байна. Бүгд яг адилхан баялагтаа эзэн байх, баялгийн тэгш хүртээмж, шударга хуваарилалт гэдэг дээр нэг хүн мэт илтгэлүүдээ онцолжээ. Сонирхолтой нь Ерөнхийлөгч мөнх тэнгэрийн хүч, УИХ-ын дарга эцэг дээдсийн ариун сүнс, харин Ерөнхий сайд Бурхан Халдундаа залбираад үгээ дуусгав.

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийг үгийг тоймлосон инерциэрээ хоёр хөршийнхөө боссын үгийг гүйлгэж бас харлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэлсэн үг:

Миний анзаарснаар ЭВ НЭГДЭЛ гэдэг үгийг хамгийн олон давталттай хэлэх шиг боллоо. Шууд дүгнэвэл дэлхийн сүйрэлтэй холливүүдийн кинон дээр гардаг скрийп шиг санагдав. Илтгэл тэр чигээрээ ковидын тухай, цар тахлын энэ хүнд үеийг эв эетэй байж даван туулахыг ард иргэддээ уриалсан эмоцилог илтгэл болжээ.

Хүний жинхэнэ нөхөрлөл, итгэл, хайр, ойлголцол, дэмжлэг гээд нэлээд уянгалж байна. Дахиад зүйрлэвэл хамаг нөөцөө шавхаад бүх цэргээ дагуулан тулаанд орж буй баатрын зураглал нүдэнд харагдлаа. Хүний амьдралд юу хамгийн эрхэм гэдгийг ойлгуулж байна аа гэж хэлэхийг нь сонсоод өрөвдөх бас өмөлзөх сэтгэл төрөх л юм билээ.

Яаж зүгээр байх вэ аугаа их эх орны дайнаа бас дурсаад л авна лээ. Цэрэг, армидаа онцгойлон, бүр нэрлэж байгаад талархал илэрхийлэв. Итгэл найдвар, хамтын хүч, дотоод эв нэгдлээр коронаг давна шүү дорогие друзья гээд дахин дахин хэллээ. Харин хаа очиж өвөг дээдэс, тэнгэр бурханд залбирсангүй Оросууд бид хамтдаа хүчтэй шүү үгээ дуусгажээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пинийн хэлсэн үг:

Минийхээр бол ИННОВАЦИ гэдэг үг, утгыг маш ихээр давтлаа. Эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, технологийн инноваци л гээд байна. Илтгэлийн эхний хагаст корона, хоёрдугаар хагаст улсынхаа хөгжил дэвшил, гуравдугаар хагаст намынхаа тухай өгүүлжээ.

Энэ жил Хятадын Коммунист намын 100 жилийн ой юм байна. Хүүк, Зандка хоёр дарга Ардын хувьсгалын 100 жилийг онцолсон шиг Ши дарга шинэ жилийн илтгэл дээрээ намынхаа ойг нэлээд томоор гаргажээ. 100 жилийн өмнө байгуулагдсан зорилгоосоо огт ухраагүй, яг хэвээрээ явж байгааг бахархаж хэллээ. 100 жилийн өмнө жижиг завин дээр улс, эх орныхоо зорилгыг ярьж эхэлж байсан манай нам одоо Хятадын хөгжлийг тодорхойлогч асар том усан онгоц болчихлоо гээд бааварлажээ.

Үргэлжлүүлээд улсынхаа ДНБ-ийг 100 ихнаяд юаньд хүргэсэн амжилтаа дурдаад ангараг гараг, сар, далайн гүнд шумбан зорчсон шинжлэх ухааны ололтуудаа ард түмэндээ мэдээллээ. Цаашилбал байгалийн гамшигтай үр бүтээлтэй тэмцэж эхэлж байгаагаа даруухан хэлснийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Луу, күнз энэ тэр гэж уянгалахгүй эр зориг, бахархал гэдэг үсгийг илтгэлийнхээ төгсгөлд ашиглажээ.

Дүгнэлт:

Путин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)