Өнгийг бэлгэшээж, өндөрт тэмүүлэх Туркийн хөл бөмбөг

2001 оны 9 сарын эхээр билээ. Истанбулын их сургуульд зочин судлаачаар очоод, эрэгтэй оюутны байр гээчид ороод байсан үе. Хагас сайны нэг орой байрныхаа цайны газар орвоос хүн битүү, дуу чимээ чих дүлийрэм, энгийн үед бол тохилог томоотой алхаж, нүдээрээ инээн мэндэлж байдаг өнөө хэдэн оюутан чинь элий балай нь мэдэгдэмгүй амьтад болцгоочихсон, ороспу чожугу тэргүүтэй миний мэдэх цөөн түрэг хараалыг ар араас нь чөлөөтэй урсган хашгиралдах нь хөл бөмбөг үзэж байгаа байдал ажээ. Уур амьсгал бол яг цэнгэлдэх хүрээлэн, ганцхан гай нь тамхины утаа хоолой хахаагаад зогсохгүй бүр нүд хорсгох аж. 

Өвчтэй хүний өвчнийг яг сэдрээх нь ээ. “Өвчин” гэж би энд зүрх судас, элэг уушги ярьсангүй, “сэдрээх нь” гэж тэр тамхийг хэлсэнгүй, 1982 оноос 1990 оныг хүртэл хөл бөмбөг гээчийг амьдралынхаа ганц зорилго мэт даган, зурагтаар гарах тоглолт бүрийг үзэж, сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэл бүгдийг уншиж явснаа хэлж буй хэрэг. Үүний дараах арван жилд харин эхнэр хүүхэдтэй ч боллоо, их сургуулийн багш ч боллоо, өнөө “өвчин” дарагдаж, томоохон тэмцээний чухал тоглолтыг л үздэг, өөрөөр хэлбэл илааршаад байсан юм. 

Оюутны байрны тал нь Галатасарай, нөгөө тал нь Фэнэрбахчэгийн балиашиг, үлдсэн цөөн хэд нь Бэшикташийг дэмждэг юм байна. Дунд нь суугаад хэдэн тоглолт үзлээ дээ. Туркийн хөл бөмбөг тэгтэл төсөөлж байснаас хавьгүй өндөр түвшинд, хавьгүй сонирхолтой ажээ. Бүр дурлах маяг орж ирж байна шүү. 10 сарын дунд гэхэд миний “архаг өвчин” хэдийн сэдэрснээр барахгүй, Бэшикташийн үнэнч балиашиг бүрмөсөн болсон байлаа. 

Бэшикташ хэмээх Хар бүргэд

Одоо эргээд бодоход Бэшикташийг сонгоход хэдэн чухал хүчин зүйл нөлөөлсөн болов уу? Юуны өмнө Илхан Мансыз, Нихат Кахвэжи хоёрын уран гоё тоглолт нүдийг маань үнэхээр булаасан юм. Бас угаас олон дэмжигчтэй Фэнэрбахчэ, Галатасарай хоёрын аль нэгийг сонгохгүй, гуравдагчийг хайх, тэнцвэрийг хадгалах гэсэн өөрийн маань мөн чанар ч нөлөөлсөн хэрэг. Хар цагаан өмсгөлтэй тоглодог нь Германы улаан фэн надад далдуур нөлөөлж, намайг анх үзэх үед Герман дасгалжуулагч Кристофер Даум багийг удирдаж байсан нь ч бас тэр зүг чирээ биз ээ.

Бэшикташ 1903 онд байгуулагдсан, Туркийн анхны клуб юм. Гэхдээ тэр үед хөл бөмбөг чухал байсангүй, БЖК гэж багийн албан ёсны нэрийг товчилдог нь Бэшикташ Жимнастик Клүбү гэсэн үг. Жимнастик нь мэдээж манай “гимнастик” л даа. Өөрсдийгөө ард түмний баг хэмээнэ. Энгийн ардын баг учраас ядуус хийгээд ажилчин ангийнхан дэмждэг гэх. Эсрэгээрээ Фэнэрбахчэ-г баян худалдаачдын, Галатасарайг язгууртнуудын баг хэмээнэ. 

Намайг анх үздэг тэр жил лийгдээ гуравт орсон бол дараа жил нь буюу 2002-2003 оны улиралд Румын дасгалжуулагч Мирсеу Луческуг авчирснаар 100 жилийнхээ яруу алдарт ойгоор аваргын алтан цомыг өргөсөн билээ. Тэгэхэд Илхан Мансызаас гадна одоо Бэшикташийн дасгалжуулагчаар ажиллаж буй Сэргэн Ялчин маш чухал үүрэг гүйцэтгэж билээ.

Бэшикташийн фэнүүд багтаа үнэнчээрээ, бас “их чанга”-аараа дэлхийд тэргүүлнэ. Дөнгөж саяхан 2017 онд, Аваргуудын лийгийн хэсгийн тоглолтод Чэлсигийн Тимо Вэрнэр Лайпцигт байхдаа Бэшикташийн талбай дээр 32 дахь минутад сэлгээгээр гарсныг санана уу? Тийм чанга дуу, тэгж их шүгэлдэхийг өмнө сонсож үзээгүй, толгой нь эргээд гарсан, эмч үзээд сонсголын эрхтэн нь гэмтсэн гэсэн онош тавьсан шүү дээ.

Аваргуудын лийгт хэсгээ тэргүүлсэн анхны турк баг буюу 2017 оны Бэшикташ 

Урд эгнээ, зүүн гараас: Куарэзма, Адриано, Жанэр Эркин, Огузхан, Талиска. Арын эгнээ, зүүн гараас: Тошич, Пэпэ, Атиба Хатчинсон, Жэнк Тосун, Фабри, Райн Бабэл

Гурван “бүдүүн” эр

Туркийн хөл бөмбөгт “үч бүюүк” гэсэн ойлголт буй. “Гурван том” нь гэсэн үг. Гэснээс, энэ “бүюүк” гэж түрэг үг үг бол монгол хэлний “бүдүүн” буюу монгол бичгийн хэлний “бүдүгүн”-тэй нэг гаралтай үг юм. “буюүг – бүдүг” гэх маягаар түргийн Е, монгол хэлний Д-тэй таарах нь бараг 2000 гаруй жилийн өмнөх тохирол. Утгын хувьд ч тэр, төв аялгуунд л “тарган” гэсэн утгаар хэрэглээд байгаа болохоос барууншаа бол “бүдүүн хүн” гэх мэтээр утга нь яг “том” хэвээрээ буй.

За ингээд энэ “гурван бүдүүний” хоорондох тоглолт бол Турк улсыг доргионо шүү дээ. Заавал нэг хэрүүл уруул, заавал нэг жигтэй гоол, заавал нэг шүүгчийн алдаа... Ер нь гурван бүдүүний хоорондын алаан тулаан эгэл жирийн өнгөрнө гэсэн ном байхгүй. Бэшикташ, Фэнэрбахчэ, Галатасарай гурвыг хэлж буй хэрэг. 

Аслан

Туркийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр амжилтад хүрсэн баг бол Галатасарай. Үүх түүхийг нь яривал тэртээ 1481 онд анхны ахлах сургууль дошин дээр нь байгуулагдсанаас эхтэй гэх юм билээ. Одоо хүртэл тэр орчмын сургуулиас Туркийн шилдэг сэхээтнүүд төрдөг хэвээр, өнөө Бэшикташийнхан Галатасарайг “язгууртнуудын баг” гээд байдаг нь тийм учиртай. 1905 онд тэр сургуулийн нэгэн төгсөгч Али Сами Ен гэгч хөл бөмбөгийн баг байгуулсан нь одоогийн энэ Галатасарай юм. 

Намайг Туркийн хөл бөмбөгт дурлахаас ганцхан жилийн өмнө буюу 2000 онд УЕФА-гийн цом болоод Супер цомыг хүртсэн, Европын том тэмцээнд Туркээс түрүүлсэн өөр баг өнөө хүртэл гараагүй л байна. Хаалгандаа Бразилийн шигшээгийн Таффарэлийг зогсоогоод Румыны домог болсон Хажи-гаар удирдуулан, Хакан Шүкүр тэргүүлэн довтолсон тэр Галатасарай финалд Анри, Бэргкамп, Овермарс нартай нөгөө ид үеийн Арсеналтай тэнцээд, торгуулийн цохилтоор буулган авсан түүхтэй. Үмит Давала, Бүлэнт Коркмаз, Хасан Шаш нар ч тэгэхэд тоглож байсныг энд заавал дурдууштай.

Галатасарайн бэлгэ тэмдэг болсон амьтныг “аслан” гэх нь монгол хэлний “арслан” яг мөн. Төв Азийн олон хэлнээ р-тэй, р-гүй олон хэлбэрээр тархсан үг, тэр ч бүү хэл орос хэлэнд “Руслан” болон орсон нь ч буй. 

УЕФА цом, Супер цомыг хүртсэн цорын ганц турк баг буюу 2000 оны Галатсарай 

Дээд эгнээ, зүүн гараас: Таффарэл, Капонэ, Попэсъу, Үмит Давала, Бүлэнт Коркмаз, Хакан Шүкүр. Доод эгнээ, зүүн гараас: Окан Бурук, Хажи, Суат Каяа, Ариф Эрдэм, Эргүн Пэмбэ

Фэнэрбахчэ

Истанбул хот Ази, Европ хоёр тивийг дамнан оршино. Бэшикташ, Галатасарай хоёр Истанбулын Европ талд орших бол Босфорын хоолойг гаталж, Азид хөл тавимагц гүрван бүдүүний гутгаар гишүүн Фэнэр-ийн нутагт ирлээ гэсэн үг. 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр тэр хавь байшин барилга цөөн, харин том том талбай их байжээ. Англи, грекчүүд ирж тэнд бөмбөг өшиглөдөг, тэрийг нь ойролцоох Фрэр Мэктэби гэж баячуудын сургуулийн хүүхдүүд ихэд сонирхон үздэг байсан гэнэ. Тэгээд тэр сургуулийг төгсөгч хэдэн залуу 1907 онд клуб байгуулснаа Фэнэрбахчэ хэмээн нэрийдсэн түүхтэй.

Орчин цагийн Фэнэрчүүд өөрсдийгөө Туркийн хамгийн олон фэнтэй баг хэмээнэ. Тэр нь ч үнэн байх. Албан бус тоогоор 25 сая хүн Фэнэрийг дэмждэг гэх. Сүүлийн хорь гаруй жил Азыз Еилдирим багийн захирлаар ажилласан, энэ хугацаанд тэрбээр Фэнэрбахчэд Роберто Карлос, Анелка, Робин ван Перси, Нани, Дирк Куйт нарын оддыг авчирч тоглуулжээ. Аваргуудын лийгийн шөвгийн найм хртэл явсан Туркийн цорын ганц баг.

2002 оны Дэлхийн цом

Тэр жилийн Дэлхийн цомын хүрэл медалийг хүртсэн Туркийн багийг хөл бөмбөг сонирхогч найзууд маань хаанаас гэнэт гараад ирсэн, юун улс вэ хэмээн ихэд гайхан хүлээн авсан сан. Гэтэл 2001-2002 оны улиралд Истанбулд аж төрж, яг ид “алаан” дунд нь байж байгаад ирсэн миний хувьд Турк гэж ямар чанга баг орж ирэхийг сайн мэдэж байсан билээ. 

Өнөө миний шүтлээ гэдэг Илхан Мансыз “солонго” хэмээх гайхамшигт техникээ Туркийн лийгд олонтоо үзүүлсэн, Бразилийн домогт Роберто Карлосыг тэр аргаараа уран хуурахуй, унагаахаас өөр аргагүй болж байх нь миний хувьд бол үхтлээ гайхах зүйл биш байлаа. Илханы алтан гоол Сенегалыг мулталсан, Хакан Шүкүр Дэлхийн цомын түүхэн дэх хамгийн хурдан гоолыг хийснийг санаж буй бизээ?

Үмит Давала тэгэхэд хэдийн Галатасарай биш Миланы тоглогч болчихсон, айхтар панк үстэй орж ирсэн, Германы Циге бас тийм үсээр гангарсанд, тэр жил анх удаа хөл бөмбөг үзсэн 9 настай миний том хүү Илдэд ихэд таалагдан, үсээ тэгж засуулаад хэсэгтээ гангарч билээ.

Илханы хувьд хөл бөмбөгчин хүн хэт царайлаг байх дэмий ч байдаг юм болов уу, өнөө Бэкхэмийн араас орсон л доо. Тэр жилийн Дэлхийн цом Япон, Солонгост болсон, Япон хүүхнүүд хуйгаараа Илханд дурлаж. Тэгээд Японы багууд мөнгөөр зодсоор байж, Бэшикташаас одыг нь авсан билээ. Нэр алдарт бол умбаа л биз, хөл бөмбөгийн замнал нь бол тэгсгээд унтарсан, хожим харин Реалити шоу гээчийн од болсон яваа дуулдана билээ.

Илхан Мансызын алдарт “солонго”-нд хуурагдсан Роберто Карлос ичсэндээ араас нь унагаж буй нь. 2002 оны Дэлхийн цом.

Өнгө

Намайг Истанбулд очсон тэр жил буюу 2001 онд Харри Поттер гэж өнөө алдарт киноны анхны анги гарсан юм. Хогвартын ертөнцийн хамгийн чухал спорт болох куиддич гэж тэмцээ финал, Гриффиндор – Слитэрин хоёр багийн тоглолтыг бөөнөөрөө үзэж байв. Уг нь хэнийг дэмжих вэ гэдэг нь тов тодорхой, Харри Поттерын тоглож буй Гриффиндор баг манай тал, харин Слитэрин бол киноны эсрэг дүр. Тэгтэл нэг мэдсэн түрэг үзэгчид маань хоёр тэнцүү хуваагдсан, хоёр багийг чухам адил дэмжиж байна. Оюутны байрны маань дүү, Галатасарайн фэн Золбоо гэж монгол оюутан Гриффиндорыг хожсонд бүр үнэнээсээ баярлаж байна шүү. Яагаад бусад зарим нь Слитэринийг дэмжээд байгаа билээ гэж асуувал, “Энэ Харри Поттерын баг улаан шар өмсгөлтэй, Галатасарайн өнгө, нөгөө баг нь номин хөх, Фэнэрбахчэгийн өнгө юм аа” гэж билээ. 

Тийм ээ, Туркийн хөл бөмбөгт өнгө маш чухал. Манай Бэшикташ хар цагаанаар гангардаг учраас “Өнгө гэж хуурамч, өнгийг бид үзэн яддаг” хэмээнэ. Бэшикташийн хэд дээрээ ногоон хувцастай очиж ёстой болохгүй. “Чи чинь хэзээ Бурса болчоо вэ?” гэж цаашлуулах, уцаарлах хоёрын дундуур л үглэнэ шүү. Бурсаспор нь ногоон өмсгөлтэй, Бэшикташийн “заналт дайсан” юм.

Жон МкМанус гэж хөл бөмбөгийн нийтлэлч бий. Лэйстэр сити болон Бэшикташийн балиашиг. Тэрбээр нэг удаа Бэшикташийг дэмжигч найзуудтайгаа тоглолтын завсарлагаар идэх уух юм эргүүлсэн гэж байгаа. Шарсан тахиан дээрээ кетчуп тавих гэтэл нэг найз нь ихэд сандран кетчупыг нь булаагаад авч гэнэ. Яав ийв гэтэл “Болгоомжтой! Наад шар тахиан дээрээ энэ улаан кетчупыг асгахаар юу болохыг мэдэж байгаа биз дээ, чи. Улаан шар. Галатасарай хожчихвол яана?” гэсэн гэдэг.

Хөх шарын хослол бол Фэнэрбахчэгийн өнгө. Ван Перси, Нани хоёр.

Улс төр

Аль ч улсын ямар ч спортод улс төр ороод ирэхээрээ “заваардаг” тал бий. Харамсалтай нь тухайн спорт улстаа хэчнээн нэр хүндтэй байх тусам улс төрчид улам бүр шургалж, эрх мэдлээ бататгах хөшүүрэг болгохыг зорино. Доналд Трампын Америк хөл бөмбөгчдийн өвдөг нугалах тэмцлийг хэрхэн эсэргүүцэж, ЛеБрон Жэймстэй жиргээгээр үзэлцсэн түүх үүний нэг базаахгүй жишээ болон үлдэх биз ээ. Путин бол хоккейг тийн ашиглаж, Оросын хамаг шилдэг хэдтэй жил бүр тоглож, Буре, Касатонов, Фетисов нараас илүү олон шайб хийдэг уламжлалтай. Үүний адилаар Туркийн хөл бөмбөг дэх нөлөө бүхий нэгэн нэр бол Эрдоган юм. 

Ахлах сургуулиа төгсөөд ИЕТТ гэж хагас мэргэжлийн багт тоглосон юм билээ. Өөрийнх нь ярьдгаар бол 1977 онд Фэнэрбахчэ мань эрийг яг авах гэж байсан, серб дасгалжуулагч нь яваад тэр наймаа бүтээгүй гэх. Ямар ч байсан Фэнэрбахчэгийн улаан фэн гэдгээ ний нуугүй хэлсэн, бусад багийн дэмжигчид үүнд нь дуртай биш, нэр нөлөө нь спортод тусаад байна л гэх. 2011 онд Фэнэрбахчэ тоглолт худалдан авсан хэрэгт орсон, Ювэнтус яг ийм хэргээр доод лийг рүүгээ унаж байсан бол Фэнэр мөнгө болон хэдэн оноогоор л торгуулаад өнгөрсөн, Эрдоган ард нь бий л гэлцэнэ.

Шүтэн бишрэгчид нь түүнийг Касимпашад төрсөн Пеле гэдэг бол эсэргүүцэгчид нь харин “жинхэнэ хулхи хөл бөмбөгчин” гэнэ. Угаас улс төр бохир л доо. Өөрөө гэхдээ тоохгүй. 2017 онд Мартин Шкртел гоол хийх нэг сайхан боломж алдсан юм. Гараад ирэхэд нь Эрдоган уулзаад, “Чи намайг залуудаа яаж эргүүлж цохидог байсныг нөхөж хараарай. Тэрнийг сурсан бол чи сая яг хийх байлаа” гэж хэлэхдээ тоглосон шинж огт байгаагүй гэдэг. 

Миний хэдэнтээ дурдсан домогт Хакан Шүкүр, Туркийн лийгийн мэргэн буучаар гурвантаа шалгарсан, Дэлхийн цомын хамгийн хурдан гоолыг хийсэн, Туркийн шигшээд хамгийн олон гоол оруулсан, цагтаа Босфорын бух нэртэй явсан сайн эр. Эрдоганы намаас нэр дэвшиж, депутат болж ч явлаа. Удалгүй Эрдоганы дайсан Гүлэнтэй холбоотой хэмээгдэн, намаасаа ч гарч, сүүлдээ “ардын дайсан” нэртэй болоод, эх орондоо байх суух аргагүй болж, АНУ руу дүрвэн гарчээ. Сан-Франсискод ресторан нээж нэг үзээд, Эрдоганы үнэнч нөхөд АНУ-д хүртэл элдвийг нь үзсээр байж, тэрийгээ хаяад өдгөө Ди Си орчимд Үбэр барьдаг гэнэ. (Үбэр барих бүрийдээ би Хакантай таарчих юм сан гэж бодох). Түүхэн дэх хамгийн шилдэг хөл бөмбөгчиндөө түргүүд ийн хандана гэхээр улс төр гээчийг их спортоос үүрд салгаад хаялтай билээ. 

Туркийн урлаг спортын бүх оддын энэ тоглолтод Ерөнхийлөгч Эрдоган хэт трик хийв.

Герман уу, Турк уу?

Германд Туркийн цагаачид хэдэн саяараа бий. Тэдний үр хүүхдүүдээс алдартай тамирчин, уран бүтээлч, бүхий л салбарын мэргэжилтнүүд төрж байна. Германд төрж өсөөд, Герман сургуульд сурч, Германы хөл бөмбөгийн бүхий л шат дамжлагаар яваад гараад ирсэн тэр түрэг үндэстэн хөл бөмбөгчдийг Герман гэх үү, Түрэг гэх үү хэмээх нэг жигтэй асуудал гучаад жилийн өмнөөс бий болжээ. 

Миний өмнө дурдсан Илхан Мансыз, Үмит Давала, за тэгээд дээр нь Туркийн шигшээд олон жил тоглосон Еилдирай Баштурк, ах дүү хоёр Алтынтоп, Нури Шахин, одоо ид гялалзаж байгаа Хакан Чалханоглу гээд бүгд Герман хөл бөмбөгийн сургуулийн бүтээгдэхүүн. Гэвч бүгд Туркийн шигшээд тоглосон. Бэлэн сайхан хүмүүжээд, сураад, Герман хөл бөмбөг гээч машины эрэг шураг болоод, Турк улсаас төгрөгийн зардалгүй ороод ирсэн нөхдийг алгаа тосоод авалгүй яах вэ. Гэхдээ бас асуудал багагүй, бодсоноос хавьгүй түвэгтэй ажээ. 

Түрэг дасгалжуулагч нарын гомдоллодог хоёр зүйл бий. Нэгд, хөл бөмбөгийн нарийн нандин юмаа ярихаар өнөөдүүл нь хэлийг нь ойлгодоггүй нэг зовлон байдаг гэх. Хоёрт, багтаа маш сайн тоглодог боловч харь улсад төрж өссөн залуус улсын шигшээдээ тэр бүр гялалздаггүй гэх. Клубээсээ бол цалингаа авч байгаа улс, үнэнч сайн тоглохоос аргагүй, улсын шигшээгийн тоглолт бол харин үнэ мөнгөгүй, жинхэнэ эх орны төлөөх цэвэр зүрх сэтгэл байх учиртай.

Германы талаас ярих юм бол дэндүү бардам улс, саяхныг хүртэл цагаачдаасаа багтаа тоглуулах дургүй л байлаа. Тэгж байтал даяаршил Германыг хүртэл дайрч, Германд төрж өссөн, Герман хөл бөмбөгийн бүтээгдэхүүн болсон хэдээ харь гаралтай гэлгүй шигшээдээ авахаас аргагүй болжээ. Хамгийн анх Германы шигшээд тоглосон түрэг гаралт тоглогч бол Баваригийн түүхэн дэх томчуудын нэгд тооцогдох Мэхмэт Шолл юм. Түүнээс хойш Германы шигшээгийн анхны хар арьст довтлогч Асамоа, польш гаралт голын машинууд: Клозе, Подолски гэх мэтээр явж өгсөн, цааш нь Туркийн шигшээ рүү алдчилгүй торгоож авсан тоглогчид гэвэл Мэсүт Өзил, Эмрэ Жан, Илкай Гүндоган, Сэрдар Ташчи, Кэрим Дэмирбай гээд олон олон.

Германд төрж өссөн хоёр түрэг. Борусси Дортмундаас төрсөн хоёр од. Нури Шахин нь Туркийн шигшээ, Илкай Гүндоган нь Германы шигшээ.

Үндэсний дасгалжуулагч

Гадаадын шилдэг дасгалжуулагч нар Туркийн хөл бөмбөгийн наяад онд өөд нь татсан нь бол маргашгүй үнэн. 1980 онд Баруун Германыг Европын аварга болгосон Юпп Дерваль 1983-1987 онд Галатасарайг дасгалжуулж, Европын хөл бөмбөгийн амтыг үзүүлж, ихийг таниулсан гэдэг юм билээ. Ливэрпүүлийн тоглогч асан Гордон Милнэ дараа нь Бэшикташт ирж 1990-1992 онд гурав дараалан түрүүлүүлсэн, одоо бол тэр багийн домог. 

Гэвч аливаа улс хөл бөмбөгөө хөгжүүлье гэвэл дан ганц гадаад дасгалжуулагч нарт найдаад хэрэггүй, өөрийн гэсэн үндэсний шилдэг мэргэжилтнүүдтэй болох хэрэгтэй. Мэтих Түрэл гэж одоо бараг 90 хүрч яваа хөгшин энэ үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан аж. Улсын шигшээ болон лийгийнхээ шилдэг бүх багийг дасгалжуулж явахад нь буюу далаад оны үед Туркийн хөл бөмбөг Европоос хэдэн арван бээрээр хоцорч явжээ. Түрэл тиймээс шигшээгээ дасгалжуулж байхдаа Европ явж, Чэлси, Вэст Хам, Тоттэнхам, Арсэнал, Чарлтон Атлетик клубуудэд тус бүрд нь долоо хонож ажилласан байна. Ихийг сурч буцаж ирсэн тэрбээр өөрөө дасгалжуулахаасаа илүү дасгалжуулагч нарыг дасгалжуулна хэмээн 1990 онд цуглуулсан бүх материал, хэдэн арван видео кассет бичлэгээ үзэж байж, 800 хуудас ном бичжээ.

Үр дүн нь одоо гарч байна. Яг одоо Туркийн шилдэг багуудыг удирдаж, сүүлийн хэдэн жилийн аваргын цомыг өргөж буй дасгалжуулагч нар Фатих Тэрим, Шэнол Гүнэш, Абдуллах Авжи, Аякут Кожаман... бүгд түрэг үндэстэн, бүгд өнөө Мэтих Түрэлийн дасгалжуулагчийн курсийг төгсөгчид. Монголын хөл бөмбөгт энэ түүх үлгэр болох болтугай. 

Нэрийн учир

А. С. Пушкиний “Бахчисарайн оргилолт булаг” хэмээх найраглалыг манайхан андахгүй. Уг найраглалаас сэдэвлэн бүтээсэн мөн адил нэртэй бүжгэн жүжиг нь (Б. Асафьевын хөгжим) Монголын тайзнаа тоглосон анхны мэргэжлийн балет учраас Бахчисарай хэмээх нэрийг монгол хүн бүр мэднэ. Тэгвэл энэ үгийн хоёр хэсэг нь Туркийн хоёр том багийн нэрэнд буй билээ. Бахчэ нь Фэнэрбахчэ-д буй “цэцэрлэг” гэсэн үг, Сарай нь Галатасарайд буй “ордон” хэмээх үг болно. Фэнэр гэж тэнгис далайд зүг өгөн гэрэлтдэг цамхаг, Босфорын хоолойн эрэг дээр үүссэн учраас “Гэрэлт цамхгийн цэцэрлэг” гэж нэртэй болжээ. Галатасарайн хувьд “Галата ордон” гэсэн утгатай. Ингээд үзэхээр өнөө Пушкиний алдарт найраглалд гарч буй Бахчисарай хэмээх хотын нэр нь “Цэцэрлэгт ордон” болох нь. Бэшикташ-ийн хувь “Өлгий чулуу” гэсэн үг.

Ер нь хэл судлаач хүний хувьд Туркийн хөл бөмбөг үзэх нь зөвхөн спорт талаасаа бус хэл талаасаа ч маш сонирхолтой. Ромагаас Лэйстэр ситид зээлээр тоглож байгаа Чэнгиз Үндэр бол Чингис мөн, Илхан Мансыз бол Ил хаан мөн, Ариф Эрдэм гэж мундаг довтлогч байсан, манай Эрдэм чухам мөн. Үүнчлэн Алтынтоп бол Алтан бөмбөг, Карадэниз овогтой Гөкдэниз бол Хартэнгисийн Хөхтэнгис байх жишээтэй. Сабры Сариоглу бол Шархүү, сары нь шар, оглу нь хүү юм. Манай нөгөө Огулхаймиш гэж хатны нэр чинь “Хүү хайжээ” гэсэн үг шүү дээ, олон охинтой айлын л нэр байх. 

Төгсгөл

2001-2002 онд би тийнхүү оюутны байранд хөл бөмбөг үзэж суухдаа Бэшикташийн фэн хэдэн нөхөртэй болсон билээ. Монголоос ирсэн нэг залуу хайртай багийг нь дэмжиж байна гэхээр тэдэнд их л таатай байсан биз ээ. Яагаад Бэшикташийг сонгов гэж надаас олонтоо асуудаг байсан, би ихэвчлэн “Кристофер Даум Германы шигшээгийн дасгалжуулагч байсан, би тэгээд дуртай байгаа юм аа” л гэж хариулдаг байлаа. 2002 оны хавар нутаг буцах болж, чемодан саваа чирээд байрнаасаа гарч явлаа. Гэтэл Бэшикташийн фэн нэг анд маань таарав шүү. “Ингээд буцах болов уу? Эргээд хэзээ ч уулзахгүй байх даа” гэх мэт хэдэн үгийг сольсны эцэст өнөөх маань “Чи Даумыг Бэшикташийг дасгалжуулахаа больсон ч гэсэн дэмжсээр л байна биз дээ?” хэмээн үнэн голоосоо асуув. “Тэгэлгүй яах вэ, одоо Даум хамаагүй болсон, би Бэшикташийг үргэлж дэмжинэ ээ”. Мань эр үүнд урамшин гарыг минь ахин дахин атгасаар хоцорч билээ. 

Би харин хэлсэндээ хүрсээн. Кристофер Даум эргээд 2009-2010 онд Туркт ирж, Фэнэрийг дасгалжуулсан, би Фэнэрийн тарафтар болоогүй. 

Тарафтар гэж дэмжигч – балиашгийг хэлэх түрэг үг, гарал гэвэл тараф нь перс хэлний “тал” гэсэн үг, тар нь өгөх оршихын тийн ялгал, тарафтар гэхээр хэн нэгний “талд” гэсэн үг юм.

Туркийн хөл бөмбөгт нэг яваад орчихвол аль нэг багийн талд орж - тарафтар болохоос аргагүй билээ л.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. дэмжсээр л байна биз дээ? тартарын хаанаас "урваад" la fontaine des larmes болжээ. гийгүүлээхээ больчихсон.

    0 0 Хариу бичих
  2. фонарь, аав ээждээ, агаар тэнгэртээ фонарь даа. fon-ar - rampu (lampu)

    0 0 Хариу бичих
  3. хамгийн хурдан гоол

    0 0 Хариу бичих
  4. болельщик - боль, болеть (өвчин, өвдөх, өвчилөх). үс хатаагч үлээгч фэн. fan - feng (shui), агаар салхи хий - хийрхэл.

    0 0 Хариу бичих
    • шүү

      0 0
    • сэнсрэхээсээ сэнсрэхгүй хүртэл, сэнсрэхгүйгээсээ сэнсрэх хүртэл

      0 0
    • намчин, шашинчингууд нуль сэнснүүд, хуйлраанууд

      0 0