Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалд бэлдэж байна

Монгол хэлний хамгийн том өгүүлбэрийн сан хөмрөгийн эзэмшиж байгаа энэ хамт олон судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн арга барил дээрээ суурилан анхны машин сургалтад суурилсан мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо болох Эдүгэ, машин сургалтад суурилсан бүрэн автомат мэдээллийн мониторингийн тогтолцоо болох Кудос системийг бүтээжээ. Хиймэл оюунд суурилан Монгол авиаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх Чимэгэ системийн нээлтийг энэ залуучууд маань саяхан хийсэн билээ.

В.Ганзориг: Өдрийн мэнд Бадрал захирал аа? Алс холын Германаас цаг гарган холбогдож байгаад баярлалаа. Болор толь, Эдүгэ, Чимэгэ гээд нийгмийн олон салбарт хэрэгтэй төслүүдийг та бүхэн хийсэн. Эдгээр ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

С.Бадрал: Бид Болор толийг 2009 онд анх гаргасан. Тэр үеэс л бид боловсролын тэгш боломжийг бүгдэд хүртээх санааг дотроо шингээсэн байсан. Бид дэлхийн зах зээл, гадаад ертөнцтэй улам бүр хамааралтай болж байгаа тул англи хэл, гадаад хэл эзэмших ёстой. Гадаадад эмнэлэгт явж байхад, гадны сургууль дээр мэдэхийг хүсч байгаа англи үг хайхаар гарч ирэхгүй, монгол орчуулга тайлбар олдохгүй байна гэдэг том зовлон. Иймээс 10 гаруй жилийн өмнө эхний ээлжинд ямар ч үг хайгаад гаргаад ирэх хэмжээний цахим толь бичиг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр нь үнэ төлбөргүй байх хэрэгтэй гээд хэрэгжүүлсэн. Тэр цагаас хойш автомат орчуулга хийх төвшид хүрээд байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Монголчууд бүгд алдаатай бичээд болохгүй байхаар нь монгол хэлний дүрмийн алдаа шалгагч хийгээд төслөө үргэлжлүүлсэн. Хиймэл оюунд суурилаад боловсролын асуудлуудыг шийдэх зорилго тавиад тухайн үед Болор дуранг гаргасан. 2004, 2005 оны хавьцаа Hunspell, Аspell зэрэг нээлттэй эхэд холбож оруулсан Mnspell төслийг хийсэн. Тэр нь үнэ төлбөргүй байв. Нээлттэй эхийг тэр үед монголчууд төдийлөн их хэрэглэдэггүй байсан учраас олон нийтэд хангалттай түгэж чадаагүй. Тиймээс арилжааны загвар руу шилжиж, тэр хэрээр өөрсдийнхөө үнэ цэнийг бий болгоё гээд бүтээгдэхүүнээ төлбөртэй болгоод Windows-ийн орчил руу шилжүүлсэн. Үүний дараа 16 мянган хэрэглэгчтэй болж чадсан. Үүнээс 7 мянга нь манай байнгын идэвхтэй хэрэглэгч.

Гэсэн хэдий ч бидний харж байсан нийгмийн асуудлууд хангалттай төвшинд шийдэгдэхгүй байсан тул ноднин жил Болор апп-аа үнэ төлбөргүй гаргасан. Bolor.app гэсэн цахим хуудсаар ороод богино хэмжээний буюу 800 тэмдэгтээс доош текстийг шалгаж бас хөрвүүлж болно. Үүнийг твиттер, фэйсбүүкийн постуудад зориулж хийсэн. Харин том хэмжээний контентонд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх сонголтыг нээж өгсөн. 

Үүний дараа Eduge, Kudos-ийг хийсэн. 2021 онд шинэчлэгдсэн хувилбарууд нь гарна. Эдгээр бүтээгдэхүүнүүд дээрээ ямар нэгэн маркетинг хийж, олигтой анхаарч яваагүй. Гэхдээ хамгийн анхны machine learning ашиглаж хүний оролцоогүй боловсруулалт хийсэн гэдэг утгаараа манай чухал бүтээгдэхүүний нэг. Яг одоо бид Fake news буюу хуурамч мэдээллийг ялган шүүж, таньдаг болгохоор ажиллаж байна. Ялангуяа энэ ковидын үеэр хуурамч мэдээ, мэдээлэл маш их тархлаа. 2021 онд энэ систем шинэчлэгдээд гарна. Kudos ч бас шинэчлэгдэж,Чимэгэ технологитойгоо холбогдоод нэлээн өндөр түвшинд мэдээллийн мониторинг хийх боломжтой болж байгаа. 

Хэл шинжлэлийг хиймэл оюун ухаангүйгээр боловсруулах ямар ч боломжгүй. Болорсофт компани 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд хэл шинжлэл, хиймэл оюун ухааны салбарт ажиллаж байна. Тухайн үед олон хүн биднийг маркетинг, санхүүгийн программ хийх хэрэгтэй, насаараа идэх хоолоо маш хялбархан олох боломж байхад ийм хачин хүн ойлгохгүй юм хийж байна гэж шүүмжилдэг байсан. 2008 онд биднийг хиймэл оюун ухаан гээд эхэлж байхад үнэндээ манайд энэ салбар царцчихсан байсан. Одоо л хүн болгоны амнаас ийм үг гарч байгаа болохоос тухайн үед боломжгүй зүйл гэж харж байсан. Энэ салбар руу анх ороход бэрхшээлтэй үнэхээр тулсан. Хэзээ зардлаа нөхөж, ашиг олох ёстой вэ гэдэг өнцгөөс харсан бол бид энэ төслийг эхлэхгүй байсан. Хичнээн хэцүү хүнд байсан хэн нэгний хийгээгүйг хийе, зайлшгүй хийх ёстой чухлыг нь хийе гээд зорьсон. Монгол хүний хувьд заавал хийх ёстой төсөл шүү дээ. Англи хэлний дүрмийн алдаа шалгагч хаа сайгүй байна. Мундаг толь бичгүүд нь ч зөндөө. Америк хүн дэлхийн шилдэг боловсролыг эзэмших нөхцөл боломжоор бүрэн хангагдсан сууж байна. Герман хүмүүс, европууд яг адилхан. Гэтэл бид тийм боломжгүй байж ирээдүйн хүүхэд залуучуудаас сайн байхыг шаардах ямар ч эрхгүй шүү дээ. Ямар гэсэн энэ боломжийг л бүрдүүлэхийн төлөө бид анхнаасаа ажилласан. 

Чимэгэ бол хэл шинжлэлийн Natural language processing салбарын дэд салбар шинжлах ухаанд харъяалагдана. Хэл шинжлэлээс цаашлаад бид ярианы боловсруулалт руу орохоор шийдсэн. Учир нь ирээдүйд дэлхийн бүх төхөөрөмж хүний дуу авиагаар ажилладаг болно. Суурь нь байсан болохоор бид богино хугацаанд хийж чадсан. Магадгүй хүмүүсийн хүлээлт 70, 80%-тай монголчуудынхаа түвшинд арай хийж хийх байх гэж харж байсан байх. Харин бид өөрсөддөө өндөр шаардлага тавьж, англи хэлний төвшинд хүргэхээр зорьсон. Учир нь тэгж байж хүмүүсийн хэрэглээнд орно. Хоёр жил ажилласны эцэст монгол хэлний ярианы боловсруулалтыг 97%-д хүргэсэн. Энэ нь хятад, англи, герман хэлний танилттай ижил түвшинд очсон гэсэн үг. Ийм боломжийг нээснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд туслан, хувь хүн талаасаа тэдгээр хүмүүсийн бүхэл бүтэн нэг ертөнцийг холбон, утга учиртай амьдруулахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байна. Энэ боломжийг олгож байгаадаа бид баяртай байгаа. 

- Энэ бүх ажлыг монгол залуучууд дангаараа хийсэн үү?

- Тэгсэн. Гэхдээ багийн бүх гишүүн Монголд байгаагүй. Хиймэл оюун ухааны багийн ахлагч Төгөлдөр Германд байна. Би өөрөө продакшн, програм хангамжийн багаа хариуцаад явдаг. Солонгос, Сингапур, Швейцар, Герман улсаас монгол залуучууд хамтарч ажиллан энэ бүхнийг бүтээсэн. Бид бүгд гадаадад боловсрол эзэмшсэн. Эзэмшиж өөрийн болгосон энэ капиталаа Монголынхоо төлөө зориулах чин сэтгэл, зүрхтэй залуучууд байсан учраас компанийнхаа дор нэгдээд энэ бүхнийг бүтээж чадсан. Энэ бүхэн нэг ч гадаад хүний оролцоогүй, цэвэр монгол залуусын дотооддоо бүтээсэн технологи. 

- Цар тахал та бүхний ажилд хэр нөлөөлж байна вэ?

- Хоёр талтай байна. Нэгдүгээрт, бизнес талаас нэлээд сөргөөр нөлөөлж байна. Яагаад гэвэл биднээс хамаарахгүй бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа царцах, цаашилбал гадаад харилцаа бараг зогсчихлоо. Хэдийгээр би Германд байгаа боловч Монголоо холбоод Сингапурт салбар компаниа байгуулах, Америк, Канадад гарах төлөвлөгөөнүүд байсан боловч бүх нислэг цуцлагдаад хүнд байдалд орсон. 

Технологийн талаас нь харах юм бол бидэнд сайхан боломжуудыг олгож байна. Манайд угаасаа Швейцар, Сингапур, Германаас зайнаас ажилладаг горим тогтсон байсан. Манай дотоод үйл ажиллагаанд коронавирус яаж ч нөлөөлж чадахгүй. Яг хэвийн явдгаараа ажиллаад явж байгаа. Бид дотоод үйл ажиллагаандаа My Task гээд өөрсдийн програм хангамжаа хэрэглэдэг. Одоо үүнийгээ олон улсын зах зээл дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Коронагаас болж бид гадаад зах зээлд гаргаж болох шинэ бүтээгдэхүүн өөрсдөө хийж хэрэглэдэг юм байна шүү дээ гэдгээ анзаарсан. Улмаар бизнес загварыг нь зохиогоод цаашаа ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Энэ бол бид хоёрын зүүмээр ярьж байгаа шиг нүүр нүүрээ харахгүй ч онлайнаар хурал хийдэг шийдэл юм. Оролцогчид дундаа Mind Map гаргаад хурлаа хийдэг. 

Одоо хүмүүст Zoom, Teams-р хуралдах боломж байгаа болохоор тэрийгээ болж байна гэж бодоод яваа. Гэтэл болохгүй байгаа. Яагаад гэвэл онлайн үйл ажиллагаанд гүйцэтгэл гэж байдаггүй. Онлайнаар сайхан хуралдаад дараа нь гүйцэтгэлээ хянахын тулд дахиад төслийн менежмент, эсвэл таск менежментийн шийдэл рүү хувиргаж байж тэр бүх үйл ажиллагааныхаа хяналтыг хийх боломжтой болдог. Манай шийдлийн давуу тал нь энэ бүх зүйл интеграци хийгдчихсэн. Онлайн хурал дээр тархины шуурга хийж байхад л нөгөө талд график гараад явж байдаг. Энэ график дээр автоматаар хэн, ямар ажил хийх, оногдсон ажлууд нь ямар түвшинд явж байгаа, хэзээ дуусах бүгд тэмдэглэгдэнэ. Цаашаагаа төслийн менежерүүдийн зөвлөгөө болоод Scrum board, Agile аргууд болоод дараагийн хурал дээр автоматаар ороод ирдэг. 

Ийм бүтэн интеграци бүхий шийдлийг яагаад бид өөрсдөө хийсэн бэ гэвэл яг ийм шийдэл гаднаас хайгаад олоогүй. Тэгээд юуны төлөө програм хангамжийн компани билээ гээд өөрсдөө хийсэн. Ингэж зайнаас буюу Герман, Монгол, Сингапур, Швейцараас ажилладаг туршлага бидэнд аль 2015 оноос хойш байсан учраас үүнийгээ шинэ боломж болгосон. 

- Хэл шинжлэлээр эхэлж байсан та бүхэн одоо бизнес процессийн том төслүүд хийдэг болжээ. Мөн олон улсын зах зээл рүү гарч байгаа юм байна. Үүнтэй холбоотой компани дээрээ хөрөнгө босгох ажлууд хийж байна уу?

- Яаралтай нэмэлт хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа. Сая нээлтээ хийсний дараа монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд саналаа илэрхийлсэн. Хамгийн гол нь эрсдэл даах чадвараас гадна мэдээллийн технологийн бизнест оруулсан хөрөнгийг богино хугацаанд нөхөх боломжгүй байдаг. Харин урт хугацаанд нөхөөд барахгүй том ашиг авч ирж болно. Угаасаа ийм түүхтэй. Тэгэхээр бид эхлээд эрсдэл даах зөв түншээ олох нь маш чухал байгаа. Одоо идэвхтэй хайж байна. 

Харин IPO гаргахын хувьд судалгааны шатанд явж байна. Монголын зах зээлээс хөрөнгө босгох тухай брокерын пүүсүүдтэй уулзаж байхад цэвэр програм хангамжийн компанийн хувьд манай салбарын цаг нь арай болоогүй, та нарын үнэлэмжийг унагах байх, тэр хэрээр хүссэн хэмжээний хөрөнгө арай босохгүй байх магадлалтай тул цаг хугацааны хувьд харзнах нь зүйтэй гэж зөвлөсөн. Тиймээс олон нийтэд нээлттэй компани болохоос өмнө хаалттай хүрээнд хөрөнгө оруулалт босгох ажил дээр төвлөрч байгаа. Ковидын нөхцөл байдал сайжирвал гадаад зах зээлээс хөрөнгө татах нь зөв гэдэг байр суурин дээр байгаа. 

- Монголчууд цахим үндэстэн болоход хэр бэлэн байна вэ?

- Бэлэн биш. Одоо худлаа яриад яах вэ. Яагаад гэвэл бид зан чанарыг илүү ярьдаг. Монгол хүмүүс өөрчлөлтийг маш түргэн хүлээж авдаг, хөрвөх чадвар сайтай гэх мэт. Энэ бол үнэн. Харин бид системээ босгоогүй байна. Байгаа систем нь доголдоод, дутаад байна. Тийм учраас бид цахим үндэстэн болоход эрт байна. 

Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс ангид оршиж чадахгүй. Тэртээ тэргүй цахим шилжилт явдгаараа явна, эрчимжинэ, улам хүчтэй, хурдтай болно. Одоо энэ ковидын жишээ экологийн тэнцвэрт байдал алдагдаж буйтай холбоотой. Цаашид нь ийм халдварт өвчнүүд гарна гэдгийг Билл Гэйтсээс авахуулаад олон хүн аль 10, 20 жилийн өмнөөс хэлж л байсан. Энэ бүхэн цахим шилжилтийг хурдасгаж байгаа юм. Аль ч талаас нь харсан бид нэлээд хоцорч явна. Яагаад гэвэл манайд систем нь байхгүй, хуучин коммунист гээд хэлчихэд бараг болох тогтолцоогоор явж байна. Асуудал системдээ байна гэж харж байна. 

- Оролцогч нарын оролцоо, систем, нэгдэл чухал гэж та онцоллоо. Энэ системийг үүсгэх зорилгоор E-Mongolia гээд платформ гарч ирсэн. Энэ санаачилгыг юу гэж харж байна вэ?

- Би E-Mongolia төслийн фэн. Энэ бол зайлшгүй хийх ёстой төсөл байсан. Харин ч хоцорч гарлаа. Миний бодлоор энэ төсөл таван жилийн өмнө хэрэгжих ёстой байсан. E-Government, E-Zasag гээд үе үеийн засгийн газрын яриа болоод явж байсан ч хэрэгжүүлж чадахгүй явсаар байгаад E-Mongolia болоод гараад ирлээ. Хоцорч байгаа ч ингээд хийгээд гаргаад ирсэнд баяртай байгаа. 

Би гадаадад байгаа болохоор яг хувиараа E-Mongolia-г туршиж үзээгүй байна. Тэр олон зуун төрийн үйлчилгээг ингээд хялбаршуулж хүргэж байгаа учраас Монголдоо очоод хэрэглэх нь тодорхой. Би түрүүнд системийн доголдол, асуудлын талаар дурдсан. Яагаад гэвэл уг нь энэ 180 гаруй төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр буюу аппликэйшнээр иргэд авах ёсгүй юм. Учир нь ийм бичиг цаасыг төр иргэнээсээ шаардах ёсгүй, бас хэрэггүй байхгүй юу. Энэ том системийн ард нэг том мэдээллийн бааз ажилладаг. Энэ бааз, системд төрийн бүх байгууллагууд холбогдсон байгаа. Тэр байгууллагууд нь өөрсдөө энэ E-Mongolia-г ашиглаад хоорондоо мэдэээллээ солилцох ёстой. Одоо E-Mongolia аппийн тусламжтайгаар иргэнд тодорхойлолт гаргаж өгч чадаад байна гэдэг нь төрийн байгууллагууд хоорондоо иргэдээс хүсээд байгаа, тэднийг чирэгдүүлдэг бичиг цаасуудаа хоорондоо солилцоод авах боломжтой гэсэн үг. Ингэж ч ажиллах ёстой юм уг нь. 

- Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ нэхэхээ больчих хэрэгтэй гэж та хэлээд байна уу?

- Яг үнэн. Хоорондоо чөлөөтэй холбогдон интеграц хийх боломжтой болчихсон болоод л E-Mongolia төсөл гарч байгаа шүү дээ. Би Германд старт ап компани байгуулаад 20 гаруй жил ажиллаж, энэ нийгэмд оролцоотой амьдарч байна. Энэ хугацаанд надаас ямар нэгэн байдлаар тодорхойлолт нэхэж байсан тохиолдол нэг ч гараагүй. 

- Таны бүртгэлийн дугаарыг шалгаад л болоо юу?

- Тийм. Яагаад гэвэл цаана нь өөрсдөд нь дээд зэргийн бүртгэлийн систем ажиллаж байгаа шүү дээ. Тэр системүүд нь хоорондоо холбогдсонд учир байгаа юм.

- Та яагаад систем болохгүй байна гээд хэлсний учрыг би одоо сайн ойлголоо. Технологи ашиглаад дэлхийн зах зээлд гарахаар төлөвлөж буй залууст та юуг зөвлөх вэ?

- Нэгт, технологи гэдэг утгаараа хурд. Хоёт, төгс шийдэл, төгс гүйцэтгэл. Миний харж байгаагаар залуучууд маш хялбар аргаар богино хугацаанд их мөнгө олно гэж боддог болчихсон юм шиг санагддаг. Тийм юм байхгүй. Уучлаарай! Ийм үлгэрт итгэж хад мөргөхөө болих хэрэгтэй. Маш их тэвчээр, энерги, хүч хэрэгтэй. Нэлээд зовно. Миний өгөх зөвлөгөө бол юмыг амар хялбараар харж, богино хугацаанд их мөнгө олно гэж мөрөөдөхөө болих хэрэгтэй. Үүний оронд хэн, юу, хаана хийж чадаагүйг хайх хэрэгтэй. Янз бүрийн гоё, шинэ санааг бид мундаг болоод олоод байгаа юм биш. Дэлхийн долоон тэрбум хүн ам хангалттай хэмжээгээр бодоод шинэ санаанууд энд тэндгүй гардаг. Тэгвэл тэр бүхэн яагаад хэрэгждэггүй юм бэ? Тэгэхээр цаг хугацааны мэдрэмж их чухал. 

Зах зээлд гаргах цаг нь болсон уу, үгүй юу гэдэг асуудал. Хэн нэгэн хэтэрхий түрүүлээд мундаг, гоё, сонин, содон шийдэл олсон байхад тэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломж нь байхгүй, хүмүүсийн хүлээж авах цаг нь болоогүй байж болно. Жишээлбэл, YouTube одоо нэлээд сайн явж байна. Энэ систем эрт гарсан бол шууд унах байсан. Яагаад амжилттай болсон гэхээр технологийн хөгжил дагаад видео контент, их датаг бага өртгөөр цацаж, хүлээн авах боломжтой болсон. Яг ийм жишээ технологийн салбарт маш их байдаг. 

Миний хувьд цаг үеэ айхтар мэдэрдэг хүн биш юм шиг байгаа юм. Гэхдээ зайлшгүй хийгдэх ёстой ажлууд гэж байдаг. Хүнд хэцүүгээс нь болоод хүмүүс зайлсхийдэг, зугтаадаг төслүүд байдаг. Эдгээр төсөл, ажлыг зайлшгүй хийх ёстой үе хэзээ нэгэн цагт ирнэ. Өөрөө хийж чадах үедээ ийм ажлуудыг барьж аваад хийчихье гэдэг байдлаар эхлүүлээд явж байсан. Харин үр дүнг нь үзэх цаг үе одоо ирж байх шиг байна. Ийм нөхцөлд аль болох төгс гүйцэтгэл дээр анхаарах нь илүү чухал. Мэдээж хэрэг хэн нэгэн шийдэл хийсэн л байгаа. Гэхдээ тэр хүн төгс хийж чадсан уу? Төгс хийсэн ажлыг л олон хүнд түгээж, тэр хэрээр төдий хэмжээгээрээ ургацаа хураана шүү дээ. Ингэж л ажиллахыг залууст зөвлөмөөр байна. 

- Та түрүүнд манайх утгаараа цахим үндэстэн болох болоогүй, системийн зөрүү, сэтгэлгээний хоцрогдол байна гэсэн. Гэтэл дэлхийн бусад улсад хүн, комьютер хоёр хоорондоо ярьдаг болчихлоо. Монгол Улс Эстони шиг болоход дахиад хэдэн жил шаардлагатай гэж харж байна вэ?

- Энэ бол зөв бодлогын асуудал. Хэрвээ зөв бодлого бариад явбал хоёроос дөрвөн жилийн дотор цахим үндэстэн болж чадна. Харин одооны систем дээрээ буруу бодлогоор эргэлдээд байвал хэдэн ч жил болж магадгүй. Ард түмэн бол цагаан цаас гээд томчууд хүн амьтан уурлуулаад ярьдаг. Манай ард түмний хувьд хэрэглээ өндөртэй, шинэ технологи гармагц хэрэглэхийг хүсдэг, тийм сониучхан гэх юм уу даа үндэстэн шүү дээ. Яг эцсийн хэрэглэгч, хэрэглээ тал дээр би санаа зовохгүй байна. Харин системийнхээ гажуудал, доголдолыг засаад, зөв бодлого бариад явах юм бол маш богино хугацаанд цахим шилжилтийг хэрэгжүүлэх боломжтой. Тэр утгаараа бид хүн, компьютерын харилцааг монгол хэлээр болгон, аж үйлдвэрийн дөрөв биш тавдугаар хувьсгалын бэлтгэлийг хийгээд явж байна. 

Цахим шилжилтэнд бид хоцрохгүй орж чадна, бусадтай адилхан нэг гараан дээрээс эхэлж болно. Энэ зорилгын төлөө бид ажиллаж байна. Товчхондоо бидэнд бүх боломж нь байна. Гол нь тогтолцоо маань өөрөө хоцрогдоод, системээ гацаагаад байна. 

- Алс холын Германаас цаг гарган туршлагаа хуваалцсан танд маш их баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)