Монгол Улсын эмийн бүртгэлд Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэлээ

Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12-р сарын 31-нд Pfaizer-ийн вакциныг бүртгэж авсан. 

Манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, баталсан тухай өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн.  Тэрээр "Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулна" гэв.

Эргэн сануулахад, Монгол Улс 2020 оны долдугаар сарын 25-нд COVAX хөтөлбөрт бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах учиртай. Дээр нь Сангийн сайдаар удирдуулсан ажлын хэсэг бусад эх үүсвэр, бусад улс орноос вакцин авахаар ажиллаж байгаа юм. 

Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд байгуулагдсан. Тус зөвлөлд багтсан эрдэмтэн, судлаачид коронавирусийн халдварын талаар болон вакцины талаарх судалгаа, шинжилгээний тухай мэдээллийг өгсөн юм.

Эрдэмтдийн хэлж буйгаар коронавирусийн халдвар авахад 100 хувь нас барна гэсэн үг биш бөгөөд хамгийн эрсдэлтэй хүмүүс нь архаг суурь өвчтэй, өндөр настнууд юм. Харин айл бүрт өндөр настай, суурь өвчтэй зэрэг эмзэг мэдрэг хүн бий. Иймд эрсдэлт бүлгийн хүмүүсээ өвчлүүлэхгүй, хор хохирол учруулахгүйн тулд олныг хамарсан далайцтай арга хэмжээ авч байгаа гэдгийг тодотгож байна. 

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар "Нэг халдварын цаана байгаа хүмүүсийг илрүүлээд тусгаарлаад явахад энэ хөл хорионы дэглэм маш өндөр үр дүнтэй байгаа. Халдварыг 90 хувиар буюу 10 дахин бууруулсан гэдэг тооцооллыг хийсэн. Хүмүүс одоо вакцинд найдан дэлхийн зарим улсуудад вакцинжуулалт эхлээд явж байна. Эдгээр вакцин нь тухайн нян, вирусийг нэг бол үхүүлж, эсвэл сулруулж хүнд тарьж байгаа юм. Тэгэхээр вирус тухайн хүний биед орохоороо яг амьд вирустэйгээ адилхан танигдаад түүний эсрэг дархлаа тогтдог.

Одоо хийгдэж байгаа вакцин дотор өвөрмөц вакцинууд байгаа. Жишээ нь вакциныг тээвэрлэж байгаа вирус нь аденовирус гэж вирус байгаа. Гэтэл бид коронавирусээр халдварлачхаад байхад тэр хүнд аденовирусийг тарьж байна. Тэр аденовирус нь дотроо коронавирусийн генийг агуулаад тухайн хүний биед ороод орсон хойноо тэр аденовирус үржиж өөрийнхөө уургыг нийлэгжүүлэхээрээ коронавирусийг хүний биед дотор гаргаж ирж байна гэсэн үг. Тиймээс технологийн хувьд өөр вакцин байгаа”

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч Ч.Баттогтох "Яаж халдвараас өвөрмөцөөр сэргийлдэг юм бэ гэхээр яг тухайн вирусийн эсрэг, тухайн вирусийн эсрэг өвөрмөц вакцин гээд байгаа бэлдмэлийг хийгээд маргааш нь хамгаалчихгүй. Вакцин хийж байгаа учраас тодорхой хугацаагаар дархлааны урвал өрнөөд тухайн вирус нь бактерийн эсрэг өвөрмөц уураг буюу хамгаалах чадамжтай эсрэг биет гээч үүсдэг. Энэ нь хангалтай үүссэн тохиолдолд тухайн хүн халдвартай хүнтэй нүүр тулсан ч хамгаалах чадамжтай эсрэг биет түүнийг хамгаална гэсэн үг”

 

Монголын Анагаах ухааны Академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн “Коронавирус агаар дуслын замаар дамждаг учраас халдварлалт, тархалт нь маш хурдан явцтай явна. Халдварлах зам нь ижилхэн биед ороод үйлчлэх механизмын хувьд бүх хүнд ижилхэн байх юм. Ганцхан тухайн хүний дархлаа, иргэдийн ярьдаг биеийн эсэргүүцэл хүн болгонд өөр учраас урьдчилан сэргийлэлт гэдэг бол маш чухал байна.

Энэ өвчнийг ялах арга зам нь хувь хүний хариуцлага, ухамсар, дэгтэй байх юм. ”

 

Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга, Доктор, дэд профессор С.Янжинсүрэн "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны шинжилгээнээс харахад тэд нэг зүйл өндөр акцент өгч байна. Тэр нь хөл хорио бол COVID-19-ийг барьж тогтоох, түүний хор хохирлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй хамгийн үр өгөөжтэй арга хэмжээ мөн. Бидний тооцоолж байгаагаар нэгдүгээр улиралд багтаан вакцин авах, захиалах, тандалт судалгаа, олон улсын байгууллагуудад захиалгаа хүргүүлээд байгаа"

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монголд эмийг хэн ч хараагүй, хэрэглэж үзээгүй байсан ч хамаагүй сургаар нь л бүртгэчихдэг юм байншт

    0 0 Хариу бичих