"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

 “Homo sapiens-Хүн төрөлхтний товч түүх” номын зохиогч Юваль Ной Харари “Коронавирусийн тахал нь иргэн гэж юу вэ гэдэгт хариулт өгөх маш том шалгалт болно. Иргэд бид энэ өдрүүдэд дор бүрнээ шинжлэх ухаанд, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд итгэх хэрэгтэй” хэмээжээ. Энэ шалгалт монголчууд биднийг ч тойрсонгүй. Цар тахлыг хяналтдаа байлгахын тулд төр засгийн зүгээс хүчээ дайчлан ажиллаж буй энэ өдрүүдэд иргэдийн дэмжлэг, эв санааны нэгдэл ямар ч хөрөнгө оруулалт, хандив тусламжаас илүү үнэ цэнэтэй юм.

Дугаар шилжих үед дэлхийн 74 улс дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 127 улс үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, 99 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд хөл хорио тогтоох, хилээ хаасан хугацаагаа сунгаад байна. Манай улсын хувьд нийслэлээс бусад газар цар тахлыг хяналтдаа авч чадсан. Энэ сарын 4-ний байдлаар Архангай аймгийн Батцэнгэл сум 34, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 36, Дархан-Уул аймгийн Дархан сум 31, Дорноговь аймгийн Айраг сум 39, Замын-Үүд сум 20, Орхон аймгийн Баян-Өндөр сум 28, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 43, Сүхбаатар сум 12, Мандал сум 48 хоногийн хугацаанд тус тус халдвар дахин бүртгэгдээгүй байна. Энэ бол сайн мэдээ. Одоо нийслэлд буй голомтуудыг цэгцэлж чадвал цар тахлыг хяналтдаа авах боломжтой болно. Энэ бол хамгийн няхуур, хариуцлагатай байх ёстой цаг үе.

Засгийн газрын зүгээс 2021 оны эхний улиралд багтаан вакцин оруулж ирэхээ мэдэгдсэн. Ингэхдээ эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил, гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулахаар төлөвлөжээ. Энэ нь нийт иргэдийн 20 хувь юм. Цаашлаад эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулах замаар иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулах тооцоо хийсэн байна.

Монголын ард түмний өмнө маш хариуцлагатай хоёр сар байна. Хэрэв өвлийн сарыг хүч, сэтгэлээ нэгтгэн давж чадвал урин хавартай зэрэгцэн вакцин ирж, улс даяараа уужуу амьсгаа авч чадна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)