Төрийн албаны хуулийн өөрчлөлтийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдааны үеэр төрийн албан хаагчид олгох ээлжийн амралт ажилласан хугацааг харгалзан нэмэгдэл амралт олгох зохицуулалтын талаар УИХ-ын гишүүд асуулт асуув. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн заалтыг хэвээр үлдээх саналтай байгаа талаараа тайлбар өгсөн юм. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүдийн асуултад хариулахдаа "Алдаа гаргасан ажилтанд нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрлийн сануулга өгөх зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж байгаа. Тиймээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр тусгах зохицуулалттай. Ингэхдээ гаргасан зөрчлийн шинж байдлаас хамаарах буюу хөнгөн, хохирол багатай зөрчил бол ганцааранд нь сануулах, зөрчлийн шинж хүнд, давтан гаргасан бол хамт олонд мэдэгдэж нээлттэй сануулах гэсэн ялгаа бий" гэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхнээс гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулав.  Улмаар Байнгын хорооны санал дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)