Илүүдэл жинтэй хүмүүс коронавирусийн халдвараар хүндээр өвчилж байна

ЭМЯ-ны өнөөдрийн оройн мэдээллийн цгаар коронавирусийн халдварын эмнэл зүйн шинэ тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн их эмч Г.Хонгорзул мэдээлэл хийлээ. Тэрээр “Коронавирусийн халдварт бүх насныхан өртөж болно. Тухайн халдварт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоног гэж үзэж байгаа бөгөөд монголчуудад дунджаар 4-5 хоногийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа. Халдварт өртөөд эхний 1-2 хоногт бага зэрэг халуурч, хоолой хөндүүрлэж, дотор муухайрч зарим үед суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдварын 3-4 дэх хоногт хоолой өвдөлт нэмэгдэх, юм залгихад хүчтэй өвдөж, хөндүүрлэх, хоолой сөөх шинж тэмдэг давамгай илэрнэ. Халдварын 5 хоногт толгой эргэх, ядарч,  сульдах, халууралтын хэм нэмэгдэх шинж тэмдэг давамгайлна. 5-6 хоногт хуурай ханиалгах шинж тэмдэг цэртэй ханиалгаар солигдон 7-8 хоногт цээжээр өвдөх, амьсгалах үед амьсгаа давчдах, цэртэй ханиалгах шинж тэмдгүүд илэрч байна.

Тухайн хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагагүй. ХӨСҮТ-ийн тусгай дугаар болох 100, 109, 80086809 дугаарт хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Яаран эмнэлэгт хандах нь тухайн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа.

Багтаа өвчтэй, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижинтэй, мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс коронавирусийн халдвараар хүндээр өвчилж байгаа.

Зарим иргэд халуулна хэмээн ХӨСҮТ-д хандаж байгаа. Халуурсан бүхэн коронавирусийн халдвар биш. Зарим хүмүүст коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдлууд олон байгаа.  ДЭМБ-аас зөвлөж байгаагаар 10-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүс халдвар ихээр тарааж байгаа тул та бүхэн гэрээсээ гаралгүй бие биенээ халдварт өртөхөөс сэргийлээрэй” гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)