Дональд Трампыг АНУ-ын эсрэг хүнд гэмт хэрэгт буруутгав

Өнөөдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимд Ерөнхийлөгч Д.Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэлнэ. Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хороонд Ардчилсан намын төлөөлөгчдөөс өргөн барьсан импичментийн тухай саналд "Дональд Трамп Капитолын ордон руу дайрч төрийн эрхийг хууль бусаар эзлэхийг өдөөн турхирсан. Улс орныхоо эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн түүнийг цаашид нэг ч өдөр албан тушаалд нь үлдээх ёсгүй" хэмээн дурджээ.

Трамп харин Төлөөлөгчдийн танхимд болох импичментийг "хамгийн том, хамгийн харгис хуурамч зүйл" гэж нэрлэлээ. Түүнчлэн дэд ерөнхийлөгч Майк Пенс Ардчилсан намын шахалт дор ийм алхам хийж Ерөнхийлөгчийг огцруулахыг эсэргүүцэж байгаагаа бичгээр мэдэгджээ. "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад найман хоног үлдээд байхад Ардчилсан намынхан Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг надаас болон Засгийн газрын танхимаас шаардаж байна. Ийм үйлдэл манай улсын ашиг сонирхолд нийцсэн, үндсэн хуулийн дагуу явагдаж байгаа гэдэгт би итгэхгүй байна" гэж Пенс захидалдаа дурджээ. Пенс Конгресст нийгмийг цаашид хагалан бутаргах, сөргөлдөөнийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг уриаллаа. 

АНУ-ын Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөд төрийн тэргүүн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон тохиолдолд дэд Ерөнхийлөгч түүний үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Энэ дагуу асуудлыг шийдэхэд дэд ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдийн талаас илүү хувь нь зөвшөөрсөн байх шаардлагатай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)