Хурлын орон

Цар тахлын эерэг сургамж

“Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гээд хэн гээч мэргэн нь хэлчих вэ. Өнөөгийн Монголын нийгмийн өнгө төрхийг голыг нь олоод хэлчихэж. Ухарсан, саарсан ажлаа урагшлуулах нэрийдлээр хурал, зөвлөгөөн, чуулган, форум хийсээр Монгол нэгэнт хурлын орон болжээ. Хамгийн гол нь хуралдсанаараа хөгжсөн үү гэвэл үгүй. Үр дүн нь мэдэгдэхгүй хэлбэр төдий хурал чуулганыг мода л болгосноос өөр өөрчлөгдсөн зүйл алга.

Ковидын хөл хорионы ачаар хэсэгтээ чимээгүй байсан сүржин нэртэй, даржин агуулгатай хурал чуулган, зөвлөгөөнүүд хэдийнэ сэргэчихэж. Хөл хорионы дэглэм сулрахтай зэрэгцэн залуу инженерүүдийн, хүний нөөцийн ажилтнуудын, залуучуудын иргэний нийгмийн, говийн хөгжлийн гээд л улсын, хувийн, орон нутгийн сэдэвтэй чуулганууд зэрэг шахам болов. Хурал хийж л ажил хийсэн болдог бурангуй жишгийн балгаар үр дүн, ач холбогдол нь мэдэгдэхгүй зарлага өндөртэй ийм арга хэмжээнүүд цаашид ч үргэлжлэх нь.

Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр арга хэмжээ зохион байгуулж байхад хүмүүст ямар хамаатай гэж цухалдаж магадгүй. Ач холбогдолгүй гээд хэлчихээр бүр уурлаж ч магадгүй. Бодит үнэн нь ийм хойно одоо яалтай вэ. Үр дүн нь мэдэгдэхгүй, хэлбэрдэлт нь дэндсэн хурал зөвлөгөөнгүйгээр ажиллаж, амьдарч болохыг цар тахалтай жил бидэнд хангалттай харуулсан даа, уг нь.

“Зөв жишгээр хийсэн форум Монголд байхгүй”

Уг нь хэлэлцсэнээ шийдвэрлэж, хэрэгжүүлж чаддаг бол асуудлаа ярилцаж, цаашдын шийдэл, чиг баримжаагаа тодорхойлсон форум, чуулган ихээхэн ач холбогдолтой. Дэлхийд ч хурлын шийдвэр, хэрэгжилтээр тухайн арга хэмжээний үр дүнг хэмждэг жишиг бий. Харин олноороо цуглаж, сүртэй ёслол хийж, хэлбэрддэг байдал л Монголын жишиг болсонд учир байгаа юм. Форум бидэнд хэрэгтэй ч яг зорилгоо тодорхойлж асуудлын цэгт нь хатгаж чаддаггүй нь арга хэмжээг ач холбогдолгүй болгож байгааг ч форум зохион байгуулагчид хэлж байна.

“Ард санхүүгийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

Бүгд өөрийн гэсэн үнэнтэй болж гарах боломжийг олгодог соёл...

Форум бол оролцогчдод асуудлын үнэн, зөвийг ялгаж салгахад тусалдаг. Хэдий туйлын үнэн гэж байхгүй ч асуудлын хүрээнд холбоотой талууд мэтгэлцэж, бүгд өөрийн гэсэн үнэнтэй болж гарах боломжийг олгодог соёлтой хэлбэр юм.

“Нээлттэй мэдлэг боловсролын сан”-гийн тэргүүн Д.Энхбат

Яг зөв жишгээр зохион байгуулсан форум манайд байхгүй...

Форумыг зөвхөн улстөрчид эсвэл бизнесийнхний хүрээнд зохион байгуулах нь үр ашиггүй болохоос гадна төр, хувийн хэвшил, судлаачдын дунд жинхэнэ утгаараа диалоги болж чаддаггүй. Миний бодлоор яг зөв жишгээр зохион байгуулсан форум манайд байхгүй. Шалтгаан нь бид чадахгүйдээ биш. Манайд салбарын ашиг сонирхлыг агрегац хийж нэгтгэн төлөвлөдөг мэргэжлийн байгууллага байдаггүй. Тухайлбал, мэргэжлийн холбоод манайд байхгүй. Улс төрийн байгууллагууд ихэнхдээ зөвхөн намын удирдлагуудад зориулсан зөвлөгөөн хийдэг ч гишүүдийн форум байдаггүй. Тэгэхээр доод шатны хэлэлцүүлэг буюу нэгтгэдэг институц байхгүй учраас том дарга нар хэчнээн хуралдаад үр дүн багатай болдог. Форумын эцсийн зорилго бол нийгэмд нөлөөлөх шүү дээ.Засгийн газрын ордонд өдөр бүр уулзаж буй хүмүүс форум эсвэл ажил дээрээ уулзах нь ямар ч ялгаагүй.

Тэгэхээр форумын ач холбогдол өндөр ч Монголд хурал төдий зохион байгуулдаг нь зөв жишиг байхгүйтэй холбоотой аж. Монголд хурлын гол цөмд биш хэлбэрт, нэр хүндэд анхаарч, сурталчилгааны хэрэгсэл болгон ашигладаг нь өнөөгийн нөхцөлд хүргэжээ.

Хэлбэр үү, зорилго уу?

Зохион байгуулах танхим, ашиглах тоног төхөөрөмж, оролцогчдод тараах материал, зочдыг тухтай байлгах буудал, амт шимтэй хоолоор нь хурлыг хэлбэр талаас нь дүгнэж болно. Иймээс л зохион байгуулагчид сурталчилгаа мэдээлэл явуулах, танхим, байр, хоол унд, мандат, гарын бэлгэнд багагүй хөрөнгө цацдаг. Улс, аймгийн хэмжээний томоохон
хурал чуулганд бол ирсэн, зочин гийчдээ буудалд байрлуулах, хоол унааны зардлыг нь даах гээд л зардал бүр ч нэмэгдэнэ. Монголчуудын нэрэлхүү зан хойно аятайхан газар хуралдахгүй бол бас болохгүй. Аягүй газар хуралдчихвал зохион байгуулагчдын нэр хүндэд сэвтэй.

Ингээд аль болох ая тухтай газар сонгож, амт шимтэй хоол ундаар дайлах нь бараг хурлын зорилго дайны юм болно доо.

Форумын зорилго нь юун тэр асуудлын гарц шийдэл тодорхойлж, нүүр нүүрээ харж мэтгэлцэх. Гоё сайхан газар хуралд сууж байгаагаа сэлфидэж сурталчлахаас өөр оролцоогүй оролцогчид ч ядаж хурал зарцуулсан хөрөнгийг бодолцож ач холбогдол өгдөггүй. Зохион байгуулагчид нь ч хэлбэр чухал уу, зорилго чухал уу гэдгээ мэддэггүй. Хурал чуулган нэрээр өндөр зардал, чирэгдэл гаргачихаад үр дүн, зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг огтоос ойшоодоггүй нь Монголд зөв жишгээр хурал чуулган болдоггүйн үндсэн шалтгаан.

Боловсон сурталчилгаа

Асуудлыг шийдвэрлэх гарц олох, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, мэдээлэл солилцох нь хурал, чуулганы үндсэн зорилго байх ёстой. Харамсалтай нь, Монголд энэ зорилгоо биелүүлдэг хурал, чуулган ховор. Сонгуульд өрсөлдөж, төрд гарах сонирхолтой холбоо, хороо, нийгэмлэг, улсын, хувийн байгууллагын удирдлагууд чуулган нэрээр 1000, 1000 хүн авч ирж өөрсдийгөө сурталчлах арга хэрэгсэл л болгож байна. Өөрөөр хэлбэл, 1000 хүнд өөрийгөө таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурлын гол дүрээр бусдад харагдах боловсон сурталчилгааг чуулганаар хийж байгааюм.

Сонгуулийн өмнөх жил буюу 2019 онд Төрийн ордонд л гэхэд бараг өдөр бүр төрийн гурван өндөрлөгийн ивээл дор элдэв хурал чуулган зохион байгуулсан гэхэд хилсдэхгүй. 1000 ээжийн чуулган, 1000 малчны чуулган, 1000 сурагчийн чуулган, 1000 багшийн чуулган гээд л сүржин нэртэй даржин агуулгатай хурлууд сонгуулийн өмнөх жил мөн ч их болсон доо. 2018 онд ч Төрийн ордонд хоног дараалан шахуу боловсролын салбарын хэд хэдэн чуулган болсныг салбарынхан нь ч шүүмжилж байв.

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат

Эхнийхийг МАН-ын, дараагийнхыг нь АН- ын сайд санаачлан тэмдэглэсэн...

Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө мөнгө цацсан тансаг баярын цуглаан нэг биш удаа зохион байгуулагдаж байсны тод жишээ нь боловсролын 90 жилийн ойг багш нар хоёр жил дараалан нижгэр сайхан тэмдэглэсэн явдал юм. Үүнийг санах хүмүүс цөөнгүй байгаа биз. Эхнийхийг МАН-ын, дараагийнхыг нь АН-ын сайд санаачлан тэмдэглэсэн юм даг. Багш нарт баахан одон медаль тараасан нь л зурагтаар гарсан. Удахгүй Төрийн ордонд боловсролын салбарын нэг том хурал болох гэж байна. Ямар ч ач холбогдолгүй юманд хэдэн зуун саяыг үрэн таран хийхийг нь харах бүрдээ хэн ч гэсэн “Мөнгө бол цаанаа байдаг л юм байна. Яагаад багш нарынхаа цалинг нэмж болдоггүй юм бэ” гэж асууж л таарна.

Хуйвалдааны талбар

Хурал хуйвалдааны талбар гэдгийг улс төрийн нам, бүлгүүдээс гадна холбоодын хурал харуулж байна. Байр сав сууцаараа ашиг олох боломжтой холбоодыг булаацалдаж, хурал хуйгаараа хуйвалдаан зохиогоод суудгийг спортын холбоодоос харж болно. Нэг байгууллага хэрнээ дотроо олон салаа мөчиртэй болж, холбоодоо булаацалдсан жишээ Үндэсний бөхийн холбоо байна.

Хоёр талд Үндэсний бөхийн холбооны хаягтай хурал болж, тус тусдаа шийдвэр гаргаад иргэдийг төөрөгдүүлэх нь хэвийн үзэгдэл. Иймэрхүү хуйвалдаан зөвхөн спортод ч биш бүхий л салбарт байгаа.

Улс төрийн бизнесийнхний, бүлэглэлийнхний хурлын дундуурх хуйвалдааныг бүр ярилтгүй. Ийм хурал, чуулганаас ямар үр дүн гарна гэж хүлээх билээ.

Ковидын нөлөө

Ковид бидэнд саарыг олноор үлдээсэн ч хурал зөвлөгөөн хийх байтугай баяр наадмаа ч тэмдэглэхгүй байж болдгийг нэгэнтээ ойлгуулав. Хамгийн нүсэр тэмдэглэдэг шинэ жилийн баярыг ч гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас сая гаргалаа. Өнгөрсөн хугацаанд цагаан сар, баяр наадмаа цомхон тэмдэглэснээр муудсан зүйл бидэнд алга. Хурал зөвлөгөөн хийгээгүй гээд ажил нь ухарсан салбар ч алга. Хэдийгээр зарим аж ахуйн нэгжийн орлого буурч, хаалгаа барихад хүрч байгаа ч энэ нь хурал зөвлөгөөнтэй огтоос хамааралгүй. Нөгөө л ковидын бидэнд үлдээсэн сорилт. Харин энэ сорилтын хажуугаар хэлбэрдсэн хурал хийгээгүй нь хүндэрсэн эдийн засагт хэмнэлт болж, төсвийн хөрөнгийн үргүй зардлыг бууруулсан гэвэл үнэнд нийцнэ. Цаашид ч жинхэнэ утгаар нь форум хийх жишгийг тогтоодоггүй юм бол ач холбогдолгүй хурал төдий цуглаанаас татгалзвал таарна.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл. Дугаар 458

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)