Дэлхий буруу эргээд байх шиг

Сүйрлийн тухай Монголд нэг удаа...

Найман жилийн өмнө дэлхий “сүйрсэн”. 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр л дөө. Одон орончид үгүйсгэсэн ч огоорсон нь ховор. Дэлхий сүйрэх сургаар нүүдэлчин монголчууд лаагаа, хүнсээ, таван ханатай гэрээ, зуслангаа базаав. Тэд дийлэнхийнх нь шүтээн болоодохсон нэгэн хатагтайн үгэнд итгэжээ. Хатагтай харин өөр шигээ гаднын сурвалжууд, майячуудын зөгнөлд итгэсэн. Тэр нь “дэлхий сүйрнэ”. “Шинжлэх ухааны үндэслэлтэй” гэх гурван үг л хүн төрөлхтөнд хангалттай байв.

Ийм зөгнөл олж харахыг хүсвэл хаа сайгүй хөглөрдөг хойно. Төсөөлж байна уу, дэлхий сүйрэх юм чинь байшин барилга, зам харгуй, цахилгаан, юу ч үгүй болно. Гэсэн шүү ярихад л хангалттай. Газар хагараад, хагархайд нь хавчуулагдаад үхчихгүй бол гэрээ бариад лаагаа асаагаад амар сайхандаа жаргах зам бий ч гэх. Дэлхий сүйрэх гэж байхад муу сайн наймаачид лаагаа үнэд оруулаад мөнгийг хүүдийлэх шиг болов. “Дэлхий сүйрэх гэж байхад баяжаад үхээрэй чи” гэхээ мартахгүй, манайхан. Лизингээр машин авсан нэгэн ээлжит тушаалтын мөнгөөрөө хэдэн найзуудаа дуудаж навс уужээ. Уусан залуус уйлсаар, хайлсаар, үнсэлцсээр салцгаасан дуулдсан. Дэлхий сүйрч байхад лизинг юу юм, ёстой лөөлөө. Зарим залуус хайртай охиндоо сэтгэлээ илчилж, хагацлын дуугаа өргөн шөнөжин унтуулаагүй. Хөөрхий чадалгүй хэсэг маань нэг мөсөн дэлгүүрээс зээл тавиад хэдэн хүүхдийнхээ зулайг үнэрлэнгээ “бор ходоодоо божийлгож аваад энэ ертөнцөөс салаг дээ” хэмээн эцсийн хүслээ гүйцэлдүүлээд гунигтайяа унтацгаасан сонсогдсон. Загнаж, зандарч байж зээл тавьдаг дэлгүүрийнхэн ч “За хурдан өгөөрэй” гэсээр зээлсэн биз. Хамгийн зэвүүн нь биднийхээ сайн сайхны төлөө “зүтгэж” явсан улстөрчдийн зарим нь хөгжилтэй орны хоргодох байранд найдан гэр бүлээ аваад алга болчихсон. Бод доо, Төрийн ордон эл хуль. Итгэл эцэст нь мөхдөг юм болохоор ингэж л бөмбөрцөг сүйрэх сургаар бөөрөнд нь бид дор бүрнээ “хөеөгөө хураасан” юм.

...Кино биш дээ, дэлхий ч сүйрнэ гэж юу байх вэ? Үүр битгий цайгаасай гэсээр суутал гайны 21-ний болсон. Битүүхэндээ айсаар ахуйд замбуулингийн заяа нь гийж 2012 оны арванхоёрдугаар сарын 22 болов. Нар мандлаа. Муу ёрлож, монголчуудыг молиго үмхүүлсэн хатагтай таг чиг. Үлгэр дууссан хойно одон орончид од болон гялалзаж, лаагаа зарсан наймаачид ёолкоо нижгэр тэмдэглэж, лизингийн мөнгөөрөө найрласан залуу эхнэрийн эрүүний шөл оочилж, үхнэ гэж бат итгэсэн зээлдэгч үрсээ харан баярлан зүтгэж, сүүлчийн удаа цонхон дээр нь “сар” болсон залуус нусаа гоожуулан эмийн сан руу алхалж, дэлгүүрийн эзэн өрөө нэхэн айлын хаалга балбаж, гадаад руу “оргон зайлсан” баячууд сэмхэн буцаж ирцгээв. Таван ханатай гэр авсан зарим нь лагерийнхаа хашаанд барин суурин, нүүдлийн соёл иргэншлийг сурталчланхан суужээ. Ингэж л элэг, доог болцгоосон.

...Дэлхий эргэж, амьдрал үргэлжилсэн. Азаар бид ганцаараа биш. Бусад нь ч бидэн шиг базаахаа базаасан. Бантахдаа бантсан. Амьдрал дээр биш ч, хэд хэдэн кинонд галав юүлж, дэлхий сүйрлээ. Гэхдээ бөмбөрцгийнхөн онигоонд ороод ухаажсангүй. Гэхдээ л бид хөгжөөд л байвал “удахгүй шатаж үхнэ”. Дэлхийн дулаарал үнэхээр шинжлэх ухаанаар батлагдсан бодит аюул уу? Тийм бол, бурхан өршөөг. Гэснээс энэ удаад дэлхийг бурхан бус хүн аврах учиртай гэдэг. Бас л шинжлэх ухааны үндэслэл ёсоор юм шүү дээ. Тэрхүү онол ёсоор хүн сүйрүүлээд байгаа учраас хүн өөрөө аврах ёстой. Гэхдээ маш өндөр зардлаар...

Бүтээнэ, сөнөөнө...

Дэлхийн дулаарлыг ойлгоё гэвэл “Хар сарнай” хамтлагийн “Бүтээнэ сөнөөнө” дууг сонсчиход буруудахгүй. Тэнд маш энгийнээр хэлчихсэн юм. Энэ таамаглал одоогоос зуун жилийн өмнө эхэлсэн “Вашингтон пост” сонинд цөөн жилийн дотор мөс хайлж, далайн эргийн хотуудад хүн амьдрах боломжгүй болно гэж 1922 онд бичиж байжээ. Энэ яриа яван явсаар “Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо” (Intergovernmental Panel on Climate Change-IPCC буюу ИПСС) гээчийг ч байгуулсан. Түүгээр зогсохгүй Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид 1992 оны зургадугаар сарын 12-нд Рио де Жанейро хотноо гарын үсэг зурж УИХ түүнийг 1993 оны есдүгээр сарын 30-нд батламжилсан. Дараа нь Монгол Улс Киотогийн протоколыг 1999 оны арванхоёрдугаар сарын 15-нд батламжилж хүлээн зөвшөөрсөн. Эдгээр бичиг баримтад элссэнээр бид дэлхий нийтийн өмнө хүлэмжийн хийгээ багасгах үүрэгтэй. “Уур амьсгалын өөрчлөлт- Хөгжил” академийн Гүйцэтгэх захирал, доктор Д.Дагвадоржийн хэлснээр “Монгол Улс 2030 он гэхэд 2010 онтой харьцуулахад 14 хувь бууруулна” гэсэн лут амлалт өгчээ. Гэхдээ 20 жил ярьсан V цахилгаан станцаа барихгүй 30 жилийнхээ ойгоо тэмдэглээд, гэр хорооллынхноо “хөлдөөчихсөн” байхад түүний хэлсэн хөнгөн зорилтыг биелүүлж чадах билээ. Дэлхий хүний гаргасан нүүрстөрөгчийн давхар ислийн улмаас дулаарч, хойд мөсөн далай хайлж байгаа бөгөөд үүнийг зогсоохыг тулд бид байгаа бүхнээсээ татгалзах ёстой. Ингэхийн тулд нүүрсэн цахилгаан станц, авто машин, паартай орон сууц, паалантай жорлон, ер нь орчин үеийн бүхий техникийн дэвшил, хэв маяг, хөгжлөөсөө татгалзах ёстой болно. “Хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжсөн ХХ зуунаас эхлэн хүний нөлөөтэйгөөр дэлхий дулаарсан”. Ийм л зүйлийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үзэлтнүүд ярих бөлгөө. Гэтэл жинхэнэ шинжлэх ухаанаар (жинхэнэ шинжлэх ухаан гэсний учир нь биднийг айлгаад буй дулаарлын эсрэг тэмцэгч шинжлэх ухаанаар батлагдсан гэж байнга иш татдаг) мөстлөгийн дараа үед дэлхий дулаарсан бөгөөд тэр үед агаар мандалд дахь нүүрстөрөгчийн давхар исэл 30 хувь байсныг ачаар ургамал, мод ургаж дэлхий ногоорсон гэдгийг геологийн өрөмдлөгө баталсан. Харин энэ үзүүлэлт өнөөдөр 0.04 хувь болтлоо буурчээ. Түүний ердөө гуравхан хувийг л хүн ялгаруулдаг аж. 97 хувийг нь байгаль эх өөрөө ялгаруулдаг. Дэлхий жам ёсоороо дулаарч, сэрүүсч байдаг бөгөөд яг одоо бид 34 сая жил үргэлжилж буй мөсөн галвын эрин дээр мөстлөг хоорондын дулаан үед шатанд амьдарч буй. Дэлхийн насжилтын дийлэнхэд нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн эзлэх хувь өнөөгийнхөөс их байсаар ирсэн бөгөөд тэр үед дэлхийн уур амьсгал дулаарч байсан түүхгүй ажээ. Мөс хүний нөлөөгөөр хайлаад шинжлэх ухаанаар тогтоосон, эрдэмтэд тогтоосон гээд буй боловч үнэндээ яг таг баримт алга. Харин өөрсдийнх нь бодон олсон компьютерийн моделиуд бол байна.

Ийм байтал хүн уур амьсгалд нөлөөлж буйг тогтооход 100 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Гэтэл өөрсдийнх нь хэлдэг шиг хүний гайгаар дэлхий дулаарч байгааг баталж чадаагүй төдийгүй, өөрийгөө шатаасныг эс тооцвол хүмүүс наршиж бус хөлдөж үхэх нь нэмэгдсээр. Хэрэв дэлхий дулаараад байгаа нь үнэн юм бол хүн төрөлхтөнд ашигтайгаас бус алдагдалгүй. Бид илүү их ургац авна, хөлдөж үхэх аюулаас аврагдана, өвлийн нүсэр зардал багасна. Хөдөө аж ахуйн салбарт үсрэнгүй өсөлт гарна. Хүн төрөлхтөн өлсөж үхэх аюулаас аврагдах билээ. Тиймээс дулаарал бидэнд мөхөл бус сэхлийг авчирна.

Хулгайч бол хулгайч, гэхдээ хулгайлснаасаа хуваалцвал шилийн сайн эр

Монголчууд шилийн сайн эрсийнхээ хууч хөөрөх дуртай. Гэхдээ тэрхүү сайн эрсийг өнөө цагийн хуулиар малын хулгайчид гэдэг. Агуулга нь адил авч хэлбэрийн хувьд зуун жилийн өмнөх малын хулгайч олзоо Итгэлт баяны тодорхойлсончлон заяа муутад цацах авай.

Орчин цагийн шилийн сайн эрсийн нэг Зүүн Английн их сургуулийн Цаг уурын судалгааны төвийн компьютерийн сүлжээнд нэвтэрч 1079 электрон захиа, 72 баримт бичгийг ил болгон интернэтэд тавьсан нь Клайметгейтийн дуулианыг дэгдээв. Эдгээр захианууд нь уур амьсгалын төлөө зүтгэгчдийн үнэн нүүр царайг илчлэх нь тэр. Энэхүү баримтуудаар уур амьсгал дулаарах бус сэрүүсч буй баримтыг нуухын тулд хэмжилтийн датаг өөрчилж байсныг ил болгов. Тэрхүү электрон шууданд “Бид дөнгөж сая өнгөрсөн 20 жилийн бодит агаарын хэмийг нэмж, 1961 оны Кейтийн судалгааны агаарын хэмийг дарагдуулж, Майкын байгалийн арга заль гэх баримтыг өөрчиллөө” гэдгээс авхуулаад бүх бодит мэдээллийг өөрсдийнхөө хүссэнээр өөрчлөөд зогсохгүй Америкийн геофизикийн судлаачдын шагналыг хүртэл уур амьсгалын салбарыг тэргүүлдэг Фил Жонест олгуулж, худал хуурмагаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх бохир ажлыг хийж байсан нь ил болох нь тэр. Клайметгейтийн дуулиан нь хүний өдөөсөн дэлхийн дулаарал гэгчдээ баримтуудыг нийцүүлж, мэдээллийг нуун дарагдуулж байсныг илчилсэн хэрэг. Хүний өдөөсөн дулаарлын уршгийг яригчид шинжлэх ухаанчаар судалгаанд суурилж түүнийгээ батлахаас илүү баримтыг үгүй хийхийг зориод буйн шалтгаан нь өөрсдийнх нь яриа мөнөөх айдас, хүйдэст дөрөөлсөн арга заль болохыг харуулжээ. Ингэхдээ дэлхийн нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн үнэлгээтэй шинжлэх ухааны сэтгүүлийн эздийг мэргэжлийн холбоодоор нь дамжуулан дарамталж, хүссэнээ гүйцэлдүүлдэг байсан нь илэрчээ. Өөрсдөд нь саад болох хэн болгоныг тэд хэн ч биш болгох ажлыг гарамгай хийдэг юмсанж.

Харин өөрсдийнх нь үлгэрийг сайшаан, үгийг нь дагагчдад судалгаа, шинжилгээ, төсөл хөтөлбөрийг нь ивээн тэтгэдэг бөгөөд үүний цаана маш их мөнгө эргэлддэг аж. Тиймээс л судалгааны бодит датаг нь ил болгохыг шаардаж байсан ч татгалзсан төдийгүй хэрэв агаарын хэмийн талаарх мэдээллийн ил болговол улсын болоод олон нийтийн аюулгүй байдалд нөлөөлж НҮБ ч айлгах төлөвлөгөөнд оролцдог. НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр хэрэгжүүлэгсэд 2010 он гэхэд дэлхийн дулаарлаас үүдэн 50 сая хүн орон гэрээсээ дүрвэнэ гэж 2005 онд мэдэгдэж, тэр тухай газрын зураг зурж байсан ч таамаг бүтэлгүйтсэн учраас цахим хуудаснаасаа устгажээ. Хүний нөлөөгөөр дэлхий дулаарч буй илтгэлүүддээ их хэмжээний мөнгө авдаг баримтуудыг энд дурдвал барагдахгүй.

Австралийн Засгийн газар л гэхэд жил бүр 800 сая ам.долларыг цаг агаарын судалгааны ажилд зарцуулдаг бөгөөд 2010-2011 онд ган гачиг болно гэснээс болоод үерээс хамгаалах төслөө зогсоосон нь үер болоход маш их хохирол амсахад хүрчээ.

Гэхдээ айлгах зүйл олдсоор. Аашийг нь бүрэн гүйцэд таниагүй байгаа дэлхийд болоод буй хар салхи, гамшигт үзэгдэл болгоныг хүний өдөөсөн нүүрстөрөгчийн ихэссэнтэй холбон тайлбарладаг яг баталгаатай баримт алга. Ганц үнэн гэвэл өмнө нь ч болж байсан өдгөө ч болж л байна.

- Хийсгэж чадахгүй юм бол салхи байгаад яах юм бэ?

Уярааж чадахгүй бол сайн хүн байгаад ч яах билээ...

Ганц үнэн гэвэл өмнө нь ч болж байсан өдгөө ч болж л байна. Гол нь үүний цаана маш их мөнгөний асуудал бий. Татвар төлөгчдийн мөнгийг айдаст нь дөрөөлөн уур амьсгалын өөрчлөлт нэрээр цөлмөж, бизнесийн дэвшил, үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийг буруутан болгон татаас авах нь тэдний арга гэлтэй. Түүний тулд төсөл, хөтөлбөрт харамгүй мөнгө зарцуулдаг. Иймээс тэд дэлхийн шилийн сайн эрс. Робин Гүүдээс эхлээд бөмбөрцгийн өнцөг, булан бүрт өөр өөрсдийн шилийн сайн эрстэй билээ.

Тэдний яриаг дунд сургуулийн хүүхдүүд үгүйсгэж чадна

Хүн төрөлхтнийг ид шидийг бүтээх туйлын хүсэл, аливаа зүйлийг учир утга, харилцан хамаарлыг олох гэсэн тэмүүлэл нь өнөөгийн өндөрлөгт хүргэжээ. Тиймээс ч хүний ялгаруулсан нүүрстөрөгчийн давхар исэл нь уур амьсгалыг өөрчлөөд байна гэдгийг үлгэр болохыг нотолсон шинжлэх ухааны хангалттай баримтыг бий болгожээ. Дунд сургуульд заалгасан хичээлээ эргэн нэг санавал энэ бүхэн ямар утга учиргүй инээдэм болохыг бид төвөггүй санана. Нарны гэрэл усны мөчлөгийг залуурддаг бөгөөд нүүрстөрөгчийн мөчлөг нь усны мөчлөгөөс хамааралтай байдаг. Үндсэн хүлэмжийн хий болох усны уур нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг. Тийм ч учраас агаар мандалд нүүрстөрөгчийн хий их агуулагдах тусам ургамал ус бага хэрэглэдэг төдийгүй ургах явц нь хурдасдаг билээ. Тиймээс ч байгаль эх бидний ялгаруулдаг өчүүхэн нүүрстөрөгчөөс илүү ихийг ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн хөрсөнд буй бүх нүүрсийг шатаасан ч гэлээ нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ одоогийнхоосоо хоёр дахин өсөх боломжгүй гэдгийг “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ” номыг бичигч нэрт геологич, профессор Иэн Плаймер хэлжээ. Тэрээр өмнө “Тэнгэр ба газар” номоороо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн хэлээд буй номлол, зөгнөлийг шинжлэх ухаанчаар үгүйсгэсэн билээ.

Цаг уурын хүрээлэнгүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Тиймээс тэд албан тушаалаа хадгалах, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд IPCC-ийн хүссэн хүн төрөлхтнийг айлгах тоон үзүүлэлт, хэмжилтийг гаргадаг аж. Аливаа шинэ нээлт шинжлэх ухааны олон арван судалгаа, туршилтаар баталгаажин хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийгддэг бол тэдний судалгаа улстөрчдийн татвар төлөгчдийн мөнгийг таатайгаар завшихад л зарцуулагддаг юмсанж.

Хэрэв үнэхээр дэлхий дулаараад, түүнд нь хүний бий болгоод буй нүүрстөрөгчийн давхар исэл нөлөөлөөд байгаа бол бид агуйд амьдрахаас өөр аргагүйд хүрнэ. Учир нь, нүүрстөрөгчийн давхар исэл хүн төрөлхтөн амьдран буй цагт байсаар л байх болно. Амьсгалах тоолондоо бид нүүрстөрөгч үйлдвэрлэсээр буй. Гэтэл үүнийг хориглох нь холгүй байгаа дэлхийн дулааралтай тэмцэгчид хамгийн таатай орчинд, хэлсэн бүхнийхээ эсрэг хэрэглээгээ нэмэгдүүлж, өртөг өндөртэй сэргээгдэх эрчим хүч гээчийг ярьж, өнөөгийн амьдарч буй нэг хүний өртгийг даруй найм дахин илүү зардалтай болгоод буйн цаана юу байна вэ гэдгийг төсөөлөхөд л хангалттай билээ. Шинэ юм гэдэг удаан мартагдсан хуучин зүйлийг хэлдэг гэдэг. Тиймээс тэдний яриад буй дэлхийн дулааралд итгэхээсээ өмнө “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ” номын багш нарт зориулсан 101 асуултыг нь уншаад үзэхэд гэмгүй. Хүн төрөлхтөн төдийгүй монголчуудад дэлхий дулаарвал илүү таатай байх нь гарцаагүй. Ямар их зардал багасах талаар та нэг төсөөлөөд үзээрэй.

Эцсийн эцэст бид нарны хүүхдүүд билээ. Дуучин Б.Лхагвасүрэнгийн дуулснаар “Нарыг хайрла”. Өвөл айсуй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Трамп яг ингэж хэлээд сонгуульд ялагдаж унасан

    0 0 Хариу бичих
  2. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛЭХ БИЗЭЭ

    0 0 Хариу бичих
  3. Улс төрийн тархи угаалтанд өөрөө автчихаад одоо бусдыгаа угааж сууна уу эрхэм сэтгүүлч ээ. Ямар ч ШУ-ы няцаалт алга зүгээр л хэдэн УТ-ын нэг нэгнээ чадах гэсэн тэрэнд нь зориулж тоглогдож байсан ШУ ч нэртэй боловч УТ-н гар хөл болсон хэдэн байгууллагын алдааны талаар ярилаа гээд бодит факт байхгүй болохгүй шүү дээ. Хулхи ШУ үргэлж байсаар л байсан. ШУ-чид үргэлж анхааруулдаг байсан анхааруулсаар ч байгаа. Тэгтэл дэлхийн дулаарлаар далимдуулж УТ хийх нөгөө тал нь сөргүүлж худал гэж мэдүүлэх эгнээндээ аль аль нь хулхи ШУ-чдийг нэгтгэж байгаа нь үнэхээр харамсалтай. Аль аль талын гаргасан үр дүн баримт нотолгоогүй. Батлагдсан арга зүй ашиглаагүй peer review-ээр ороогүй байдаг. Энэ мэт аль аль тал нь арга заль ашиглаж байхад зөвхөн үүгээр дамжуулж мэдээлэл авч түүндээ итгэж тэгээд эх хэл дээрээ мэдээлэл бэлтгэнэ гэдэг дэндүү харамсалтай байна. Маш олон баримттай баталгаатай сэтгүүлд дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлт хүний нөлөөний талаар хийсэн судалгаа шинжилгээ маш их байгаа шүү дээ. Тэдгээрээс уншчихаад дүгнэлт бичээд мэдээлэл бэлтгэвэл яасан юм!!!

    0 0 Хариу бичих
    • Surguuliasaa herhen hoogdoh ve nomiig umsh chi sudlaach shinjeech erdemten nertei humuus yaj hunii tarhi ugaaj bgaag hooe

      0 0
  4. Ямар ч юманд ул суурьтай, хандахгүй, бусдыг даган баясч хийсвэрлэж явбал бид өөрөө өөрсдийгөө л хөнөөнө шүү дээ. Их мөнгөний цаана заавал ямар нэгэн НО байгаа. Юманд учир, суманд бичих бий гэж ярьдаг бх аа. Юмны үнэн учрыголоогүй бж, цуу ярианд итгээд тэнэгтэж явбал өөрийнх нь л хохь шүү дээ

    0 0 Хариу бичих
  5. Үнэндээ дэлхийн хүн амын тоо хэт их болсноос л янз бүрийн болох болхгүй юм болж байна гэж бодож байна. Үүнээс үүдэн Кантын оголыг "хэрэгжүүлэх" ёстой ч юм шиг ойлгогдох цаг үе хүртэл байх л юм. Үүнийг далимдуулсан ховдог сэтгэлтэнгүүд нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байна. Хаана ядуурал, зовлон зүдгүүр байна, тэнд л далдын хүч, ид шидийн хүчинд итгэх явдал хүчтэй байдаг гэдэг яриа ч огт хоосонгүй болтой.

    0 0 Хариу бичих
  6. Baiigali orchnii oorchlolt uur amisgaliin oorchlolt gedeg erdemted sudlaachidd gej helsen humuus hun torolhtniig mohold hurehed belen bna gj ailgaj bgaa ni unen sanagddag ozonii davharga nimgerlee l gene delhii dulaarlaa l gne hoit moson dalai hailaad duusah ni l gne gue mon soliornoo ed nar

    0 0 Хариу бичих
  7. Minii bodloor ta heterhii humuusiig tolgoig n erguuleh sanaa uvurtluj. Nadad hed heden uguisgeh sanaa baina. 1.Shinjleh uhaanii tailbar hiisen heseg 6 mur l baih shig baina. Uneheer co2 nuluuluhgui baigaa ym bol Shinjleh uhaanaar tailbarlah chin yasan ymbe!!!!!!. Yunii turuund shinjleh uhaan bol unen gedeg n 100%battai. Aa harin uls turchud zarim humuus n uuniig ashiglan biznes hiideg!!!!!!. Ternees bish shinjleh uhaan odoogiin bidnii amidarch bui tuvshind hurgesen ? Teriig ch neg martaj bolohgui baih. Uneheer uguisgesen barimt shinjleh uhaanii too barimt tand uneheer alga!!!.(2).suuld helsen nuurshuchliin hii uneheer alga bolohguin unen2. Bid amisgalahdaa co2 ylgaruuldag n unen2. Ghdee bid buyu hunii gargaj bui co2 mash baga. Aa harin mashinii hudulguur deh shataltiin ur dund garsan, Tsahilgaan stantsiin nuursnii shataltaas bolvsroson co2 denduu ih. Tiimees bidnii amnaas garah co2

    4 0 Хариу бичих
  8. сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ худалдаанд байгаа болуу

    0 0 Хариу бичих
    • Байгаа шүү

      0 0
  9. hahaha ene hun amitan munhruulaad bsn ouyngerel avgai er ni haa yavdiin bol doo zailuul

    0 0 Хариу бичих