Боловсролын салбарын мөнгө зарахгүй шийдэл

Боловсролын салбарын нэг онцлог нь хэн ч цэц булаалдаж, хэн ч ямар ч сайд даргын ажлыг төвөггүйхэн хийчихдэгт оршино. Харьцуулахад Эрүүл мэндийн салбарт эрхбиш мэргэжлийн хүмүүс байхгүй бол хүн үхнэ биздээ. Харин Боловсрол тийм биш. Иймээс ч өнөөг хүртэл явж ирсэн сайд нар “Цаг нөхцөөгч” эсвэл “Цаас овоологч” гэсэн хоёр төрөлд л хуваагдана. Багш нар маань эдгээр эрхмүүдийн боловсруулсан цаасыг ном журмаар нь бөглөхийн тулд ажлын цагийнхаа 60-70 хувийг зарцуулна. Энэхүү цаасан дээрхи тайланг Яам, Боловсролын газрууд нэгтгэж дүгнээд Багш нарынхаа ажлыг үнэлж, урамшууллын мөнгө төгрөг жаахан хэдэн юм өгнө. Хүүхэдтэй харин хэн ч харилцахгүй дээ. Өнөөгийн Боловсролын систем бол хүүхдэд биш цаасанд хайртай систем. Цаасан дээрхи хөтөлбөр, онол арга зүйн үгс, тайлан бол гайхамшигтай. Манай сурах бичгүүд ч үнэхээр зааж чадвал харьцангуй давгүй.

Тэгээд асуудал юундаа байна вэ? Боловсролын асуудлыг нийтээрээ мэддэг ч ихэвчлэн мөнгө нь байвал шийдэгдчих өнгөн талыг асуудлыг л ярилцдаг. Гоё ширээ сандал, Финланд хүүхдүүд ийм гоё танхим ийм гоё хичээл үздэг, Сингапурт ийм гоё хичээлийн танхимтай, Солонгос багш ийм өндөр цалинтай, Кэмбриж хөтөлбөр нэвтрүүлэх г.м. Эдгээр нь Боловсролын гэхээсээ санхүүгийн асуудал юм. Харин манай өнөөгийн боловсролын асуудал нь байгаа төсөвтөө тааруулаад аль чадлаараа хамгийн боломжийн сургалт явуулах тухай л юм. Янз бүрийн онол ном, хөтөлбөр г.м. төсөв мөнгө байхад л шийдэгдчих асуудлуудыг биш харин төсөв мөнгө нэмэхгүйгээр шийдчих боломжтой, шууд үр дүн нүдэнд харагдах хэдэн зохицуулалт уг нь байж болох юмаа. 

Нэгдүгээрт, ерөөсөө л багшийг биш хүүхдийг шалгадаг систем үрүү шилжих. Багш өөрийнхөө ажлыг өөрөө тайлан бичиж үнэлээд, гол нь энэ новшийн бичиг цаасныхаа ажилд хамаг цагаа барах нь дэндүү гажигтай систем юм. Багш хүн хүүхдэд эрдэм сургах урам зориг, хөшүүрэг байхгүй бөгөөд тайлангаа сайхан биччихад л сэтгэл амар. Одоогоор хүүхдүүдийн бодит түвшинг тогтоох ганцхан шалгуур нь 12 –р ангийнхны ЭЕШ. Эхний ээлжинд 5 – 11 ангид жил бүр ЭЕШ шиг хүүхэд бүрээс авдаг байсан ч болохгүй юмгүй. Багшаас ямар ч тайлан нэхэх хэрэггүй, хүүхдүүдийг нь шалгаад л боллоо. Аан мэдээж абсолют дүнгээр нь биш ахисан дүнгээр нь үнэлж шалгаруулах нь шударга болно. Жилийн эхэнд 30F түвшиний хүүхдийг 60D болгосон багшийг илүү урамшуулж, харин угаасаа л 90A хүүхдийг 95А болгосон бол арай багахан урамшуулах маягаар ч юмуу. Ингэвэл ихэнх багш нар онц сурлагатануудтай биш муу сурлагануудтай зууралдах дуртай болж, боловсролын ялгаатай тэгш бус байдал аяндаа багасаад ирнэ. Одоо бол багш нар нь хамаг онц сурлагатнуудаа л анхаарч ойшоогоод, хөөрхий хоцорсон хэдэн муу сурлагатнаа хаячихдаг. “Ангид угаасаа 30 хүүхдээс 3 нь л ном сурдаг..” гэсэн харгис, бараг “нацист” маягийн номлолд ихэнх багш нар итгэчихдэг. Хамгийн аймшигтай нь өнөө хаягдсан муу, дунд сурлагатнууд л багш болж таарна. 

Олимпиадын хэдэн толгой, ЭЕШ 800 оноотой сорууд нь багштай багшгүй аяндаа өөрсдөө хөгжчихдөг юмаа.Жишээ нь Монгол улс математикийн олимпиадын түвшингээр дэлхийн дунджаас хавьгүй дээгүүр буюу 20 – 40 байранд тогтмол жагсдаг. Харин Ерөнхий Боловсролын түвшингээр тэхий доор, ёроол хавьд л тууж яваа болов уу даа. Сайнуудыг нь сорчилж сургах нь Төрийн ажил биш, хувийн хэвшлийнхний ажил, үүнийгээ ч сайн хийж байгаа. Харин төрийн үндсэн үүрэг нь тааруухан, хоцорсон олонхоо зориуд анхаарч, боловсролын тэгш бус байдлыг чадлынхаа хэрээр арилгах явдал. Энэ ажил нь хэцүү бөгөөд ашиггүй учир хувийнхан бараг л оролцдоггүй, Төрөөс өөр хариуцах эзэнгүй юм. Баян хоосны ялгаа хэдхэн жилд арилчихаж болдог бол Боловсролын ялгаа харин хүний хэдэн үе дамжиж үргэлжилдэг юм шүү. Базаад хэлэхэд багшийн бичиг цаасны ажлыг биш, хүүхдийн сурлагыг шалгадаг, түүгээрээ багшийг урамшуулна гэсэн үг. Одооных шиг хавтгайд нь 10 хувийн урамшуулал өгөхгүй, хүүхдэд юм сайн сургасанд нь 20 – 30 хувь урамшуулаад, хүүхэд олигтой сургаагүй “Хэл эмтай, поп маягийн” багш нарыг арай багахан урамшуулбал хэн хэндээ шударга биздээ? 

Мөнгөгүй шийдэж болох дараагийн асуудал нь STEM боловсрол юм. Science, Tech, Engineering, Math, гэсэн дөрвөн үгийн нийлбэр манайхаар бол Шинжлэх ухаан, Инжэнэринг, Математик, Технологи буюу ШИМТ гэж буучихдаг нь үнэхээр азтай хэрэг шүү. ШИМТ боловсрол бол мөнгө үйлдвэрлэдэг, мөнгө улсдаа оруулж ирдэг боловсрол юм. Монгол улсын хувьд яг одоогоор хүмүүнлэг, нийгмийн ухааны мэргэжилтэн хэтэрхий олшроод ШИМТ боловсрол сонирхох залуус улам цөөрөөд байгааг бүгд л анзаарч байна. Инфлүүсэр гаруудын үргэлж ярьдаг “IQ биш EQ чухал”, “Hard Skill биш Soft Skill чухал” гэх мэт нь STEM буюу ШИМТ боловсрол нь ханатлаа хөгжчихсөн Япон, Сингапур, Тайвань хүүхдүүдэд чухал болохоос хүрдээ цээжлээгүй Монгол хүүхдүүдэд хамааралгүй юм. Ер нь дэлхий дээр аль ч улс оронд хүүхэд залуус нь ШИМТ боловсролоос зугтаж, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан уруу орох хандлагатай байдаг ажээ. Тиймээс ч Төр засгаас нь зориуд ШИМТ /STEM/ боловсролыг дэмжиж өгдөг. Гадны томоохон их дээд сургуулийн тэтгэлэг ШИМТ салбаруудад хамгийн түлхүү олгогддог бол нийгэм хүмүүнлэгийн ухаанаар гадны их сургуульд тэтгэлэг хөөцөлдөх нь бараг бүтэшгүй. Товчхондоо их дээд сургуульд сургалтын төрийн сангийн зээлийг зөвхөн STEM хөтөлбөрт олгоод, нийгэм хүмүүнлэгийн салбарыг түрдээ орхичихсон нь дээр. Мэдээж нийгэм, хүмүүнлэгийн салбарын салбарынхан гомдоллож таарна, гэхдээ Улс төрийн шийдвэр бол улсад хамгийн ашигтай шийдвэр байх ёстойгоос биш бүх талын гомдлыг тайлсан эхийг эцээж тугал тураахгүй маягийн юм байвал бүтэхгүй.

Эцэст нь хэлэхэд, одоогоор Боловсролын салбарт мянган гоё онол ном, хурал зөвлөгөөн, хөтөлбөр Блүүк таксономи энэ тэр ярих ямар ч хэрэг алга, угаасаа хангалттай ярьчихсан. Байгаа мөнгөндөө тааруулж хамгийн үр ашигтай боловсролыг олгох тухай ярих нь нэн түрүүний ажил. Нэгдүгээрт багшийг биш хүүхдийг үнэлэх, хоёрдугаарт ШИМТ боловсрол дэмжих. Ингээд л боллоо. Ойлгоход ч маш хялбархан. Үүнээс цаашаа мэтгэлцье гэвэл 40 хуудас юм бичсэн ч болохоор л байна, гэхдээ ямар ч хэрэгцээгүй шүү дээ, тийм биздээ?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. unen shuu. sanal ng bn. odoo bagsh gdg hun huuhed talruugaa chiglej huuhdee hugjuuleh tsaganch homs bolson. uchir n huuhduudteegee ajilahaas iluuu bichig tsaas tolovlogoo tailan medee geed huuhedteege tulj ajillahaas iluu bichig tsaas ner tor hootsoldoj hamag tsgaa urj bn.

    0 0 Хариу бичих