Төрд шигдсэн шимэгчид

“Агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ тавин хувь буурсан” гэж нэгдүгээр сарын 8-нд ярьсан нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Баянхонгорт УИХ-ын даргатай агаарлаж явсан нь шуугиан тарив. 

 Хотын утаа шингэрсэн ч хорт хий нь нэмэгдсэнээс иргэдийн толгой өвддөг болсон тухай олон хүн гомдоллож байна.Хэрэвзээ бид амны хаалт зүүдэггүй байсан бол... Ямар аймшигтай үзүүлэлт дурайх байсныг хэлэхэд бэрх. Гэтэл бид тэр залууд тэгж хэлүүлэх гэж тийм албан тушаалд тавьж, цалинжуулсан хэрэг үү. Бид ч гэж УИХ-ын даргаас асуумаар. Учир нь тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарын  зөвлөх байв.

Баянхонгор руу тусламж гардуулахаар явсан. Явахдаа З.Төмөртөмөөгөө дагуулаад явдаг нь ямар учиртай юм бэ? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид Баянхонгор ямар хамаатай хэрэг вэ?

Хотын асуудал зуун задгай, жаран хагархай байтал хотын орлогч нь УИХ-ын даргыг дагаад ингээд зогсож байдаг.

Хотын даргад Д.Сумъяабазар таван орлогчтой ч Ж.Сандагсүрэнгээс бусад нь асуудлаа, ажлаа мэддэггүй, мэдсэн ч хэн нэгнийг дагаад алга болсон бололтой. Асуудал яригдангуут “Сандагаагаас асуу”, “Сандагаа мэднэ”, “Сандагаа хийгээрэй” гэхчилэн ярьж байгаа нь шууд дамжуулалтаар сонсогдох болов.    

Нөгөө хөл хорио тогтооно. Онцын шаардлагагүй бол орцноосоо цухуйж болохгүй. Бөх барилдуулахгүй. Хэрэв золголт хийвэл иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно. шинжилгээнд хамрагдахгүй бол 100 мянгаар торгоно... гэхчилэн донгодоод байсан УОК яасан бэ? УИХ-ын дарга чинь баталсан хуулиа зөрчөөд явж байна. Өөрийнхөө гарын үсэгтэй хуулиа зөрчөөд явахаар хэн хэрэгжүүлэх юм бэ?

Үлгэр дуурайлал болж, хуулийг хамгаас дээгүүр тавих ёстой УИХ-ын дарга чинь ингээд мишээсэн дагина шиг маскаа зүүхгүй, малчидтай гар бариад явж болдог хэрэг үү?

Аль вэ, та нарын дэг журам. Ковид19 чинь аавын хүүг алаг үздэг болчихсон уу? Энэ хүмүүс чинь халдварын голомтоос халдвараа аваад оччихсон бол яах байсан бэ?

Орчин цагийн хэллэгээр “суганы үснүүд” өнөөдөр төрийг "зайдагнаж" байна. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүдийн сонгуулийн ажилд нь гүйсэн туслахууд орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж сонгогдсоны нэгэн жишээ нь дээр дурдсан залуу. Тэрээр “Хууль тогтоох дээд байгууллагад сүүлийн дөрвөн жилд УИХ-ын гишүүний зөвлөхөөс УИХ-ын даргын зөвлөх хүртэл дэвшиж ажилласан учраас хуулийн сургуульд сурах дөхөм санагдаж байна. Дарга нарын арын албанд ажилладаг гэхээр хүмүүс “Цүнх баригч” гэж буруугаар ойлгодог. Гэвч үгүй юм. Бид бодлого боловсруулахад оролцдог буюу гал тогооны ажилтай зууралддаг хүмүүс шүү дээ” гэж ичихгүй өөрийгөө магтан ярилцлага нь өнөөдөр түүх болжээ. Эмзэмшсэн мэргэжлээр нь бус эрх мэдлээрээ томилдог, томилогдсон нь албан тушаалдаа таацуулж сурдаг, ажлын байрыг сургалтын танхим болгодгийг тод жишээ энэ. Хотын даргын утаа хариуцсан орлогч болсон ч “цүнх баригч” хэвээрээ л байна.  Түүн шиг НАМЗХ-ноос төрөн гарч, цүнх барьсаар төрийн өндөр албан тушаалд томилогдсон залуус бишгүй бий.

Товчхондоо тэднийг “Суга” гэж хочилдог. Шилжсэн утгаар нь хэн нэгний ивээлд орохыг суганд нь хавчуулагдах, суганд хоргодох гэж хэлдэг.

-Зусарч хүн зулгаа бардаг

Зуудаг нохой соёогоо бардаг гэгчээр аль ч үед тэд хөөрхийлөлтэй, олны дунд хүндтэй явсан нь үгүй. Харин хүчтэй явсан байж мэднэ. Одоо бол тэд хүчтэй байна.

Манай хурган дарга нараас эхлээд өндөр албан тушаалтнууд өөр өөрсдийн гэсэн “суганы үстэй”. Бүдүүн, нарийн, эмэгтэй, эрэгтэй, хэлтэй, хоржоонтой, бяртай, бядгүй, уйланхай, наалинхай… гэх мэт. Эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч суганы үсээ хусаж буй ахуйд эрх мэдэлтнүүд эсрэгээрээ сурсан эрдэм сугаар гарчихгүй юм хойно болж өгвөл олныг хавчуулж, хүүхнүүд хөмсгөө шивүүлдэг шиг “шивүүлэх” гэж үзнэ.

Бусадтай ялгавартай харилцдаг, зулгуйч зантай. Ийн ааштангуудыг монголчууд зусарч, алагчин, алгатай, бялангач, бялдууч, долигонуур, долдгонуур, зуурган, шимэгч гэхчлэн олон янзаар хэлж иржээ. Долдой ч гэдэг.

Ховорхон тохиолдлыг эс тооцвол угсаа гарал тааруухан нэг нь мал сайтай нөгөөхийнхөө малыг маллах хамжлагын үед Говийн догшин хутагт “Ичиг ичиг” шүлгээ эргэлзэлгүй зориулсан бол,

–Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ…гэж Р.Чойном захиргаадалтын үед загатнасан газар маажив. Эдгээр шүлгүүд эргэлтэд ороод, залууст таалагдаад буй шалтгаан нь ийм нөхдүүд амьдрал дээр, нүднийх нь өмнө албан тушаал ахиад буйтай холбон тайлбарлахаас өөр яах билээ.

Үзэл бодлын хүлээсэнд баглуулсан өнгөрсөн үед, өнөөдөр ч, аль алинд тэд амьдарч ирж. Өнгөрсөн үе үеийн түүхийн эгзэгтэй мөчүүдэд тэдний төлөөлөл “хаданд гарч”, бүр өндөр хэргэм, өв хөрөнгөтэй болж, улс орон уруудан доройтсон түүх бий.

Өнөөдөр Монголын төр мэдлэг, мэргэжил, боловсрол, чадвар, чансаанаас илүү өөрсдийг нь аялдан дагагчдыг илүүд үзэж, утсан хүүхэлдэйгээ удирдаж суухыг урьтал болгодог.

Аймшигтай нь тэдний гай их.

17 дугаар зууны үед тэдний төлөөллийн гутамшгаас Монгол тусгаар тогтнолоо Манжид алдаж, Манжийн Энх-Амгалан хаан тэдний өгсөн алтан бурхдаар нь ордонгоо чимж байсан бол өнгөрсөн зуунд олон мянган сэхээтнээ хядуулсан гашуун түүхийн шарх өнөө хэр нь аниагүй, амьд гэрч нар ч амьдарч байна.

Гэтэл нам, дарга дагасан долдойнууд улам л олшроод байх. Төрийн аль ч байгууллагад даргаа хараад “хайрын” нулимс унагахад бэлэн, ховоор хоолоо олж идэгсэд бий.

Ой гутаж, огиудас хүрмээр. Өөрсдийнх нь эрх, ашгийг хөсөрдүүлэх гэж буй хүмүүсийг дэмжиж, групп нээх нь энүүхэнд.

Тэдэнд ч дарга нар дуртай. Тэднээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх нь өөрт нь ч ашигтай. Тиймээс ч мэдлэг, боловсролтой залуус гадуурхагдах янзтай, “За дарга аа”-нууд дээшлэх маягтай Хотын дарга тавын таван туслахтай болохоос эхлээд, орон тоотой, тоогүй зөвлөхүүдээр тэдний армийг бүрдүүлж буй. “Суганы үс”-нүүдээ арчилж байгаа нь тэр.

Харин хувийн хэвшилд бол огт өөр. Соёлтойгоор “хаалгаа гаднаас нь хаачих” гээд гаргана.

Тийм гэдгийг Ерөнхий сайд IT компаниудтай уулзахад А.Мэнд-Орших гэж залуугийн хэлсэн үг батална. А.Мэнд-Орших “суганы үс”-нүүдийн компанийг дэмжиж тендер зарладгаа л больчих гэдэг санааг маш ойлгомжтой тайлбарласан.

Ер нь төрөөс өөр шургалах зай завсар “суганы үс”-нүүдэд, шимэгчдэд байхгүй.

Хувийн хэвшлийнхэн яадаг вэ гэж үү? Монголын газрын баялгийг хашиж байсан тушаалынхаа ачаар хамгийн сайн мэдэх болсон хүмүүсийг уул уурхайн салбарынхан мөнгөөр “зодоод” зөвлөхөөрөө ажиллуулах жишээний. Тэд ч төр удирдахдаа цалин аваагүй аятай буусан хойноо залуу үедээ зөвлөхийн оронд зөвлөх нэрийдлээр “биеэ үнэлэх” нь ичгүүртэй.

Улстөрчдийн “суганууд”-ын хийдэг ажил нь, “Хөгжлийн бэрхшээл”-тэй хүн аятай дарга нарынхаа хувцас хунар, цүнх, цаас, юу байна түүнийг нь хямгадна. Албаны хар тэргээр нь авгай хүүхдийг нь зөөнө. Ар гэрийнх нь ажлыг бас даалгаастай…

Чадалтай, боловсролтой, мэргэшсэн гэхээсээ УИХ-ын гишүүдийн, улстөрчдийн хүмүүс бишгүй өндөр албан тушаалд томилогддог нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Салбараа сайн мэддэг туршлагатай мэргэжилтэн, өндөр боловсрол эзэмшсэн залуус төрийн албанд дээшээ ахидаггүй, ахисан ч ахлах мэргэжилтнээс хэтрэхгүй, ажлыг нь ойлгохгүй, хийлгэдэггүй ховоор хоолоо олж идэгсдийг хүлээн зөвшөөрөөгүйдээ өөрөө адлуулж, аргаа бараад ажлаасаа гардаг. Гараагүй нэг нь нүдэн балай, чих нь дүлий явах замыг сонгоно.

Эцэстээ өөрийн хүрээллийг өргөжүүлж, төрийн агентлагийг мэдэлдээ байлгахын тулд л утсан хүүхэлдэйгээ “дарга” болгодог маркетингтай болсон. Ингээд өөрийн бизнесээ хөгжүүлж, тендер, шалгаруулалт бүхнийг өөрийн гартаа оруулна. Тэд хөлжинө, хөгжинө. Бусад нь үгүйрнэ, уруудна. Түүнийхээ хэрээр хүүхэлдэйндээ тохирох хувцсыг нь өмсүүлнэ, тордоно.

Ийм л болохоор өнөөгийн улс төрд харахад гэмтэй хэр нь хуулийн хүрээнд гэмгүй луйварчид олширсон. УИХ-д л гэхэд зөвлөх, туслах, “доод хүмүүс” нь ял авсан хэд хэдэн гишүүн бий.

Мянга мянгаар нь мужаанд өгөөд зоруулчихсан юм шиг тархитай ийм залуус төрийг зайдагнаж байна. Уг нь бид энэ нийгмээс татгалзаж ардчилсан хувьсгал хийгээгүй бил үү? Харин одоо яагаад бидний зарим нь түүнийг эргээд хүсэмжилж, эрх чөлөөгөө, үзэл бодлоо үгүй хийхээр дарга даган долдойдож, хайран амьдралаа яарин болгоно вэ?

 Бидэнд үзэл бодол, үнэт зүйлс хэрэгтэй. Гэхдээ ийм биш.

Бидэнд бидний төлөө ажиллах төр, төрийн албаны хүн хэрэгтэй. Гэхдээ даргын төлөө биш.

Түрүүний бөөс толгойд гарчихлаа. Хэдий болтол шим, шүүсээ соруулах вэ? 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ Занданшатар чинь овоо монголч юмуу гэж бодсон чинь Баян хонгор улсруугаа гүйгээд улс орон нийт ард ирэгдээ боддогүй лүд юмаа . Луйвар хийдэггүй ихэнх ард иргэд нь өлсөөд үхээд угаартаад байхадаа амин хувиа бодоод энэ нөхөр чинь монгол улсын нийт ард түмний өмнөөс бодох ёстой биздээ

    0 0 Хариу бичих
  2. Утаа бол байгаа шүү, бүр илүү хортой болсон, харьцангуй цэлмэг утаагүй бна гээд цонх нээхэд нил өмхий үнэр үнэртээд бдг болсон. Хэзээ шинжлэх ухаанч болох вэ?!

    0 0 Хариу бичих