30 жилийн дараах ухаарал

2020 онд төрөөс гаргасан хамгийн чухал шийдвэр юу вэ. Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн, зээлийн хүүг хойшлуулсан, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг тэглэсэн гэх мэт өнөөдрийн бэрхшээлийг маргааш руу шилжүүлсэн шийдвэр үү.

Эсвэл жамаараа хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэлүүд үү. Энэ бүхнийг чухал гэж үзвэл өнгөрсөн хугацаанд манай улстөрчид иймл зүйл хэлэлцэн шийдвэрлэсээр Ардчилсан хувьсгалынхаа 30 жилийн ойтой золгосон. Их эзэн Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй монгол цэргүүд Энэтхэгээс Вьетнам, Солонгосоос Балконы хойг хүрсэн Монголын эзэнт гүрнийг 30 жилийн хугацаанд байгуулсан түүхтэй. Харин Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилийн хугацаанд манай төр засгийн удирдлагууд галыг унтрааж, гажуудлыг тэрүүхэн тэнд нь зассаар явж л байна.

Энэ хугацаанд баян, ядуугийн ялгаа, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, далд эдийн засаг цэцэглэж, шударга ёс алдагдсан нь хэн ч маргахын аргагүй үнэн. Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос тодорхойлсон. Гэхдээ энэ нь монголчууд ардчиллаар замнасан нь буруудсан гэсэн үг биш.

Ардчилсан хувьсгал монголчуудад эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, чөлөөт хэвлэл мэдээлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг гэх мэт олон чухал зүйлийг өгсөн. Харин бүгд эрхээ эдэлдэг шигээ үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй дур зоргоороо авирлаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, төлөвлөгөөгүй, явсаар бусдад чамлагдсан өнөөдрийн Монгол Улсыг бий болгов.

Манай улс ижил гараанаас гарсан улс орнуудаас хөгжлийнхөө суурь үзүүлэлтүүдээр хоцорч явна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 136 орноос 102, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч түүхийн эд, хүнсний экспортоор дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна. Монгол хүүхэд оюуны чадавхаараа дэлхийд долдугаар байрт эрэмбэлэгджээ. Харин оюуны чадвараа хэрэглэх ур чадвараар 49, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт явна. Манай улсын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар дэлхийн эхний 1000 сургуульд ч багтаж чадахгүй байна. Манайдаа хамгийн сайн гэгддэг МУИС л гэхэд дэлхийн их, дээд сургуулиудын 3018-д жагсаж байгаа юм. Монголчууд бид гуравхан саяулаа ч хүний хөгжлийн үзүүлэлтээр 189 орноос 92, боловсролын үзүүлэлтээр 103, дундаж наслалтын үзүүлэлтээр 107 дугаарт, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Энэхүү байдлаа ижил төсөөтэй 60 оронтой харьцуулахад Грек, Аргентин, Хорват, Венесуэлийн өмнө 57 дугаарт жагсаж байна. Манай улсын энэ байдалд далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай гэх мэт давагдашгүй хүчин зүйлс нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Харин хүнээс хамааралтай ямар шалтгаан нөлөөлсөн тухай тодорхой дүгнэлт бий.

Монгол Улсын өнөөгийн байдал яагаад ийм болов гэдгийг судлаачид дүгнэхдээ “Бүх төлөвлөлт нь сонгууль дагасан дөрвөн жилийн цикльтэй, төрийн албан хаагчид нь улс төрөөс шалтгаалан тогтвортой ажиллах боломжгүй, гаднын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй, хүлээсэн үүрэгтээ эзэн болдоггүй, хариуцлага хүлээх чадвар сул зэрэг засаглалын гажуудал хөгжилд томоохон чөдөр тушаа болж байна” хэмээн дүгнэсэн байдаг. Засгийн эрхэнд гарсан нам нь сонгуульд ялж л байвал ирээдүй хамаагүй хэмээн улайрч хийх ажлаа хамгийн уртдаа дөрвөн жилээр төлөвлөдөг. Мөн тухайн дөрвөн жилдээ нам дотроо хөлөө жийлцэж Засгийн газраа унагадаг буруу жишиг уламжлал болон тогтсон. Энэ бүрт төрийн залгамж чанар, уялдаа холбоо алдагдаж, төлөвлөгөө нь өөрчлөгддөг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад урт хугацааны төлөвлөгөө, хүрэх ёстой зорилго, зорилт гэж ч байгаагүй нь ч үүнд нөлөөлсөн биз ээ. 2000, 2010, 2020 он гэхэд Монгол Улсын хүн ам, эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ, ядуурал, өрсөлдөх чадвар, авлигын индекс, боловсролын түвшин, дундаж наслалтыг төдөд хүргэнэ гэсэн үндэсний нэгдсэн бодлого байсангүй. Аль ч нам засгийн эрхэнд гарсан хууль мэт хэрэгжүүлэх нэгдсэн бодлогогүй явж ирснээс сонгуульд ялсан нам болгон өөр өөрийнхөө улсын бодлогыг тодорхойлж, түүнийгээ ч бүрэн хэрэгжүүлэхгүй явж ирлээ.

Салбар дамнасан томоохон сорилтуудыг нэг бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс улс орнууд хөгжлийн бодлогоо урт хугацаанд өөрийн онцлогтоо тулгуурлан төлөвлөдөг. Тухайлбал, ОХУ 2036, Энэтхэг 2030, Ирланд 2040, БНХАУ 2050, Сингапур 2030, Казахстан 2050, Израйль 2050, Норвеги 2060, Япон 2114 он хүртэл хөгжлийн бодлогоо төлөвлөсөн байдаг. Хэзээ, хаана хүрэхээ харж чадахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй гэдгийг манай улс 30 жилийн дараа ухаарч “Алсын хараа-2050” гэсэн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай болов. Энэхүү урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг өнгөрсөн тавдугаар сард баталж Монгол Улс анх удаа хөгжлийн бодлогоо урт хугацаанд төлөвлөсөн баримт бичигтэй болсон юм. Өөрөөр хэлбэл, монголчууд төлөвлөлтгүй 30 жилийн төгсгөл, төлөвлөгөөт 30 жилийн эхлэл дээр зогсож байна.

2020 онд УИХ-аас гаргасан хамгийн чухал, алс ирээдүйгээ харсан шийдвэр нь“ Алсынхараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталсан явдал байлаа. Гэхдээ батлахаасаа илүү хэрэгжүүлэх, зарчим, үндсэн чиглэлээ болгох нь чухал. Хэрэгжүүлэхгүй батлаад л орхивол мөрөөдлийн жагсаалт болоод үлдэнэ. Аль нам засаглаж байхаас үл хамааран УИХ, Засгийн газрын шийдвэр, хэрэгжүүлж буй бодлого нь энэхүү урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн байх ёстой. Уг бодлогын баримт бичгийг 2030, 2040, 2050 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн хэрэгжилтийг нь таван жил тутамд УИХ-д тайлагнах учиртай. Амжилттай хэрэгжүүлбэл, 2050 он гэхэд Монгол Улсын голлох үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн байх төсөөллийг танилцуулъя.

Монгол Улс 2050 онд ямар байх вэ?

-  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2030 онд 32.1, 2040 онд 54, 2050 онд 77.7 тэрбум ам.долларт хүргэнэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2030 онд 8299, 2040 онд 12004, 2050 онд 14682 ам.долларт хүрнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүн 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд оногдох хэмжээ нь 3.6 дахин өсөж 15000 ам.долларт хүрснээр өндөр хөгжилтэй орон хэмээх тодотголын босгыг давах юм байна.

-  Экспортын хэмжээ 2030 онд 20, 2040 онд 36, 2050 онд 52 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эрчим хүч болон барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана.

-  Нэг жилд хүлээн авах жуулчдын тоо 2030 онд хоёр, 2040 онд дөрөв, 2050 онд зургаан саяд хүрнэ. Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, Орхоны хөндийд аялал жуулчлалын үндэсний парк, Хэнтий аймагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан”, “Их Монгол Улс Монголын эзэнт гүрэн”, “Шихихутаг Нууц товчоо”, “Монголын нууц товчоо” зэрэг аялал жуулчлалын цогцолцоруудыг барьж байгуулна.

-  Манай улсад тулгамдаж буй асуудлын нэг нь цэцэрлэгийн хүрэлцээ. Намар болгон эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаа сугалж азаа үздэг нь цэцэрлэг ямар чухал болохыг илтгэнэ. Цэцэрлэгт орох энэхүү өрсөлдөөнд малчдын хүүхдүүд оролцвол бүр ширүүн өрсөлдөөн гарах нь дамжиггүй. Тиймээс 2025 он гэхэд 3600, 2030 он гэхэд 4600 ортой цэцэрлэг шинээр барьсан байна гэж төлөвлөжээ. Ингэснээр 2030 онд малчдын хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох бөгөөд 2040 онд 90, 2050 онд 100 хувь цэцэрлэгт хамруулах юм байна. Мөн 2030 оноос цэцэрлэгийн нэг бүлэгт хамгийн ихдээ 30 хүүхэд сургана гэж тооцжээ.

-  2030 оноос ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид хамгийн ихдээ 25 хүүхэд сургана. Цаашлаад мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль төгсөгчид 2040 оноос 100 хувь мэргэжлээрээ ажилладаг болно.

-  Одоогийн байдлаар 71 мянга гаруй иргэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Энэ тоог үе шаттайгаар нэмэгдүүлж 2030 онд 90, 2040 онд 110, 2050 онд 130 мянган айлыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулсан байна. Ингэснээр 2030 онд гэр хорооллын 45, 2040 онд 75, 2050 онд 100 мянган айл орон сууцад орно. Мөн 2030 онд гэр хорооллын айлуудын 10, 2040 онд 15, 2050 онд 20 хувь нь газар дээрээ ногоон орон сууцтай болно. Үүнээс гадна 2050 он гэхэд бүх төрлийн амины орон сууцыг инженерийн шугам сүлжээтэй болгоно гэж тооцжээ. Түүнчлэн төр, орон нутаг, хувийн хэвшлийн оролцоотой 60 мянган айлын сан бүхий түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

-  Манай улсын нийт хүн амын 28 хувь нь дунджаас доогуур түвшинд амьдарч байна. Энэ байдлыг өөрчлөн ядуурлын түвшинг 2030 онд 15, 2040 онд 10, 2050 онд таван хувь болгосон байна. Ингэснээр 2030 он гэхэд нийт хүн амын 55, 2040 онд 70, 2050 онд 80 хувь нь дундаж давхаргад хүрнэ.

-  Иргэдийн амьдралын чанар сайжирснаар хүн амын дундаж наслалт 2030 онд 71.2, 2040 онд 72.9, 2050 онд 73.5 болж нэмэгдэнэ гэж тооцжээ. Ингэснээр 2050 он гэхэд дундаж наслалтын үзүүлэлтээр бүсийн хэмжээнд тэргүүлэх 10 орны нэг болно. Мөн монгол хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, 2050 он гэхэд аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана гэсэн том зорилт тавьжээ.

-  Ургийн бичиг хөтлөлт 2030 онд 50, 2040 онд 70, 2050 онд 100 хувьд хүрнэ.

-  2030 он гэхэд дэлхийд танигдсан урлагийн таван бүтээлтэй болсон байна. Цаашлаад 2040 онд 20, 2050 онд 100-гаас дээш урлагийн бүтээлээ дэлхий дахинд танилцуулна гэж төлөвлөжээ. Олон улсын уралдаан, тэмцээн, хит парад, бокс оффист эхний 10 байр эзэлсэн бүтээлийг дэлхийд танигдсан гэж үзэх аж.

-  Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрнэ. Ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Ойгоор бүрхэгдсэн газар нутгийн хэмжээ нийт нутгийн 7.9 хувь байгааг 2030 онд ес, 2040 онд 9.8, 2050 онд 10.5 хувьд хүргэнэ.

-  Улаанбаатар хотод тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, спортын томоохон наадам зохион байгуулах шаардлага хангасан 30-40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барина.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд тоон утгаар илэрхийлсэн зорилго зорилтуудыг онцолбол Монгол Улс 30 жилийн дараа нэг иймэрхүү дүр төрхтэй байх нь. Үүнээс гадна тоон утгаар илэрхийлээгүй олон оргилд монголчууд хүрэх ёстой гэж үзжээ. 30 жилийн дараа байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус, дэлхийд үл ойшоогдсон хэвээрээ байх уу, эсвэл амьдралаа сайжруулж, амжилтаа бататгасан улс болох уу. Ардчилсан хувьсгалаас хойших Монгол Улсын нэгэн жарны түүх хэрхэн бичигдэх нь ирэх 30 жилийг “Алсын хараа-2050” замын зургийнхаа дагуу туулах эсэхээс шалтгаална. Өмнөх 30 жил шиг хүссэн замаараа тоос татуулбал буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээхийн үлгэр болохыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ-Эргэлтийн цэг 2021" тусгай дугаар

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Sotsializm baiguulj bhdaa iluu nariin tolovlodog bj dee toriin har hairtsagnii bodlogo oiriin bolon holiin zorilt ene ter geed l nariin tolovlodog bsn sain tal bii bii

    0 0 Хариу бичих
  2. Shudarga yos negent aldagdsan uchraas iin hotsorch yavalgui yahav dee 3 han saya huniig hogjuuleed avad yavchih chin setgeltei udirdagch torohgui bnaa tsedenbal dargaas hoish oligtoi udirdagch uzsengui

    0 0 Хариу бичих
  3. хөөрхий дөө түүхий байнаа хөгжитлөө өдий байнаа ийм олон авилгач хувийн амбицтай төсвийн мөнгөөр хөлжих сонирхолтой цүнх баригчдаар удирдуулбал мөн ч хол санагдаж байнаа

    0 0 Хариу бичих
  4. Chadlaaraa saikhan amidarch bolohgui, olson orlogoo huvaaj ideh dontoi, zalhuu, surch bolovsroh tun durgui, huviin hurungiig uzej chadahgui, hudlaa tom yrih poproh dontoi ard tumeen... hurteh yostoigoo hurtej bgaa blee bid..

    1 0 Хариу бичих
  5. аймшигийн залхуу, дээр нь улстөрчид гэгддэг хорчингууд нь өөртөө санал авахын тулд халамжлах нэрээр байнга л санаатай хорлоод байхаар ийм байхаас өөр яах билээ ???

    2 0 Хариу бичих
    • Цаашдаа ингэж явах ямарч арга алга боллоо болж бүтэх юм алга энэ нийгмийг сууриар нь өөрчлөхгүй бол болохгүй эрүүл мэнд байхгүй боловсрол байхгүй 3 хан саяхүнтэй байж хорт хавдраар дэлхийд 1 р байранд орж байна үхээд дууслаа ажлын байр байхгүй ядуу цалин тэтгэвэр өчүүхэн дөнгөж хоногийн хоолд хүрэлцэх төдий архидалт аймаар хар тамхи нд олон золуус орж байхюм сонгууль нь луйвар шударга ёс бүрэн алдагдсан авилгал утгаа алдсан эмэгтэй хүн эмчид олигтой мөнгө өгөхгүй бол төрөхөд хэцүү гар харж байж эмч хөдөлнө мөнгөгүй бол үх гэсэн энэ нийгмийг солихгүй юмуу

      0 0