Зүрхний хэм алдалтын шалтгаан

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Зүрх зөв хугацаанд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэж ойлгож болно. Зарим хүн хэм алдагдлыг мэдрэхгүй байх нь бий. Хэм алдагдлыг ерөнхий 2 том бүлэгт хуваана. Тахиаритми- зүрх хэвийн хэмжээнээс түргэн агших, брадиаритми- зүрх удаан агших гэж ангилдаг хэдий ч маш олон хэлбэр байдаг. Судалгаагаар 40-өөс дээш насны америкчуудын 4 хүн тутамд 1 нь зүрхний хэм алдагдалтай байдаг байна.

ШАЛТГААН

Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг.

Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.

Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, үүнд:

• Даралт ихсэх өвчин

• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин

• Хоёр хавтаст хавхлагын унжилт

• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Хэрвээ та хэм алдагдалтай гэж оношлогдсон бол хэм алдагдалд хүргэж байгаа шалтгааныг олж тогтоох нь чухал.

Зүрхний хэмнэл алдагдах нь бие даасан өвчин биш, харин өвчний шинж юм. Ер нь бол аажимдаа арилж болох ч хэдэн цагаар арилахгүй байх, огцом хүндрэл өгөх зэрэг тохиолдолд  эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. Цаашилбал, аритми нь өөрөө аяндаа алга боллоо ч  цаг алдалгүйгээр зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Зүрхний хэмнэл алдагдах үед зүрхний цохилт гэнэт олдож, эсвэл алдагдаж байгаа мэт мэдрэмжийг дагалдан зүрх хэт хурдан, эсвэл хэт удаан цохилж эхэлдэг. Мөн бие сулрах, ядрах, амьсгаадах, царай цонхийх, зүрхээр өвдөх зэрэг шинж мэдрэгдэнэ.

Зүрхний хэмнэл алдагдлын шалтгааныг тогтоохын тулд аритмолог /зүрхний хэм алдагдлын/ эмч зүрхний цахилгаан бичлэгийн (ЗЦБ)+ атропинтой сорил хийнэ. Мөн фонокардиограмм хийж, зүрхний авиа болон шуугианыг шинжилнэ. Түүнээс гадна ердийн зүрхний цахилгаан бичлэг, ачааллын үеийн ЗЦБ, ЗЦБ-цахилгаан хяналтыг хоногийн туршид хийж зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ.

Эх сурвалж: heart.org

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)