Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх

Ерөнхийлөгчөөс шинэ сайд нарт дайсан шууд эшлэчихээр чухал үгс байнаа: –Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо.

“Алтан өргөө” гэж алтан үеийнхний сонгодог бүтээл буй. Тэр кинонд мэргэн ард ба Сүмбээ хүүгийн харилцан яриа гардаг даа.

    Сүмбээ:–Хөөе Та тэнд юу хийж байнаа? Газар нутгийг хагалж тариа тарих хориотой гэж Та мэдэх үү?
    Мэргэн ард:–Хэн тэгж хориглосон юм бэ? Эрхтэн дархтанууд уу? Тэд нар чинь ард олныг өлсгөлөнд учруулж байна. Ард олон нэг юмыг хийж сурах хэрэгтэй. Өлсгөлөнгийн эсрэг тариалангийн далан байгуулж сураг гэдэг дээ. 

Яг энэ өнцгөөс шинэ нийтлэлээ босголоо. Гарчгийн асуултыг уншигчиддаа, улс төрчиддөө тавья. Хариулахыг хичээ. Үнэхээр болж бүтэж байгаа ажил үйлс, салбаруудыг нэрлэ. Жагсаа. Олон жагсвал уг нь бүгд баярлана. Харин олныг жагсааж чадах уу? 

Уучлаарай, зах зээлийн сонгодог утгаараа эдийн засаг-аж ахуйн, өөрөөр хэлбэл мөнгө олдог хийдэг бүтээдэг, мөнгө хөдөлгөдөг салбараар нь би ярих гээд байна шүү. Түүнээс урлаг уран сайхан, лам, бөх, бөө гээд явчихвал амжилт ярайж таарна. Гэм нь нийт монголчуудын амьдралд дэм болдог ажил биш болчихоод байна.

Үндсэн сэдэв. Шинэ Засгийн газар байгуулагдана. Сайд нар нь гэв гэнэт ухаарсан аятай, өмнө нь харж мэдэрч, мэдэж, хамтран хийж байсан ажлуудаа цоо шинээр эхлэх гээд л үзчихнэ. Бөөн хүсэл л яваад байна, илэрхийлээд байна. Салбаруудын уулзалт гэх суртал ухуулгын маш их ажил өрнүүлнэ. Заагаад л, чиглүүлээд л, үүрэгдээд л, загнаад л, занаад л. 1921 онд хувьсгалчид засгийн эрх аваад яг тэгж байсныг үгүйсгэхгүй. Гэтэл одоо 30 жил нэг тогоонд бөөнөөрөө бүгдээрээ чанагдаж чанагдчихаад, ахай ижий, найз нөхөд, нэг намынхан болж болчихоод гэв гэнэт сэхээрсэн аятай ажил шалгаад хуралдаад эхэлнэ.

Ажил үйлсийн бараг тал, талаас илүү нь амаар, хэвлэл, зурагтаар ярьж харагдаж өнгөрнө. Тэр их яриа, үүрэг даалгавар нь ажил үйлс мөн л дөө. Баахан үүрэг даалгавар, уур уцаартай, хөмсөг зангидсан баахан нөхөд сүртэй нь сүртэй. Тэгж тэгж Засгийн газар ганц шөнийн дотор онхолдоод унана. Засаг явдаг, шинэ засаг ирдэг. Хүн амын тал нь ядуурчихсан, эсвэл ядуурахад бэлэн “Хэцүү байнаа” гэсэн гонгиноостой үлдчихдэг. Оргилуун хүсэлд автчихсан шинэ засаг ирээд салбар салбарын хурал зөвлөлгөөн, үүрэг даалгавар, үзлэг шалгалт, хэвлэлийн мэдээ... 

Ингэж хөвөрсөөр бид ардчиллын 31 дэх жилээ авч байна. Ердөө л цикл. Ерөнхийлөгч хэллээ шүү дээ:– Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд гэж. Гуравхан сая гээд би тодотгочихъё. Тун чамламаар, дэндүү цөөхүүлээ, цөөхөн байх тусмаа үг, эв, дэгэнд илүү хялбар орчихмоор цөөхнийг нь гуравхан гэж тодотгож буй хэрэг шүү.

Гэтэл болдоггүй ээ. Бүтдэггүй ээ. Шалтгаан ба гарцыг нь хайгаад би бүтэн хоёр ном биччихсэн (“Бид ингэхэд хэн юм бэ?” I, II дэвтэр), борлуулалт сайтай. Дахиад гурав дахь ботио гаргах нуруу нь аль хэдийнэ босоод ирчихсэн. Гэвч бичсээр байхаас аргагүй. Улс эх орон хөгжихгүй байна, монголчууд сэхээрэхгүй, өндийхгүй байна, цэх төвч, эрүүл саруул, зөв үндэстэн болж дэлхийн өрсөлдөөнд орж чадахгүй байна. Иймд бичсээр л байх болно.

Дахиад л болохгүй бүтэхгүй байгаа шалтгааныг хайя. Монгол хүн, монголчуудад их учир байнаа. Бидэнд гэсэн үг шүү дээ. 

Чингис хаан 1162 онд төрөөд 1206 онд тулгар төрт–улсаа байгуулахад 44 жилийг туулжээ. Эцгээ хөнөөлгөөд өөрөө амь дүйсэн тэмцэлд хүүхдээрээ орсон гээд бодоход лав 30 гаруй жил нь монголчуудын өвөр хоорондын үхэх сэхэхээ үзсэн тэмцэлд зарцуулжээ. Тэр үед олон арван саяуулаа байгаагүй, цөөхөн монголыг нэг туган дор нэгтгэх гэж 30 жилийн дайн самуун, цус нөж, үхэл хагацал үзсэн гээд бодохлээр монголчууд бид ерөөсөө үг дэгэнд хэзээ ч орох хувьгүй, төрмөл билэг танхай заяатай, дур зоргоороо улс юм болов уу гэж бодогдох үе буй. 

Үгэнд ордоггүй зөрүүд дураараа монголчуудаа дэгэнд оруулах гэж бүх Засгийн газрууд ажиллаж ажиллаж ялагдаад явчихдаг дүр зураг л харагдаад болдоггүй, уучлаарай. Тэр үнэн үү?

1990 оноос ярьж байна шүү. Ард түмнээ захирч чаддаггүй Засгийн газрууд л шил шилээ харан явж одлоо. Захирна гэдэг нь дарангуйлна гэсэн үг биш, мөртөө ажлыг нь хийлгээд, цалин хөлсийг нь өгөөд, мөрт нь амьдрал ахуйг нь өөрсдөөр нь, өөрсдийнх нь гараар босгуулаад баяжуулчихна гэсэн үг юм л даа. Энэ чухам Засгийн газрын нэгдүгээр ажил үйлс байлтай. Гэтэл болж бүтдэггүй. Догшин морь өөрөө өөрийгөө зовоодог үлгэр л бодогдоод байх юм. Иргэд нь өөртөө дур зоргоороо нэг хачин амьдрал зохиочихоод л гүрийгээд суугаад байдаг. Нэхэл нь хэтэрчихсэн. 

Төрмөл заяатай, байгалиасаа хэний ч эрхшээлд биш тийм үндэстэнд эрх чөлөө ардчиллыг нь амлуулаад хувь заяагаа өөрсдөө шийд гэчихсэн чинь л зоргоороо явсаар нэг мэдэхнээ тал нь ядуурчихсан, ажил хийх байтугай ажлын байранд тэнцэх хүн цөөрчихсөн, тэнцлээ ч эрх дураараа, хүссэнээрээ, ийм нэг улс үндэстэн болж хувирсан. Засгийн газар, УИХ нь яаж ч чаддаггүй. Хурал зөвлөлгөөн, уриалга, ухуулга л яваад байх нь тэр. Явах ч болно. 

Яг байгаагаар нь дүгнэх гэгч арга барил нийгмийн шинжлэх ухааны сургаальд байдаг. Би яг тэр дагуу л бичиж байна. Яг байгаа нь л энэ гэж бичиж байна. Болж бүтэж байгаа юм шиг харагддаг боловч хүн амын нэг хэсэг нь засал авахгүйгээр ядуурчихсан, араас нь ядуурах гэж байгаа учраас би хурцатгаж бичээд байна л даа. Догшин морь өөрийгөө зовоодог үлгэр гэж би үүнийг хэлээд байгаа юм.

Монголд ажил үйлс яагаад сэтгэлчлэн бүтдэггүй юм бэ гэвэл 1-рт монголчуудын хувийн ааш араншингаас нь их шалтгаалж байна. 2-рт төрмөл билэг танхай мөртлөө мэдлэггүй. Мэдлэг гэдэгт би дээд сургуулийн диплом, эрдмийн зэрэг цолыг нь хэлэхгүй байна. Ерөөсөө л ажлын ба ерөнхий мэдлэг их сул байна. Ажил хийх хүсэл тэдэнд байна. Оргилж байна. Гэтэл ажлаа мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй гэдэг нь шал өөр асуудал. Ажил үйлс нь болж байгаа, эсвэл болохгүй байгаагаа ойлгохгүй нөхөд олон байгаа нь хамгийн том эмгэнэл юм.

Хуралд томоотой суудаг, дуулгавартай, гэвч мэдлэг боловсрол, арга барил чинь энэ XXI зуунаасаа хоцорсон байна, бараг бүх салбарт. Тэгсэн хэрнээ бүгд л чадна мэднэ гэж амладаг. “Чадна мэднэ”-ийн хажуугаар бүгд биш ч, нэлээд нь “Надад юу өгөх юм бэ?”, “Надад ямар ашигтай юм бэ?” гэх асуулт битүү тавиастай. Түүнийгээ шийдэх гэж ажлын байранд очсон мэт. Нэг ёсондоо авилгачин. Эд юмс, бэлэг, мөнгө, цол шагнал, одон тэмдэгт дуртай. Дур хүслийг нь цаад ажил алба нь гүйцэлдүүлж байх хувь төөрөгтэй. Ямар нэгэн юм салгаж салах нь бараг зүй ёсны үзэгдэл болчихсон. Салгаж чадаагүй явчихбал нэг насаараа гонгиноостой, бүр үхтлээ шүү. 

Гадаадынхантай хамтран ажиллаж ирсэн, тэдний сэтгэхүйг арай дөнгүүр гадарладаг туршлагаасаа үзэхэд манайхнаас гадаадынхан баахан дөлдөг болсон юм билээ. Улс төржихөөрөө хэтрээд явчихдаг. Нөгөө мэдлэггүйгээсээ болоод итгэл төрүүлж өгдөггүй. Тэгсэн атлаа хоосон бэлэн зэлэн бардам үгтэй, зальтай ч юм шиг, өмнөхөө үгүйсгэдэг, бүх ажлыг цоо шинээр эхлүүлэх дүр эсгэдэг, бас бэлэг сэлт, мөнгөнд дуртай, хувийн амьдралаа хамтын ажиллагаандаа шахаж оруулах гэдэг гээд олон зан чанар, хүмүүжлээс нь гадны хамтрагчид дөлдөг, заримдаа жигшдэг, цаагуураа элэг доог хийдэг, монголчуудтай ажиллах хэцүү гэх зөвлөмжөө гадаадын бусаддаа түгээдэг гээд бичээд байвал надад нэг ном дүүрчих баримт байна. 

Захын баримт ол л доо. Ерөөсөө манайд албаны хүн аливаа ажил үүргээс шууд бултана гэж байхгүй, хийе бүтээе, за зүй болдог доо. Хийх хүсэл нь ч байдаг. Гэтэл ажил бүтээх маш хэцүү. Заримдаа халширмаар. “Тэнд таньдаг хүн байна уу?” гэдгээс л эхэлнэ шүү дээ. Муйхар хөөцөлдлөг голлоно. Ер нь аргалах, панаалдах, танилаар нь яриулах, найрах найрсах, эмзэг газрыг нь олж харж хатгах, өө сэвийг нь ашиглах, болохгүй бол эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаар залхаах, бүр эцсийн арга шүүхдэлцэх гээд есөн шидийн аргыг Монголд хэрэглэж болно. Тэр нь хэвийн үзэгдэл болчихсон. Тэгдэг ёстой л гээд дээр доргүй, хөгшин залуугүй ойлгочихсон. 

Тавантолгой гээд саалийн үнээн дээр зах зээлийн сонгодог утгаар жишээ татаад үз дээ. Эдүгээ энэ ертөнцөд машинаар шороотой нүүрс тээвэрлэдэг соёлтой улс Монголоос өөр байхгүй. Ардын баатрын дүр эсгэсэн арван хэдэн мянган жолоочийн дууль Монголд л үнэ хүрнэ, сэтгүүлчдэд мөлжүүртэй сэдэв. Ертөнцөд үүнийг чинь эрүүл үзэгдэл гэхгүй. Гурван төрлийн нүүрс шатлаад байж байна. Өнгөн хэсэгт нь хүрэн нүүрс, дунд хэсэгт нь эрчим хүчний нүүрс, доошхноо сайн чанарын коксжих нүүрс. Нүүрс гэж юу вэ гэх наад захын мэдлэггүй баахан нөхөд хөл хөөрцөг болон тэрийг нь олборлон борлуулж байна.

Хүрнийг нь ахуйн хэрэглээнд, эрчим хүчнийхийг нь эрчим хүчний үйлдвэрт, коксжихыг нь төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг гэх мэдлэг, менежмент дутсанаас бүгдийг нь шороотой нь хутгаад ачааны машинд ачаад урд хөрш рүү тоос татуулан давхиулж, хил дээр овоолжасгаад буцаад давхина. Зах зээлийн сонгодог утгаар XXI зууны нүүрсний бизнес гэхэд тун хэцүү. Тэгсэн атлаа орлогыг нь уургын морь шиг хувааж цацаад нийгмийн халамжийн шүүрэн шанагаар байхгүй болгочихно. Хөөрхий үйлийн үртэй ардын баатар арван хэдэн мянган жолооч энэ улсын гурван сая ам руу хоол хийж өгч байна. 

Төгсгөе. Үг олдож үхэр холдлоо! Догшин морь өөрөө өөрийгөө зовоодог үлгэр гэнэт бодогдчихлоо! Ард олон нэг юмыг хийж сурах хэрэгтэй! 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Эрдэмтэн мэргэд, улс төрч, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, хашиж байсан гээд олон л хүмүүс монгол эх орныхоо хөгжил дэвшил, шудрага ёс, хариуцлага сахилга бат гээд их л ярьж бичих юм. Ингэж их бичиж ярьж байгаагаар нь бол хөгжингүй орны тоонд орж ард иргэдийн минь амьдрал сайн сайхан болчих аль хэдийн болсон. Даан ч биелэгдэж, бүтэж байгаа юм бараг л алга. Харин ч энэ бүхэн дээр дөрөөлж дээш ахих нь их. Улс эх орон, ард иргэдээ гэх сэтгэлтэй улс төрч байхгүй гэхэд хэлсдэхгүй л болоод байна. Ер нь бол ганцхан зүйлийг хийчихэд л улс эх орон өндийгөөд ирэх юм л даа. Илэрчихээд байгаа том том хэргүүдээ шудрагаар шийдээд улс эх орноо худалдаж идсэн эх орноосоо урвагчдын бүх хөрөнгийг хурааж /гэр бүл, холбоотой ойр орчныхныг хамаруулаад/ улсын сан хөмрөгтөө авчих. Улс эх орныхоо хөрөнгийг идсэн, идэхээр зэхэгчдийн толгойд аянга нүргэлж улс эх орон минь цэвэршинэ дээ

    0 0 Хариу бичих
  2. Дэмбэрэл оорийн Охин Нямцэрэнг Улаан-Уд дахь ЕКГ - т Еронхий консулаар хууль бусаар томилуулжээ, ГХЯ-нд Еронхий консулаар явах чадалтай дипломатууд олон байгаа, Дэмбэрэл охиноо ГХЯ-нд ажиллуулахгуйгээр ОХУ-Чех улсад техник ажилтан, аттешегаар ажиллуулж, агаараар явуулдаг, сая ГХЯ-наас консулаар томилоход явахгуй гээд Дэмбэрэл асан хооцолдож яваад Еронхий консулаар явуулах болжээ энэ шудрага явдал уу

    0 0 Хариу бичих
  3. Монгол хүн бүр өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж, өөрөө засч сайжрах замаар л энэ бүх гологдол, зовлонг засах ганц арга байна даа.

    0 0 Хариу бичих
  4. Ер нь байхгүй байгаа юм биш үү. Шинэ засгийн газар цэгцэнд нь оруулах байх гэж найдах юм. 1-р төрөх мэтийн эмч, ажилчдыг бүтэн сольж байж сая ард иргэдийн эрүүл мэндийн төлөө үйлчилдэг байгууллага болох байх. Түүнээс олон жил мөнгө харж үйлчилдэг байгууллага болсон. Бүгдийг зоригтой өөрчлөх хэрэгтэй байна.

    0 0 Хариу бичих
  5. Ажил хийх хүсэлтэй хүнгүй блсн, ганцхан татаж, түлхэж унаган дэвслэх сэтгэл л, халамжаар амьдрах сэтгэл зүй л мнглд минь бна даа!!! Өөрийг чинь , гарц , алхам хэлэх, зөвлөх байх гэж уншлаа- яг над шиг л юм эрээчсэн байх шив....!

    0 0 Хариу бичих
  6. Oorsdiigoo medlegtei gej boddog medleg muutai humuuseer duursen uls shuu dee, buh humuus shagnal hergem tsoltoi mundagaa gaihsan tegsnee hugjij uragshildaggui zugeer l hudal ner zuusen huuramch medlegtnuud.

    0 0 Хариу бичих