Сахилгын хорооны CV

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчилсөн гэх хууль санаачлагчдын тодотголтой Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан ч УИХ хүлээж авсангүй. Ингэснээр энэхүү хууль гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр болов.

Шүүгч нарт ямар хариуцлага тооцож байна вэ?

Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэгчээр шүүгчид хэргийн оролцогчдын аль нэг тал нь гомдолтой үлддэг нь гэм биш зан. Шүүгчдийн дураараа байдлыг таслан зогсоож, тэдэнд хариуцлага тооцдог болгохоор Аюулгүй байдлын зөвлөлөөр шүүгчтэй хариуцлага тооцдог хуулийн орчныг төрийн гурван өндөрлөг бий болгож, 17 шүүгчийг ажлаас нь түдгэлзүүлэн шалгасан. Гэтэл тухайн шүүгчдээс 13 нь гэм буруугүй нь тогтоогдсон билээ.

Энэхүү хуулийн зохицуулалт нь шүүгчидтэй хариуцлага тооцох гэхээсээ улстөрчид өөрсдийн үгээр асуудлыг шийдүүлэхэд цаад зорилго нь оршиж байсан гэвэл илүү оновчтой болох биз ээ.

Тэр ч зорилго биелсэн мэт шүүгчдийг айдас хүйдэст автуулж, Ерөнхий сайд нар, нөлөө бүхий улстөрчдийг барьж хориулж, бүр яллуулсан нь УИХ-ын сонгуулийн өмнөх үйл явц. Тэрхүү үйл явдал хууль бус байсан гэдгийг Дээд шүүхэд болсон Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг шүүх хурал хэлээд өгөх шиг. Тэдний хэргийг хууль буруу хэрэглэсэн, хэрэг нь нотлогдохгүй байна гэж үзэн нэгнийг нь прокурорт буцаасан бол нөгөөг нь ялын хэмжээг нь бууруулжээ.

Тэгэхээр харин ч эсрэгээрээ энэхүү зохицуулалт эрх мэдэлтнүүд шүүгчид нөлөөлөх том хөшүүрэг болжээ.

Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн шүүгч нартай холбоотой гомдлуудын талаар танилцуулсан Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас мэдээлснээр Шүүхийн ёс зүйн хороо нь 2015 оноос 2020 оны аравдугаар сарын 22-ны байдлаар давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн авснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 18 шүүгч шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нартай холбоотой гомдлын 80 гаруй хувь нь үндэслэлгүй байсан гэсэн үг. Гэхдээ эдгээр гомдолд авлига авсан эсэх гомдол алга. Шүүхийн Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан үндэслэлийг харвал Хууль зөрчиж, хүний эрх ашгийг хохироосон, давж заалдах эрхийг хязгаарласан явдал хамгийн их буюу 15, удаах байранд мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, мэргэжлийн ур чадвар дутуу 12 үйлдэл байжээ.

Шүүхийн сахилгын хороонд хэн орох вэ?

Тэгвэл удахгүй мөрдөгдөх Шүүхийн тухай хуулиар шүүгч нарын асуудлыг Сахилгын хороо хянана.

Энэхүү сахилгын хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тавыг нь УИХ- аас томилно. Үлдсэн дөрвөн гишүүний нэгийг УДШ, хоёрыг давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүхээс нэгийг нь томилно. Эдгээр шүүгчдэд 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй шалгуур тавьжээ.

Харин шүүгч бус таван гишүүн хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байхаар тусгасан байна.

Онцлог нь, Сахилгын хороонд УИХ-аас тодруулах шүүгч бус гишүүд олонх болно. Ингэхдээ эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан гэдэг нь хэн ч тийшээ очих боломжийг бүрдүүлэх нь. Сургуулиа төгсөөд хуулийн зөвлөхөөр арван жил ажилласан байхад л асуудалгүй шаардлага хангана. Аль ч намд энэ шаардлагыг хангасан хэдэн зуугаар тоологдох этгээдүүд бий.

Хэдийгээр тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулан томилно, хэн нэг нь бус өөрсдөө бие даан нэр дэвших эрхтэй гэдгээр хууль боловсруулагчид улстөрчдийн нөлөөнд автахгүй үндэслэлээ тайлбарлаж байгаа ч үнэндээ тийм биш. Үүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн томилгооноос харж болно. Тэнд хэн, хэрхэн томилогдож, эрх барьж буй намд үйлчилдэг, бусдад хаалттай газар болон хувирсныг бид харж л суугаа. Ийм л юм болно.

Тиймээс УИХ-аас томилогдох Сахилгын хорооны гишүүдийн CV ямар байх нь ойлгомжтой боллоо. Намаас санхүүждэг, судалгааны нэртэй ТББ, элдэв холбоодын эрх зүйч мэргэжилтэй, хэний хэнүүд байх нь.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ынгишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Энэ тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат болохоор байгаа. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ

Олон улсын зургаан чухал баримт бичиг бий. Энд Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн хоёр зөвлөмж, Кивийн зөвлөмж, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас энэ оны гуравдугаар сард хийсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дүгнэлт хийсэн зөвлөмж багтаж байна. Эдгээр зөвлөмжид дурдсанаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын оролцоог аль болохоор бага байлгах ёстой гэж зөвлөсөн байдаг. Мөн шүүгчдийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон сахилгын шийтгэл оногдуулах тусдаа процесс байх ёстой гэж зөвлөсөн. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэхүү хоёр зөвлөмж тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын оролцоог өндөр байхаар хуульчилсан байгаа нь олон улсын зарчимд нийцэхгүй байна.

“Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал” итгэлээс

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шатны шүүгчид, бүх шүүхийн ерөнхий шүүгчид, ШЕЗ-ийн бүх гишүүнийг, Шүүхийн сахилгын хорооны бүх гишүүнийг томилдог. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэл бий болгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ эрх мэдлийг задалсан.

Төгсгөл биш эхлэл

Энэхүү хууль ердөө сарын дараа хэрэгжиж эхэлнэ. Түүгээр хэн хэн шүүгчдэд сахилгад хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхой болно. Шүүгч нартай холбоотой асуудлыг шийдэх нэрийдлээр Үндсэн хуульд нийцүүлсэн энэхүү сахилгын хороог улстөрчдөөс ангид байлгах бус нэг эрх мэдлийг нөгөөд булаах үйл явц болов. Эмчийн алдаа гаргасан эсэхийг асрагчаар шүүлгэвэл юу болох нь ойлгомжтой. Гэтэл хууль эрх зүйн хамгийн өндөр боловсрол эзэмшсэн шүүгчдийг эрх зүйч шүүх нь. Дээр нь тэдний гаргасан шийдвэрийг зөвхөн дээд шүүх агуулгын хувьд хянана.

Ийм тохиолдолд сахилгын хороогоор дамжуулаад шүүгч нарт нөлөөлөхгүй гэх баталгаа алга. Тэр тусмаа сонгууль ойртсон үед өнгөрсөн жилийнх шиг өрсөлдөгчдөө хэрэг тохоод хориулаад байвал яах вэ? Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэлээд байсан шиг шүүгч нар Төрийн ордны гуравдугаар давхарт ирж нэг хүнээс заавар авдаг байсан бол удахгүй УИХ-ын Байнгын хороодоос чиглэл авдаг болж болзошгүй нь. Сахилгын хорооны гишүүдийн CV ямар байх нь аль нам эрх барихаас хамаарах нь.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 465

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)