Гашуун шоколад

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас какао шошны модод устан, 2050 он гэхэд хүн төрөлхтөн шоколад амтлах хувь дутна гэсэн сэтгэл гонсойлгом мэдээг хоёрхон жилийн өмнө эрдэмтэд дуулгаж байв. Гэтэл дэлхийн дулаарлаас ч урьтаж какаоны тариалан цаашид оршин тогтноход бэрх хүндхэн сорилттой тулгараад буй.

Тансаг амтыг нь таашаадаг хэрнээ шоколад үйлдвэрлэл хэрхэн явагдаж, хэр олон хүний хөдөлмөр шингэдэг талаар бид төдийлөн ойлголтгүй гэхэд болно. Зөвхөн Эквадорын бүсэд ургадаг какао шошны модод бүрэн ургаж гүйцтэлээ 60 жилийг зарцуулна. Жилд хоёронтоо ургац өгдөг ч шош бүрэн боловсроход цаг агаарын тааламжтай байдал, чийгшил, уйгагүй арчилгаа чухал. Газар тариалангийн салбар тэр дундаа улаанбуудай, буурцаг үйлдвэрлэл зуун жилийн өмнөөс техникийн дэвшлийн үр шимийг хүртэж ургац хураах, боловсруулах үйл явц бүрэн автоматжсан бол какао тариалалт эртний соёл иргэншлийн тэр л янзаараа өнөө үетэй золгожээ. Модныхоо мөчир бус ишинд ургадаг какаоны булцууг хагалж шошийг нь авах, исгэх, наранд хатааж хуураад боловсруулах үйлдвэрт тушаах хүртэлх бүхий л үйл явц дан гараар хийгддэг юм.

Эртний ацтекууд анхлан амтыг нь таашаасан ч өнөөдөр дэлхийн какао үйлдвэрлэлийн 60 хувь Баруун Африкийн Гана, Кот-д’Ивуар улсуудад ногдож байна. Кот-д’Ивуар буюу Зааны Ясан эрэг улсад гэхэд л 30 сая хүн какао тариалангаас хамааралтай амьдарч ДНБ-ий 15 хувийг шоколадны түүхий эдээс олох орлого бүрдүүлдэг ажээ. Хөдөлмөрлөх хүчнийх нь гурваны хоёр хувь какао тариаланчид гэлээ ч Кот-д’Ивуарын Засгийн газар бус мянга мянган километрийн алсад орших Лондон, Нью-Йоркийн түүхий эдийн бирж шошны үнийг тогтооно. Дэлхий даяар шоколадны үйлдвэрлэл жилд 100 тэрбум ам.доллар эргэлддэг том зах зээл ч гэлээ эндэхийн тариаланчид өдөрт 1 ам.доллараас бага орлого олдог. Европт төвтэй, тансаг шоколад, амттан үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ цэвэр байгалийн гаралтайн дээр үйлдвэрлэлийн шат дамжлага хуулийн дагуу явагддаг хэмээн сурталчилдаг. Гэтэл үнэн хэрэгтээ аз жаргалын амтыг хүртээх шоколадны цаана авлига, хүчирхийлэл, боолчлол, хүний наймаа гээд үй түмэн асуудал бий.

Жилдээ хоёр сая тонн шош хураадаг Кот-д’Ивуар улсад тариаланчдын гар дээр очих хөлсийг Засгийн газрын онцгой комисс хатуу тогтооно. Үүнийгээ тэд “франко-фермийн үнэ” гэж нэрийддэг. Өөрөөр хэлбэл улсынхаа амьжиргааны доод түвшинг Лондонгийн биржээр шош арилжаалагдаж буй зах зээлийн үнэтэй харьцуулан гаргаж ирдэг юм. 2018 онд энэ тоо 750 франк буюу кг нь 1.34 ам.доллар хүрэхгүй байв. Эсрэгээрээ Лондонд кг шошны фьючерс ханш 4.29 ам.долларыг зааж байх жишээтэй. Зургаан сар тутам ургац өгдөг какао модноос нэг удаад кг хүрэхгүй шош хураана. Ингэхээр Кот-д’Ивуарын таван сая тариаланч бүтэн жил зүтгээд ч 200 ам.доллараас бага хөлс гар дээрээ авч байгаа юм. Дээр нь яг л манай малчид шиг дундын зуучлагч ченжүүдийн амыг дагуулах, зээлээр өгөөд үнэ өртөгөө бүтэн олж авч чадалгүй хууртах нь олон. Дэлхийн зах зээл дээр какаоны ханш өссөн ч Засгийн тогтоосон жишиг үнэ хэвээр тул зөрүү мөнгө хэний халаасыг түнтийлгэдэг нь ойлгомжтой.

Сүүлийн жилүүдэд какао тариаланчид ариглаж боловсруулсан шошоо дундын зуучлагчдад хүргэх, харин зуучлагч агуулахаасаа экспорт эрхэлдэг компаниудад түгээхдээ амь өрссөн бэрх замыг туулах болжээ. “Чи энэ улиралд хэдэн кг шош хурааж хэр мөнгө олсныг дороо л мэдэцгээнэ. Ургац хураалтын дараа долоо хоногт 2-3 хүн дээрэмдүүлж амиа алддаг” хэмээн какао тариаланч Эрик Коффи Куасси ярьж байна.

Тэдний тосгон Кот-д’Ивуарын какао үйлдвэрлэлийн гол түшиц газар ч гэлээ тариаланчдын амьдрал нэн хүнд. Сургуулийн барилга байтугай усан хангамж, эрчим хүчгүй тосгон сургуулийн насны 200 гаруй хүүхэдтэй. Орон нутгийн удирдлагаас багачууд зургаан түвшинд хувааж сургуульд хамруулахыг зорьдог ч хүүхдүүд саравчинд хичээлснээс илүүтэй тариаланд ажиллаж ар гэртээ нэмэр болохыг хүснэ, эцэг эх нь ч тэгж шаардана.

Хаяг шошгыг нь харахад л арааны шүлс асгарам амтат шоколадаа задалж байхдаа “Үйлдвэрлэл хуулийн дагуу явагддаг” гэсэн бичгийг та төдийлөн анзаардаггүй байх. Харин Баруун Африкт хоёр сая хүүхэд какаоны тариалангийн хүнд хүчир ажилд зүтгэж буй. Эцэг эхийн аясаар, өөрийн хүслээр хөдөлмөр эрхлэх нь түгээмэл ч багачуудыг хулгайлж боолчилж байсан баримт цөөнгүй.

Таван жил боолчлогдсон хүү:
Би хөлс мөнгөгүйгээр ажилласан. Таны амталсан тэр шоколад миний цус махны үнэ байсан юм шүү.

Британийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 2000 онд бүтээсэн “Slavery: А Global investigation” баримтат кино Барууны ертөнцөд тэр дундаа амттаны зах зээлд жинхэнэ дуулиан тарьсан үйл явдал болсон. Гэрийнхээ ойролцоо хулгайлагдаж таван жил какаоны тариаланд боолчлогдсон залуугийн гунигт дурсамж, хоногийн 18 цагийн хөлсгүй хөдөлмөр, зодуур дарамтаас амь зулбан дутаасан балчир жаалуудын толгойноосоо хөлөө хүртэл шарх сорвиор дүүрсэн биеийг хараад шоколад үйлдвэрлэгчид, амттан хэрэглэгчид сая л нэг сэхээ авав. Өрнөдийн орнуудаас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, боолчлолыг өөгшүүлдэг какао ханган нийлүүлэгчдэд хориг тавьснаар Кот-д’Ивуар 2005 он гэхэд тариалан дахь хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн халах амлалт өгчээ. Харамсалтай нь15 жил өнгөрөөд байхад энэ амлалтыг эргэн нэхэх нэг ч хүн байсангүй. Хямд какаоноос тансаг бүтээгдэхүүний ашгаа унагаж дадсан Европын шоколад үйлдвэрлэгчид “Өрхийн амьжиргааг дэмжих санаачилга” гэдгээр халхавч хийн Засгийн газруудаа лоббидож дөнгөсөн юм. Амь зуухын эрхээр гэсэн улигт шалтаг дор өнөөдөр Кот-д’Ивуарын 30 000 хүүхэд шошны тариаланд ажилласаар. Мөнөөх боол хүүхдүүдийн тухай баримтат киног барууны сэтгүүлчдийн бодож олсон зохиомол түүх гэж мушгихаа ч эрх баригчид мартсангүй. Эцэстээ какао тариалахаа больсон цагт л хүүхдийн хөдөлмөрийг халах боломжтой гэж ил цагаанаар хэлдэг болжээ. Гэтэл какао гэдэг энэ улсыг тэжээгч гол хүчин зүйл нэгэнт болсон тул хэн хоолноосоо салахыг хүсэх билээ. Какаоны халуурал дээд цэгтээ хүрсэн 1990 оноос Зааны ясан эрэгт онгон зэрлэг ойг тариалангийн зориулалтаар хөндөж эхэлжээ. Үржил шим нь муудсан талбайгаа орхиод ширэнгэ рүү дайрах болсон тариаланчид гучхан жилийн дотор улсынхаа ойн баялагийн 85 хувийг устгачихаад сууж байна. Ургаа моддыг нь булгалж какао тариалаад эхний 2-3 жилдээ ургац авахгүй. Хожим ердөө 5-6 жил ашиглаад л өмхөрсөн ой үлдээдэг ажээ.

Сэтгүүлч, зохиолч Орла Райн

Дээд зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч компаниудын цахим хуудас руу ороод харахад “Экологийн тэнцвэрийг хадгалдаг” гэсэн тайлбар нүдэнд тусах ч үнэн хэрэгтээ тийм биш. Фермерүүд өнөөдөр ширэнгэн ойгоо устгах уу, гэр бүлээ тэжээх үү гэсэн хүндхэн сорилттой тулгарлаа. Баруун Африкийн эдийн засаг какаоноос үлэмж хэмжээгээр хамаарч багахан ашиг хүртэж байна.

1970-аад онд нэг тонн какаоны үнэ 5700 доллар байсан бол одоо гурав дахин буурсан. 2019 онд Гана болон Кот-д’Ивуарын Засгийн газрууд сөхөрч гүйцсэн тариаланчдаа ядуурлаас гэтэлгэхээр тохиролцож какаоны ханшийг 2600 долларт барих санал хүргүүлсэн ч шоколад үйлдвэрлэгчид татгалзсан билээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 465

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. olive bas adilhan jimsee ih udaj bj ogdog schokolate aar german huuhnuud aberik tserguuded biyee untlj bsn gedeg tuuh ch bii

    0 0 Хариу бичих
  2. Зэрлэг капитализмыг сурталчилдаг Сосорбарамаас өчиг ав.

    0 0 Хариу бичих
  3. ТЭГЭЭД КОФЕ УУХАА Л БАЙЧИХААЧ ҮНЭТЭЙ УУ ГЭЭД БАЙГАА ЮМУУ ХАШАА ЮМ ВЭЭ

    0 0 Хариу бичих
    • кофе биш какаоны тухай ярьж байна. Уншдаа эхлээд малаа

      0 0
  4. Amttai unetei buhnii tsaana gasuun tuuh baidgiig heljee bulgan shuba nonorch bui himuus ch bas ichih heregtei tsaana ni yamar orovdmoor haruusmaar bdag bilee

    0 0 Хариу бичих
  5. Нөгөө ардчилалын үнэ цэнийг тунхаглагч Америк хаана байна аа? Европ хаана явж байна?

    0 0 Хариу бичих