Нөлөөгүй залуус

Олон улсын залуучуудын өдрийг өнгөрсөн жил “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудыг өргөнөөр оролцуулья” уриан дор тэмдэглэсэн нь Монгол төдийгүй дэлхийд тэдний оролцоо дутагдаж буйг ядах юмгүй яриад өгөх шиг. Монгол залуусын орон байтал хэрэг дээрээ хөгшчүүлээсээ ч цөөхүүлээ. Шийдвэр гаргах түвшинд бүр ч цөөхүүлээ. Цэл залуу хувьсгалчид цал буурал болсон ч тэтгэвэрт гарах хаа ч байсан гээд гялалзаж явна. Монгол Улсын нийт хүн амын 34.9 хувь нь 15-34 насны залуус эзэлдэг хэр нь мөнхийн сургууль, цэцэрлэгийн гачлантай. Нийт сонгогчдын 42.2 хувийг залуучууд эзэлж буй атлаа ахмадууд асуудлыг шийддэг янзаараа.

Байр сууриа булаалгасан нь

Залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийнхээ ойг энэ жил сүр дуулиантайхан тэмдэглэх нь дамжиггүй. Гэвч нийгэмд үзүүлэх нөлөө нь улам бүр хумигдсаар, холбооны байрныхаа түрээслэгчдийн хэмжээнд очитлоо жилээс жилд жижгэрсээр. Нам дагасан залуучуудын олон байгууллага байдаг ч тэд толгой байгууллага болох намынхаа бодлогыг залууст сурталчилах, санал авах зорилгоор үйл ажиллагаа явуулдгаас бус залуусын нөлөөг нэмэгдүүлэх сонирхол үгүй нь хэнд ч ойлгомжтой билээ.

“Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавлан “Эдгээр байгууллагууд улс төрийн маш их хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй. Хуучны социалист залуучуудын холбооны бараг төрийн аппарат шиг данхгар бүтцээ зөөллөж чадаагүй” гэдгийг хэлээд “Засаг солигдохоор намаа дагаад эдгээр залуучуудын байгууллагуудын удирдлагууд нь солигддог гэх мэт хөгжилтэй зүйлүүд ихтэй юм билээ. Өөрийгөө үнэлдэг, өөрийн үнэ цэнэтэй залуучууд мэдээж ийм байгууллагууд руу ойртохоос цааргална. Дотор нь ороод сайн ажил хийж байгаа мундаг залуучууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л цүнх баригчид бэлтгэдэг системээсээ салж чадахгүй байгаа” гэж шуудхан санал нэгдэв. Мэдээж үйл ажиллагаа нь үлбэгэр, залуусын хүчинд бус намын нөлөөнд оршин тогтнодог тэдгээр байгууллагад ороод өөрсдийн ашиг сонирхол, дуу хоолойг хүргэхээр ах нараасаа зөрвөл юу болох нь ойлгомжтой. Хаалгаа гаднаас хаахаар өөр сонголт байхгүй. Ийм болохоор л залуусын байгууллагад “мөнхийн залуус” дүүрч, жинхэнэ залуус зугтах болжээ. Мэдээж тэдгээр байгууллагад цөөнгүй залуус харьяалагддаг ч хэтийн зорилго нь тэрхүү байгууллагыг албан тушаал ахих гишгүүр болгохыг санаархагчдаас цаашгүй.

Мөнгөө төлсөн нь дуугаа захиална

Улстөрчид сонгуульд идэвхитэй оролцогчдын л саналыг авахыг хичээдгийг УИХ-ын сонгуулийн өмнө ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, хүүхдийн мөнгө тарааснаас харагдсан. Монгол залуусын орон болохоор өнгөрсөн удаагийн сонгуулиар оюутны мөнгө таслахгүй, орон сууцны зээлийг түр хугацаагаар хойшлуулахгүй байхаа эрх баригчид мартсангүй.

Сонгуулийн дүн ч таамагласан ёсоор болов. Уламжлал ёсоор ахмадууд сонгуульд хүчтэй нөлөө үзүүлэгч хэвээрээ байна. Хэрэвзээ залуусын сонгуулийн ирц 70 хувь болж өсвөл улстөрчид хүссэн, хүсээгүй залуусын төлөө ажиллаж, тэдний саналыг татахын тулд толгойгоо гашилгаж эхэлнэ гэдгийг судлаачид хэлж байна.

Гэтэл хүн амын дийлэнх хувийг эзэлж, ачааны хүндийг үүрч яваа залууст чөлөөт цагаа өнгөрөөх, сурч боловсрох, өрхийн эмнэлгээс өөртөө тохирсон үйлчилгээ авах, үр хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломж алга. Тийм гэдгийг ч “Зориг сан”-гаас явуулсан судалгаа баталжээ. 18-25 насны 680 залуусын дунд хийсэн судалгаанд оролцогчдын 68 хувь нь “Боловсролын салбарт шинэчлэл хийхийг, 54 хувь нь ажилгүйдлийг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хүсэж байна” гэж хариулсан нь баталж байна.

Гэхдээ энэхүү хүссэн зүйлээ хийлгэхийн тулд сонгуульд оролцохгүй байна. Сонгуулийн насны арван залуу тутмын 3 нь санал өгч байхад 10 ахмад тутмын 9 нь санал өгчээ.

Улс төрийг огтоос тоодоггүй. Хамгийн бохир заваан зүйл мэтээр төсөөлдөг залуусын сонгуульд оролцдоггүй олон олон шалтгааны нэг нь өөрийг нь төлөөлж чадахуйц нэр дэвшигч алга гэх шалтгаан бол олонхынх нь оролцдоггүй үйлдэл нь “Миний ганц санал ямар нөлөөтэй биш”. Хайрлаж, дурлаж, амьдралд алдаж, оносон ч өөрийнхөөрөө байх нь залуу хүний гэм биш зан болохоор яалтай. Тиймээс л ахмад сонгогчдын сонголтоор сонгуулийн үр дүн шийдэгдэж байна.

Ганцхан жишээ авахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтад оролцохоор 1 сая 932.3 мянган хүн улсын бүртгэлийн нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс 73.7 хувь нь буюу 1.424.5 мянган хүн санал хураалтад оролцсон бөгөөд насны бүлгээр нь судлахад сонгогчид нас ахих тусам сонгуулийн идэвх нэмэгджээ. 2016 оны сонгуульд ойролцоогоор 192 мянган залуу 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон нь 18-25 насны бүлгийн 46.4 хувийг эзэлж байв. Гэтэл 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу, хоёр хүн тутмын нэг нь буюу 50 хувь байгаа нь шинээр сонгууль өгөх эрхтэй болсон залуусын хувийн жингээс өндөр үзүүлэлт болжээ. Харин 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцжээ.

МАН сүүлийн хоёр удаагийн сонгуульд өндөр дүнтэйгээр ялалт байгуулсан гол шалтгаан энэ.

Ахмадууд сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлсөн хэвээрээ байгаа болохоор намуудын мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ илүү зонхилох болжээ. Тиймээс залуусын хүсэл сонирхол болсон боловсролын шинэчлэл, ажлын байрны хангамж, тэдний хөгжлийг дэмжсэн уян хатан бодлогыг ор төдий л тусгаад байна. Хэрэвзээ залуус сонгуульд нөлөөлж идэвхтэй оролцдог болвол улстөрчид тэдний саналыг авахын тулд хүсэвч, эс хүсэвч тэдний хүсэл, сонирхлын төлөө явах болно.

Тиймээс миний сонгосон төр засаг гэх юм уу, миний санал нөлөө үзүүлэхгүй гэсээр байх ахуйд ахмадууд өмнөөс чинь сонголтоо хийсээр байх билээ. Мэдээж энэ тохиолдолд мөнгөө төлсөн нь дуугаа захиална. 445655 тэтгэвэр авагч гэдэг залуусыг гуравны нэгтэй тэнцэх тоо.

“Үлэг гүрвэл”-үүд үхээгүй, хүчтэй хэвээрээ

Z үеийнхэн буюу 1995-2015 оныхны эрин үе ирж байна. Тэд өөрсдийн өмнөх Y-г (1980-1994 оны хооронд төрөгсөд), Y үеийнхэн нь Х буюу 1965- 1979 онд төрөгсдөө үгүйсгэн гарч иржээ. Хожуу үеийнхэн өмнө үеийнхнээ амьд байдгийг мэдэлгүй хамт аж төрсөөр байгаа тухай онигоо ч бий. Гэтэл байхаар барах уу, өөрсдийг нь тэжээж, улс орныг удирдаж явна. Тэдний эрин үе хэзээний дууссан ч Y үеийнхэн сүүдэрт нь явсаар нар үзэлгүй Z үеийнхэнд сууж үзээгүй байтлаа суудлаа тавьж өгөх нь. Х үеийнхэн эхнээсээ тэтгэвэрт гарах нас нь болж байгаа ч нийгмийн идэвхитэй, асуудлыг алгандаа атгасан тэд ахмадуудын адилаар, залуус өнөөгийнх шигээ үлбэгэр байсаар байхуйд хүчтэй хэвээрээ л байх болно. Харин ч залуусын үүрэх ёстой ачааг үүрч, хоёр идэхгүй, хоосон хонуулалгүй тэд хорвоог туулж явна. Харин ч тэднийг ад үзвэл алдас болно.

Сар бүрийн 1-нд тавих тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин буух үест л Монголд эдийн засаг эргэлтэд ордог. Хүнсний дэлгүүрүүдийн, хүүхдийн, эмийн гээд бүхий л эргэх ёстой эдийн засгийн үзүүлэлт эргэлдэх нь тэр. Тиймээс тэд хүчтэй, нөлөөтэй байна.

Уулыг эргүүлж, усыг ширгээдэг залуу насанд тэдний сүүдэрт сэрүүцэж суух гунигтай биш гэж үү? Хүсвэл залуусын гарт бүх зүйл байна. Хэрэв тэд өөрсдийн үзэн ядаад буйг өөрчилье гэж зориглох л юм бол бүх хөзөр нь өөрсдийнх нь гарт бий. Сонголтоороо шог байдлыг үгүй болгож, хүсвэл өөрсдөө ч өөрчлөх боломж байна. Дэндүү олуулаа хэр нь даанч нөлөөгүй байгааг өөрсдийнх нь үлбэгэр байдалтай холбохоос өөр том шалтгаан алга. Өнөөдөр хэцүү байж болно, өөрчлөх эрх чөлөө, сонголт нь залууст л бий. Өөрсдийнх нь сонсдог хөгжим, сонирхсон хэв маяг, хэмнэл, хүсэл зорилгыг ойлгуулах гэж зүдэрснээс өөрсдөө өөрчилж, оролцоогоо нэмэгдүүлбэл илүү хялбар байх нь дамжиггүй. Оролцоог нь нэмэгдүүлэхийг ч олон улсын байгууллагууд онцлоод байна. Хайрлаж, дурлаж, амьдралд алдаж, оносон ч өөрийнхөөрөө байх нь залуу насны утга учир биз дээ. Алдахгүй гээд үнэт зүйл, үзэл бодлоо гээгээд хувиа борлуулж довоо шарлуулж явбал хэн ч биш хэний хүнээс ч долоон дор хэрэг биш үү.

Одоо бүгдийг шинээр хийж, өөрөөр сэтгэж, үр хүүхдийнхээ төлөө бүтээх цаг шүү, залуус аа. Утсан хүүхэлдэй үлгэрт амилдаг шиг өнөө цагт “хүн” болчихно гэж сэрүүн зүүдэлж буй бол том эндүүрэл. Хариуцлагатай байж гэмээн нөлөөтэй болно. Харин яг одоо бидэнд ямар ч нөлөө алга. Байсаар атал ахмадууд бидний өмнөөс бүгдийг хийж байна. ИРЭЭДҮЙ ТЭДНИЙХ БУС ЗАЛУУСЫНХ БИЛЭЭ.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ- Эргэлтийн цэг 2021" тусгай дугаар

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. noloogui baagiinuud

    0 0 Хариу бичих