Хуулийн цоорхой үгнээс эхэлдэг

Толь бичиг:

Хууль бол Засаг төрийн дээд эрхийг барих байгууллагаас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан албан ёсны дүрэм, журам.

Гүн ухаантны тайлбар:

Хууль бол бүх нийтээр даган мөрдөх дүрэм, нийгмийн бүх гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журам. Хуулийн төсөл нь хууль тогтоох төрийн дээд байгууллага болох Их хурлаар (парламентаар) батлагдсаны дараа хууль үйлчилж эхэлдэг. Хуулийн шударга байдал гэдэг ойлголт нь тухайн газар нутагт, тухайн цаг үед ноёрхож буй нийгэмд тогтосон ёс зүй, хэв маягтай хэрхэн нийцэж буйгаас шалтгаалдаг.

Гэрийн эзэгтэйн тайлбар:

Хууль бол улс болон иргэд хэвийн амьдарч, оршин тогтноход чиглэгдсэн үр ашиггүй бол өөрчилж болдог уян хатан байдлаар зохиогдсон нийгмийн хэв маяг- журам юм.

Чөлөөт нэвтэрхий тольноос...

Хуулийг эзэмшсэн мэргэжил, боловсролын байдлаараа гүн, гүехэн тайлбарлах нь дамжиггүй ч нийгмийн харилцааг зохицуулж буй тэрхүү хууль гээч эцсийн бүлэгтээ нэг л ойлголттой, салаа утгагүй, ойлгомжтой байх ёстой. Гэтэл биднийг асуудлыг өнөөдөр өч төчнөөн хуулийн цоорхой байгаа талаар хуульчид халаглан ярьдаг. Хуулийн цоорхой гээч үгнээс эхэлдэг гэлтэй.

Нэгэн зүйл: Өвдөг “мэхийсэн нь”

Соёлын сайд болж буй бүсгүй өөртөө эргэлзсэн байдалтай, учраа ололгүй унаж, тусан улаа бутран байж төрийн далбаанаас адис авав. Бүгд шуугилаа. “Арай ч дээ”, “Онигоо”, “Ийм соёлгүй байх хүн соёлын сайд боллоо” гэхчилэн баалав. Байр байдлыг нь харвал тийм ч биз. Төрийн ёслолын журмыг харвал үгүй ч байх. Төрийн ёслолын журамд Засгийн газрын гишүүн тангараг өргөнө гэж заагаагаагүй байх агаад УИХ-ын гишүүн тангараг өргөх тухай 12.3-т заажээ.

12.3. Тангараг өргөсний дараа гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө баруун өвдөг мэхийн сууж адис аван, чуулганы танхимын голд байрлуулсан ширээнд сууж, тангарагийн бичигт гарын үсэг зурна. Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гардуулна.

“Мэхийх” гэдгийн Монгол хэлний тайлбар тольд бие бөхийн толгой гудайлгах гэж тайлбарлажээ. Магадгүй шинэ сайд “өвдөг мэхийн” гэдгийг ойлгоогүй байж болно. Хөл толгой нь олдохоо байж, буруу зөрүү ярьдаг болсон өнөө цагт өвдөг мэхийдэг гэж хэл хальтирч болох авч хууль, журамд мэхийлгэж болохгүй.

Дээрхийн утга нь өвдөг бохирох гэдгийг хэлээд байгаа хэрэг болж таарлаа. Өнөө цагийн хууль, журмыг боловсруулагчид эх хэлний ямаршуухан мэдлэг тэй,бидний бүхий л харилцаагаа зохицуулж буй хуулиудад тэр нь хэрхэн тусгалаа олсны тод жишээ энэ гэлтэй.

Нэгэн зүйл: Дампуурлын дампуурсан хууль

Дампуурлын тухай дампуурсан хууль байх. Энэ хуульд нэг ижил зүйлийг хоёр өөрөөр зохицуулсан заалт бий.

6.1.Оролцогч этгээдүүд дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг
эс зөвшөөрвөл түүнийг гарсан өдрөөс хойш 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Шүүх уг гомдлыг 15 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

6.2.Оролцогч этгээдүүд дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Шүүх уг гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Хэрэвзээ хоёр дахь заалтыг нь дагавал эхний заалтаар шүүх гомдлыг хүлээн авахгүй байх бүрэн боломжтой. Хамгийн ойлгомжгүй нь дампуурсан байгууллагын эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зохицуулалт бүхий заалт

болох 18.4-т “Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдахдааИргэний хуулийн 197 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 39.5, 39.10, 39.11-д заасан журмыг баримтална” гэж заажээ. Гэтэл хууль тогтоогчид 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэчилсэн найруулгыг батлахдаа дээр дурдсан заалтуудыг нь үгүй хийчиж. Тэрхүү хуульд тийм заалт байхгүй.

Нэгэн зүйл: Олсон хүний олз

Монголчууд төөрч, будилж, унаж босон урагшлахдаа уул уурхайнхаа ачаар чоно цатгалан, сүрэг тарган, өлдөж үзсэнгүй. Баялагтай байхын зовлон их. Хэрүүл шуугиан тасарсангүй. Дахиад хэдэн жил хэрэлдэхийг хэлж мэдэхгүй нь. Асуудал баялагт бус мэнгэ нь гололсон хууль тогтоогчдод байжээ. Үүнийг бичигч бус Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх заалт хэлээд өгнө.

“5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”.

Энэхүү хуулийг баталсан парламентын дарга нь Ц.Нямдорж.

Хууль хэн хүнд ойлгогдохоор энгийн байх ёстой. Тэгж гэмээнэ амьдралд хэрэгжинэ. Гэтэл газрын баялаг маань байгалийн байдлаараа байсан тохиолдолд л зөвхөн төрийн өмнө байна гэж энэхүү заалтаас ойлгогдож байна. Нүүрсний орд байна гэж тооцьё. Ухаагүй байхдаа төрийн өмч мөн байх. Хэрэвзээ ухаад гаргаад ирвэл хэний өмч вэ гэдгийг хэлж өгөх хууль алга.

Бод доо. Та үнээтэй. Таны үнээ юм чинь гарах сүү нь таных байж таараа. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар үнээний дэлэнд буй сүү дэлэндээ байхдаа л таных. Харин хэн нэгэн этгээд саагаад авчихвал таны сүү таных биш болж таарах уу. Эсвэл танай хашаанд байхдаа л үнээ таны өмч. Харин хашаанаас чинь гаргаад туучихвал таных биш болчих
нь. Угтаа үнээ таны өмч учраас таны зөвшөөрөлгүй туугаад явбал малын хулгайч болдоггүй бил үү?

Нэгэн зүйл: Болно нь болохгүй

Хуулийн “болно” гэсэн заалтыг төрийн байгууллагууд болохгүй болгодгийн бодит жишээ нь “Монполимет” группын охин компани болох “Монцемент бюлдинг материалс” ХХК Гаалийн ерөнхий газрын маргаан. Уг компани “Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэн олон улсын стандартыг хангасан цементийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслөө Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын 2.1, 2.1.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн

11.2-т заасны дагуу импортын албан татвараас чөлөөлөгдөхийг хүсч, Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан аж. Гэтэл Гаалийн ерөнхий газар 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 03- 1/2258 тоот албан бичгээр хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж, харин ч гаалийн татвар ногдуулах, улсын байцаагчийн акт тогтоохоо мэдэгджээ. Энэ удаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь заалт маргаан дэгдээв. Тэрхүү заалт нь:

“Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гэж заажээ.

НӨАТ-ыг тэглэж ч болох бас тэглэхгүй байж ч болох салаа утгатай гэсэн үг. Энэ салаа утга нь Гаалийн ерөнхий газрынхныг үзэмжээрээ асуудалд хандаж, цаашилбал албан тушаалаа урвуулан ашиглах боломжийг өөрөө олгож байна. Анхан шатны шүүх энэ хэргийг “Монцемент бюлдинг материалс” ХХК- ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах болон хяналтын шатны Шүүх хариуцагч Гаалийн ерөнхий газрын талд шийджээ.

Нэгэн зүйл: Нийгмийн чиг баримжаа

Нийгмийн гэрээ гэгддэг Үндсэн хуульд бүх учир байна гэж улстөрчид ярьсаар эцэг хуульдаа өөрчлөлт оруулсан. Гэтэл энэхүү нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх ёстой хуулиас эхнээсээ Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалтай зөрчилдөж эхэлжээ. Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Галбаатар, “Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэвч энэ шаардлагыг Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд боловсруулж, баталж буй хуулиуд, хуулийн төсөлд зөрчиж байна. Тиймээс хуульчид, иргэд хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар хууль санаачлагчид шаардлага тавих цаг болжээ” гэж дүгнэсэн байна.

Аливаа улс орнууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг урьтал болгодоггүй. Харин нийгмийн чиг хандлага, эдийн засгийн өөрчлөлтөд нийцүүлэн тайлбарлаж ойлгох нь бий. Хуулийг эрх баригчид баталдаг ч нийгмийн буюу олон нийтийн нийтлэг эрх ашиг түүнээс дээр тавигддаг байх ёстой. Хэрэвзээ нийгмийн эрх ашигтай зөрчилдвөл гэрийн эзэгтэйн тайлбарласанчлан өөрчлөх ёстой. Харамсалтай нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хуулиудыг бидний тусын тулд хууль сахиулагчид өөрсдөө ч мэдэлгүй үйлдвэрлэж байна.

Харамсалтай нь хууль тогтоогчдын хамгийн сайн хийх ёстой ажил болох хууль боловсруулалт хангалтгүй. Бүр халтай хэмжээний байгаагийн үй олон жишээний ердөө ганц нэгхэн нь энэ. Энгийн нэгэн байтугай эрх зүйчид ч ойлгохооргүй таавар аятай хууль нэртэй гууль олон бололтой.

Нэгэн зүйл: Хүрээний булай барагдахгүй

Монгол Улсын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд буй 780 хууль, 2030 УИХ-ын тогтоол, 186 Ерөнхийлөгчийн зарлиг дундаас болоод буй үйл явдалтай холбогдуулан ганц нэгхэн хууль, журмыг энгийн нэгэн эргүүлж тойруулан сөхөхүйд ийм хачин зүйл, заалтуудтай таарах ажээ. Цаашилбал юутай учирч нүдээ сохлохыг хэлэхэд бэрх.

Хүрээний булай барагдах биш гэдэг шиг цаана нь 4723 Засгийн газрын тогтоол, 915 сайдын тушаал, 592 Монгол Улсын гэрээг шүүрдвэл юутай учрах бол. Хамгийн аймшигтай нь утга, найруулгын алдаатай тэдгээр хуулиуд бидний харилцааг зохицуулж, хэн нь наранд, хэн нь нарсанд байхыг шийдэж байна. Тиймээс хуулиудаа эргэн харах зайлшгүй шаардлага хууль тогтоогчдын өмнө тулгарч байна. Гэхдээ чадамж байна уу гэдэг эргэлзэлээтэй билээ. Одоо тэгээд хуулиа л дагана даа.

Мэдэхтүн, сахихтун.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 466

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. мэдэгтүн сахигтуун түмэн олон минь

    0 0 Хариу бичих