НҮБ Мьянмарын жагсагчдад хүч хэрэглэснийг буруушаав

Бямба гарагт Мьянмарын цэргийнхэн жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антониу Гутерриш эрс буруушаан  тус улсыг иргэний засаглалд шилжихийг уриалав. 

“Тайвнаар жагсаж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг айлган сүрдүүлж, мөрдөн мөшгөж,  тэдний эсрэг хүчирхийлэл явуулахыг эрс буруутгаж байна. Бүх талууд сонгуулийн дүнг  хүлээн зөвшөөрч иргэний засаглалдаа эргэн орохыг би уриалж байна” хэмээн дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн  твиттертээ бичжээ.  

 Мьянмарт цэргийн хүчээр иргэдийн жагсаалыг тараахдаа байлдааны сум ашиглан хоёр хүн амиа алдсан бичлэг нийгмийн сүлжээгээр түгсэн юм.

Хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт гарч засгийн эрхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал Мин Аунг Хлайнд шилжүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч Вин Мьин, Төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг баривчилсан юм. 

Төрийн эргэлтийн дараа тус оронд интернэтийг бүрэн хаажээ. Хоёрдугаар сарын 12-нд цэргийнхэн шинэ ардчилсан улс байгуулна гэж зарлаад 23 мянган хоригдолд өршөөл үзүүлэн чөлөөлсөн ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)