Цар тахлыг цурамлах цаг айсуй

Дэлхий дахинд тархаж, олон мянган хүнд халдварлаад буй аюулт цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд жил гаруй хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан, гадаадын улс орон руу зорчихыг хориглож, сургууль, цэцэрлэг багагүй хугацаанд “хаалгаа барив”.

Түүнчлэн дотоодод халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш Ковид19-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж, ихэнх аж, ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон юм. Энэ нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй төдийгүй иргэдийн халаасыг ч нимгэлж буй билээ. Гэхдээ өнөөдрөөс хөл хорионы дэглэм сулруулж, нийслэлийн иргэд хэвийн амьдралын горимд шилжиж байна. Мөн вакцинжуулж эхэллээ.

Нийслэлийнхэн хэвийн амьдралын горимд шилжлээ

Өнөөдрөөс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурч, нийслэлийнхэн хэвийн амьдралын горимд шилжиж байна. Тодруулбал, эдийн засгаа дэмжих зорилгоор хатуу хөл хориог цуцалж, ААН байгууллагын 95% нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шийдвэр гарсан билээ. Улмаар

  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Диско баар
  • Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар зэргээс бусад байгууллага хэвийн горимоор ажиллаж эхлэх юм.

Харин эдгээр ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахих үүрэг хүлээж буй.

Хөл хорионы дэглэм суларч, вакцинжуулалт эхэллээ

Ийнхүү хөл хорионы дэглэм суларч буйтай зэрэгцэн вакцинжуулалт эхэллээ. Тодруулбал, өчигдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын "АстраЗенека" вакцины 150 мянган тун ирсэн юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөв.

Эхний ээлжийн вакцинжуулалт өнөөдрөөс эхлэх бөгөөд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдээ вакцинд хамруулах юм.

 “АстраЗенека” нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсхүл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар нотлогдсон. Өнөөдрийн байдлаар 42 орон энэ вакциныг хэрэглэж эхлээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлсэн юм.

Түүнчлэн нэг хүнд хоёр тун вакцин хийх бөгөөд тухайн хоёр тун вакцин нэг үйлдвэрийн, нэг төрлийнх байх шаардлагатай. Тиймээс 150 мянган хүн тун вакциныг 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм.

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирнэ

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд хүн амаа вакцинжуулах төсөвт 226 тэрбум төгрөгийг баталсан билээ. Энэ нь вакцинжуулалт болон вакцины агуулах, хадгалах, тээвэрлэх зэрэгт зарцуулагдах хөрөнгө юм.  

Түүнчлэн ОХУ-ын үйлдвэрлэж буй Спутник В вакцины эхний ээлжийг ирэх долоо хоногт оруулж ирэхээр тохиролцсон болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.

Мөн БНХАУ-ын Синофарм вакцины 300 мянган тун өчигдөр орой манай улсад ирсэн бөгөөд ДЭМБ-аас баталгаажуулсны дараа вакцинжуулалтад хэрэглэнэ гэдгийг Засгийн Газраас мэдээлсэн.

Ийнхүү коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн тул хүн бүр хариуцлагатай байвал эрүүл энх цаг ойрхон бий. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Horshuuddee bayarlalaa

    0 0 Хариу бичих