Кубад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг тус улсад сурч буй оюутнуудтай уулзжээ

Монгол Улсаас Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 19-23-нд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрээр Куба улсын Камагуэй, Сиэнфуэгос мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хавана хот дахь Латин-Америкийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Салвадор Аллендийн нэрэмжит Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хосе Антонио Эчэверриагийн нэрэмжит Хаванагийн Технологийн их сургууль, Биеийн тамир, спортын шинжлэх ухааны их сургууль болон Хаванагийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж, оюутнуудын сурч амьдрах орчинтой биечлэн танилцжээ.

Элчин сайд Ш.Батцэцэг сүүлийн 12 сарын турш үргэлжилж буй цар тахлын хорио цээрийн улмаас оюутнуудын хичээл сургалт завсарлах, анагаах ухааны сургуулиудын төгсөх ангийн оюутнууд нийтийг хамарсан үзлэгт дайчлагдах эрсдлийг урьдчилан сайтар тооцох, ариутгал хамгаалалтын нөхцөлийг сайжруулах нөгөө талаар улс оронд үүсээд байгаа хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлын улмаас оюутнуудад тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар сургуулийн удирдлагуудтай санал солилцжээ. Энэ үеэр Кубад суралцаж байгаа манай оюутнуудын хичээл сурлагын үзүүлэлт, хүчин чармайлт, идэвхи оролцоог дийлэнх сургуулиуд сайн гэж дүгнэсэн байна.

Цар тахлын үед оюутнуудад тулгарч буй хүндрэлийг тодорхой төвшинд шийдвэрлэж ГХЯ-ны Консулын газрын “Иргэдэд туслах сан”-гаас олгож буй тусламжийн барааг  оюутнуудад хүлээлгэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)