Нам дагасан зуун

Тэгш ойд өндөр ач холбогдол өгдөг жам ёсоороо МАН даруухан юм шиг атлаа далайцтайхан баяраа тэмдэглэхээр зэхсэн нь намын даргын үгээр бэлдэн цацсан нэвтрүүлгээс илт. Өнөөгийн хүүхдүүдэд Умард Солонгосыг эрхгүй санагдуулах өнгө, будаг бүхий дүрсээр баяжуулж, ард нь улаан далбаагаа намируулан уран найрагчийнхаа урлан бүтээлгэсэн фантазат киногоор чимсэн нь гараад өгчээ. Хэн хийснийг хийц нь хэлээд өглөө. Гэхдээ л уйтгартай. Майн баярыг санагдуулам магтуу, амны уншлага болсон жижүүрийн үгсээ өөрсдийнх нь хэлдэгээр харизмтай, түс тас хийтэл хэлсэн ч явсангүй.

Уг нь МАН өнөөгийн судлаач, түүхчдээ ашиглан өмчлөөд буй 100 жилээ Коминтернийн зохиож өгсөн түүхийг засч, залруулах ажилд хөрөнгө, бодлого гарган намчирхалгүй татан оролцуулсан бол илүү сонирхолтой, бас шинжлэх ухаанч, өөрсдийнх нь хүсээд буйчлан гоё харагдах байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй.

Зуун жилийн дараа ч тухайн үеийн эх орончид юунд зорьж, ямар замаар замнахыг хичээж, нам нийлж, сэм хуйвалдан явсны утга учрыг одоо хэр нь бид бүрэн дүүрэн ойлгоогүй л явна. Намын даргын ярианд хэдэнтэй давтагдсан хүрээний бүлгэм хоёр биш гурав байсныг хагас зууны өмнө тэмдэглэн үлдээснийг харсангүй. Угтаа хүрээнд Да лам Пунцагдорж тэргүүтэй “Ноёдын”, С.Данзан тэргүүтэй “Түшмэдийн”, Д.Бодоо тэргүүтэй “Ардын” гэсэн гурван бүлэглэл бий болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх арга зам эрэлхийлжээ. Хоёр биш гурван бүлэглэл байсан тухайд “1920 оны зун хувьсгалт байгууллагын гишүүдийн хурлаар баталсан нууц харилцааны түлхүүр бичигт “Ардын нам”, “Түшмэдийн нам”, “Ноёдын нам”-ыг тус тусад нь ялган шифрлэсэн байдаг” гэж судлаач Д.Даш 1971 онд тэмдэглээд 50 жил өнгөрсөн ч МАН-ын бичээчид олж харсангүй. Тэд олж хараагүй болохоор даргын үг алдаатай явах нь зүйн хэрэг.

Монголын хувьсгалчид Оросын ахан дүүстэй хамтран харийн эзлэн түрэмгийлэгчдээс долдугаар сард Хүрээг чөлөөлсөн л гээд дарга уншаад байдаг. Тэр “эзлэн түрэмгийлэгч” нь Барон Унгерн. Гэтэл тэрхүү эзлэн түрэмгийлэгч нь гамин цэргийг Хүрээнээс 1921 оны хоёрдугаар сарын 4-нд хөөж гаргаад,  түүнээс 18 хоногийн дараа Богд хааныг хаан шинээнд нь эргүүлэн залчихсан, Монголд нэр хүндтэй болчихсон, мандаж явж.

Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас МАН-ын дэргэд ажилласан анхны төлөөлөгч Сергей Степанович Борисов илтгэх бичигтээ Монголд цэрэг оруулах шалтгааныг дараах 4 үндэслэлээр тайлбарласан нь “Нэгд, цагаан цэргийнхэн өөрийн хүчээ бөөгнүүлж, Монголын хил дагуу шинэ фронт нээхэд нь саад болох;

Хоёрт, монголчуудаар өөрийн эгнээгээ тэлж болзошгүй учраас цагаан цэргийнхний нөлөө монголчууд дунд түгэхэд нь саад болох;

 Гуравт, японы нөлөөг саармагжуулах;

Дөрөвт, хятадын нөлөөг устгах” байв. Энэхүү томъёолол ёсоор Монголын хувь заяа шийдэгдэж, сар гаруй чилээлгэсний эцэст Данзан, Чагдаржав нарт туслахаа амлаж, даруй хил дээрээ очихыг зөвлөн буцаасан нь бидний асуудлыг Москвад шийджээ. Дээрх шалтгаануудын улмаас тусламж гуйн очсон гурван өөр бодолтой төлөөллөөс ард түмний төлөөлөл гэж үзсэнтэйгээ нь нягт хамтарчээ.  Эндээс ч Москвад найтаахад Монголд хатгаа авдаг болж. Анхны хувьсгалчдаас өөрсдийнх нь замд гай болсныг нь коминтерн ямар ч асуудалгүй зайлуулж, заримдаа нэгнийг нь нөгөөгөөр нь нухуулж байж. Ийнхүү бүх дэлхийг большевизмаар халдварлуулан эзлэх төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь бид болсон гэлтэй.

Үзэл суртлын хүлээсээр өөрсдийн дагагчдыг бэлтгэн сургаж, өөр бодолтой бүхнийг намын дайсан, нийгмийн шаар болгохоо тэд гарамгай хийжээ. Ийм л ахуй дор бүгдийг нь нэг хэвэнд зутгачихсан юм шиг, тархийг нь зорчихсон аятай ижил сэтгэж, арай өөрөөр асуудлыг харвал ад болж, хавчин гадуурхагдаж, бүгдийг нь ижил будгаар будчихсан аятай бид 70 жил хүлүүлжээ. Алуулж, алгадуулж, аргадуулж, зодуур дундуур туучин алдаж, онож, бүдэрч босч, тэнтэр тунтар алхсаар хүссэн ардчилалтайгаа 70 жилийн дараа золгосон байх юм. Тэр он жилүүдэд монголчууд сүм хийдтэйгээ хамт өв соёлоо, үзэл бодлоо, үүх түүхээ галдан шатаав. Коммунизмын гавьяа их ч гайг нь бид мартах учиргүй. Тиймээс төөрч будилсан ч аль альныг нь санаж, сургамж авах учиртай. Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо билээ. 

Тусгаар тогтнолоо дахин сэргээх гэж нэг зууныг илээсэн бид сая л эрх чөлөө тусгаар тогтнолтойгоо учирч, коммунизмд баяртай гэж хэлээд алгассан каптализмдаа буцаад буув.

Хөдөлсөн чулуу байраа олох гэж гурван жил зүдэрдэг шиг хүлээсээ тайлаад 30 жил болсон ч бид байраа олсонгүй зүдэрч явна. 

Нэг намын дарангуйллаас салж, олон намыг оройдоо залав. Илжиг модон хударгандаа дуртай гэгчээр бид баглаа хүлээндээ дасан эргэн санагалзаж, эрч хүчтэй, чанга гарыг эргээд хүсэмжилж, адын бодол тээн явдаг болж.

Нам дагасан бүлэглэл хөрөнгөжиж, хөлжиж, шударгаар зүтгэсэн нь хана мөргөж, хар аяндаа хуучнаа үгүйлж сууна. Намын дээвэр дор шургалсан бүхэн баяжиж,  энгийн дундаж давхаргынхан доошилж, бүх зүйл шударга бус, хууль харилцан адилгүй үйлчлээд ирэхээр аргаа барсан нэг нь хуучнаа санагалзаж, бурууг тогтолцоондоо тохон бага багаар ардчилал алдуурч эхэлжээ.

Өмнөх нийгмийн намын дарга нарын тансаглал өнөөдөр ч оршиж, тусгай эрх ямбаных нь оронд түрийвчийг нь зузаатгах эрх мэдэл бий болов.

Нам төрийн албан тушаалыг наймаалцдаг явдал бодитоор буйг 60 тэрбумын гэх бичлэгээс монголчууд үзэв.

Урьдын цагт ч мал дагавал ам тосдоно гэдэг асан монголчууд коммунизмын үед мал биш нам дагавал ам тостдог, холуур явбал модоо барьж, хоосон хоцордог, дургуйг нь хүргэвэл дээлээ нөмөрдөг болсон явдал одоо байсаар л байна. Мал маллахаа марксизмаар заалгаагүй малчид өнөөдөр ямаанаасаа дорж болсонтой эвлэрэхээс өөр яалтай. 

Монголчууд Хойд Солонгос шиг хаалттай биш учраас дэлхийн технологийн хөгжлөөс хоцорсонгүй. Гэхдээ зуун жилийн өмнө байсан модон жорлон одоо ч байна. Дэнлүү барьдаг айл өнөөдөр ч Улаанбаатарт байж байна. Барилга байшин, машин тэрэг, өмссөн, эдэлснээр нь хөгжлийг тооцдог бол хөгжсөн. Хүн амынх нь амьжиргаа, хүсссэнээ хийх боломж, төрийн албаны хүнд суртал зэргээр тооцдог бол бид хөгжсөнгүй.

Өнөөдөр салбар салбартаа манлайлан яваа, аль өнгөтэй өөдтэй гэсэн залуус элсээд байгаагийн цаад шалтгаан нь нам гээч нийгэмд ямар нөлөөтэй, түүнгүйгээр хэнийг ч амар заяа үзүүлдэггүй болсных. Монголд барууны гэж өөрсдийгөө тодотгодог ч зүүний үзлээс өөрөөр сэтгэдэг нам алга. Бүгд өөр өөр нэртэй ч өнгө зүс ижил. Үзэл баримтлал ондоо гэдэг ч үнэн хэрэгтээ ондоошсон нь ховор.

Бид нам дагаад зуун жил болжээ. Энэ хугацаанд бидэнд бий болсон ганц зүйл нь энэгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог болжээ. Зуун жилийн өмнөх ч тэр, 30 жилийн өмнөх ч тэр. Өнгөрсөн зуунд болсон Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын гурван хувьсгал гурвуулаа намыг дээдлэхийн төлөө явсангүй. Явах ч боломжгүй. Харин энэ хувьсгалуудын үр дүнд бид харийн дарангуйллаас салсан ч 2-т нь намын дарангуйлалд оржээ. МАН өнгөрсөн зуун жилийн  8 жилийг нь эс тооцвол дангаараа засгийн эрхийг барьж ирж. Монголын хоёр тулгуурын нэг нь гэгддэг Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болтлоо уруудан доройтсоныг цус сэлбэлт удааширч, дотоод ардчилал нь хумигдаж, эрх мэдлийн төлөө улайран зүтгэгчдийг оройдоо залснаас өөрөөр тайлбарлах аргагүй. 

Монголчууд энэ зуун жилийнхээ босгон дээр намын дарангуйллын халах цаг болжээ. Аль ч утгаараа бид урагшлах бус ухарч байна. Бидний оршихуйн эсрэг хүчин нь нам болоод хувирчихлаа. Амьсгал хурааж байхдаа "намайг намын гишүүнд тооцоорой" гэдэг шиг намыг зүхсээр амь тавьсныг тоолж баршгүй. Намыг, оюун санаагаа цэгцлэхгүй бол бид хөгжлийн манлайд гарах нь байтугай хөлд нь үрэгдэж дуусах нь. Монголчуудын дээр төр, төрийн дээр нам байна. Гэхдээ ямар ч юм муу тал руугаа явах тусам сайн тал руугаа эргэдэг жамтай гэдэгт найдья даа.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Нам дагасан биш нам удирдсан 100 жил. Энэ зуунд Монгол улс тусгаар тогнолоо зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, олон арван үйлдвэр барьж байгуулан газар тариалн, хөдөө аж ахуйгаа хөгжүүлсэнийг хэнч үгүйсгэж чадахгүй билээ.

    0 0 Хариу бичих
  2. МАН МАХН 100 н жилийнхээ ойгоор 1932 оноос хойших болон өмнөх эсэргүүн гэх хэргээр цаазалсан ХҮМҮҮСЭЭН цагаатгавал их л баярлах байна БҮГДИЙГ нь Бурхан ивээг

    0 0 Хариу бичих
  3. Монголчуудын дээр төр,төрийн дээр нам байна гэж яр үнэн хэлжээ гүймөн намчирхаг улс шүү хөгжихгүй шүү энэ янзаараа явбал

    0 0 Хариу бичих
  4. туг яндарсаг ард түмэн шүү тэрнийхээ оронд наад балиар шороо дарсан шилэн дээвэрээ арчдаг болоосой

    0 0 Хариу бичих