Хүн болж төрсөн л бол шувтан нэгдүгээрт яв!

Монголын эдийн засаг түүхэндээ 17.3 хувьд хүрсэн үе бий. Дэлхийн II дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг Монгол давж гарч байв. Тэр их оволзсон өсөлт, өсөлт дагаж орж ирсэн их мөнгө хаачсан болоод өнөөдөр эдийн засаг нь нойл заагаад иргэдийнх нь 1/3 ядуурчихсан юм бэ гэж асуумаар санагддаг. Хор хөдлөөд тэгж асууж байна. 

Тэр “17.3%” чинь ядуурлыг нь устгаад хаячих нь яасан юм бэ? Зүгээр л идэж уугаад, бааж шээгээд, жаргалдаа хэрэглээд ор мөргүй алга болчихсон уу? Гарчигт өгүүлснээр монгол хүн болж төрсөн л бол ямагт эхний байрт яв гэдэг утгаар дор түүх хүүрнэе.

Ли Куан Югийн зориг тэвчээр, овсгоо самбаа, ухаалаг шийдвэрийг сингапурчууд гайхшран шагшдаг байв. Түүнд итгэсэн л бол итгэлээ гээнэ гэж байхгүй. Тэрээр хамгийн авъяаслаг, чадвартай баг бүрдүүлснийхээ төлөө хэзээ уучлалт гуйхгүй гэсэн зарчмаар ажилласан ба тэр нь нэг талаасаа ихээхэн зөрүүдийн шинж ч гэлтэй. Тэр баг гэдэг нь нэг л алтан дүрэм үйлчилнэ: Бусдаас илүү ухаантай байхаас хэзээ ч бүү ич. Энэ бол аугаа том ололт юм шүү гэдэг дүрэм. 

Тийм чадварлаг баг байгаагүй бол сингапурчуудын хэн ч өнөөгийн Сингапурын сайн сайхан амьдралыг эдлэхгүйбайх байсан. Энэ бүхний өртөгийг хэн төлсөн юм бэ гэвэл тэр чадварлаг баг нь хэмээн ярина. 

Сингапурын эдийн засаг маш сайн хөглөгдсөн учраас бидэнд олдсон боломж бүрийг дээд зэргээр ашиглан хөгжиж чадсан юм. Манай сонгогчид нэхэл өндөртэй хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Хүн бүр боловсролын түвшнээ аль болох дээшлүүлэхийн төлөө явж байна. Хүмүүс өөрсдөөсөө илүү хүнээр удирдуулахыг хүсдэг болохоос өөрсдөөсөө доогуур хүнээр удирдуулахыг хүсэхгүй шүү дээ! 

Энэ мөн гайхамшигтай үгс байгаа биз. Монголын улс төрчдөд бол яг л библи шиг очиж суумаар сургааль санж. Ли Куан Ю бүр ингэж хэлдэг байв. Гэхдээ байнга шүү. 

Баг гэдгээ тэрээр улс төрч гэгдэх “300” хүнээ хэлж буй бус, өөрийнхөө эргэн тойрны ойр ажилладаг хэдхэн нөхрөө л хэлээд байх шиг. Тэр баг нь Ерөнхий сайд, Шадар сайд, хэдэн сайд, тэдний зөвлөх, туслахуудыг баг гэж нэрлэжээ. Энэ баг шинэ хүмүүсээр цусаа сэлбэхгүйгээр сонгуулийн хоёроос илүү хугацаанд тэсэхгүй гэдэг зарчим бас буй. Цус сэлбэхээр орж ирсэн шинэ хүмүүсийг ажилд нь сургаж, багийн нэг хэсэг болгохын тулд цаг алдалгүй авч ажиллуулах хэрэгтэй гэж тэрээр сургадаг. Ийм туршилтыг тэрээр 5-10 жилдээ нэг удаа хийж хэрэгжүүлж байв. 

Сингапур нь бүс нутагтаа хамгийн чадварлаг, үнэнч шударга төрийн түшээдтэй гэж тооцогддог учир тэдэндээ өндөр цалин олгоход гайхах зүйлгүй хэмээн Дэлхийн Банкны нэг илтгэлд бичээстэй байх юм. Сингапурын тэрхүү тогтолцоо үр дүнгээ өгч байгааг Дэлхийн Банкнаас хүлээн зөвшөөрсөн нь тэр болов уу. Хамгийн гол нь ямагт шударга, ямагт чадвартай тийм Засгийн газартай байх ёстой аж. 

Шилдэг боловсон хүчин өндөр цалин авах ёстой гэдэг асуудалтай Ли Куан Ю улс төрд 50 гаран жил зүтгэхдээ лав 30 гаран жилд нь зууралдсан аж. Тэрээр цэл залуу сөрөг хүчинд байхдаа ч сайд нарын цалингийн тухай ярьдаг байв. 1955-56 онд тэр үеийн Тэргүүн сайд Дэвид Маршаллыг бодитой бай хэмээн ятгаж байжээ. Тэр үед түүний сарын цалин 3500 доллар байсан. Гэтэл тэр үеийн сайн хуульч, өмгөөлөгч сард 10 000-20 000 долларын орлоготой байсан ба Тэргүүн сайдынхаа албан тушаалд тохирсон бодитой цалин санал болгож тэрээр ятгалга хийж байв. Гэтэл цаад сайдын улстөрийн зориг дутаж 3500 доллартайгаа үлджээ. 

Дараа нь өөрөө Ерөнхий сайд болсон ба улс төрийн зохистой тогтолцоо бүрдүүлэх, эдийн засгаа сайжруулах асуудлыг шийдвэрлэх боломжтой болох хүртлээ буюу 1970-аад он хүртэл сайд нарын цалинг нэмээгүй. Цалин нэмэхгүй байсан нь маш энгийн учир шалтгаантай. Зах зээлийн зарчмыг төрийн албанд хүлээж авах нь зөв үү гэдгийг шийдэх ёстой гэж үзсэн. Гэхдээ нэг чухал зарчим мөрдүүлжээ. Төрд ажиллаж буй албан хаагч орлогоосоо их хэрэглээтэй бол түнийг нь авилга авсан гэж үзэх нотлох баримтад тооцно хэмээн 1960-аад оноос хэвшүүлжээ. Тэгж өнөөдөр ч хүртэл үздэг.

Дэлхийн томхон компаниуд дээд удирдлагадаа маш өндөр цалин өгдөг, шилдэг ажилтныг татахын тулд сая саяар нь өгдөг. Харин ажил унагаавал шууд халдаг. Procter & Gamble компани хоёр улирал дараалан тааруухан үзүүлэлт гаргамагц гүйцэтгэх захирлаа огцруулаад шинэ хүн тавих жишээтэй. Ийм жишгийг Сингапурт суулгахыг Ли Куан Ю зорьжээ. 

Тэр үедээ л 1970-аад оны дунд гэхэд түүний Засгийн газар Сингапурын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүнийг гуравдахь ертөнцийн түвшнээс ахиулж өндөр хөгжилтэй ертөнцийн түвшинд хүргэсэн ба тэр нь тасралтгүй явсаар өнөөг хүргэжээ. 1959 онд ноён Ли албан тушаалдаа очиж байх үед нэг хүнд ногдох ДНБ нь мянган тал ч хүрэхгүй ам.доллар байсан бол 1990 онд 30 жилийн дараа албан тушаалаа өгч байх үед энэ үзүүлэлт 22 000 ам.доллар болсон байв. Тооцоол доо, 1300-аас 22 мянга болсон байна шүү дээ. Тэгээд халааг нь авсан Го Чок Тонг Ерөнхий сайд болсноос хойш 10 жил өнгөрөхөд ДНБ нь нэг хүндээ 37 000 ам.доллар гэхчлэн прогрессоор өсөөд, өнөөдөр 100 мянган доллар хавьд явж байна. 

Ийм том амжилтад хүрэхийн тэд юуг, ямар зам туулснаа бодож үзэхийг Ли Куан Ю байнга сануулдаг байв. Ийм гайхалтай амжилтад хүрэхийн тулд юу хамгийн чухал юм бэ? Юуны өмнө хүмүүсийг ажиллуулах чадварлаг тогтолцоо, зөв сайн бодлого, бэрхшээлийг үүсэхээс өмнө олж хардаг гярхай хараатай байх хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө зүтгэж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Ийм л зарчим баримтлаад байвал мөнгө урсаад босоод байх нь тэр. 

Ингэж үсрэлт хийхдээ Ли Куан Ю эх орноо ойр хөршүүдтэйгээ байнга харьцуулж үзэх аргачлалыг төрийн ой тойндсуулгаж өгсөн юм. Олон баримт сэлт, түүх дэлгэж болно. Жишээ нь Дэлхийн Банкны тооцоогоор нэг хүнд ногдох ДНБ 1965 онд тус улс тусгаар тогтнож байх үед 512 ам.доллар байжээ. Малайзад 235, Филиппинд 183, Тайландад 136 ам.доллар байжээ. Вьетнам, Индонез бараагүй хаягдаж байв. 2010 он гэхэд Дэлхийн Банк Сингапурын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 42 324 ам.доллар гэж тооцсон бол Малайз 8500, Индонези 3040, Филиппин 2130, Тайланд 4680, Вьетнам 1172 ам.доллар болсныг тогтоожээ. Үүний шалтгаан юунд байна вэ гэсэн асуулт өөрийн эрхүй гарч ирнэ. Үүнд тэрээр ингэж хариулж байна.

  1. 1965 оноос хойш Сингапурын нийгэм нэгдмэл байж чадсан. Меритократ үнэлгээн дээр тулгуурлан, боловсролын хэм хэмжээг дээшлүүлсний үр дүнд үйл ажиллагааных нь бүх түвшинд меритократ үнэлгээний систем бий болж чадсан. Хамгийн чадвартай хүмүүсийг хамгийн хариуцлагатай албан тушаалуудад тавьсан.
  2. Тэд юу шийдэж чадсан гэвэл юуны өмнө улс төрийн хагаралыг намжаасан. Хэрэв улс төрийн хагарал үндэсний хэмжээнд хүрэхгүй, улс төрийнхөөрөө үлдвэл эдийн засгийн өсөлтөд төдийлөн нь сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин улс төрийн хагарал үндэсний хэмжээнд хүрч, зогсоо зайгүй муудалцаад байвал байнгын зөрчил үүсч, улс орны эрх ашиг хэцүүднэ. 

Энэ хариултаа тэрээр цааш нь баяжуулж улс төрийн хагаралын жишээ хэмээн эхлээдАмерикийг нэрлэсэн нь анхаарал татдаг. АНУ-д ардчилсан, бүгд найрамдахчууд гэж хуваагддаг бол Их Британид лейборист, консерватив гэж ялгардаг. Франц, Герман гээд бусад улс оронд ч мөн адил. Ирээдүйн талаар миний сэтгэл түгшиж байгаа зүйл бол бид боловсролын түвшинг дээшлүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, хамгийн сайн хүмүүсийг хамгийн чухал ажилд томилох зэрэг асуудалд адил хүсэл эрмэлзэлтэй, үндэсний эв нэгдэлтэй хандаж чадах уу гэдэг асуудал байна. Хэрвээ бид энэхүү меритократ тогтолцооноос татгалзвал бидний гүйцэтгэл гарцаагүй муудна хэмээн тэрээр ярьжээ.

“Сайн засаглал” хэмээх ойлголтыг дэлхийд гаргаж тавьсан нь бараг Сингапурын жишээнээс улбаалсан хэрэг болов уу. Сайн засаглал гэдгээ тэд хэрхэн ойлгодог вэ? Тэднийхээр бол 1) авилгын эсрэг тэмцэл; 2) меритократ тогтолцоо; 3) прагматик бодлого буюу цэвэр тооцоон дээр тулгуурласан бодлого багтана. Хэрэв энэ гурван хүчин зүйлийн аль нэгийг л орхигдуулбал хөгжих боломжоо алдана. Авилгагүй, цэвэр, шударга байж, үндэс угсаа, шашин шүтлэг, хэл усаар ялгаварлахгүйгээр зөвхөн чадварт нь тулгуурлан хүмүүсийг ажилд авч, гүйцэтгэлээр нь дүгнэж дэвшүүлдэг тогтолцоогоо л хадгалаад байвал Сингапурын бүх иргэн лугаа шударга зарчмын дагуу улс орныхоо баялгаас хүртээд байх нь тэр ажгуу.

Гэхдээ Ли Куан Ю сургаж байна. Юу гэвэл 35-аас доош насныхан бол эдийн засгийн өндөр өсөлтийг жилээс жилд харсаар байгаад дасчихдаг. Тэд аюулгүй байдал, эдийн засгийн амжилтыг баталгаатай зүйл гэж ойлгодог. Тэд нийгмийнхээ төлөө өөрийг золино гэх хүсэл эрмэлзэлгүй болж тайвширдаг. Тэд олон түмэн, нийгмийн сайн сайхны төлөө гэхээс илүүтэй гэр бүл болон хувь хүнийхээ амжилт, сайн сайханд илүү анхаардаг. Энэ бол нэг талаасаа маш аюултай үзэгдэл. Яагаад гэвэл бүх зүйл маш түргэн буруу тийшээгээ явах боломжтой. Залуус тэд Сингапурын эмзэг байдлыг ухаарахгүй байна. Бүх хүн л Сингапур бол 1 буюу 2-рт ордог арлын орон, хамгийн сайн өрсөлдөх чадвартай улс гэх мэтээр бичсэнийг уншаад байна. Нэг буюу 2-рт ордог далайн боомт буюу нисэх буудалтай. Нэг буюу 2-р зэргийн агаарын тээвэртэй гэх мэт. Зарим нөхөд хэт шургуу ажиллаж, сэтгэл санааны дарамтад орлоо хэмээн гомдоллож биднийг зэмлэдэг. Тэгвэл 3,4,5-р байранд очъё л доо. Энэ хамаатай гэж үү? Миний хариулт бол тийм ээ, энэ хамаатай гэж хэлнэ. Бид өрсөлдөх чадвараараа дээд зэрэгт байхгүй л бол ер нь бидэнд далайн боомт байгаад яах юм бэ? Эсвэл нисэх буудал, агаарын тээвэр байгаад яах юм бэ?

Хүн болж төрсөн л бол шувтан сэтгээд, хөдөлмөрлөөд, өрсөлдөөд, дандаа нэгдүгээрт яваад бай хэмээн дээр айлдсан байна. Тэрээр ид гялалзаж явах үед нь улс нь 3-хан саяулаа байсныг байнга дурддаг, анхааруулдаг. Түүний хэлж байсан үгс: Хүн амын тоо дөнгөж 3 сая. Бид зохицон амьдрахын тулд биднийг хэн бэ гэдгийг харуулах ямар нэг өвөрмөц онцгой зүйл хийх ёстой. Хэрвээ бидэнд ийм онцгой зүйл байхгүй юм бол тусгаар тогтносон, бие даасан Сингапур улс гэж оршин байхын утга учир ер нь юу юм бэ? 

Үүнийгээ тэрээр энгийн боловч гашуун үнэн гэж нэрлээд, манай нийгмийн үндэс суурь бол шударга ёс, тэгш эрх юм. Бид аз жаргал, үндэсний цэцэглэн хөгжил, нийгмийн дэвшилд хүрэх ёстой гээд ингэж хэлсэн байдаг юм. 

Бид амлалт авцгаасан. Нүдний хараагаа муу зүйл дээр бид төвлөрүүлээгүй. Бид харин тэнгэрт харагдах солонгыг эрхэмлэсэн. Бид тэр солонгын хойноос явцгаасан. Энэ бол биднийг өнөөгийн Сингапурт хүргэсэн зам. Тэнгэрт гайхалтай сайхан солонго татаж, адал явдалд дуртай хэн бүхнийг даллан дуудаж байна. Энэ солонгын төгсгөлд итгэхийн аргагүй эд баялаг хүлээж байгаа. Залуус болон идэр насны хүмүүст хандаж хэлэхэд: “Тэнгэрийн хаяанаас цааш харж, тэр солонгыг дагацгаа! Тэгсэн цагт хүссэн газартаа хүрнэ. Тэр газар бүгд хүрэхгүй байж магадгүй ч мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүн бүр хүчин зүйтгэх ёстой!”.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)