Солонгостой ах дүү болж болох

(Монгол-Солонгосын хамтарсан цахим уулзалтад тавьсан илтгэл)

Солонгос, Монголын түүхэнд төстэй туулсан зам байдаг. Солонгос нь Юань, Мин, Чин династийн үед Монгол, Хятад, Манжийн вассал байсан. 1895 оны Хятад Японы дайнаар бүрэн эрх чөлөөгөө олсон боловч удалгүй Японы протекторат болж, 1910 оноос Японы эзэмшлийн колони болсон. Дэлхийн II дайны үр дүнд чөлөөлөгдсөн боловч их гүрнүүдийн тохиролцоогоор хоёр хуваагдсан билээ.

Монгол улс нь Манж Чин гүрний үед Оросын Монгол, Манжийн Өвөр Монгол, Гадаад Монгол, Зүүн гарын хаант улс гэж хуваагдсан ба энэ байдал цаашид хэвээр хадгалагдсаар өдгөө Монгол улс, Буриадын бүгд найрамдах улс, Тува, Өвөр Монгол гэж монголчууд тасран амьдардаг. Манж Чин улс мөхөх үед тусгаар тогтнолоо заралсан боловч хөршүүд хүлээн зөвшөөрөөгүй учир удалгүй тусгаар тогтнолоо алдсан. 1990 он хүртэл Зөвлөлтийн дагуул орон байлаа.

1950-53 онд болсон Солонгос хоорондын дайнд хойг тэр чигээрээ гамшигт автсан. Үүний дараа Өмнөд Солонгост олон жил цэргийн дэглэм тогтсон ба 1990 оноос л ардчилсан дэглэмтэй нээлттэй орон болсон.

Дэлхийд коммунист дэглэм унаж, улмаар ЗХУ задарснаар Монгол улс чөлөөлөгдөж 1990 оноос чөлөөт ардчилсан тогтолцоог сонгон дэлхийн хамтын нийгэмлэгийн салшгүй нэг хэсэг болсон юм.

Гэвч 1990 оны босгон дээр хоёр орны нөхцөл байдал тэс өөр болчихсон байсан юм. 

Солонгос бол XX зуунд дэлхийн тавцан дээр цойлон гарч ирсэн онцгой үзэгдлийн нэг. 1960 он гэхэд хүн амд ноогдох үндэсний орлогын хувьд Монголоос хэд дахин ядуу орон байжээ. Дэлхий дээр 80 орчим сая солонгосчууд байдгийн 50 сая орчим нь БНСУ-д амьдарч байгаа.

Дэлхийн дайн дуусуут Солонгосын хойг хоёр хуваагдан сүүлд нь хэдэн жил үргэлжилсэн Солонгос-Солонгосын дайны гамшгийг амссан, дэлхий даяар хүйтэн дайн дуусчихаад байхад одоо болтол хүйтэн дайны аюул дор оршсоор байгаа. Нэг л үгээр хэлэхэд зовлонг амсахаараа нэг болсон ард түмэн.

Зовлон нь энэ ард түмнийг босгож иржээ. Нэгэнт 38-р өргөргөөр таслагдсан тул БНСУ нь эх газраас таслагдаж үнэн хэрэгтээ хойг биш арал болжээ. Гэхдээ эргэн тойрондоо дайснаар хүрээлэгдсэн тун их эрсдэл аюултай арал! Урьдын дайсан Япон нь эдийн засгийн хамгийн ойр түнш нь болов. Гэвч япончуудыг түнш анд гэдэг утгаар нийгмийн сэтгэлгээ хүлээж авсангүй, үүнээс хойш хоёр үе өнгөрчөөд байгаа боловч өнөө ч энэ сэтгэлгээ амь бөхтэй оршсоор. Солонгосчууд япончуудыг өдгөө дайсан биш гэхэд их сайндаа л өрсөлдөгч гэж хардаг. Монголчуудын хувьд хятадын эсрэг үзэл нь нэгтгэх нэг том хүчин зүйл байдгийн нэг адил солонгосчуудын хувьд японы эсрэг үзэл нь эрч хүч гаргах нэгэн эх сурвалж болой. Гэхдээ ялгаатай нь япончууд чадаж байхад солонгос хүн яагаад барахгүй байх билээ гэсэн жөтөөрхөл, шаралхалтай Өөрсдөө хүлээн зөвшөөрөх дургүй боловч Японы технологийг цаг алдалгүй махчлан хуулдаг. Ялангуяа менежментийг нь. 

Солонгосын дайнд энэ ард түмнийг америкчууд сүйрлээс аварсан. Чухам энэ нь нөлөөлсөн бололтой өдгөө Солонгос нь Азид Филиппины дараа хоёр дахь том Христийн ертөнц болжээ. Угаас энд күнз, будда, дао, зарим талаар шинто шашин хүртэл оролцоод холилдсон шашинтай орон байлаа. Харин дайнаас хойш христосын шашин улам эрчтэй түрж, ялангуяа залуу үе нь дагнасан төрлийн шүтлэгтэй болж байна.

Олон жил ядуу зүдүү, харийн эрхшээлд байсан шинэ тутам орны хувьд хүмүүсийн дийлэнх нь сэтгэлгээний хувьд Европ, Америк, Японтой харьцуулахад орчин үежиж амжаагүй байгаа. Дундаас доош давхаргын сэтгэлгээ нь хоцрогдсон, хулхи, хахуульсаг, хэт ази шинжтэй байдлаа хадгалсаар. Гэхдээ дээд зиндаа нь сэтгэлгээний хувьд маш хурдан өрнөджиж, итгэл сайн даахуйц худалдаа аж үйлдвэрийн түнш нэгэнт болж чаджээ. Иймдээ ч өнөөдөр дэлхийн тэргүүлэх 10 том эдийн засгийн нэг болж чадсан байна. Үүнийгээ 1988 оны Олимпын тоглолтоор баталгаажуулж, өдгөө манай гаригийн хамгийн баян хөгжингүй ертөнцийн нэр хүндтэй гишүүн боллоо.

ЗХУ-ын нөлөөнд 70 гаруй жил явсан нь монголчуудад алдсан нь ч бий, оносон нь ч бий. Дундад зууны үеийн хоцрогдсон бүдүүлэг нүүдэлчид чухам оросуудын нөлөө тусламжаар XX зууны соёл иргэншилтэй золгосон билээ. Ялангуяа далаад оны үеэс хүйтэн дайны нэгэн өвөрмөц хэлбэр болох ЗХУ-Хятадын зөрчилдөөн нь Монголд олон тэрбум рублийн тусламж, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд соёлжиж иргэншсэн ард түмэн болж чадсан. Харамсалтай нь Орос-Монголын сүүлийн 70 жилийн харилцаа тэгш эрх бүхий түншийнх байгаагүй юм. Илүүтэй тэжээгч-тэжээлгэгчийн харилцаа байлаа. Хүмүүс хоорондын харилцан сонирхол байсангүй, үзэл суртал, геополитикийн үүднээс хандсан төр хоорондын ашиг сонирхол байв. 

Тэгвэл Монгол улсыг 1990 он огт өөр байдлаар угтаж авсан. ДНБ-ийхээ 70%-ийг ЗХУ-аас зээлж амьдардаг байсан энэ орон коммунизмын сүйрлийн араас шууд элгээрээ мөлхсөн. Олон улсын тавцан дээр Орос, Хятадаас өөр газрын сонирхол татахуйц газар зүйн болоод геополитикийн байрлал үгүй, гадаадын хөрөнгө оруулалт татахуйц эрдэс баялаг, зах зээл үгүй, төрийн бүтэц тогтоц нь оновчтой биш, улс төрийн намуудын аль нь ч төлөвшөөгүй, улс даяар өрнөж буй нүүдлийг зохицуулсан бодлого үгүй, засаг захиргааны нэгжийн бүтэц нь оновчгүй учир маш үрэлгэн, хуулийн орчин бүрэлдээгүй, нийгмийн дотор хөрөнгийн хувьд баян ядуу, сэтгэлгээний хувьд залуу хөгшин, оюуны хувьд боловсролтой харанхуй, соёлын хувьд хот хөдөөний гэсэн ялгаа нь өдөр өнгөрөх тутам улам ялгаран холдсон, хүн амын дийлэнх нь өнөөгийн дэлхий дахины даяаршиж буй бодит фактын эсрэг сэтгэлгээтэй, өөрөөр хэлбэл гадагш дайсагнасан, үл итгэсэн хандлагатай, хүмүүс нь бизнесийн сэтгэлгээгүй буюу дутмаг, итгэл даах илтгэцүүр ядмаг, сэхээтэн болон мэргэжилтнийх нь ур чадвар өрсөлдөх чадвар дорой гэх мэт.

Лавтай хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн түнш гэхээсээ дайсан байсан Хятад улс, хятадууд Монгол орны өнөөгийн болоод цаашдын хувь заяанд онцгой үүрэгтэй хөрш юм. Монголчууд хятадуудад итгэдэггүй, тэднийг өөрсдийг нь эзлэх далдын санаатай гэж харддаг, түр зуурын наймааны түншээс цаагуур бодож чаддаггүй, дотроо мөнхийн дайсан гэж хардаг. .

Монгол улс чөлөөт ардчилсан орон болсны хүчинд дэлхийн хамтын нийгэмлэгээс тусламжийн гараа сунгасан. Өрнийн ертөнц энэ оронд эхний арван жилд бараг хоёр тэрбум доллар зарцуулжээ. 1991 оноос Монголд орж ирсэн зээл тусламжийн дийлэнхийг ганц Япон даажээ. Европ, Америк нь Монголд ямар ч сонирхол, эрх ашиг байхгүйн нэгэн адил Японд ч мөн тийм сонирхол үгүй аж. Японы тусламж нь прагматик гэхээсээ симпати, романтик үзэлтэй холбоотой. Ердөө хоёр сая хүнтэй, ЗХУ болон коммунизмын дарангуйлалд олон жил нухлагдсан энэ орныг эгшин зуур хөл дээр нь босгох аваас Японы нэр хүндэд сайн гэж олон хүн боджээ. Хүн ам цөөтэй, хүн амдаа харьцуулахад харьцангуй баялагтай, домог түүхээр Японтой холбоотой энэ орон нь Японы гадаад тусламжийн үр дүнг дэлхий даяар харуулах таатай хялбар үлгэр жишээ гэж зарим нөлөө бүхий япончууд бодсон бололтой. Нөгөө талаас Азийн орнуудад туслах нь Японы өөртөө хүлээсэн нэг үүрэг ажгуу.

Харин харамсалтай нь монголчууд төрийн удирдлагаасаа эхлээд энгийн ард түмэн нь хүртэл энэхүү тусламжийг хуучин ЗХУ-ын үүргийг шинээр орлон хүлээж авч байна гэж ойлгосон. Үүнд дэлхий ертөнцийг таньж мэдээгүй нь, бэлэнчлэх, тэжээлгэх сэтгэлгээтэй нь, угийн хартай нийгмийн хувьд япончуудад Монголд ямар нэг айхавтар буурьтай эрх ашиг байна гэж тааварласных нь гол шалтгаан болсон болов уу.

Зорилго нь хэт амбицтай, нөгөө талаас нүүдлийн-социализмын өвөрмөц хольц болсон сэтгэлгээтэй монголчуудын сэтгэл зүйн дадлыг ойлгоогүй учраас тусламжийн асар их мөнгө олон талаар оновчгүй байв. Үүнээс гадна япончуудын Монголтой хамтран ажиллаж байгаа үйл ажиллагаа нь дан ганц төрийнх байсан ба энэ үйлсэд нь прагматик сэтгэлгээтэй Японы хувийн хэвшлийнхэн бараг оролцсонгүй. Чухам энэ талаас нь авч үзвэл Японы тусламж нь олон талаар хуучин ЗХУ-ынхтай их адил, өөрсдөө хүсээгүй боловч бодит байдал дээр ЗХУ-ыг орлосон шинжтэй болжээ. Төрийн үйл ажиллагаа, оролцоо ихэнхдээ оновчгүй байдаг түгээмэл хууль Японд ч үйлчилдэг аж.

Цаашид ч Япон нь ОЕСБ-ийн хүрээнд Монголд тусалсаар байх болно, гэхдээ мөнөөх романтизм нь гутах, арга барагдах, итгэл алдрах тал руугаа нэгэнт оржээ. Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын тухайд гэвэл Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахадна.

БНСУ-ыг хүлээн зөвшөөрсөн гурав дахь коммунист улс нь Монгол юм. 1989 онд Унгар, Польшийн дараа тэр үөийн Батмөнхийн Засгийн газар ийм зоригтой алхам хийжээ. Үнэндээ солонгос, монголчууд энэ богино хугацаанд тэгтлээ ойртон нөхөрлөнө гэж хэн ч зүүдлээгүй. Дилломат харилцаа тогтоож өгснийг эс тооцвол ойртуулах талаар аль аль төр төдийлөн шамдаагүй. 1993-94 оныг хүртэл хоёр орон биендээ төдийлөн ач холбогдол өгч байсангүй. Хандивлагчдын уулзалтад Солонгос хойрго ханддаг байлаа. Хоёр орны төр Засгийн газрын харилцан айлчлал ч ёс төдий зүйл байв. Магадгүй Хойд Солонгос гэсэн хүчин зүйлээс болж өмнөдүүд Улаанбаатарт элчин сайдын яамаа нээсэн байх. Монгол ч Сөүлд нийтийн орон сууцанд ёс төдий элчингийн байртай байв.

Гэтэл анхны хууль бус ажиллах хүчин Монголоос гарч Солонгост ажиллах боллоо. Эднийг Монголын төр ч явуулаагүй, Солонгосын төр ч хүлээж авъя гээгүй. Засгийн газраас дорвитой алхам хийсэн нь үгүй. Энэ бол хар аяндаа өөрөө бүрэлдэн тогтож цааш хөгжсөн процесс. Өөрөөр хэлбэл санаачилга дээрээс биш доороос гарсан.

Солонгосчууд монголчуудад элэгтэй, өөрсдийгөө гарвал угсаа нэгтэй гэж үздэг. Энэ нь хөршдөө дургүй байдаг аль ч ард түмний зан. Хөрш биш газраас өөрсдийн домгийн сурвалжийг хайн муу хөршүүдтэй сөргүүлэн тавина. Монголчууд ч хэдийгээр түүхэн үнэн биш боловч өөрсдийн гарвалыг цаст Химлай, Төвдөөс хайдаг. Иймээс солонгосчууд монголчуудад маш элгэмсэг. Ойрмог түүхээс үзэхэд хоёр орны хаад ноёд хатан бэр солилцдог байжээ. Харин гарвал угсаа нэгтэй асуудал нь шинжлэх ухааны хувьд нэлээд эргэлзээтэй хэрэг юм.

Солонгосын зах зээлийн нөхцөл монголчуудад таарч байлаа. Энд юмны үнэ харьцангуй хямд, Япон, Европынхтой харьцуулашгүй. Барааны чанар харьцангуй сайн, Хятадынхтай зүйрлэшгүй. Очиж ажиллахад хэдийгээр хууль бус боловч хүмүүс нь элгэмсэг. Царай зүсний хувьд хачин адилхан учир гадуурхагдах, илүү үзэгдэх юм үгүй. Япон, америкчууд шиг хэт хуульчлагдсан ертөнц биш учир аргалдаг, комбинаци хийдэг, амьдрах чадвар сайтай монголчуудад таарсан нөхцөл байлаа. Хоёр орны харилцаа өргөжихийн хэрээр нааш цааш явж суух харилцан зорчих, бараа таваар солилцох, арилжаа явуулахад өдөр өнгөрөх тусам улам хөнгөрч байв. Ингэсээр 2003 он гэхэд Солонгост буй монгол ажилчдын тоо 20 мянга хүрчээ. Энэ нь Монголын иргэд гадаадад байгаа хоёр дахь том цэг (Казакстаны дараа), монгол үндэстэн төвлөрсөн дөрөв дэх том цэг (Орос, Хятад, Монголын дараа), Монгол улсын монгол үндэстэн байрласан гадаадын хамгийн том төвлөрөл болжээ. Өчүүхэн төдий хувь эзлэх төрийн шугамын солилцоо бий ба ихэнхийг нь хувийн хэвшил эзлэх хоёр орны бараа солилцоо худалдаа арилжаа 2000 он гэхэд аль хэдийнээ 100 сая доллароос хол давжээ. Зөвхөн 2000 онд гэхэд Солонгост ажиллаж буй монголчууд жилдээ 80 сая долларын мөнгө, бараа үйлчилгээ хоёр орны хооронд гүйлгэдэг гэсэн тооцоо бий.

2000 он гэхэд Улаанбаатарын машин паркийн дийлэнхийг солонгос машин бүрдүүлэх болов. Солонгосчууд ч Монголд бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боллоо. Тэд гуанз ресторан, угаалга, машин техникийн үйлчилгээ зэрэг гадаад орнуудад хийдэг уламжлалт салбартаа их амжилт олох болов. Улаанбаатарт гадаадынхнаас хамгийн том хүй хамтлагийг солонгосчууд буй болгожээ. Монголд жуулчлалаар ирэх солонгосчуудын тоо гадаадын аль ч орныхоос илүү олон. Монголд 5 мянга орчим өмнөд солонгосчууд ажиллаж амвдарч бизнис хийдэг. Үүнээс гадна нэг хэсэг гурван мянга орчим хойд солонгосчууд ажиллаж байсан. Хоёр орны хооронд зорчиж буй агаарын тээвэр тоо давтамжийн хувьд ердөө Хятад Монголын хоорон дахь нислэгийн дараа орох байх.

Өнөөдөр манай залуусын нэлээдийнх нь хувьд Солонгос нь үлгэр дуурайлал, шүтээн нь болчихоод байна. Солонгос сериал шиг амжилт олж буй зурагтын олон ангит кино үгүй. Монголд өнөөдөр хамгийн тархсан хэл нь англи уу, солонгос уу (лав орос хэл биш болсон байх)? Залуусын дунд Солонгосын эстрад рок попынхон аягүй бол Америкийнхаас илүү алдартай байж магадгүй. Монголд загалмайн шашныг сурталчлахад америкчууд гэхээсээ солонгосууд илүү үүрэг гүйцэтгэж байна. Залуусын өмсөж зүүсэн хувцасны маяг моод, үс толгойгоо янзалсан нь Парисынх гэхээсээ Сөүлийнх! Улаанбаатарын дэлгүүр хоршоо, гуанз үйлчилгээний газрын дизайн Хятадынх шиг гэхээсээ Хангүгийнх маягтай. Өөрөөр хэлбэл Солонгос маягийн амьдрах хэлбэр ялангуяа залуусын үлгэр болжээ.

Зарим нь муу хэлэх л байх, гэхдээ үүнд муу юм юу байгаа юм бэ? Хорвоо даяаршиж байна, бид хүссэн ч хүсээгүй ч даяаршил руу урагшилж байна. Бид даяаршлаас хөндий байх арга үгүй, гэхдээ үүнд ухамсартай бэлтгэлтэй орох нь туйлын чухал. Сэтгэлгээ, оюун, соёл урлаг, мэдээлэл, санхүү, менежмент, маркетинг, үйлдвэрлэл, сурган, анагаах ухаан, үйлчилгээ гээд бүхий л салбарууд дэлхий даяараа нийтлэг шинжийг олж байгаа өнөө үед бид илүү ойлгодог, илүү сэтгэлд ойр, илүү дотно солонгостой улам дөтлөн даяаршиж болохгүй гэж үү?

Үндэсний баялаг бол хураасан алт мөнгө биш харин чөлөөт арилжаа, хүний өөрийгөө бодсон хувийн сэдэл болох тухай 230-аад жилийн өмнө Адам Смит сургасан. Үүнийг хорвоогийн түүх баталж байна. Байгалийн асар их баялагтай орнууд улам ядуурч өлбөрч байхад, дайны дараа нүцгэн хоцорсон, ямар ч баялаггүй Герман, Япон, Солонгос улс өнөөдөр нийгмийн хамгийн их баялгийг бүтээжээ. Баялгийг олдоггүй, баялгийг бүтээдэг ажгуу. Баялаг газраас ухдаг алтнаас биш чөлөөт солилцоо, тархинаас гардаг сэдэлд байдаг. Гэтэл нүүдлийн хэвшил коммунист сургаалыг олон жил мөрдсөн монголчууд меркентальч үзлээсээ огт салж чадахгүй байна. Иргэд нь баялгийн тухай ийм буруу ойлголт сэтгэлгээтэй байхад улс орны хөгжлийн тухай дэмий л нэг бурж болох юм. Чухам бидний меркентальч сэтгэлгээг өөрчлөхөд явж явж солонгосчууд л хамгийн их тус болно. Хээрийн галуу нисэн үл хүрэх алс Солонгосоос монгол хүний хүү мөнгө хийх арга, сэтгэлгээ ойлголт өвөртлөн ирсээр байна.

Судлаачдын тооцож байгаагаар ойрын ирээдүйд Зүүн Хойд Ази нь дэлхийн хамгийн хүчирхэг хөгжлийн төвлөрөл болох аж. Зүүн Сибирь, Алс Дорнод, Зүүн хойд Хятад, Хоёр Солонгос, Японыг хамарсан энэ бүсэд ойрын гучин жилд 30 триллион долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцоолж байна. Энэхүү аварга интеграцид орох, хавчуулагдаж авах нь Монголын ирээдүйн хөгжлийн магадгүй цорын ганц шаанс, цорын ганц боломж. Солонгостой ойр дотно ах дүү бололцсон дараа үеийн монголчуудад энэхүү бүсчлэл, интеграцид багтан орж хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлэхэд илүү дөт, илүү амар байх болно.

Бид өнгөрсөн зууны турш Орос, Хятад, Японтой төрийн холбоотой байлаа. Төрийн холбоо гэдэг илүү хэврэг, бодит хөрсгүй байдгийг олон жишээн дээр хэлж болно. Тэгвэл сүүлийн цөөн жилийн дотор Солонгостой тогтоосон холбоо, найрамдал, хамтын ажиллагаа маань илүүтэй хүмүүс, гэр бүл, хувийн хэвшлийг хамарсан илүү амьд илүү давшингуй байгааг үл анзаарч боломгүй.

Энэ хорвоо дээр жам ёсны юм гэж байдаг. Байгалийн хууль болгон жам ёсных. Харин нийгэмд үйлчилж байгаа дэг жаяг, зан заншил, хууль ёс болгон жам ёсных байж чаддаггүй. Ялангуяа төр зохицуулаад л, төр санаачлаад л, төр удирдаад ирэхээр л юм болгон нь жам ёсных бус болдог. Жам ёсны бус байхаараа хөгжих, үргэлжлэх, дэвжих газаргүй болон, дэндүү хиймэл болж энэ нь харин эрт орой алин боловч ёстой жам ёсоороо “үхдэг”. Үүний хамгийн тод жишээ нь ердөө 70-80 жилийн өмнө хуваагдан нийгмийн тогтолцооны хувьд шал өөр замаар явсан нэг үндэстэн болох солонгосчуудыг өнөөгийн байдал харуулж байна. ХХ зуунд явсан монголчуудын зам мөр ч Хойд Солонгос шиг байсан. Хүний нийгэм дэх жам ёсны зүйл хувь хүн, гэр бүл, хувийн өмч, хувийн хэвшлээс үүдэлтэй байдаг. Сэдэл чухам хувь хүний эрх ашигтай яв цав нийцэж байж л жам ёсны болно. Хувийн сэдлээс эх авсан, нэгэнт бий болон хэлбэршсэн жам ёсны зүйлийг улам хөхиүлэн дэмжих нь л төрийн үүрэг. Ийм төртэй улс орон л жам ёсоороо баялагт хүрдэг билээ.

Эцэст нь хэлэхэд монголчууд болон солонгосчуудын харилцаа эртний түүхтэй. Солонгосчууд өөрснийгөө Хангүг, Корё, Чосон гэх мэтээр янз бүрээр нэрэлдэг бол монголчууд нэн эртнээс “солонгос” гэж өөр хаана ч нэрэлдэггүй үгээр хэлдэг. Энэ үгийн гарлыг янз бүрээр тайлбарладаг ч энэ нь Хятад, Орос, Казакстан, Америкт болоод Хангүг, Чосонд амьдарч байгаа бүх солонгосуудыг нэрэлсэн нийтлэг үг.

Бидэнд цэрэг дайны талаар хамтарч байсан түүх ч бий. Хэдийгээр монголчууд Солонгост таван удаа довтолж ихээхэн хохирол учруулж байсан боловч хоёр орны цэргүүд хамтарсан цэргийн ажиллагаа явуулж байсан түүх бий. Корё династи оршиж байхад хөрш зэргэлдээ киданчууд тэдэн рүү байнга довтолж зовоож байсан. Киданы хамгийн сүүлчийн Солонгос дахь довтолгоо 1219 онд болсон юм. Гэхдээ тэд Чингисийн цэрэгт хөөгдөн тийш очсон хэрэг. Араас нь элдсэн монголчууд ингэж анх удаа Солонгост “зочилжээ”. Кото цайзад бүгсэн хятанчуудыг монгол цэрэг бүслэн буулгаж аваад нутаг буцсан. Кидан нарыг буулгаж авахад солонгосчууд Монголын холбоотон болж хамт дайтсан билээ. 

1270 онд Ганва аралд үлдсэн цэргийн эрхтэнүүд бослого гарган Солонгосын шинэ хаан Воньжонийг унагах гэж оролдов. Бослогыг монгол солонгосын хамтарсан цэргийн хүчээр дарсан Энэ тулалдааны үед Тамна хаант улсыг эзэлж авснаар Жэжү арал нь Юань улсыг мөхсний дараагаас Солонгосын харъяалалд нэг мөсөн нэгдсэн билээ.

Японыг эзлэхээр довтолсон Хубилайн 1274 оны довтолгоонд 8 мянган солонгос цэрэг оролцсон гэдэг. Тэгвэл 1281 оны дараагийн довтолгоон нь үнэн хэрэгтээ монгол-солонгосын хамтарсан цэргийн хүч байсан юм.

Хянганы нуруугаар нутагладаг, Чингисийн дүүгийн удам Наян, Өгөөдэйн удмын Хадутай хүч хавсран 1287 онд Юань гүрний эсрэг бослого дэгдээжээ. Нас өндөр болсон Хубилайд хол газрыг морь унан туулах тэнхээ байсангүй. Гэвч өөрийн биеэр цэрэг удирдахаар шийдэж заан хөлөглөн Буйр нуурт хүрчээ. Тэнд Наянгийн цэргийг бут цохиод, Хайдуг цохихоор Хангайн нуруу руу хөдөлсөн аж. Ингэсээр 1292 онд монгол-солонгосын хамтарсан цэргийн хүч бослогыг бүр мөсөн дарсан түүхтэй.

Өнөөдөр солонгос-монгол холимог гэр бүл 3500 орчим бий. Энэ нь 1990 оноос хойш бий болсон тоо шүү. Гэвч түүхийн утгаар шинэ юм биш. 1259 онд Корё династийн сүүлчийн хаан болсон Воньжон* (Wonjong of Goryeo) Хятад орж Хубилай хаантай уулзсан юм. Хубилай түүнийг Солонгосын хаан болгосон, энэ цагаас Солонгос нь Юань гүрний вассал болжээ. Түүгээр үл барам Воньжоны хүү Чун Ни Өл* (King Chungnyeol of Goryeo) нь Хубилайн охин Жэгүк* (Princess Supreme of Jeguk) гүнжтэй гэр бүл болжээ. Гүнж нөхрөө даган Солонгост очиж Ин Ми Ён хатан (Empress Inmyeong) гэгдэх болсон ба энэ айлаас Юанийн томоохон язгууртан бөгөөд Корёгийн 28 дугаар хаан Ижилбөх ван* (King Chungseon of Goryeo) төрсөн юм. Энэ үеэс монгол солонгосчууд хүргэн бэр идэвхитэй солилцох болов. Хубилайгаас хойшхи Юаний хаадын ихэнх нь солонгос эхнэртэй байсан. Солонгосын хаан Гонминь* (King Gongmin of Goryeo) монгол эхнэр авсан нь Будшир хэмээх монгол нэртэй Солонгосын хатан хаан Ногук* (Qween Noguk). Будшир нь Хубилай хааны гуч охин юм. Юанийн сүүлчийн их хаан Тогоонтөмөр ч солонгос эхнэртэй байсан, түүнийг хатан хаан Чи* (Empress Qi) гэдэг байлаа. Тэрээр Аюушридара хааны эх бөлгөө.

2021.3.3

* Воньжон, Горёогийн (1219-1274). Солонгосын Корё династийн хаан, Солонгосыг Юань гүрний вассал болохыг зөвшөөрсөн, Хубилай хаантай хэлэлцээ хийн тохирч түүнээс дэмжлэг авсан.

* Чун Ни Өл (1236-1308) Воньжон хааны хүү, хаан ширээ залгамжлэгч (1374-1308)

* Жэгүк гүнж (1259-1297) Солонгосын хатан хаан, Хубилай хааны охин.

* Ижилбөх (1275-1325) Корё династийн 28 дугаар хаан (1308-1313)

* Гонминь (1330-1374) Солонгосын хаан (1351-1374)

* Ногук хатан (?-1365) Монгол нэр нь Будшир. Солонгосын хатан хаан

* Чи хатан (1315-1369) Монгол нэр нь Өлзийхутуг. Юанийн их хатан, Тогоонтөмөр хаан эхнэр, Аюушридара хааны эх


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баабар ахдаа баярлалаа

    0 0 Хариу бичих
  2. Ene barzgar batga odoo boltol chalchij buwtanasaar l bgaa ym uu?!Odoo boliwol taarna .Odoo chinii ugiig sonsoh negch hun mongold baihgui baihaakkk

    0 1 Хариу бичих
  3. Сонирхолтой байлаа баярлалаа

    0 0 Хариу бичих