Дөнгөж цухуйх үүлс

Гадаад далай мэт хязгааргүй талд ганц бор гэр зэрэглээн дунд дэгж дэрвэн тонгочиж, янз бүрийн дүрсээр бүдэг бадаг бөртөлзөнө. Ганц гэрийн гадаа балчир охин чулуугаар тоглоно. Чулуугаар дандаа тоглохоос охин уйджээ. Хэдэн чулуугаа голоод яах ч билээ-эзгүй талд өөр тоглоом олдох биш. Тэгээд ч хэдэн гоё чулуугаа охин хээрээс шилж түүсэн юм чинь. Хөөрхөн чулуу олохоороо охин яаж баярладаг билээ. Чулуугаа гомдоож болохгүй ээ. 

Солонго ноднин зун айл зуссан Хонгорзул охиныг их санана. Түүнтэйгээ тоглож буйгаар зүүдлэв. Тэнгэрийн хаяатай нийлсэн нов ногоон талыг өнгө өнгийн цэцэг бүрхжээ. Ямар гоё вэ? Аварга нуур мэлтэлзэх агаад түүнд шумбахаар хөлөө дүрж үзвэл бүв бүлээхэн. Бүлээн устай нууранд хоёр охин жараахай адил сэллээ. Мөн сайхнаа. Жихүүдэс үл хүргэх тунгалаг ус тоостой орчинд халтартсан бие зулам угаах таатай. Сэлж сэлж эцээд хоёул уснаас гарч нуурын хөвөө-торгон элсээр наадлаа. Дахин ингэж зүүдлэх сэн. 

Нүүр нүд хөмсгөө зэрмийтэл будсан царайлаг хотжуу эзэгтэй уйтгарт дуу үл мэдэг аялангаа айл гэрийн дур гутам бохирыг цэвэрлэнэ. Цэвэрлэхгүй аваас айл доройтно. Амьтан хүн жигшинэ. Хэдхэн жил хадаглагдаад өнгөрөх хөөрхнөө ганц гэрт үдэж буй хүүхэн хоймор дахь том толинд байн байн харангаа гэр зуурын ажлаа бөхүүрхэхгүй давтана. Элбэг устай бол хамаг юмаа зулга угаах сан гэж эмэгтэй хүний цэвэрч зангаар бухимдана.

Эр нөхөр нь адуу хонь үхэр тэмээн сүргийнхээ хооронд тас хар царайлан шогшсоор туйлдах авч дотор сэтгэл баярхуу. Ядаргаатай ил хуль өдөр маргааш дахин давтахаас ондоо ирээдүй тэднийд байхгүй. Гэвч гурвуул хангалуун. Тэдэнд өнөөдрийнх шигээ маргаашийг хүлээхээс давуу мөрөөдөл хэзээ ч төрдөггүй нь ямагт амгалангаар бялхах хувь заяаны нь ундарга болжээ. Хүсэн хүлээдэг ганцхан юм бий. Тэр нь тэнгэрийн хаяанаас хурын үүл цухуйх. Сонгууль, УИХ, засгийн газар, Ерөнхийлөгч энэ тэр бол тэдэнд юу ч биш. Айдаг юм нь ган зуд.

Тэнгэрийн хаяанаас бөөн бараан үүл цухуйлаа. Тэгтэл тэр зүгээс салхи сэрхийхтэй уралдан борооны үнэр ханхийв. Аав ээж охин гурав бороо ханхалсан сэрхрээгээр аргасан цээжээ сэнгэнэтэл амьсгалах зуур гараа тосож, тэнгэрийн хормойноос өндийх борооны үүлнээс хур гуйлаа. Борооны үүл ингэж цухуйснаа доош яргачихдаг хуучтай болоод олон сар болж буй тул нөгөө гурав алгаа тосож, хурмастаас хур гуйсаар үүл өөд зүтгэв. Тэнгэрийн хаяанаас өнгийсөн үүл аажуухан өндийж томорлоо. Нөгөө гурав алга тосож тэр зүг улам тэмүүлсээр.

Цангасан сүрэг борооны үнэр сэнгэнэсэн сэрхрээнд хөтлөгдөн толгой сэгийлгэн үүл өөд салхидав. Тэр ч байтугай борооны үнэртэй үүлийг ангаж өлссөн тал халуун мандлаараа дуудаж, хурын үүлтэй үнсэлцэхийг гуйна. Дөнгөж цухуйх үүлсийг салхи бас бүх тэнхээгээр хатсан тал руу хөөж хөгжөөв. Тунирхуу үүлийг хагссан талтай янаглуулах гэж тэр. Алсад тэнгэр нүргэлэх сонсогдлоо. “Бороо” гэж хүн мал, газар дэлхий, үр үндэс, хорхой шавьж бүгд дуу алдав. Байдаггүй ээ, нөгөө үүл титмээ дөнгөж цухуйлган хэсэг зуур горьдоогоод доош суучихлаа. Салхи уурандаа ширүүсч улаан шороо дэгдээв. Хуйларсан догшин дором ээрэм талын өчүүхэн бор гэрийг хийсгэхээр дэрвүүлэхэд аав ээж охин гурав оромжтойгоо хоцрох гэж ана мана чаргууцалдлаа. 

Шөнө дунд салхи сэгхийж нам жим болуут гэрийн дээвэр дээр под подхийх ганц нэг дуслын чимээ гарав. “Бороо” гээд нөгөө гурав хөнжлөөсөө сугаран бослоо. Борооны дусал олширч буй чимээ бузгай шажигнав. Солонго охин,

-Ээ гялай, бороо орлоо гэж дуу алдахад аав ээж хоёр нь,

-Дуугай бай. Их хөөрвөл тэнгэр бороогоо татчихна гэж сануулав.

Охин гэмшиж, “Тэнгэр миний хөөрснийг мэдээгүй байгаасай. Бороогоо битгий татаарай. Бороо их орвол манайх Хонгорзулынтай айл бууна. Намайг найзтай минь тоглуулж өгөөрэй” гэж хоймор мандах зуланд гэрэлтэх бурхандаа сэм залбирч дээвэр дээр хаа нэг унах борооны дусал чагнасаар зүүрмэглэж суутал бороо гэнэт ширхийн асгарлаа. Тунирхуу эхэлсэн бороо охины хүслээр бүр зүсрэв. Борооны дараахь өглөө. Гангийн наранд улайссан газар бүлээнээрээ хонож, тал хөндийгөөр манан суунаглаж, амьсгалах агаар тоосгүй чийглэг агаад анхилуун-үнэр амт гэж янзын. Дэлхий тэр аяараа ногоорон сэргэлээ.

Энгүй тэнгэрийн хишгээр газран далайн ногоо сад тавьж, ганц гэрүүд айлсаж, хүүхэд багачуудын хөл газар хүрэхгүй хөөрч, нийлсэн ижил буруу мал сүрэг майлалдан шуугилдаж, ганц гэрийн жожиг ноход архиралдаж уулзав. Ногоонд цадсан мал гаднаас холдохгүй, айлссан хөршүүд мал сүргээ ээлжлэн хариулж, малчдын зав, жаргал хоёр зэрэг буулаа. 

Горхи шанд дагуух дөш шиг дэвхгэр дэнжүүд өдөр шөнөгүй өтгөрөн ногоорч, таана ханхалсан чийлэг анхилуун сэрхрээ сэвэлзэв. Ногоон дэнж бүрийг хоёр гурваар айлссан цагаан гэрүүд чимэх бөгөөд дуулалдах авиа аль нэг саахалтаас хадвал морьтонгууд тийш давхилдана. Орой бүр хурдан хүлгүүдийн сунгаанд хүмүүс цугларч хүүхдүүд гийнгоолж сэтгэл дэвэргэнэ. Гүүн зэлэнд адуу багширч, бух үхэр сүрэг хэсэж урамдах нь доргиотой.

Хүний мөрөөс болсон хүмүүс гэр гэртээ “цай уух” нэрээр зочилж, бэлэг зэлт солилцов. Эрчүүд адуу малынхаа дундуур явж морь мал шинжинэ. Эхнэрүүд авдраа уудлан хар бор ажлаас болоод өмсдөггүй бүгдэд танил хэдэн гоёл заслаа харилцан шохоорхоно. Удахгүй наадам болж бүр олон хүн цугларна гэхээс нойр хулжина. Арга ч үгүй. Ноднингийн наадмаас хойш хүнтэй уулзаж, сэтгэл тэнийтэл хуучилж, хөгжилдсөн нь ховор. Хүн юм болохоор оюун нь өлсөж, цэнгэл нэхнэ. Айлтай айл бууна гэдэг юутай сайхан. Энэ нь наадмын урьдчилгаа билээ. Ноднин наадмаар өмссөн торгон дээлээр энэ жил дахин гоёх болсондоо охид гонсойх авч хамгийн гол нь олон хүний дунд гунхалзах. 

Өнөтэй өгөөжтэй зуслаа. Наадам ч болдгоороо сайхан болж зугаацах яриа, баясах дурсамжаа үлдээв. Гэвч тэгсхийгээд намаршлаа. Навч ногоо улам шим сууж, мал таргалж, шар нар ээх авч хоног хоногоор үе үе хонгор салхи хонгинож, сэтгэл гэгэлзүүлнэ. Мал ижилсэж, ноход дассан сан. Өглөө оройдоо жихүүцэм сэрүү татах болжээ. Гүү үнээ, унага тугалдаа муухай аашилж эхлэв. Ойролцоох бэлчээр гандаж шарласандаа хэврэгшиж, эмзэг навч ногоо олон малын хөлөөр талхлагдаж, идэш хомстсон тул мал уул өөд сөл хөөгөөд тогтохоо болилоо. Тус тусын малыг дагаад айлууд салж нүүх цаг ирж буй нь энэ. Ямагт айлсаж амьдрах заяа дутаж буй нь бас энэ. Ямагт байтугай удаан айлсах бэлчээр хүрэлцэхгүйн гачилан. Солонго Хонгорзул хоёрын хөгжөөн намсаж хоёр биеэ гунигтай ширтэнэ. Аав ээжийн дэлгэр цагийн сайхан зан ааш яав ийв гэмээр хувирч байх шиг.

Жиндүү өглөө зүүн гэрээс бяцхан охин гарч баруун гэрийн хүнд хаалгыг арай чамай нээж орвол халуун хөнжлөөсөө дөнгөж сая сугарсан нүцгэн шахам эзэгтэй сэрүүн гэрт жихүүцсэндээ гал өрдөх санаатай гоё зузаан алчуур нөмөрч биеэ хураан сууснаа үүд цэлийтэл удаан онгойлгосон охинд дагжиж чичирсэн дуугаар, 

-За чи хар өглөөгүүр хаалга хавтас онголзуулаад юу гэж яваав гэж аягүйцэхэд ялимгүй даарсан охин нусаа татсанаа, 

-Тоглох гэж явна. Хонгорзул босоогүй юм уу гэв. 

-Босоогүй. Боссон ч тоглохгүй. Малдаа явна. Дандаа эрхэлж байдаг цаг өнгөрсөн гэлээ.

-Ээж намайг Хонгорзултайгаа сайн тоглож ав. Удахгүй салж нүүнэ гэж хэлсэн гэж улаан хацарт шулганав.

-Үгүй ер өө. Танай ээж яасан сайн ээжив? 

Эхийн хэдэр аашнаас нэрэлхсэн Хонгорзул, гэмшингүй бүлтэгнэн зогсох ув улаан хацартай Солонгоос уучлалт гуйсан аргадангуй харц хөнжлөө ялимгүй сөхөөд илгээв. Хоёр охин ойлголцож сэм жуумалзахыг эзэгтэй анзаарсангүй.

-Танай ээж өглөөнөөс хойш гэрээсээ цухуйхгүй юу гээчийгшуугиулаад байгаа юм бэ?

-Дээл оёж байгаа.

-Хэнд?

-Эмгэн нь бурхан болсон Донир өвгөнд энэ өвөл өмсөх дулаан дээл хийж өгч буян үйлдэнэ гэж байна лээ ээж. Дараа нь аав ээж хоёр зүүн хотонд очиж, ахрын хониноос нь хяргалцаж өгнө гэж байна лээ.

-Танай аав ээж хоёр хэзээ тийм сүрхий болчоов гэснээ нууцхан жуумалзаж, -Манайх ч гэсэн зүүн хотын эсгийнээс элбэлцэж өгнө гэв.

-Эсгийн дээр Хонгорзул очих уу? Би бол очно оо.

-Эсгий хийхэд хүүхэд нохой хэрэггүй гэдэг биз дээ.

Зүүн гэрийн нохой баруун гэр хавиар юм шиншилж яваад гэнэт орь дуу тавин гаслаад, гэр лүүгээ сүүлээ хавчин чавхадлаа. Баруун гэрийн эзэн гэртээ ууртайхан орж ирээд эхнэртээ Солонгыг заангаа,

-Эдний муу халтар улиа манай хаяагаар дандаа юм шиншилж явна шүү. Эднийх чинь нохойдоо хоол өгдөг айл уу? Би сая нохойгий нь гэнэдүүлж байгаад гайгүй сайн дөнгөчилөө. Одоо дахиад манайд ойртохгүй биз гэв.

-Хонь барьж мэдэх гударга байна лээ дээ.

-Яаж байна? Хонь элдэж байна уу?

-Хараагүй л дээ. Гэхдээ сүүлийн үед эдний нохойноос хонь элдэж магадгүй шинж цухалзаад байгаа юм. 

Энэ зуур мал гэр сүржигнүүлэн маажихад аав ээж хоёр айлын охин Солонгыг зандрангуй,

-Чи гарч гэр ураад байгаа хонь ямаа хөө гэв.

Охиныг гарсны дараа гэрийн эзэд “Эдний хэдэн годрон гэр урахдаа гаажтай юм аа. Эднийтэй удаан айлсвал манайх намар тийшээ нүцгэн гэртэй үлдэх байх шүү. Тэгвэл бид гурав ханаараа гэртээ энэ өвөл хөлдөж үхэх байлгүй” гэж ам өрсөлдлөө. Охиныг орж ирэхэд,

-Ямар хонь ямаа гэр урж байна? гэхэд охин,

-Танай том эвэртэй ямаанууд урж байна гэв.

-Харж байна уу, наадахь чинь их айхтар хүүхэд. Худлаа хэлж байхгүй юу. Манай ямаа гэр урж байхтай би л лав таараагүй юм байна. Өдий нялхаасаа энэ ямар хэцүү охин бэ гэж ярилцахад Солонго мойл хар нүдээ тормолзуулан их л гайхаж байх шиг. 

Өөртэй нь тоглох гэж өглөө эрт орж ирж буруудсан найзыгаа Хонгорзул өмөөрч бас өрөвдөөд, босож тогломоор байсан ч ээж нь битгий босоорой гэсэн тул яаж ч чадахгүй уйлангаа алдаж хэвтлээ. Тэгэвч тэссэнгүй,

-Ээж ээ би босмоор байна аа гэж нялуурахад ээж нь,

-Галзуур! гэж охиноо зандраад, -Чи байтлаа айлын хүүхэд дурайх санаатай юу? Бас энүүн шиг ойрдоо хэлээ зажлаад ярьж чадахаа больсон байна лээ гэж нөхөртөө ховлов. 

Хоёр гэрийн эзэд салж нүүхээс өөр аргагүй болсондоо тэнгэр хангайд уурлалтай биш, чаддагаар нь бие биедээ уцаарлаж эхлэх нь энэ. Салж нүүх бүртээ ингэдэг юм. Бэлчээр хүрэлцэхгүйгээс хойш хойтон зун хүртэл ганц ганц гэрээр бараа бараагаа харахгүй шахам алс хол оторлож, уйтгарт ганцаардалд цөхөрч хавар зун тийшээ бие биеэ санахын ихээр санаж, айлсахаар бүгд тэмүүлнэ. Гэвч айлсах хугацааг тэнгэр-хангай шийднэ. 

Нүүхэд бэлтгэн банз хашаа шон уурга шилбүүр чөдөр тушаа араг савар дээс шидмэсээ хүртэл нөгөө айлаа ачаандаа даруулаад явчих вий гэж дор бүрнээ хямагдаж бас хардана. Гадаахаа хямгадаж гялбалзах зуур эхнэр нь нөхрөө явуут дунд сэм нударч “Манай хүрзний иш эдний хүрзний ишнээс шинэ шүү. Хүрз солигдчих вий” гэж сануулна. “Ганц гэрийн жаргал гадуураа гэж сайхан шүү” гэж эхнэр нөхөр орондоо шивэгнэх авч дотор сэтгэл гунигтай. Хөршүүд нүүхдээ эвгүй үг унагаад тэр дороо гэмшиж, бие биеэ тэвэрч аваад, үүрд хагацаж буй мэт уйлалдаж байсан тохиолдол бий. Хахир хатуу эх газрын цөөн буурай ард түмээн гэж. Тэдний ааш авирыг эрс тэс дөрвөн улирал зална. Ургамалд-ургасан хөрснөөс нь, хүнд-төрсөн нутгаас нь таатай орчин байх уу. Армаг тармаг ч гэлээ ааглаг-малд амин дэм ургамал нь маш эмзэг. Хамар хатгах юмгүй цөлжилт айсуй. Яана даа.

...Дүн өвлийн тэсгим хүйтэн өглөө алс хол өвөлжсөн Хонгорзулын нохой Солонгын гадаа ирчихсэн тэдний нохойтой хунгар цасан дотор хөөцөлдөн тоглож байв. Тийм хол газраас энэ нохой яаж тэднийхийг олж ирж чадав аа? Хоёр нохой цовхрон ноцолдож, бие биеэ зөөлхөн хазалж, хөөцөлдсөөр битүү цагаан цан болжээ. Хоёр биеэ шиншлэн улам улмаар эрхлэх нь их санасны шинж. Солонгод энэ нохой шиг Хонголзулдаа гүйгээд очмоор. Тэнгэрийн хаяанд цэнхэртэх хүйтэн уулс дунд Хонгорзул минь байгаа. Тэр яг одоо яаж байгаа бол? Харах сан. “Солонго чинь чамайгаа тэсэхийн аргагүй санаж, маш их уйдаж, ганцаардаж байна шүү-үү” гэж найздаа сонсгохоор хашгирав. Охины өхөөрдөм турьхан дуу хад цохио дамжин цуурайтсаар алсарч, тэнгэр баганадсан давхар давхар үхмэл сарьдгуудыг амилууллаа. Солонго хунгар дотор ноцолдогч хоёр нохойтой гурвуул тоглов. Хонгорзулын нохой Солонгод эрхлээд жигтэйхэн. Эргэх хорвоо юмсан хойно зун болж л таарна даа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)