Оюутолгойн асуудлыг шийдэх хоёр хувилбар

Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд одоогоос яг 11 жилийн өмнө буюу 2010 оны гуравдугаар сарын 30-нд хүчин төгөлдөр болон үйлчилж эхэлсэн түүхтэй. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний 11 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиолоо. Уг гэрээг анх байгуулсан цагаас нь хойш, 10 гаруй жил ашиггүй гэрээ болсон тухай шүүмжлэл тасарсангүй. Тухайн үедээ гацааг арилгаж, асуудлыг нь шийдэх гэж хийсэн Дубайн гэрээ ч ашиггүй, хууль зөрчсөн гэрээ болсон гэж дүгнээд зогсохгүй энэхүү гэрээг байгуулсан хүмүүст шүүхээс ял оноосон.

Харин Монгол Улсын Засгийн газар алдаагаа 10 гаруй жилийн дараа ухаарч одооноос энэхүү гэрээг монголчуудад ашигтай болгохоор идэвхийлэн ажиллаж байна. Идэвхийлэн ажиллаж байна гэхийн учир нь, Лондоны Арбитрийн шүүх дээр үүссэн асуудалд анхаарлаа хандуулж буй, Засгийн газраас ажлын хэсэг байгуулж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхээр болсон, УИХ дээр энэ асуудлыг хариуцсан түр хороо байгуулсан гээд Оюутолгойн гэрээг сайжруулах идэвх санаачилга ид өрнөж байна. Засгийн газрын ажлын хэсэг өчигдөр үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-д мэдээлэл хийлээ.

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж буй Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаа шийдэхийн тулд дотооддоо нэгдсэн ойлголттой, нэгдмэл байр суурьтай байх нь чухал гэдгийг онцолж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийжээ. Харин одоо “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл Засгийн газрын ажлын хэсэгтэй биечлэн уулзаж яриа хэлэлцээ хийх зорилгоор Монгол Улсад ирээд байгаа юм байна. Тиймээс хэлэлцээ хийж эхлэхээсээ өмнө Засгийн газрын ажлын хэсэг ямар байр суурь баримтлах талаараа УИХ-аас чиглэл авах хүсэлтэй байгаа ажээ. Ер нь хөрөнгө оруулагчидтай асуудлаа шийдэж, Оюутолгойг монголчуудад ашигтай болгох хоёр хувилбар байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд хэлж байлаа.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР

Засгийн газрын ажлын хэсэг УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд заасны дагуу Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцалж, цаашлаад хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хувилбараар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж болох юм байна. Энэ саналаа ч хөрөнгө оруулагчдад тавьсан бөгөөд хөрөнгө оруулагч тал Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлахад бэлэн байгаагаа хэлжээ. Ингэсэн тохиолдолд гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, санхүүгийн загварчлалаа шинээр хийх юм байна. Цаашлаад хөрөнгө оруулалтын гэрээнд ч өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР

Энэ бол С.Ганбаатар гишүүний ярьж буй хувилбар. Тэрээр “Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас авлига авсан тухай олон улсын шүүхийн шийдвэр гарсан. Мөн “Рио Тинто” компани жижиг хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлсэн асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор жижиг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд хандаад байгаа. Энэ завшааныг ашиглаж Засгийн газар энэ сарын 30-ны дотор олон улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Энэ бол алтан боломж” гэсэн юм. Тодруулбал, хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээнээс үүссэн алдагдлаа авахгүйгээр зүгээр гэрээгээ өөрчлөөд явах бус өнгөрсөн хугацааны алдагдлаа хөрөнгө оруулагчдаас нэхэмжилж, шүүхийн шийдвэрээр хөрөнгө оруулагчдыг энэ төслөөс гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эсрэг сөрөг нэхэмжлэл гаргахаар болсон тохиолдолд Дубайн гэрээг цуцалж, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах яриа хэлэлцээ хийхгүйгээр шууд шүүхэд хандах юм байна. С.Ганбаатар гишүүний дэвшүүлж буй хувилбарыг Засгийн газар огт боломжгүй гэж үзэхгүй байгаа бололтой. Учир нь, ажлын хэсгийн ахлагч, Х.Нямбаатар сайд “Энэ хоёр хувилбарыг зэрэг ашиглах боломжгүй. Тиймээс УИХ аль хувилбараар нь явахыг ажлын хэсэгт чиглэл болгон өгөх хэрэгтэй байна” гэж байлаа. Гэвч УИХ тодорхой чиглэл өгөхгүйгээр мэдээлэл сонсоод өнгөрөв.   

Оюутолгойн хөрөнгө оруулагчид Арбитрийн шүүх дээрх маргаанаа хойшлуулах хүсэлт гаргажээ

Дээрх хоёр хувилбарыг алийг нь ч сонгосон хөрөнгө оруулагчидтай Лондоны Арбитрийн шүүх дээр уулзах нэг асуудал байгаа нь татвартай холбоотой маргаан. Засгийн газар хөрөнгө оруулагчдад нэг их наяд төгрөгийн татварын агт тавьсан бөгөөд үүний эсрэг хөрөнгө оруулагчид Лондоны Арбитрийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Хөрөнгө оруулагч тал энэхүү маргаанаа түр хойшлуулъя гэсэн саналыг уржигдар Засгийн газарт тавьжээ. Харин Засгийн газар “Хойшлуулахгүй, Арбитрийн маргаан үргэлжилдгээрээ үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэдгийг Х.Нямбаатар сайд хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нэгдүгээр хувилбар буюу Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгож болно. Гэхдээ санхүүжилтийн зээлийн өрийг хэвээр үлдээвэл уг хувилбар ямар ч утгагүй, зүгээр л арга заль. Иймд 2-р хувилбараар зүтгэхээс өөр сонголтгүй

    0 0 Хариу бичих