Монголоос дэндүү алс Оскар

Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслол болох дөхжээ. Оскарын наадмын ёслолын ажиллагаанаас өмнө дэлхий нийтийн анхаарлыг татдаг нэгэн чухал номинац байдаг нь 63 жилийн турш “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэртэй байснаа өнгөрсөн жилээс “Олон улсын шилдэг кино” нэртэй болсон номинац юм.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон О Оскарын наадамд “Шимэгч” киногоороо бөмбөг тэсэлж, Олон улсын шилдэг кино номинацад Оскар хүртээд зогсохгүй, Шилдэг киногоор тодорсон. Энэ нь түүхэндээ анх удаа. Өмнө нь англи бус хэл дээр бүтээгдэж, АНУ-ын хилийн гадна нээлтээ хийсэн бүтээлүүд “Гадаад хэл дээрх шилдэг кино” хэмээх номинацад өрсөлддөг байлаа.

74 жилийн түүх

Энэхүү номинацыг Америкийн кино академи 1947 оноос хойш өрсөлдөөнгүй, хүндэтгэлийн шагнал хэлбэрээр тодруулж эхэлсэн. Анхны болон гурав дахь шагналыг нь Италийн неоралист найруулагч Витторио Де Сика “Гутал тослогч”, “Дугуйн хулгайч” бүтээлүүдээрээ авч байв. Хожмоо тэрээр “Өчигдөр, Өнөөдөр тэгээд маргааш”, “Финзи Континигийн цэцэрлэг” кинонуудаараа өрсөлдөөнт номинацаас ахин хоёр Оскар авсан байдаг. Акира Курасова домогт “Рашомон” киногоороо мөн л хүндэтгэлийн Оскар хүртсэн.

1956 оноос энэ номинац албан ёсоор өрсөлдөөнтэй болж “Гадаад хэл дээрх шилдэг кино” хэмээн нэрлэгдсэн. Анхны хоёр Оскарыг Федирико Феллини алдарт “Зам”, “Кабириагийн үдэш” кинонуудаараа дараалан авч байв. Агуу их Феллини энэ номинацад 12 киногоороо нэр дэвшиж, дөрөвт нь Оскар хүртсэнээрээ түүхэн амжилтыг эзэмшдэг байна. Үүнээс хойш Ингмар Бергман, Сергей Бондарчук, Луи Бунуэль, “Чонон сүлд” киног найруулснаар нь бидний мэдэх болсон Жан Жак Ано, монголчуудын сайн мэдэх “Диваажин кино театр” Жизеппе Торнаторе гэх мэт орон бүхний үзэгдэл болсон найруулагчид Оскар хүртэж байжээ.

1947 оноос хойш Америкийн кино академиас гадаад хэл дээх кинонуудад гардуулсан далан хоёр шагналаас тавин долоог Европын кино авчээ. Долоон нь Азийн кинонууд, тавыг нь Америк тивийн, гурав нь Африкийн кино авсан байна.

Хамгийн их Оскар хүртсэн орнууд

Манай хоёр хөрш

Хойд хөршөөс монгол үзэгчдийн сайн танил Никита Михалков 1992 онд “Урга” киногоороо энэ номинацын богино жагсаалтад шалгарч, хоёр жилийн дараа “Наран дор зүдрэгсэд” бүтээлээрээ Оскар авч байлаа. Манай “ардын кино” болсон “Амьдрал нулимсанд дургүй” кино ч 1980 онд Акира Курасова, Франсуа Трюффо нарын сонгодгуудыг алгасан Зөвлөлтөд Оскар авчирсан билээ.

Хятадын кинонууд энэ номинацид 40 гаруй жил оролцсон ч гурван удаа л нэр дэвшигчдийн листэд кино нь шалгарчээ. Тэр гурав нь Хятадын тавдугаар үеийн найруулагч Чан Кайгөгийн Бээжин дуурийн 200 жилийн ойд зориулж хийсэн нүсэр төсөл “Баяртай амраг минь”, Жан Имоугийн “Жү Доу”, “Баатар” кинонууд. Гэхдээ эх газраас биш Тайваний найруулагч Ан Ли л 2000 онд алдарт “Нуугдсан бар, гэтсэн луу” киногоороо Хятад хэлтнүүдээс анх Оскар авчээ.

Оскарт хүрэх үе шат

Оскарын шилдэг гадаад киноны номинац гурван үе шаттай тодордог. Эхний үе шат нь улсуудын эрх бүхий нэг байгууллагаас өөрийн шилдэг киногоо Оскарт илгээнэ. Илгээх кино нь тухайн жилдээ улсдаа нээлтээ хийсэн байх ёстой. Ийнхүү улс орон бүхнээс шалгарч ирсэн 100 гаруй киноны нэгдсэн жагсаалт (submis­sion list) гардаг. Энэ жагсаалтад орно гэдэг нь улс орноо төлөөлж буй л хэрэг болохоос Оскарт нэр дэвшсэн хэрэг биш юм. Манай киночид үүнийгээ мэдсэн ч мэдээгүй царайлж, киногоо Оскарт нэр дэвшсэн гэж дотооддоо маркетинг хийхийг оролддог нь үнэндээ үзэгчдээ хуурч буй хэрэг юм. Америкийн кино академиас томилогдсон комисс улс орнуудаас ирүүлсэн кинонуудыг үзэж богино жагсаалтад 10 киног шалгаруулна. Энэ жагсаалтаас нэр дэвшигчийн жагсаалтад бичигдэж, Оскарын тайзнаа дуудагдах шилдэг кино шалгардаг.

Ийнхүү нэр дэвшинэ гэдэг нь киночдын хувьд томоохон үйл явдал мөн. Манай киночдоос энэ даваанд гарч ирсэн тохиолдол байхгүй. Харин найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” бүтээл 2004 онд өөр номинац болох баримтат киноны төрөлд богино жагсаалтад бичигдэж, улмаар шилдэг таван киноны нэгээр нэрлэгдэн Оскарын тайзнаа нэр дэвшиж байлаа.

Израйлиуд энэ маягаар 53 жилийн турш кинонуудаа илгээхэд 10 кино нь нэр дэвшигчдийн жагсаалтанд бичигдсэн ч нэг ч удаа Оскар өргөж амжсангүй. Португальчууд 34 жил киногоо илгээсэн ч нэг ч кино нь нэр дэвшигчдийн нэгээр тодорч байсангүй. Өмнөд Солонгосчууд ч ялгаагүй 32 жилийн турш шилдэг киногоо Оскарт сойсны эцэст нэг л удаа нэр дэвшигчдийн жагсаалтанд шалгарч чадсан нь өнгөрсөн онд Оскарт бөмбөг тэсэлсэн “Шимэгч” кино юм.

Оскарын “Олон улсын шилдэг уран сайхны кино” номинаци

Монголчууд Оскарт хэрхэн оролцож ирэв?

Энэ жилийн 93 дахь удаагийн Оскарын “Олон улсын шилдэг уран сайхны кино” номинацад нийт 97 улс кино ирүүлснээс 93-ыг хүлээн авч, жагсаалтад бүртгэжээ. Энэ жил Лесото, Судан, Суринам гэсэн гурван улс анх удаа кино ирүүлжээ. Сонирхолтой нь, Бутан улс хамгийн сүүлд ирүүлснээсээ 21 жилийн дараа “Lu­nana: A Class in Classroom” хэмээх кино ирүүлсэн ч жагсаалтад бүртгэх боломжгүй гэж үзжээ. Манай улсын хувьд Оскарын “Олон улсын шилдэг кино” номинацад оролцсон түүх Бутанаас арай дээр ч, бусад улсуудтай харьцуулахад богинохон. Казахстан л гэхэд энэ номинацад 15 жил киногоо илгээхэд хоёр удаа богино жагсаалтад шалгарч, нэг удаа удаа нэр дэвшжээ. Нэр дэвшсэн кино нь Сергей Бодровын алдарт “Монгол” кино.

“Монголын кино урлагийн академи” хэмээх байгууллагаас анх 2003 онд “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киног Оскарт илгээж байв. Цагтаа Т.Ганди хэмээх улстөрч удирдаж байсан энэ академи тэгсгээд сураг тасарсан.

Үүний дараа 2009 онд Андрей Борисов гэдэг найруулагчийн “Чингис хааны зуун” хэмээх кино Оскарт Монголын нэрийн өмнөөс бүртгүүлж байжээ.

“Монголын үндэсний кино хороо” хэмээх сүржин нэртэй байгууллагын тэргүүн, Ерөнхийлөгчийн киноны салбар хариуцсан орон тооны бус зөвлөх М.Оргил уг кинонд туслах дүр бүтээжээ. Найман жилийн дараагаас Монголоос киногоо тогтмол илгээж эхлээд байна.

2017 онд “Чингисийн хүүхдүүд”, 2019 онд “Хийморь”, 2020 онд “Алтан судал” кинонуудыг Оскарт илгээжээ.

Энэ жилийн Оскар аль улсад очих бол?

Энэ жилийн богино жагсаалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд зарласан. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан арав биш арван таван киног шалгаруулсан.

Манай улсыг төлөөлөн өрсөлдсөн найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино богино жагсаалтанд шалгарч чадсангүй.

Ер нь жил жилийнхээ Оскарын гадаад киноны богино жагсаалтыг сонирохчиход гэмгүй. Учир нь, тухай жилд улс орнуудад бүтээгдсэн шилдэг кинонуудыг дэлхийн кино үйлдвэрлэлийн тэргүүлэгч Холливүүдийн зүгээс тодруулж буй хэрэг шүү дээ.

Богино жагсаалтанд нэрлэгдсэн кинонууд

Оскарын бариа Монголоос хол...

Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх талаар сүүлийн үед ихээр ярих болжээ. Ингэхийн тулд төр ч, кино урлагийн салбарын уран бүтээлчид ч өнөөдрийн амиа аргацаасан хандлагаар ажиллавал монголчуудын өмнө Оскарын бариа хол. Юун түрүүн Монголын киночдод эрх ашгаа хамгаалах, асуудлаа хэлэлцэх нэгдмэл байгууллага алга. Нэгэн зураглаач залуу “Оскарт кино нэр дэвшүүлэх эрхтэй болчихлоо” хэмээн цээжээ дэлдэн харайлгаж явсан цаг саяхан. Учир мэдэх хүнд бол элэг хөшмөөр л хэрэг.

Оросод ВГИК буюу Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгссөн хүмүүс нэгдэж байгуулсан гэж өөрсдийгөө өргөмжилдөг Монголын үндэсний кино урлагийн академи гэж бий. Жүжигчин, загвар өмсөгч, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Оргилын удирддаг “Монголын үндэсний кино хороо” гэж бий. Монголын кино урлагийн зөвлөл ч гэж бий. Монголын продюссерүүдийн холбоо ч гэж бий. Монголын үндэсний хүүхдийн кино академи гэх мэт эрүү салж унамаар урт, сүртэй байгууллага, үзэгчдээ залхаасан кинонууд шигээ олноор байгуулагджээ. Дагнан үүсгэн байгуулагчдын эрх ашгаас уяатай эдгээр байгууллагууд Монголын киночдыг нэгтгэж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон.

Ингэхээр киноны мэргэжлийн салбар бүрээр дагнасан дэд хороодтой, кино академийг өөрсдийн амбицаа хойш нь тавиад байгуулах цаг нь болсон санагдана. Төр нь намынхаа даргад хэдэн тэрбумаар нь киноны төсөв шийдчихээд, эсвэл урлагт цензур тавих заалттай хууль хэдэн найруулагчтай сууж боловсруулчихаад ажил хийсэн царайлж суумааргүй байна. Асуудлаа ил хэлэлцэхгүй, дор дороо эгогоо тэжээсээр суувал монголчууд хэвшмэл зохиомж, ядмаг зохиолтой дотоодын киноноосоо нэгмөсөн залхаад эхэллээ. Өнөөдөр үзэгчдийг хуураад хэдэн төгрөг олж болно. Гэхдээ хэдхэн жилийн дараа үзэхэд хог гэж үнэлэгдэх бүтээлүүд нийтээрээ үйлдвэрлэсээр байгаа нь гутамшиг. Урлагт үнэний хууль л үйлчилдэг. Үүнийг ухаараагүй бол юунд хүрэх вэ. Монголын кино урлагийн одоогийн байгаа нөхцөлд хүрнэ. Үүнээс илүү дордох түвшин гэж үгүй.

(Үргэлжлэл бий...)

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 470

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Tuvshinbayar baaraggui shildeg eregtei jujigchin avnaa. Noirsoj bui gunjiin dureer batalgaatai

    0 0 Хариу бичих
  2. Yumiig daapaildag, yum bolgoniig togloom bolgodog, yamar ch nom unshdaggui, bolowsrolgui deerees ni setgelgui humuus kino hiih gej yadaad bh yum bol oscar holiin hol shuu dee. Goy kino humuust helj uguhuur oilgohgui shal teneg ntr gej megeed medremj baihgui tsarai baihgui yumnuud

    0 0 Хариу бичих
  3. Сайн кино байна аа. Явуулаад өгчихдөг олигтой менежмент алгаа. Гадаад боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд нь амбиц нь ихдээд гарц гаргалгаа байгаагаа хэлэхгүй амин хувиа бодсон өөдгүй зантай. Нэг ч удаа киногоо ийм замаар гадагшаа гаргах гарц байдаг шүү гээд хэлчих сэтгэлгүй өрөөл болж байвал болоо. Өөрөө ядаж байхад амжихгүй юм даа.

    0 0 Хариу бичих
  4. Өнөөдөр оскар авцан штээ манай олимпын аварга маань

    0 0 Хариу бичих