ОУВС: Монголын эдийн засгийн төсөөллийг 5 хувь болгож бууруулжээ

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны группын 2021 оны Хаврын уулзалт үргэлжилж байна.

ОУВС-гаас энэ онд дэлхийн эдийн засгийг 5.5 хувь өснө гэсэн төсөөллийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргаж байсан бол шинэ төсөөллийг 0.5 пунктээр өсгөж,  6 хувь байхаар тооцоолсноо уг уулзалтын үеэр  танилцууллаа. Энэхүү шинэчилсэн төлөвөөр, АНУ-ын эдийн засгийг 6, Евро бүсийг 4,4 хувиар өснө гэж тооцсон бол  Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт хурдацтай байх бөгөөд 8.6 хувийн өсөлттэй гарна гэж таамаглажээ.

Гэвч Монгол Улсын эдийн засгийг 5 хувиар өснө гэж тооцсон нь өмнөх төсөөллөөс нэг нэгж хувиар бууруулсан хэмжээ юм. Дэлхийн Банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланд  "Монголын эдийн засгийг энэ онд 6.8 хувиар өснө" гэсэн төсөөллийг танилцуулж байсан юм.

Дэлхийн банкны зүгээс “Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна гэж тус тайланд үзжээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн түүнчлэн, глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай болон тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Гэвч дотоодод болон дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй юм” гэж мэдэгджээ.

ОУВС-гийн Дэд захирал ноён М.Фүрүсава “Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтыг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглээд банкны секторын шинэчлэл болон ирэх жилүүдэд төлөх гадаад зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамт үзүүлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар анхаарах нь зүйтэй хэмээн Сангийн сайдтай цахим уулзалт хийхдээ хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)