"Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч тогтоолын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн хэсэгт хориг тавьсан. Учир нь, Дээд шүүхээс Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг санал оруулж томилуулахдаа хэний оронд томилуулж байгаагаа тодорхой тусгаагүй. Харин УИХ-аас шууд Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. 

Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна. 

Ш.Адьшаа: Ерөнхийлөгчийн хориг тавих үндсэн эрхэд халдсан мэдэгдэл хийж байна. Харамсаж байна. Үндсэн хууль, бусад хуулийг хэрэгжүүлэх ажлыг алдагдуулж байна. Хариуцлагыг нь хүлээх хэрэгтэй гэдгийг анхааруулъя. 

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг санал болгож томилуулдаг. Цэцэд хангалттай эрх мэдэлтэй гэж болно. Эрх мэдэл нь хумигдсан зүйл байхгүй. Одоо Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоолд хориг тавьж байгаа нь буруу жишиг тогтоох гээд байна. Өөрийн санаа бодол, үзэл баримтлалаа УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн хурлаар илэрхийлэх бүрэн боломжтой хүн. Энэ хүнтэй эрх мэдэл булаацалдсан зүйл байхгүй. Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа хэрэг биш.

Б.Пүрэвдорж: Нэг жил дөрвөн сар солиогүй байсан гишүүнийг гурав, дөрөвхөн хоногийн дотор сольж байна. Цэцийн гишүүд Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан учраас ийм шийдвэр гаргаж байна. Цэцийн гишүүд 10 болох нь гэж ярьж байна. Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөхөөс өмнө Эрдэнэбулган чинь очоод ажилласан шүү дээ. Гэтэл одоо л ийм зүйл болж байгаа шиг юм ярих юм. Хуулийг өөрсдөдөө тааруулж тайлбарладгаа болимоор байна. 

С.Бямбацогт: Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоол ямар ч хууль зөрчөөгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний оронд томилуулах хүнийг оруулж ирэхийг Дээд шүүхэд хэд хэдэн удаа бичиг явуулсан. Гэтэл сая нэг хүнийг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Одоо хоригийг хүлээж авбал Цэц 10 гишүүнтэй болно. 

Б.Пүрэвдорж: Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Цэцийн гишүүн Д.Солонго нь У.Хүрэлсүхийн талд үйлчилдэг. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг захиалгаар хойшлуулсан. Тиймээс үлдээж байгаа. Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоо Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй гэж үзсэн учраас хөөж явуулж байгаа. Даргад үйлчилдэг хүнээ үлдээж, өөрсдийнх нь эсрэг шийдвэр гаргасан хүнийг хөөж явуулж байна гэдгээ тодорхой хэлээч, та нар. 

Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх хэлэлцүүлэг үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ерөнхийлөгч хэтэрхий их туйлшраад байгаа нь их л сонин байна даа. Төрийн албаныхныг тэтгэврийн нас болонгуут нь ажлаас нь чөлөөлж л байдаг. Тэглээ гээд элдэв хэл ам татлаад байдаггүй биз дээ.

    0 0 Хариу бичих
  2. Тэтгэврийн нас нь болсон л бол чөлөөлөх нь зөв.

    0 0 Хариу бичих