Шагналын орон

Хэд хоног телевизийн дэлгэцээс шинэхэн гавьяатуудын тухай мэдээ тасарсангүй. Улс төрийнхөн, урлаг соёлынхон, спортынхон, барилгачид, багш нар, эмнэлэгийнхэн гээд ер нь бүхий л салбараас гавьяа, шагналтууд төрж байна. Нүдээ олсон, олоогүй гэсэн түмэн янзын дүгнэлтүүд ч сошиал орчинд хөвөрч байх аж. Тэгэхдээ юун түрүүнд төрдөө үнсүүлж байгаа бүх хүнд баяр хүргэх нь зөв биз.

Төрд шийтгэх эрх нь байдаг бол шагнах үүрэг нь ч бас байх ёстой гэдэг үгийг энд зориуд эш татъя. Харин шагналын хэм хэмжээ, хязгаар гэж байх ёстой юу гэдэг дээр багахан тооцоо бодох ёстой гэж үзлээ. Эргээд энэ нь шагналын үнэ цэн, үгүй ядахнаа улсын төсөвт ирэх ачаа дарамттай холбоотой учраас хөндөж байгаа юм. Түүнээс хэн нэгнийг шагнасан нь буруу, хэдэн хүнд шагнал өгч хавтгайрууллаа гэдэг бол дараагийн асуудал. Угаасаа гавьяа байгуулсан бол шагнуулах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Насаараа дуулсан түүнд гавьяатыг нь өгчихгүй дээ гэсэн халаглал монголчуудын дунд байдаг шиг, гавьяат олширчихлоо гээд гавьяаг нь үнэлэхгүй орхиж боломгүй. Тиймээс ямар ч дүгнэлтгүйгээр бусдын байр суурь хийгээд зарим статистикийг харьцуулж үзлээ.

Монгол Улс 3 382 111 (2021.05.28-ны байдлаар) хүн амтай. Үүнээс 1.6 сая хүн нь насанд хүрсэн хүмүүс.

Жилд дунджаар 80 орчим мянгаар хүн ам нэмэгддэг. Гэтэл зарим жил 80 000-аас хол давсан төрийн одон, медалиатнууд төрдөг гэсэн тоог ярих хүн байх юм.

Үнэн эсэх нь эргэлзээтэй ч Алдарт эхийн одонгоос эхлээд Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, гавьяат цол, Хөдөлмөрийн баатар, Улсын баатар, “Чингис хаан” одон гээд зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог шагнал л гэхэд 19 нэр төрөл байдаг юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт жилдээ л 10 000 гаруй гавьяатын тодорхойлолт ирдэг гэсэн тоо ч бий. Дээр нь Засгийн газар, салбар яамны, зарим Төрийн бус байгууллагын, хувийн хэвшлийн гээд шагналын тоо бол хэдэн зуугаараа тоологдоно. Аймаг, сумын ойн медалиуд гээд шагналын нэр төрөл цаашаа үргэлжилнэ. Монголын залуучуудын холбоо гэх төрийн бус байгууллага л гэхэд өөрийн нэрэмжит 26 нэр төрлийн шагнал олгодог байх юм. Ингээд бодохоор Монгол шагналын орон хэдийнэ болжээ.

Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр үнэ цэнээ алддаг гэж бодвол шагнал бол Монголд хамгийн үнэгүй зүйл болсон мэт.

Түүхч Д.Өлзийбаатар

Төрд шийтгэх эрх байхад шагнах эрх байдаг. Төр өөртөө зүтгэсэн хүнээ шагнадаг. Социализмын үед шагналын систем таарч байсан. Учир нь бүх хүн төрийн төлөө зүтгэдэг. Бүх зүйл төрийн өмч байсан. Гэвч 1990 оноос хойш нийгэм өөрчлөгдөж, шагналын систем хэвээрээ үлдсэн. Ингэхээр шагналын үнэ цэнэ буураад байгаа юм. Тэгэхээр чөлөөт нийгэмдээ тааруулж шагналын системээ өөрчлөх ёстой.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан

Манай социализмын үеийн одон медалийн тогтолцоотойгоо үлдсэн хоёр улсын нэг. Нөгөөх нь Хойд Солонгос. Төрийн одон медалийн үнэ цэнэ ард түмний дунд унасан. Яагаад гэвэл төрийн одон медаль намын одон медаль болсон. Одоо бид энэ эмх замбараагүй төрийн одон медалийн тогтолцооноос салах цаг болсон. Өнөөдрийн манай шагналын тогтолцоог нийгмийн үнэн төрх харагдана.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир

Төрийн одон медалийг баар, ресторанд очоод шуудайгаар нь өгдөг асуудал замаа алдсан. 30 хүрээгүй залуучууд “Алтан гадас” олон зүүгээд явж байна. Намаар талцаж, бүх шагналыг авдаг байдал даамжирсан. Ялангуяа орон нутагт. Төрийн шагнал олгох тогтолцоог өөрчилмөөр байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд

Шагнал дэндүү хавтайрч байна. Гэхдээ нүдээ олсон шагнал шиг сайхан юм байхгүй. Харин манайд олгох нь арай их байна. Хувинд хийгээд тараагаад явж байсан тохиолдолтой таарсан. Сонгууль дөхөхөөр шагнал тараах нь нэмэгддэг. Шагнал авсан зарим хүн нь ичээд зүүж чадахгүй байна.

Шагналын талаарх иймэрхүү байр суурь олон байдаг аж. Тиймээс ч төрөөс шагнал авсан хүн Монголд хэд байдаг тухай тооцоог сураглаж үзлээ. Нарийн ширийн байтугай бүдүүн баараг тоо ч олдохгүй бололтой. Нэгэнт нэгдсэн тоог гаргах аргагүй тул 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас насны эмэгтэйчүүдээс төрийн дээд шагналтуудын тооцоог гаргая. Ахмад цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасанчлан тэдгээрт мөнгөн тэтгэмж олгодог.

Нийгмийн халамжийн сангаас 60- аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй алдар цолтой ахмадад нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврээс гадна төрөөс 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгодог.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, 1990-1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан, Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн зэрэг багтдаг. Монгол Улсад 60-аас дээш насны эрэгтэй 101444, 55-аас дээш насны эмэгтэй 227417 байна. Эдгээрийн 3000 орчим нь төрийн дээд буюу хөдөлмөрийн баатар, гавьяат зэрэг цолтон байна. Өөрөөр хэлбэл, 300 орчим мянган ахмадын 3000 орчим нь төрийн шагналтан, үүний 60 гаруй хувь нь гавьяат ажээ.

60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй

Монгол Улсын баатар 4

Хөдөлмөрийн баатар 121

Ардын цолтон 75

Гавьяат 1895

Төрийн шагналт, төрийн соёрхолт 54

Ахмад дайчин 130

Улсын ударник 27

АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн 151

Зөвхөн ахмадуудын тухай тооцоолоход ийм тоо гарч байна. Гэтэл хамгийн сүүлд гэхэд нэг өдөр 26 гавьяат төрөв. Бас гавьяатын нас жил ирэх тусам залуужиж байгаа энд дурдах нь илүүц юм.

Өглөө бүр цайны дээжээ “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэн өргөдөг ээжүүд Монголоос өөр бараг байдаггүй гэдэг юм билээ. Зөвхөн энэ үйлдлээс харахад төрдөө хандах монголчуудын үнэлэмж илэрхийлэгдэнэ. Тэр ч утгаараа төрийн шийтгэл хамгийн хүнд, төрийн шагнал хамгийн үнэтэй байдаг болов уу. Төрд шийтгэх эрх нь байгаа бол шагнах эрх нь ч байх ёстой буй за. Харин шагнал нь ямар байхыг хаана хаанаа бодолцох цаг болсон юм шиг...

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 477

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Хойд Солонгос, Орос, Монгол гэсэн 3 улсад одон тэмдэг, гавьяат, ардын гэсэн цол, монголд бол эхийн одон хүртэл бодож олоод олон жилийн турш хүртээж явж. Одон хүртсэн хүмүүсийн яриаг сонсвол бүгд л их аз жаргалтай, гавьяа зүтгэлээ үнэлүүллээ (үнэлүүлэх ч гэж дээ өөрсдөө өргөдөл бичээд намайг ийм тийм одонгоор шагнана уу гээд гуйдаг, хүсдэг, бас хандив нэртэй авилга өгдөг болтой) гээд уйлах нь уйлж дуулах нь дуулдаг бололтой. Энэ нь биднийг ямар ард түмэн бэ хэн бэ гэдгийг яруу тодоор харуулаад байна, зарим бизнесмэн хүртэл уярч хэлэхдээ ажилчдынхаа цалинг 100 төгрөгөөр нэмнэ гэж хүртэл хэллээ. Гайхалтай, одон медал мандтугай

    0 0 Хариу бичих
  2. Өвчин гараад хоёр жил огт шагнал гардуулаагүй байх Гэхдээ тодорхойлоод ирсэн шагналыг нь олгохгүй бол нөгөө ёрөнхийлөгчөө хараана биз дээ Тодорхойлж бгаа газрууд яам зэрэг нь хяналтаа тавиач

    0 0 Хариу бичих
  3. Жонхуу бол жинхэн утгаар нь жонхууруулсан.

    0 0 Хариу бичих
  4. Утга үнэ цэнээ алдсан төмрөөр хуурдагаа болих хэрэгтэй ш дээ.

    0 0 Хариу бичих