Ковид сөрсөн салбар

Цар тахлын үед бүх зүйл уруугаа чиглэж байхад алт коронавирусийг сөрж байна. Угаасаа ч дэлхий дахинд эдийн засаг, улс төр, худалдааны зөрчил гэх мэт ямар нэгэн таагүй зүйл болоход алтны ханш дээшээ чиглэдэг.

Учир нь алт зах зээл хайх шаардлагагүйгээр валют болж чаддаг. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид хүнд үед алт худалдан авч өөрийн хөрөнгөө хамгаалдаг. 

Үүний нэг жишээ коронавирусийн нөхцөл байдал болж байна. Коронавирус дэгдэж, дэлхий нийт хөл хорионд орж, өдөрт бүртгэгдсэн тохиолдлын тоо, нас баралтаараа АНУ номер нэг болохоос өмнө энэ металлын ханш унци тутамдаа 1300 ам.долларт багтаж байсан юм. Өсөөд өсөөд ханш 1500 ам.доллар гэдэг таамаг шинжээчид гаргаад байв. Тэгвэл алтны ханш нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтийн эсрэг коронавирусийн халдварын тархалттай зэрэгцэн, халдвар гарсан тэр цагаас хойш тасралтгүй өслөө. Одоо унци алт 2000 ам.долларын ханш руу дөхөөд ирлээ. Шинжээчид энэ онд алтны ханшийг 1950 ам.доллар орчимд байхаар төсөөлөөд байсан юм. Коронавирусийн халдварын улмаас эдийн засагт тодорхой бус байдал үүсэж, алтны эрэлт улам нэмэгдэж, ханш өснө гэж энэхүү төсөөлөлдөө үзэж байсан. Харин одоо нөхцөл байдал арай өөр тийш чиглэж байна. Алтны ханшид коронавирусийн нөхцөл байдлын нөлөөлөл буурч, харин хөл хорионы үр дагавар нөлөөлж эхэлсэн. Тухайлбал, хөл хорионд бизнесүүд дампуурч, ажлын байр устсан.Тэр хэрээр дэлхий тусмаа АНУ-ын хөдөлмөрийн зах зээл алтны ханшийг чиглүүлэгч болж байна. Сүүлд л гэхэд алтны ханш тодорхойлогч, дэлхийн тэргүүлэх эдийн засаг АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн статистик шинжээчдийн таамгаас доогуур гарсан нь алтны спот ханш өсөхөд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн шинжээчид тавдугаар сард тус улсад шинэ ажлын байр 680 орчим мянгаар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан. Гэвч тэдний прогнозоос доогуур буюу 560 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байгаагийн дохио юм. Тэгэхээр эрсдэлээс хамгаалахын тулд алтны эрэлт нэмэгдсэн хэрэг. Ингээд алтны ханш өсөх шалтгаан болжээ.

Энэ онд алтны ханш өсөлтөө хадгалж, тогтвортой байх төлөвтэй байна. Эдийн засгийн шинжээч Г.Батзориг алтны ханш тогтвортой байхад хоёр шалтгаан байгааг танилцуулав. “Нэгдүгээрт, цар тахалтай холбоотой бүх орнууд мөнгө хэвлэж, бодлогын хүүгээ буулгах замаар эдийн засгаа дэмжсэн. Хүүгийн өгөөж бага байгаа нь хөрөнгө оруулагчид алтаа барих нэг шалтгаан болж байна. Хоёрдугаарт, улс орнуудад дархлаажуулалт хийгдэж, эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт бий. Гэхдээ үнийн өсөлт, төсвийн өндөр алдагдал, гадаад өрийн хүндрэл гэх мэт эрсдэлтэй. Ялангуяа АНУ-д инфляц хүлээж байснаас өндөр гарсан нь хөрөнгө оруулагчид алтаа үргэлжлүүлэн барихад хүргэлээ” гэсэн юм. Харин ирэх оноос алтны ханш аажмаар буурах төлөвтэй байгааг хэлсэн юм. Энэ нь инфляцын эсрэг томоохон эдийн засгууд мөнгөний хатуу бодлого баримталж бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлттэй холбоотой. 

Эдийн засгийн шинжээч Г.Батзориг

Өнгөрсөн онд алт биднийг аварсан. Харин энэ онд алт, зэс, нүүрс биднийг аварна. Угтаа алт бүх түүхийн эдийнхээ үнийн эсрэг хөдөлдөг. Цар тахлын үед зэс, нүүрсний үнэ огцом унахад алт өссөн. Энэ удаад арай өөр дүр зураг ажиглагдаж байна. Зэс, нүүрсний ханш өссөн ч алтны ханш тодорхой түвшинд хадгалагдана. Товчхондоо бол энэ он дуустал.

 

Эдийн засгийн шинжээч Ө.Мөрөн

Дэлхийн зах зээл дээр алтны ханш 2020 онд 27.7 хувиар өссөн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлж, экспортод нэмэр болсон. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2021 онд дэлхий нийт цар тахлаас бүрэн ангижрахгүй хэдий ч вакцины хүртээмж ихсэхийн хэрээр улс орнууд аажмаар эдийн засгаа нээж эхэлнэ. 2022 онд дэлхий нийт вакцинд бүрэн хамрагдаж нөхцөл байдал хэвэндээ ороход тодорхой бус байдал буурч улмаар бодлогын хүү өсөж, инфляцыг тогтоон барихыг тулд мөнгөний хатуу бодлого барина. Энэ үед алтны ханш эргээд буурах хандлагатай байна. Бидний таамаглаж байгаагаар 2021 онд алтны ханш 2020 оны түвшиндөө тогтвортой хадгалагдана. Учир нь 2021 онд дэлхий нийт цар тахлаас бүрэн ангижирч амжихгүй ба тодорхой бус байдал, хэрэгжиж буй бодлогууд үргэлжлэнэ. 2021 оны эхний 5 сарын байдлаар алтны ханш 2020 оны дунджаас хоёр хувиар өссөн буюу харьцангүй тогтвортой байгааг харж болно. Харин 2021 оны хувьд алтны ханш аажмаар буурсаар оны эцэст дунджаар 6.3 хувиар буурах хүлээлт байна. Энэ нь эдийн засагт тодорхой бус байдал буурч, бодлогын хүү өсөх, валютын үнэ цэн эргээд өсөхтэй холбоотой юм.

Манай улсад ч ковидод бүдрээгүй салбар нь алт юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газраас ашиг орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, сайн дурын даатгуулагчдын НДШ-ийг зургаан сарын хугацаанд чөлөөлсөн. Ингэхэд алтны салбар багтаагүй. Учир нь алтны салбарынхны ашиг орлого буураагүй.
Тэр бүү хэл өссөн гэж тухайн үеийн Сангийн сайд хэлж байв. Товчхондоо бол татвар төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгжийн 99.9 хувь НДШ төлөхгүй. 0.01 буюу алтны компаниуд шимтгэлээ төлнө гэсэн. Энэ нь тухайн салбарыг хэр сайн байсныг илтгэнэ. Тэгвэл Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ хугацаанд 4.5 тэрбум ам.долларын босгыг давж, дотоодын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүрсэн юм. Үүнээс өмнө гадаад валютын албан нөөц импортын найман сарын хэрэгцээг хангах хэмжээнээс давдаггүй байсан юм. Ковидтой эрүүл мэндийн салбар тэмцэж, эдийн засгийн үзүүлэлтүүд уруугаа чиглэж байхад ийнхүү валютын нөөцийн тогтвортой, хүртээмжтэй байдал нэмэгдэж байсан юм. Улс орнууд гадаад валютын албан нөөц (ГВАН)-өө импортын 12 сарын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээнд барьдаг. Манай улс ч мөн адил энэ хэмжээнд хүргэхээр зорьдог. Харин энэ сард манай улсын ГВАН 4.9 тэрбум ам.долларт хүрч, импортын жилийн хэрэгцээг хангаж чадахаар болжээ.

Төв банкнаас ковидын оргил жил буюу өнгөрсөн онд 23.6 тонн алт худалдан авсан. Энэ онд зургаадугаар сарын 3-ны өдрийн байдлаар 7.4 тонн алт худалдан аваад байна. Дашрамд дурдахад, алт худалдан авалт сүүлийн хоёр жил өссөнийг хил хаагдсантай холбогдуулан алтыг хууль бусаар хил гаргах явдал хаагдсан гэж салбарынхан тайлбарлах нь бий.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон

Алтны салбарыг дэмжсэн бодлогууд үргэлжилж байна. Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ нь алтны нийлүүлэлт нэмэгдсэн шалтгаан байх. Мөн гадаад руу алт хууль бусаар гаргах явдал байхгүй болсонтой холбоотой.

Манай улсын уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувийг алт эзэлдэг. Өөрөөр хэлбэл, алтны ашиглалтын 537 тусгай зөвшөөрөл байна. Алтны нөөцийн 80 гаруй хувь нь үндсэн орд бол үлдсэн нь шороон ордод ногддог гэдэг. Гэхдээ үндсэн ордын алтны нөөцийн ихэнх нь зэс, цайр зэрэг ашигт малтмалын бусад ордод дагалддаг онцлогтой. Манай улсад алтны нөөц хомсдолд орж байгааг салбарынхан хэлдэг. Учир нь олборлолт хийж байгаа орд цөөн байгаатай холбоотой. Ер нь зөвхөн алт ч гэлтгүй ашигт малтмалын салбарт хайгуул, нөөц тодорхойлох асуудал хөрөнгө мөнгө хийгээд бодлогын түвшинд дутагдаж байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 480

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

    0 0 Хариу бичих