"Үндэстний ТОЙМ"-оос онцлох есөн сэдэв

"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулья.

НЭГ. Шударга бусын хонгил - 2

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй Ковид19-өөр нас барагсдын тоо, нэг зуун мянга нэлээд хол давчихсан халдварын тохиолдлыг бодоход дотооддоо халдвар алдаагүй үедээ бид зүгээр л шоудаж байж. Харамсалтай нь, одоо ч тэр энтертаймэнт нь үргэлжилж байх юм. Өнөөдрийнх шиг хүнд нөхцөл байдлыг урьдчилж харах алсын хараа, үгүй ядахнаа төсөөлөл ч үгүй байсныг тахлын өмнө толгой гудайх эмч нараас, хайртай хүмүүсээ үүрд алдаж байгаа өвчтнүүдийн ар гэрийнхнээс харж байна. Даанч харамсалтай нь, үхэлтэй зэрэгцэн уламжлал ярьж цэцэрхэж, төв талбайдаа наадамлах ёстой гээд морьтой жагсч ч байх гэж. Үндсэн сэдэвтээ ороход, нийтээрээ, нийгмээрээ ийм байдалд орчихоод буй Монгол Улсад болох, болохгүй бүхнийг эмчлэх ганцхан жортой. Тэнд л энд өгүүлэх “Шударга бусын хонгил” сүндэрлэж буй юм...

Л.Тулгын "Дураараа нь хожиж, дүрмээрээ нь хохирдог Монгол" нийтлэлээс

ХОЁР.Унаач хүүхдийн үхэлд хуулийн хариуцлага хүлээсэн хүн одоогоор алга

Манай улсад 7000 гаруй унаач хүүхэд бий. Жил бүхэн тэдний дундаас нэгээс хоёр нь хурдан морины уралдааны үеэр болон үсэргээгээр амиа алддаг.  Үсэргээ, сунгаа, овооны наадам, бригадын наадмаар хэчнээн хүүхэд гэмтэж, хэдэн хүүхэд эндэж байгааг нарийн тооцоолдог тогтолцоо манай улсад алга. Шулуухан хэлэхэд, малаа жил бүхэн ягштал тоолдог хэрнээ хүүхдийн эндэгдэл, шалтгаан нөхцөлд төдийлөн анхаардаггүй.

Мориноос унаж бэртэхээс гадна унаач хүүхдийн олон эрх ил, далд байдлаар зөрчигдсөөр байна. Туранхай буюу бага жинтэй хүүхдийн унасан морь илүү хурдан давхидаг тул морины хүүхдүүд хүлэгтэйгээ хамт сойлгод байдаг аж. Жин нэмэхгүй байх үүрэг хүлээж, жилийн аль ч улиралд хоол хүнсээ хязгаарлуулдаг байна. Мөн хүүхдээр олон жил морь унуулахын тулд өсөлтийг нь зогсоодог тариа хийх тохиолдол ч орон нутагт цөөнгүй бий...

О.Даваасүрэнгийн "Уламжлал Шунал Хүүхэд!" нийтлэлээс

ГУРАВ.  Үзэгчдийн саналаар үргэлжлүүлье

Улс төрийн бохир тоглоомын дүрмээр шаггүй гаршсан нь үүндээ иргэдийг татан оролцуулж эхлэв. Ингэхдээ “иргэдийн”, “ард түмний эрх ашгийн тулд” гэх үгсээр халхавчлан өөрсдийн хүслээ гүйцэлдүүлэх агаад үүнийг үнэмшилтэй болгохын тулд нэргүй, цусгүй, сүнсгүй албатуудыг бүтээж, уухайлуулах болов. Тэднийг олон улсын хэллэг нь тролл гэх бөлгөө. Эрх баригчдын хамгийн итгэл хүлээлгэдэг, иргэдийг төөрөгдүүлдэг тэдгээр сүгнүүдээр дамжуулан олон нийтийн санаа бодлыг тандах болсон бөгөөд гаргах гэж буй шийдвэрээ урьдчилаад хэлэлцүүлж, гал асахаар байвал мартаж, өөрсдөө мэдэлгүй дэмжвэл гарын үсэг зуран албажуулдаг болсон билээ. Тэдний энэхүү тандалтад иргэд өөрөө ч мэдэлгүй автсан байх бөгөөд зарим тохиолдолд үнэн сэтгэлээсээ дэмжих нь олонтаа. Тиймээс иргэдийн санал, хүсэлтийн дагуу гэх тодотголтойгоор иргэдийн эсрэг шийдвэр гаргах нь олонтаа...

Л.Нарантөгсийн "Удирдагчийн эрэлд" нийтлэлээс

ДӨРӨВ.Аварч, хөнгөвчилж чадахгүй бол үхэх эрх чөлөөг нь өгөөч

Хөнгөвчлөх эмчилгээ хүртээмжтэй, хүн ард зовохгүй амар тайван буцаж байвал заавал хорвоогийн жамыг түргэсгэх шаардлага байхгүй. Гэтэл манай улсад үнэндээ хөнгөвчлөх эмчилгээний тал дээр сүүлийн 15 жил ямар ч ахиц дэвшил гарсангүй. Манай улсын хувьд эвтаназийг хуулиар хориглодог. Чухамдаа хөнгөвчлөх эмчилгээ тал дээр хангалттай тусламж үйлчилгээ өгч чадахгүй байгаа нь эвтаназийг хүлээн зөвшөөрөх асуудлыг дахин, дахин сөхөх гол шалтгаан болдог юм.

Манай улсад хорт хавдрын шалтгаант нас баралт 10000 эрэгтэйд 14.99, 10000 эмэгтэйд 11.14 ногддог. Хорт хавдраар өвчилсөн нийт өвтөнүүдийн 79.1 хувь нь III, IV шатанд орсон үедээ буюу эмчилгээгүй болсон хойноо оношлогддог гэсэн судалгаа байдаг юм байна. Нас барсан хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд амьдарсан байдаг аж. Энэхүү нэг жилийн сүүлийн хэд хоногт өвчтөн үнэхээр тэсвэрлэшгүй өвдөлт, шаналлыг мэдэрдэг. Төрсөн бол үхэх нь орчлонгийн жам ч гэлээ, боломж нөхцөл нь байвал энэ зовлонг нь нимгэлж яагаад болохгүй гэж.

Х.Батсайханы "Эвтанази Монголд хэрэгтэй юу?" нийтлэлээс

ТАВ. Та ковидиот мөн үү

Кэмбриджийн их сургуулийн толь бичигт Covidiot хэмээх шинэ үг нэмэгдээд байна.Энэ нь Covid буюу коронавирус, Idiot буюу тэнэг хэмээх хоёр үгийг нийлүүлсэн утга. Коронавирусийн цар тахлын үеэр бусдад халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлэх тэнэг, этгээд авир, үйлдэл гаргадаг, үймээн самуунд турхирдаг, эрүүл бус үйлдэл гаргадаг хүмүүсийг хэлдэг юм байна. Жишээлбэл, БНСУ-д халдвартай эмэгтэй сүмд очиж тэндээс үүссэн голомт тус улсын эрсдэлийг нэмэгдүүлсэн удаатай. Ганц Covidiot эмэгтэйн үйлдэл ийм л аюул тарьж байв. Ковидиотуудыг таних шинж тэмдэг гэвэл, зайгаа барьдаггүй, маскаа зүүдэггүй. Гэхдээ ийм хүмүүс монголчуудын дунд цөөхөн. Харин Америк, Европт их байгаа учраас энэ хэллэг нэгэнт үгийн санд нь орж иржээ. 

С.Сосоржавын "Ковид дагасан нэршлүүд" нийтлэлээс

ЗУРГАА. Хүчиндэх бус хүлээн зөшөөрүүл

Монголчуудын дахин түүхийн тавцанд гарч ирсэн энэхүү хувьсгалыг бид үгүйсгэх болохгүй. Гэхдээ анхны удирдагчдаас нь эхлээд аймаглан устгал хийсэн хар бараан жилүүдээ, оюун санааны удирдагчдаа үгүй хийсэн төөрөгдлөө хамгаас илүү харуулж, сэрэмжлүүлэх нь хоёр их гүрний дунд орших бидэнд санаж, сэхээрэх, сэрэмжилж, сэрэх учиртай. Намын жижигхэн эрх ашиг, нэр хүнд бус нийт монголчуудын эрх ашигт тэр нь нийцэх учиртай. Ардын нам өнгөрсөн зууны ололтыг өмчилж байгаа бол гашуудал, харууслыг нь хамтад нь үүрэх ёстой. Тэгэхийн тулд хойноос зохиож өгсөн худал түүхийг хогийн саванд шидээд, Монголын төлөө гэж цохилсон зүрх болгон яргын машинд яаж машиндуулж, арчаад арилахгүй ямар их толбо үлдээснийг, яаж хэрхэн төөрч, зөв замд оруулах гэсэн эх орончид яргын хутганд яаж сийчүүлснийг иргэддээ ойлгуулах ёстой. Ингэж чадвал МАН гоё харагдана.

Л.Нарантөгсийн "Ардын хувьсгалын 100 жил: Төр уучлал гуйх уу" нийтлэлээс

ДОЛОО. Үнийн өсөлтийг аргамжиж чадах уу?

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өнгөрсөн оны сүүлийн улиралд 50 орчим хувиар өссөн байна. Энэ нь ойрын хэдэн жил буюу 2009 оны санхүүгийн хямралаас хойш бараг байгаагүй үнийн өсөлт ажээ. Сүүлийн жилийн дүнгээр үйлдвэрлэлийн өсөлтөд эрдэнэ шиш, шар буурцаг тэргүүлж байна. Цаг агаарын нөхцөл байдал таагүй байснаас хүнсний гол нийлүүлэгчдийн ургацын хэмжээ муу байсан. Дээр нь улс орнууд хүнсний нөөц бүрдүүлж, импорт нэмэгдүүлсэн гэх мэт тодорхой шалтгаан үүнд нөлөөлсөн байна. Түүнчлэн тэжээвэр амьтдын хүнсний хэрэглээ нэмэгдсэн нь ч эрэлтийг бий болгож, үнэд нөлөөлжээ.

Б.Болор-Эрдэнийн "Хүнсний үнэ яагаад өсөв?" нийтлэлээс

НАЙМ. Нэгэн дээвэр дор багтах ондоо иргэншил

Мультикультурализм нь социологи, улс төрийн философийн ойлголт бөгөөд тухайн нийгэмд өөр өөр хэл, соёл, угсаа, шашин шүтлэгтэй хүмүүс эв найртайгаар зэрэгцэн орших тухай агуулга ажээ. Гэтэл цагаан арьстай, Христ шашинтай Европын улс орнуудад исламын шашинт улс орнуудаас цагаач, дүрвэгсдийн урсгал түрэн орж ирснээр мультикультурализмын бодит үр дүнд эргэлзэх болжээ. Эргэлзээд ч байх юу байх вэ, бодит дүр зураг нь юм. Герман, Швед улсад эрүүгийн гэмт хэргийн тоо өссөн гэж анхааруулах боловч улстөрчид, зүүний үзэлтэй намууд нь үндэстний эв нэгдэл, сайн сайхныг уриалсаар л.

Г.Ганбаярын "Аюултай эх орон" нийтлэлээс

ЕС. Наадам хойшилж, сэргээшийн маргаан нэг жилээр сунжрах нь

Сэргээшийн шинжилгээнд өгсөн шээсийг нь загнаад авчихдаг, ойролцоо газардсан ч яалт ч үгүй уначихсан бөхийг засуул цэцийг загнаж байгаад давуулдаг, сэргээшийн шинжилгээнд уначихаад байхад шийтгэлийн хугацааг нь багасгадаг “эвэртэн”, “туурайтнууд” өнөөдрийн хагарлын нэг шалтгаан мөн. Ер нь эцсийн эцэст, бөхчүүдийг хүүхэлдэйгээ болгодог, наадмын үр дүнг урьдчилан зурж суудаг эрх мэдэлтэй хэдхэн нөхдөөс л энэ бүхэн гарч байна. Тэдгээр хүмүүст тал засахын тулд хийж байгаа энэ үйлдэл чинь нийт бөхчүүдийг хагаралдуулж, бөхийн нэр хүндийг унагаж байна гэдгийг “эвэртэн”, “туурайтнууд ойлгомоор байна.

Үндэсний бөхийн нэр хүнд унаж, яваандаа устаж үгүй болбол Монгол Улс, монгол үндэстэн соёлын нэг дархлаанаасаа сална. Ганц жилийн наадамд барилдчих гэсэн, эхлээд тус болж байгаад дараа нь ганц сонгуульд дагуулаад явчихъя гэсэн өчүүхэн ашиг хонжоо харж ингэж байгаа бол одоо боль, илүү аюул дагуулна шүү гэж хэлье.

Х.Батсайханы "Бөх тойрсон бүдүүн өвснүүд" нийтлэлээс 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гүзээтэй уяачид өөрсдөө морио унаад уралдаач ! Жин хасаад зүгээр юм бишүү

    1 0 Хариу бичих