Х.Баттулгыг үдэж, У.Хүрэлсүхийг угтаж буй хууль

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусч, зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацааны тоолуур гүйж эхэллээ. У.Хүрэлсүх зургаан жилийн хугацаанд ямар хүрээ хязгаарт бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ, Засгийн газар, шүүх гэсэн гурван засаглалын хуульд өөрчлөлт оруулсан өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байгаа. Гүйцэтгэх засаглал гэсэн малгайн дор Засгийн газартай зэрэгцэж, заримдаа давхардаж ирсэн Ерөнхийлөгч, түүний институц ирээдүйд ямар байдлаар ажиллах нь анхаарал татаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой цөөхөн заалт орсон. Гэхдээ тэр заалтууд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг багагүй хэмжээнд хязгаарлаж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч хүссэн хуулиа санаачлах эрхгүй болсон. Эцэг хуулийн 26.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” хэмээн заасан байсныг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” хэмээн өөрчилсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгнө гэсэн үг. Өмнөх Ерөнхийлөгч нар хууль батлах замаар Үндсэн хуулиар олоогүй эрх мэдлийг өөртөө бий болгодог гэсэн шүүмжлэл гардаг. Энэ ч бодитой. Тиймээс “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэсэн Үндсэн хуулийн 33.4 дэх заалтыг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн өөрчилсөн юм. Ингэснээр Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд заасан дараах бүрэн эрхийг л хэрэгжүүлнэ гэсэн үг. 

1. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

2. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

3. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

4. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

5. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

6. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

7.Уучлал үзүүлэх;

8.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

9.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

10.Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

11.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хууль зүйн яамнаас боловсруулсан Ерөнхийлөгчийн тухай хуулийг Засгийн газар саяхан хэлэлцэн дэмжиж удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар манай яам ажиллаж байна. 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төсөл бичиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн заалттай холбоотой.

Үүнээс үзвэл У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч нараасаа эрх мэдлийн хувьд харьцангуй бага байх юм. Ерөнхийлөгч УИХ-ын бүх шийдвэрт хориг тавих эрхгүй болно

Удахгүй өргөн барихад бэлэн болоод буй Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрхэн хязгаарлахаар тусгасныг танилцуулъя.

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн

2- т заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

- Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулна.

- Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ.

- Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

- Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуульд хориг тавихгүй

-  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэрт хориг тавихгүй

-  Хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтныг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавихгүй.

Ийнхүү Ерөнхийлөгч УИХ-ын бүх шийдвэрт хориг тавихаа болихоос эхлээд эрх мэдэл нь хязгаарлагдахаар байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш таван жил намд элсэхийг хориглоно

Мөн уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах заалтууд орсноос гадна экс Ерөнхийлөгч нарын эрхийг хязгаарлах заалтууд ч оржээ. Тухайн заалтыг танилцуулъя.

- Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ
хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.

- Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга амьдрах, оршин суухыг хориглоно.

- Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

- Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.

Дээрх заалтууд хэрэв батлагдвал Ерөнхийлөгч Х.Баттулга 2026 оны зургаадугаар сарын 25 хүртэл улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, нам байгуулах, намд элсэх эрхгүй болох нь. Түүнийг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч буй. Хэрэв энэхүү хуулийн төсөл энэ чигээрээ батлагдаж ирэх намрын нөхөн сонгуулиас өмнө хэрэгжиж эхэлбэл тэрээр аль нэг намаас нэр дэвших боломжгүй болох юм байна. Эрх баригчид төслийн энэхүү зохицуулалтыг түүнд зориулсан байхыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 485

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)