Жорлонгийн зовлон

Нийслэлийнхнийг цар тахал, ажил үүргээ умартан сонгуульдаж ахуйд усархаг бороо хотын дэд бүтцийг, гэр хорооллын хөгжилтэй нь хамт шалгав. Хоёр хоногийн бороонд далангаа халин үерлэсэн голууд зөвхөн авто замыг гүүртэй нь хамт урсгасангүй. Гэр хорооллын, зуслангийн айлуудын нүхэн жорлонг юүлээд хотын гудамжаар урсгаж орхисон юм. Ирэх өдрүүдэд үргэлжлэн орох бороонд ч хотын гудамж ялгадсаар үерлэж мэдэх нь.

Жилийн жилд ийм л төрхтэй байдаг нийслэл энэ удаад ч зүсээ, хөгжлөө хувиргасангүй. Өнгөрсөн жил, тэрнээс өмнө, өнө эртэд ч ариун цэврийн байгууламж, бидний хэлдгээр жорлонгийн асуудал байсан. Одоо ч нүхэн жорлонгийн зовлонтойгоо нийслэлийнхэн нүүр тулсаар байна.

Эмгэг үүсгэгч савханцар хөрсний зургаан метрийн гүнээс илэрчээ

Нийслэлийн хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан. Харин нянгийн бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айлуудын нүхэн жорлон буюу стандартын бус ариун цэврийн байгууламж. Гэр хороололд 400 мянга гаруй айл амьдардгийн 94 хувь буюу 380 мянга орчим нь стандартын бус нүхэн жорлонтой. Тэгвэл эдгээр жорлон иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан тоо баримтыг дурдъя.

Хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчилсөн хүмүүсийн 65 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлжээ. Үүнтэй төстэй судалгааг ч НЭМҮТ-өөс хийсэн байна. Нийслэлийн есөн дүүрэгт гэдэсний халдвараар өвчилсөн 1200 иргэнийг нянгийн халдвартай ямар хамаарал холбоотойг судалж үзэхэд ихэвчлэн 0-4 хүртэлх насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ. Гэдэсний бүлгийн бичил биетэн ямар байгааг шинжилж үзэхэд нийт авсан дээжийн 65.2 хувьд нь е.coli буюу гэдэсний эмгэг үүсгэгч савханцар байсан аж.

Тэгвэл Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн 2019-2020 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын нүхэн жорлонгийн ойр орчмын 10 метр радиус дотор гэдэсний бүлгийн эмгэг үүсгэгч e.coli савханцар бактер түгээмэл тархалттай байжээ. Энэ нь хөрсний зургаан метр гүнээс илэрч байгаа нь голын сав дагууд гүний усыг бохирдуулах, үерийн усаар зөөвөрлөгдөж ундны усны эх үүсвэрт орох өндөр эрсдэлтэйг эрдэмтэд тайландаа онцолсон байна.

Судалгааны дүн гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна. Бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, жорлонгийн бохир ус халих зэрэг болж байгааг эдгээр судалгааны тайланд дурджээ.  

Биелүүлээгүй зорилт

Хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлыг хариуцсан яам, холбогдох байгууллагынхан ярьдаггүй биш ярьдаг, шийдлийг төлөвлөдөггүй биш төлөвлөдөг. Гэвч ярьсан баталсан төлөвлөснөө хэрэгжүүлдэггүй. Үүний нэг жишээ нь, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тавьсан 2021 онд хот суурин газрын хүн амын 80 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох зорилт. Энэ зорилт биелсэн бол өнөөдөр гэр хорооллын иргэдийн 50 гаруй хувь нь стандартын ариун цэврийн байгууламжтай байх ёстой байв. Гэвч бодит байдал дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн гурван хорооны хэсэг айлыг л боловсон жорлонтой болгосон байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн зургаа, долоодугаар хороо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдэв.  

Харин цаашид ямар төлөвлөгөө, шийдэлтэй ажиллаж байгааг тус яамныхнаас тодруулахад, хөрс, усны эрсдэл бүхий бүсүүдэд ногоон байгууламж бүхий 18 мянган жишиг эко жорлон суурилуулахаар төлөвлөсөн гэнэ.

БОАЖЯ-ны Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Б.Оргил

Гэр хорооллыг орон сууцжуулснаар хөрсний бохирдол багасна. Үүнд урт хугацаа шаардах тул богино хугацаанд үр дүнгээ өгөх арга нь эко жорлон юм. Иймд эхний ээлжид хөрс, усны бохирдол үүсэх газрыг, тухайлбал Туул голын сав газар дагуу, ундны усны эх үүсвэрт ойролцоо, шаардлага хангаагүй нүхэн жорлонг стандартад нийцсэн эко жорлон болгоход анхаарна. БОАЖЯ бодлогын хувьд нүхэн жорлон, угаадасны нүхэнд тавих нийтлэг шаардлага, стандарт, норм мөрдүүлнэ. Гэр хорооллын айлын хашаанд бохирын булж орхисон 3-4 нүх байдаг. Харин соруулдаг эко жорлонг дахин ашиглах боломжтой тул хөрс бохирдуулахгүй давуу талтай. Эко жорлонгийн дөрвөн хана, ёроолыг битүүмжилсэн, доторлогоотой тул бохир хөрсөнд нэвчихгүй, дүүрсэн үед нь бохир, лагийг соруулах боломжтой, хэрэглэх хүндээ тав тухтай, агааржуулагч, гэрэлтүүлэгтэй, бохир үнэртэхгүй. 2020-2024 онд нийт 18 мянган эко жорлон суурилуулна.

Хөрсний бохирдол тэр дундаа нүхэн жорлонгийн асуудалд салбар яамны барьж буй бодлого энэ. Дөрвөн жилийн хугацаанд хөтөлбөрөө хэрэгжүүлээд 18 мянган эко жорлон барилаа гэхэд энэ нь гэр хорооллын айл өрхүүдийн таван хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр айл өрхүүдийг өөрсдөө л жорлонгийн хувьсгал хийхийг хүлээх нь. Уг нь дор бүрнээ ухамсартай, анхиатай, соёлтой байвал нүхэн жорлонгоо өөрчлөхөд заавал төр засгийг харах шаардлагагүй л дээ.

                                                     Ангилвал алт, холивол хор

Манай улс анх 2008 онд нүхэн жорлон, муу усны нүхний стандартыг баталсан бөгөөд 2015 шинэчилж, дөрвөн хувилбарт жорлонг стандарчилсан MNS 5924:2015-ыг баталжээ. Тодруулбал, био, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах гэсэн дөрвөн төрлийн жорлонг стандартчилж байв. Гэвч гэр хорооллын иргэдийн 94 хувь нь стандартын бус нүхэн жорлон ашигладаг хэвээр байгааг албаны судалгаанууд харуулж буй. Зургаан жилийн хугацаанд стандартыг айл өрхүүд хэрэгжүүлсэнгүй. Өөрсдийн хийгээд өрөөлийн эрүүл мэндийг бодож, орчин нөхцөлөө сайжруулах ухамсар суусангүй. Стандартыг хэрэгжүүлэх гэж холбогдох албаныхан ч хяналт  тавьсангүй. Стандартыг хэрэгжүүлж эхлэхэд бүх шатны Засаг дарга нар хяналт тавих үүрэгтэй гэгдэж байсан ч одоо мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах ёстой гэнэ. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагаас стандартыг мөрдүүлж буй эсэхээр бидэнд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Уг нь энэ стандартыг хэрэгжүүлээд бохирыг ангилан ялгавал хөрсний нянгийн бохирдол арилахын зэрэгцээ бохирыг алт болгох боломж үүснэ гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Басандорж

Бид бохироо ангилан ялгадаг болж, бордоо болгон ашиглах хэрэгтэй. Стандартын ариун цэврийн байгууламжтай болж, ялгадсаа өтгөн, шингэнээр нь ялгаж чадвал газарт “өрөм” болно гэсэн үг. Сарлагийн сүүг хөөрүүлэхэд шимтэй өрөм тогтдог шиг. Бохирыг бид өрөм, алт болгох боломжтой. Өтгөн, шингэн, угаадсыг ялгах технологи нь маш хямд бий. 100 мянга гаруй төгрөг л гэдэг. Иргэд мэдээлэл алга, бас хариуцлагагүй байна. Иргэдийг хариуцлагажуулах соёлын довтолгоон хийх хэрэгтэй байна.

Хөрсний бохирдол зөвхөн гэр хорооллынхны асуудал биш

Гэр хорооллын айлуудын 94 хувь нь стандартын бус нүхэн жорлонтой. Эдгээр жорлонгийн бохир зөвхөн гэр хороололдоо бус цас, борооны усаар дамжин хотын өнцөг бүрд тархаж, хөрс усыг нянгаараа бохирдуулсаар байна. Хөрсний бохирдлыг тэгэхээр зөвхөн гэр хорооллынхны зовлон мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Нийтээрээ, нийслэлээрээ далайцтай хөдөлж байж, нүхэн жорлонгийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Жорлонгийн хувьсгал хийхэд айл өрхүүдийн хичээл зүтгэл, төр засгийн бодлого шийдэл хамгаас хамгаас чухал билээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)