Токио 2020 зуны олимпын наадам софтболын төрлөөр эхэллээ

Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн зуны олимпын наадам софтбол спортын төрлөөр эхэллээ.

2008 оноос хойш бэйсбол, софтболын төрөл энэ удаагийн олимпын хөтөлбөрт анх удаа багтсан юм. Зуны олимпын наадам хөлбөмбөгийн спортоор эхэлдэг бол энэ удаа эмэгтэйчүүдийн софтболын тэмцээнээр эхэлсэн нь онцлог байлаа. Фүкүшима Азүма Бэйсбол цэнгэлдэх хүрээлэнд болсон эхний тоглолтод эзэн орон Японы шигшээ баг Австралийн шигшээ багийг 8:1 харьцаатай хожлоо.

АНУ-ын шигшээ баг Италийн багийг 2:0 харьцаатай хожсон. Софтболын тэмцээнд анх удаа оролцож буй Мексикийн шигшээ Канадын шигшээг барсангүй 0:4 харьцаатай хожигдсон байна. Өнөө өглөө АНУ-ын шигшээ баг хөрш Канадын шигшээг 1:0 харьцаатай хожсоноор тэмцээнийг хоёр хожилтойгоор хошуучилж эхэллээ.

Эмэгтэйчүүдийн бэйсбол буюу софтболын тэмцээнд АНУ, Канад, Мексик, Япон, Итали, Австралийн баг 90 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд долдугаар сарын 27-нд дуусна. Тэмцээнд оролцож буй зургаан улсын шигшээ баг тойргоор тоглож, хэсэгтээ эхний хоёр байраар шалгарсан нь алтан медалийн төлөө, гурав, дөрөвдүгээр байраар шалгарсан нь хүрэл медалийн төлөө тоглох юм. Олимпын наадмын софтболын тэмцээнд АНУ, Японы шигшээ баг түрүүлэх магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)