Бразилын хөлбөмбөгийн шигшээ Германы багийг илүүрхлээ

Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн зуны олимпын наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн Пүрэв гарагт эхэллээ. 16 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, хэсэг тус бүрээс хоёр баг дараагийн шатанд шалгарах юм. Тэмцээн наймдугаар сарын 7-нд өндөрлөнө. 2016 Рио Де Жанейрогийн олимпын аварга Бразилын шигшээ хэсгийн эхний тоглолтдоо Германы шигшээ багийг 4:2 харьцаатай хожлоо. Тус тоглолтод Английн Эвертон клубт тоглодог довтлогч Ришарлисон гурван гоол оруулжээ. Испанийн шигшээ Египетийн шигшээтэй гоолгүй тэнцэж, тэмцээнээ тааруухан эхлүүлсэн бол Мексикийн шигшээ баг Францын шигшээ багийг 4:1 харьцаатай бут ниргэжээ. Шинэ Зеландын шигшээ баг Өмнөд Солонгосыг 1:0 харьцаатай хожиж, олимпын наадамд анх удаа ялалт байгуулжээ. Эзэн орон Японы шигшээ Өмнөд Африкийг хожсон бол Аргентины шигшээ Австралид хожигдсон байна.

Хэсгийн эхний тоглолтуудын дүн:

Египет – Испани 0:0

Шинэ Зеланд – Өмнөд Солонгос 1:0

Мексик – Франц 4:1

Кот д’Ивуар – Саудын Араб 2:1

Аргентин – Австрали 0:2

Хондурас – Румынь 0:1

Япон – Өмнөд Африк 1:0

Бразил – Герман 4:2


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)