Ядуурлыг тэглэх элэглэл

Ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл, гэмт хэрэг гээд нийгмийн бараан бүхэн эцэстээ ядууралтай холбогддог. Ядуурлыг бууруулах нь эргээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа болно. Гэвч манай улсад ядуурлын түвшин 30 жилийн өмнөхөөс төдийлөн буурсангүй. Тэр ч байтугай сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр дундаж давхаргынхны амьжиргаа доошилж, ядуурлын хүрээ тэлсээр байна.

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутамд ядуурлын түвшингийн судалгаа явуулдаг. Хамгийн сүүлийн буюу 2018 оны судалгаагаар манай улсад ядуурлын түвшин 28.4 хувь байлаа. Энэ нь нийт хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ хүн амын 15 хувь нь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа ба гэнэтийн хямралт үйл явдлын нөлөөгөөр ядуурал руу халтиран орох эрсдэлд байгааг мэдээлжээ. Энэ бол манай улсад цар тахал нүүрлэхээс өмнөх үзүүлэлт.

Тэгвэл цар тахлын нөлөөгөөр дундаж орлоготой өрх бага орлоготой өрх рүү шилжсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Манай улсын хэмжээнд 910 мянга орчим өрх бий. Өнгөрсөн жилийн хугацаанд 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхийн тоо хамгийн их буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ давхаргынханд цар тахлын хязгаарлалт хамгийн их нөлөөлсөн гэсэн үг. Тэгвэл эсрэгээрээ 300-500 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн тоо нэмэгдсэн байна. Өрхүүдийн орлого ийнхүү буурсныг хөл хорионы улмаас зогссон ажлын байр, нэмэгдсэн халамжтай уяж болно. Энэ нь том зургаараа ядуурал төдий чинээ нэмэгдсэн гэсэн үг.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

Цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ цаг үед гадаадын шинжээчийн сэрэмжлүүлж байсан эрсдэлүүд амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Ажилгүй, орлогогүй болох аваас доод давхарга руугаа ороход бэлэн байгаа дундаж давхаргын хагас сая иргэн ийнхүү ядуусын эгнээнд шилжиж эхэллээ. Хэдийгээр албан ёсны статистик тоо гараагүй боловч ядуу иргэдийн тоо 1.5 саяыг давсан гэж тооцож болохоор болжээ.

Одоо Монголын “гурван хүн тутмын нэг нь ядуу” гэсэн үг хэдийнэ хуучирч, хоёр хүн тутмын нэг нь ийм аюулд өртөөд зогсохгүй, цаашид энэ тоо эрчимтэй өсөх нь тодорхой болчихлоо.

Ядуурлын хүрээ ийнхүү тэлж байхад зөв бодлого шийдлийн тухай, ядаж л сүүлийн хоёр жилийн нөхцөл байдлын талаар төр засгийнхан ярьсангүй, судалсангүй. Харин ч салбар хариуцсан сайд нь “Есөн жилийн дараа ядуурлын хувийг тэг болгоно” гэж сөхөрсөн иргэдээ элэглэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд ядуурлыг бууруулах асуудал тусгагдсан. Ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ гэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлсний адилаар Монгол Улс энэ зорилгод нэгдэн 2030 он гэхэд ядуурлыг аль болох тэг болгохыг чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд ядуурлыг бууруулахад эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү түлхүү анхаарч хөрөнгө оруулалтыг оруулах ёстой гэсэн зарчмын дагуу явна.

Ядуурлыг бууруулах бодлого дутагдахын зэрэгцээ цар тахлын нөлөөгөөр дундаж давхаргынхан ядууралд өртөж, ядуучууд нь бүр хэвтэрт орсон бодит байдал, үүнээс гарах арга замыг ярихын оронд цаасан дээр бичсэн мөрөөдлөө чанга дуугаар ярьсан тань сөхөрсөн ард иргэдэд элэглэл шиг л сонсогдлоо, сайд аа.

Цаасан дээрх ядуурлыг бууруулах ийм бодлого, зорилтууд манайд хангалттай бий. 30-аад жилийн өмнө ч ийм зорилтуудыг дэвшүүлж байсан. Харин бодлого төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэггүй, эсрэгээр нь хавтгайрсан халамж олгож, нийтээр нь бэлэнчлэх сэтгэлгээнд сургасны балгаар ямар үр дүнд хүрснийг одоогийн ядуурлын түвшин харуулсаар байна. Ядуурлыг бууруулах манай төр засгийн бодлого үндсэндээ ийм л байна.

Холын биш ойрын ганцхан гялтайх ажил нь ажлын байрыг дэмжих бага хувийн хүүтэй зээл. Цар тахлын нөлөөгөөр ажилгүй, орлогогүй болж буй иргэд, аж ахуйн нэгжийн дэмжих хүрээнд ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ сарын 14-ний байдлаар нийт 17785 зээлдэгчид нэг их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Хэрвээ энэ зээл зориулсан эздэдээ хүрч чадвал өнөө маргаашдаа сөхөрч унахад бэлэн болсон олон мянган хүнд багахан ч болов дэм болох нь гарцаагүй. Гэхдээ жирийн иргэд, зориулсан эзэд нь л зээлийг авч чадвал л үр дүн гарна. Иргэдэд нэртэй эрх мэдэлтнүүдэд хуваарилсан ЖДҮ зэрэг зээлийн гашуун түүх бий болохоор энэ удаад ч үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Хятадын туршлага: Сэтгэлгээг өөрчлөх

Хятад улс найман жилийн дотор 100 сая иргэнээ ядуурлаас гаргаснаа өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд дэлхий нийтэд зарласан. Найман жилийн дотор 100 сая иргэн гэвэл есөн жилийн дотор нэг сая гаруй иргэнийг ядуурлаас гаргах юухан байх вэ гэж болохоор. Гэхдээ манай улс хэдэн арван жилийн хугацаанд ч нэг мянган иргэнээ ядуурлаас гаргасангүй. Ард иргэд нь ядуу байх тусам тархийг нь угаах, халамжаар удирдахад илүү хялбар болох учраас улсаар нь ядуурлаас гаргахыг тэгтлээ их хүсдэггүй байж ч мэднэ. Үгүй гэвэл ядуурлыг бууруулах манай улсын арга зам буруу гэдэг нь тодорхой байна.

Ард иргэдээ бэлэн мөнгөөр тэжээх биш хөлс хүч хөдөлмөрөө зориулж мөнгө олох, амьдралаа босгохыг нь дэмжих л одоогийн нөхцөлд хамгийн зөв арга. 10 хүрэхгүй жилийн дотор 100 сая хүнээ ядуурлаас гаргасан Хятадын бодлогын цаад агуулга нь ердөө энэ.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах ажлын албаны Мэдээллийн албаны дарга Сү Гүочиа “Ядуурлыг бууруулахдаа улсаас тэтгэх биш нээн хөгжүүлэх арга хэмжээг авдаг. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч муж тосгоны иргэдийг ядуурлаас гаргасан” гэсэн нь үүний баталгаа.

Хүн баян, ядуу төрөх хувь тавилангаа оноож төрөх биш. Ядуу гэр бүлд төрсөн бол яаж ч хүссэн баян тансаг амьдралтай нэгэнтэй дүйх нь амаргүй. Гэвч сэтгэж, сэтгэхүйгээ өөрчилж, хичээж, зүтгэж чадвал амьдралаа өөрчилж элбэг хангалуун амьдарч чадна. Ийм л сэтгэхүйг ард иргэддээ суулгахыг зорьсон хятадууд 100 сая иргэнээ ядуурлаас гаргаж чадлаа.

Манай улсад иргэдээ ядуу гээд бэлэн мөнгө өгөх биш сэтгэлгээг нь өөрчилж ажил хийх, амьдралаа босгоход нь дэмжих бодлого л дутагдаад байна.

Сэтгэлгээгээ өөрчилсөн хүнийг нээн хөгжүүлэхэд амархан. Ажил хийлээ гэхэд авсан цалингаа архи болгочихгүй, амьдралдаа зарцуулаад явчихна. Харин сэтгэлгээний ядууралтай хүнд хэчнээн ажил, хэчнээн мөнгө байгаад ядуу хэвээр л байна. Тиймээс сэтгэлгээний ядуурлыг арилгаж, нээн хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүй болов уу.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл.Дугаар 484

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Бичих, ярих ,унших сэтгэхүй нь дэндүү хэвшмэл, хэвлэлийн хуучин хуурай үгтэй социализм үеэрээ байх юм.Монгол улс хөгжих тухай ярьдаг, жаргалтай,ирээдүйтэй Цөөхөн орны нэг.Дэлхий дээрхи улс орнуудын тал нь дайн дажинтай байна.Бид хөгжилд тэмүүлж байгаа давуу байдлаа мэдрэх,хайрлах хэрэгтэй. Ажил хийж байгаа төрийн албан хаагчид бүтээмжгүй,сэтгэлгүй, жинхэнэ халамж авч байна.Тэд байгаа жаахан мөнгийг нь зүгээр сууж байгаад голж шилээд авч байгаа үед Ядуу ард түмнийг хэн өөд нь татаж, ажлын байр гаргаж өгөх юм вэ. Ядуу хүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна.Мөнгөтэй хүнийг үзэж чадахгүй байгаа мөртөө баян ядууг ялгаж,өөрөө баян болох тухай,ядуурлаас ард түмэн улс орноо гаргах тухай ярих юм.Энэ шүүмжлэл, хоосон яриа чинь оюун санааны ёстой жинхэнэ ядуурал юм. Төрд ажиллана гэдэг чинь улс орноо Хөгжилд хөтлөх шинэ үзэл санаа дэвшүүлж,ажлын зүг чиг стратеги хэлэлцэж,гарц гарган ард түмнийг уриалах ёстой.Яаж мөнгөтэй болохоо ард түмэн өөрөө олно.Төр ажлаа хий л дээ.мэдэхгүй бол эртхэн зайгаа тавь.Чи муу гээд байхаар ард түмэн тийм л гээд гараа тосно шүү дээ. Монголд ядуу хүн байхгүй, ядууралд орсон сэтгэхүйтэй ТӨР л байна.

    0 0 Хариу бичих
  2. Энэ сэдвийг хөндөж ярьж бгаад талархая. Эдийн засгийг аврах 10 их наядын цогц төлөвлөгөө гэдэг бол дундаж давхрагыг ядуу ангилалд түлхэх цогц төлөвлөгөө гэж бичиж байв. https://m.facebook.com/story.php?story_fbid=10157889921223314&id=640448313

    0 0 Хариу бичих
  3. #Швейцар, Японд төв замууд нь халдаг болоод 10 жил болж байна !!! #Сингапур, Эмиратад нисдэг такси туршиж байна !!! #Хятад сарнаас 8 дахин илүү гэрэлтдэг хиймэл дагуул хөөргөлөө !!! #Хятад далай дээр 50км гүүр барив !!! #Цюрих хотод жолоочгүй такси ажиллагаанд орлоо !!! #Японд Андройд зөөгч нар ажиллаад эхэлсэн !!! #Швейцарт сүүлийн 19 жил авто осол гараагүй !!! #Гэтэл манайхан зуух яндан, Замын -Үүдийн хаалга,элдэв суврага , жил бүр засдаг дэд бүтэц гээд ухдаг дахиад засдаг замтайгаа,утаа тоостойгоо зууралдсаар л... #Бид бусдыг дорд үзэж, түүхээрээ бардаж, цээжээ дэлдэж, утасны цаанаас омогшсон ч амьдрал доройтсоор л... Харин бусад нь ирээдүйг бүтээж итгэлтэй урагшилсаар❗️❗️❗️

    1 0 Хариу бичих
    • Sanal niilj baina

      0 0
  4. Энэ удирдаж байгаа хэдхэн өрөхүүд гадаадаас ирсэн хөрөнгө оруулалт , зээл ,тусламжийн 80 %-ыг толгой зовоохгүй амин хувьдаа авч байгаа . Ашигт малтмаль , түүхий эдийг 100 % амин зоволгондоо завьшиж яаж бусдыг ядуурал ,зовлон дундуур удирдан зохиолтой амьдар гэж ажиллаж байна . Хүрэлсүх , занданшатар нар , өнгөрсөн 4 жилд Х Баттулга илчилж зочоож өглөө , одоо эргээд ухарсан , яагаад монголыг эдсэн , зовоосон , авилагч найзуудаа бүгдийг нь хэлмэгдсэн нэрээр шоронгоос сулалаа . 200 гэр бүлээс бусад нь нэн ядууд орно удахгүй

    0 0 Хариу бичих
  5. хар ухаанаар бодоход их л ажиллаж, их л хөдөрмөрлөж байж ядууралаас гарах байх даа, гэтэл манай удирдаж байгаа хүмүүс аль болох л амралт, баярын өдрүүдийг нэмээд л ... бүр баасан гаригт ажиллах ёстой байтал дараагийн 7 хоног руу нь шилжүүлдэг моодтой хүртэл болчихсон, сонгуулыг уг нь амралтын өдөр л хийдэг байсан, бас л ажлын өдөр болгочихсон ... ард иргэдээ болох ажил хийлгүй байх санаатай юм уу , хайшаа юмб

    2 0 Хариу бичих
    • монголчуудыг ядуу дорой буурай байлгах сонирхол манай мулгуу дарга нарт байна цаана нь ч томоохон юм бий энэ байдал гэхдээ нэг их удахгүй ээ залуучууд доороос өндийж байгаа

      0 0
    • Udirdaj baigaa ulsuud ni denduu ubaigui bainaa

      0 0