Эрдэнэс Таван Толгойн сэргэлт

Хэдхэн жилийн өмнө дөө, Эрдэнэс Таван толгой гэсэн түлхүүр үгээр цахим орчинд хайвал цалингаа аваагүй ажилчдын хэвлэлийн хурал, катерпилар машины дугуйн шахаа, Чалкогийн өр, өөрийгөө шатаадаг Эрдэнэ нарын тухай л мэдээ урсаж байдагсан. Алдагдал нь тэдэн тэрбумд хүрлээ гэдэг тоо одоо ковидын тархалтын мэдээ шиг өдөр тутмын хөтөлбөр шахуу. Оюу толгой, Эрдэнэтээс ч том хайран баялгийг ингээд л үрэн таран хийгээд бүтэшгүй бантан болгочихдог юм байх даа хэмээн халагладагсан. Харин сүүлийн хэдэн жил ЭТТ нэр хүнд бага багаар, алхам алхмаар дээрдэж байгаа нь бүгдэд анзаарагдаж эхэллээ. Одоо ЭТТ, Эрдэнэс Таван Толгой гэсэн түлхүүр үгээр хайхад IPO, бонд, хувьцааны ногдол ашиг тараах, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн мэдээнүүд гарч ирэх вий. Зүүнбаянгийн 450 км, Гашуунсухайтын 230 км төмөр замуудын санхүүжилтийг ЭТТ бондоор л шийдэх нь. Цаашлаад нүүрс угаах үйлдвэр, дулааны цахилгаан станц барих гэгээтэй төлөвлөгөө олон. Хүнд үед улсын гол дархлаа дэмжигч нь чухам ЭТТ байж чадав. Тэд олиггүй байсан бол Ковидын тархалттай хэцүү өвлийг яаж давах байсныг төсөөлөхөд бэрх. Анх удаа хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, олон жил хий дэмий ярьсаны эцэст утааны эсрэг анхны дорвитой алхам хийж чадсан нь чухам ЭТТ ашигтай ажилласаных билээ.

Уг нь аль 2010 онд байгуулагдсан ч нэг л болж өгөхгүй, сэргэж өгөхгүй явсаар дөнгөж 2017 онд л анх удаа ЭТТ ашигтай ажилласан байдаг. Уул уурхайгаас орж ирэх цэвэр ашиг /profit/, ногдол ашиг /dividend/, үр ашиг /benefit/ гэсэн гурван төрлийн ашгийг олон нийт ойлгож эхлэв. Байгуулагдаад 12 жил өнгөрч буй ЭТТ нийт 2.2 их наяд төгрөгийн татвар улсад төлсөнөөсзөвхөн сүүлийн 3 жилд дангаараа 80 шахам хувийг буюу 1.7 их наядыг нь төлсөн байх юм. Тодруулбал, 2017-2020 онд бараг 8 их наядын борлуулалт хийж, 2 их наяд 254 тэрбум нь цэвэр ашиг болов. Нэгэнт ашигтай ажилласан тул хувьцаа эзэмшигч Монгол улсын 2 сая 500 мянган иргэн, 500 шахам аж ахуйн нэгжийн нэгж хувьцааны ногдол ашиг 90 мянган төгрөг олгож чадав. Мөн ЭТТ санхүүжилтийн 2 их наяд төгрөгөөр Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам барьж буй нь “үр ашиг”, “ашиг шим” болно. Энэ эргэлдэж буй их тоонууд бүгд ил тод, шилэн дансанд төвлөрсөн 9500 орчим хуудас материал шилэн дансанд байрласан бөгөөд уул уурхайг улс төрөөс салгасан нь ийм үр дүнд хүргэсэн гэж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолж байна.

Баялагтаа эзэн байна гэдэг нь зөвхөн ашгаас нь хувь хүртээд, мөнгө аваад байхын нэр биш билээ. Харин уул уурхайн үйл ажиллагаанд оролцож, хяналт тавьж, өмнө нь ойлгох аргагүй, нэвтэрч боломгүй санагддаг байсан тэр боломж хүссэн бүгдэд нээгдэж гэмээнэ жинхнээсээ иргэд баялагтаа эзэн болох юм. Үүний эхлэл болгож Төрийн өмчийн компаниудаас анх удаа ЭТТ бонд гаргаж, эхний арилжаагаар нийт 964 аж ахуйн нэгж, 956 иргэнд 600 тэрбум гаруй төгрөгийн дүнтэй, төгрөг валютын хосолсон бонд гаргаж амжилттай борлуулсан нь саяхан. “Төрийн” гэдэг үгийг нэг талаараа “хөшүүн хойрго” гэсэн төсөөлөл дагадаг ч нөгөө талаас “найдвартай” гэсэн утга бас дагалддаг. Тиймээс ч хүмүүс ЭТТ бондыг найдвартай, эрсдэлгүй мөнгөө өсгөх арга гэж худалдаж авсаар, одоо хоёр дахь транчийн захиалга 08 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд явагдах бөгөөд энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалах ажээ. Банканд хадгалуулсанаас илүү өндөр хүүтэй, бас хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлог. Бондоос босгосон мөнгөөр Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулж, компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвтэй байгаа нь ЭТТ бонд найдвартай эргэн төлөгдөх оновчтой хөрөнгө оруулалт болох үндэс юм. Гадны тусламж зээлээр биш, улсын төсөвт дарамт учруулахгүй, цэвэр үндэсний нөөц боломжоороо үндэсний бүтээн байгуулалтаа гүйцэтгэнэ гэсэн үг. 

Төрийн үйлдвэр, өмч гэдэг нэг дарга аятайхан сайжрууллаа ч өөр дарга гарч ирээд л муудчих гэдэг тогтворгүй эд. Олон нийт хянаж, анхаарч байж л тогтвортой сайн ажиллах бөгөөд бонд, хувьцаа нь олон нийтийн хяналтын тогтолцоо юм. Бонд авсан бүх байгууллага, иргэд ЭТТ үйл ажиллагааг нүд цавчилгүй хянаж, өөрийн хашаа хороо мэт санаа тавьж анхаарч эхэлнэ. Уул уурхайг эсэргүүцсэн попрол, белазны дугуйн шахаа ч дагаад арилах талтай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)