Tалибан гэж хэн бэ?

-Афганистаны төрт ёс, улс төрийн ирээдүй цаашид ямар байх бол гэдэг нь дэлхий дахины анхаарлыг татаж, түгшээсэн нэг гол сэдэв боллоо. Учир нь АНУ, НАТО энэ улсад энхийг сахиулах үүргээ бүрэн өндөрлөж, зөрөөд Кабулд талибанчууд засгийн эрх авлаа. Тэр утгаар 2016 онд бичсэн нийтлэлээ эргэж толилуулъя. Мэдээлэл гэдэг өнцгөөс хүлцэн уншина уу. Орос хэл дээрхи нэг сайтаас Талибаны толгойлогчдын зураг ба бүтцийг татаж авснаа танилцуулъя. Эд бол өнөөгийн шинэ Афганистаны шинэ лидерүүд.

Афганистаны нутаг дэвсгэрт 1996–2001 онд “Афганистаны Лалын Эмират” гэх төрт-улс Талибаны хяналтад оршин тогтносон, улс орноо VII зуун руу ухраахыг оролдсон, шариатын хуулиар нийгмээ захирсан, харгисласан үеийг энд эргэж сануулах гэж байгаа хэрэг. 

Талибаны xap тамыг гэрчлэх түүх ийн эхлэлтэй. Талибан гэх энэ хөдөлгөөн 1979-1989 онд зөвлөлтийн түрэмгийллийн үед, Хельменд, Кандагар мужуудад гол төлөв медресийн (шашны сургууль) оюутан сурагчдаас бүрдэж лалын фундаменталист хөдөлгөөн болж төлөвшжээ. Угсаатны хувьд дийлэнхи нь пуштун, үзэл суртал нь лалын хэт тулгуур фундаментализм, өрнөдийн ба орчин үеийн бүх зүйлийг үл таална. Тэд Кабулыг 1996 онд эзлэн авч, 1997 онд Герат, Мазари-Шарифт хяналтаа тогтоож, 2000он гэхэд Умардын альянс гэх мужахедуудын отрядыг Афганистаны төв мужуудаас үлдэн хөөж, зүүн хойд Бадахшан муж руу шахаж, нутаг дэвсгэрийнхээ 90 хувийг гартаа оруулжээ.

Шариатын хуулиар хүн амын ихэнхийн эрхийг хязгаарлан, эмэгтэйчүүдийн ажил хийхийг хориглон, охидыг сургууль, их сургуульд суралцахыг болиулсан ба зөрчсөнийг нь хатуу цээрлүүлэн, хулгайчийн өрөөсөн гар, өрөөсөн хөлийг тайрах зэргээр хүнд цээрлэл амсуулж байв. Харин Чеченийн Ичкерийн Ерөнхийлөгч Зелимхан Яндарбиевын ярьснаар, талибанчууд бүр гайхалтай хүмүүс, талибанчууд Афганистанд гайхамшигтай дэг журам тогтоосон болж таардаг. Тэрээр 1999, 2000 онд Кабулд айлчлаад 2001 онд сэтгэгдлээ хуваалцаж бичихдээ: 

  • Раббанийн үед юу болж байлаа? Мэдэж байгаа биз дээ? Масуд, Дустум бүгд л засгийн эрхийн төлөө тэмцэлдсэн, бүгд л зэвсэг агсаад хөлхөж явсан. Тэгвэл талибанчууд ирээд юу болгов? Жирийн иргэн айж эмээхээ больсон шүү дээ гэжээ.

Афганистаны Лалын Эмиратын Гадаад хэргийн сайд Вакиль Мутаваккиль 2006 онд ингэж дурссан байна. 

  • Талибанчуудыг ирэхэд улс орон тарж бутрахын босгон дээр тулаад байсан ба хээрийн ангийн захирагч бүр суугаа нутагтаа өөрийгөө хаан гээд бодчихсон байлаа. Хамгийн чухал нь бид тарж бутрах аюулыг зайлуулж, эх орноо эргүүлэн нэгтгэсэн юм. Биднийг төр барьж байх үед хар тамхины тариалалт хийхийг хатуу хориглосныг нийтээрээ мэднэ. Бид л шийдсэн бол их бага гэлтгүй ажлыг бүгд л хийж бүтээдэг байсан. Шийдвэрийг хэн ч цуцалж чадахгүй, хатуу биелүүлнэ. Амгалан тайван байдал ноёрхож байлаа. Бид хянаж байсан нутаг дэвсгэрийнхээ хүн амын зэвсгийг хурааж, хэн ч зэвсэг хэрэглэх эрхгүй болгосон байсан юм гэжээ.

Талибанчууд бүгдээс нь алба гувчуур авдаг байсан, гэхдээ тэдний үед дэг журам гэж байлаа, айх аюулгүй байлаа. Хээл хахууль гэж байсангүй, хулгай хийнэ гэж байсангүй, шударга, алагчлалгүй шүүхийн системтэй, иргэдийн асуудлыг дор нь шийдэж өгдөг, юу хэрэгтэй байна талибанчууд тусладаг, өөрсдөө хэрэг хийдэггүй байсан хэмээн жирийн афганчууд ам булаалдан ярих ба энэ тухай Foreign Policy сэтгүүлийн 30/04/2010 дугаарт сурвалжлага хүртэл гарч байжээ.

Афганистаны Лалын Эмиратыг Пакистан, Саудын Араб, АНЭУ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон, 2001 оны намар АНУ-ын цэргийн ажиллагаа эхэлж, Талибаны дэглэм унахад энэ гурав тэр үеийн Афганистанаас харилцаагаа тасалсан. Де-юре зөвшөөрсөн гурав нь энэ. Де-факто зөвшөөрсөн нь Туркменистан байв. Талибаны Засгийн газартай хэдхэдэн удаа уулзсан. 2000 оны нэгдүгээр сарын 16-нд Афганистаны Лалын Эмират, Чеченийн Ичкерийн БНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон. Тэр ч бүү хэл Кабулд Ичкерийн ЭСЯ, Кандагарт Консулын газраа нээж байжээ.

Талибанчууд хөөгдөөд яг 10 жил өнгөрч байх үест ийм нэгэн үйл явдал болжээ. Би хэргээр “Tалибан” гэдэг гарчгийн дотор оруулъя гэж шийдлээ. “2011.04.01”. Энэ өдөр дэлхий нийтийг донсолгосон мэдээ Афганистаны Мазари-Шариф хотоос тархлаа. Баасан гаригийн их мөргөл өнгөрөөгөөд олон мянган лалын мухар сүсэгтнүүд “АНУ-д үхэл! Израильд үхэл!” хэмээн орилолдон уйлалдсаар НҮБ-ын Төлөөлөгчийн газар руу уулгалан дайрч дор хаяж 20 хүн, түүний дотор НҮБ-ын ажилтан, өөрсдөд нь буян үйлдээд сууж байгаа гэм зэмгүй 7 ажилтныг алж, хоёрынх нь толгойг тасдаж,байшинг нь эвдэж шатаасан, үгээр эвлүүлэн бичихийн аргагүй балмад хэрэг өдөөжээ. Хаа хамаагүй АНУ-д христосын нэг сүмийн пастор Коран судар шатаалаа хэмээж уурссан мусульманчууд хилэгнэж байгаа нь тэр байв. 

Мусульман–христианчуудын хоорондын аймшигт дайны гэрч нь манай гариг өөрөө болох тухай уриалга хэрэгжиж байгаа нь энэ юм болов уу хэмээн тэр өдөр дэлхий нийтээрээ түгшин харж байв. Ийнхүү Афганистанд НҮБ-ын ажилтнуудыг гэсгээн цээрлүүлсэн энэ “2011.04.01” бол НҮБ-ын түүхнээ арилшгүй хар өдөр болж үлджээ. Цаашид олон улс орон, ард түмэн, сүсэгтнүүдэд гашуун сургамж болж үлдсэн тэр хөр өдөр шүү дээ! Ямар сургамж вэ гэвэл:

  • Эрх зүйт төр, хууль тогтоомж, нийгмийн харилцааны эрхэм нандин бүхэнлалынхаар солигдох; 
  • Лалын шашны хэл, бэлгэдэлийг илүүтэй хэрэглэх; 
  • Лалын шашны зан үйлийг хэт дээдлэх;
  • Лалын боловсролыг түгээн дэлгэрүүлэх; 
  • Лалын шашны сургуулийг олноор байгуулах, төрийн мэдлийн сургуулиудыг лалжуулах;
  • Эмэгтэйчүүд гивлүүр алчуур зүүх, эрчүүд сахлаа хусахгүй байхаас эхлээд лалын дэг жаягийг нийгэмд нэвтрүүлэх; 
  • Сөрөг хүчнийг лалынхнаар дүүргэж секуляр Засгийн газрын эсрэг босч тэмцэх; 
  • Лалын шашинт улс орнуудын олон улсын эв нэгдлийг уриалан дуудах нь эцсийн бүлэгтээ ийм л эмгэнэлд хүргэнэ гэхсургамж бөлгөө. 

Америк эрдэмтэн Жон Эспосито гэгч дээр ийнхүү тэмдэглэсэн нь өнөөгийн Афганистан дээр харагдсан, харагдсаар байгаа нь энэ. Лал сэргэн мандсаны үр дүн, бүтээл нь НҮБ-ын ажилтнуудыг Мазари-Шарифт хэрцгийгээр алж талсан явдал боллоо. “Tалибанчуудын харанхуй үе” огт арилаагүй, бүр амь бөхтэй байгаа юм байна гэдгийг тэр өдөр харуулсан бол түүнээс хойш олон жил өнгөрөхөд байдал бахь байдгаараа. 

Түүхэндээ өмнө нь Британи, СССР, эдүгээ АНУ, НАТО лалын мухар сүсэгтэй үхэх сэхэхээ үзэлцэн тулалдаад алин нь ч ялж чадаагүй, чадах ч үгүй юм байна гэдгийг Их Британийн БХЯ-ны нэгэн илтгэлд нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ (Эх сурвалжаас нь уншигч Та бүрэн эхээр нь үзээрэй гэмгүй – MoD admits campaign in Afghanistan is 'an unwinnable war', independent.co.uk) 

  • Афганистан дахь манай цэргийн үүрэг зарчмын хувьд хэрэгжээгүй, хэрэгжинэ гэдэг нь ч эргэлзээтэй гэж дүгнэе. 
  • Босогчдын тулгуур газруудыг эзлэн авч, тэгээд энгийн хүн амыг хамгаална гээд ч НАТО-гийн хүч нь хүрэхгүй юм байна. Эвслийн цэрэг гарсны дараа Афганы Засгийн газар тэсч тогтоно гэх ямар ч баталгаа алга. 
  • Афганистан хаашдаа сүйрсэн, маш сул эдийн засгийн баазтайгаа үлдэж байгаа тул өрнөдийнхөн удтал энэ орныг дэмжиж тусалж байхаас аргагүй. Афганистаны дотоодын байдал тогтвортой боллоо ч удирдлага нь засгийн эрхэнд тогтож чадах уу, хөрш Пакистан нь Кабулын эрх баригчид сайн ажиллаасай гэж хүснэ гэж үү дээ гэсэн гутранги асуулт илтгэл зохиогчид тавьсан байх аж. 

Гаднын үзэл суртал (коммунизм, марксизм-ленинизм, ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэт) тийшээ нэвчин орох ямар ч нөхцөлгүй болтол нь ислам хэдэн арван үеэр нь тархийг нь идээд бүрэн шингэчихсэн энэ орныг зөнд нь орхивол ямар вэ гэсэн үзэл дэлхий даяар түгээмэлжих ажгуу. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Магадгүй тэдний зөв ,Бид нар эх орноо алдаж байна,Сургамж авах жишээ,Хүн төрөлхтөн дахиад овгийн байгуулалтаас эхлэх болно,Өөрийн толгой дээрхи тэмээг хараагүй байж ,хүний толгой дээрхи өвсийг хайна гэгч болов, Жаахан насанд хүрмээр юм даа Дипломат минь,

    0 0 Хариу бичих
  2. Элчин гэхэд үнэн бүдүүлэг хүн дээ.

    2 1 Хариу бичих