Намар ай...

Үе үехэн сэвэлзүүр салхи нь салхилж, өглөө оройдоо огторгуйн шаргал наран царцчихсан юм шиг илчгүйхэн төөнөнө. Бодлогшир, ухаар гэж моддын зоосон шаргал навчис ганц нэгээрээ хаялж, уул ус юугаа орхиж үл тэвдэх усны шувуудын зүрх зүсэм ганганаа сэтгэл сэмлэнэ. Намар цаг чи ийм уйтайсан бил үү.

Хатсан навчсыг сэргээн амь оруулах гэсэн мэт бороон дусал амь тариа мэт шингээх ажгуу. Саяхан л урган нахиалж байсан ургамал модод нүцгэрч, дэгдээхэй юугаа нисгэж сургах гэж ангир шувуу өөрөөсөө ч том болж торнисон үрсээ тэнгэрийн дайд тийшхи уртын урт аялалд бэлдүүлэн хатуужуулж, эвш баавгай бамбаруушуудтайгаа цуг хатуу цагийг давах ичээ бэлдэнэ. Бүх зүйл хорвоо ертөнцийг орхин одох гэж байгаа мэт эзгүй хоосон буйд аглагыг зөгнөнө. Намар цаг чи ийм гаслангуй бил үү.

Улирч өнгөрснийхөө алдаа эндэгдлийг аргадан зөөллөх, орчлон ертөнц, амьдрал, цаг хугацааны үнэнийг чинхүү сэтгэлээсээ ухаарах алтан агшныг хүмүн бидэнд олгоно. Үргэлжид наран мандаж, үргэлжид сайн сайхан байх юм шиг сэтгэх хүмүнд намар цаг аугаа их ухаарал болон шаргалтана. Хөөрч догдлон, хүсч тэмүүлэх гэж хавар цаг ирдэг байтал ухаарч санааширч, бясалган бод хэмээн намар цаг ирдэг ажээ. Хэнэггүй идэрхэн насны алдаа оноо бүхнийг дэнслэн цэгнүүлэх намар цаг чи уйтай ч гэлээ гаслангуй биш билээ. Чухамхүү сэтгэл сэнсэртэл гэгэлзүүлэх чиний л салхи, бороо, туниа муутай шаргал наран, жиндүү үдшийн чинь аалинд хүмүн төрөлхтөн эрийн цээнд хүрч, оршихуйн утгаа ухаарнам билээ. Цонхны цаана шаргал навчис цас адил бударна. Бүүдгэр тэнгэрийн хаяанд ганц нэгхэн од мичид анивалзан их хотод намрын үдэш иржээ. Оньсого мэт түүний араас:

-Намрын бороо зөөлөн шивэрэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөн буцсаар байгаа шувуудад хайртай... хэмээн орчлонгийн мөнх бусыг ухааран гуниглан дуулсан нь байхад,

Шаргал талын өвс халиурах нь сайхан

Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан

Сартай шөнө бухал дээр унтах сайхан

Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан... гэж догдлонхон шүлэглэсэн нь бий. Тийм ээ, намар чи юутай таашгүй, юутай оньсого мэт билээ.

Нэг л намраар ээжийнхээ гараас хөтлөн анх сургуульд орсонсон. Нэг л намраар амьдралд хөл тавьж ажлын гараагаа эхэлсэнсэн. Нэг л намраар үглэж яншиж, загнаж зандардаггүй ч буруу, зөвийн шүүлтүүр болсон тэр л харц үүрд орхиод одсонсон. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх "хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын чиг шугам, бас "ухаарал” байсан учраас энэ намраас түүнийгээ эргүүлэн нэхнэ. Намар ирдэг, буцаад явдаг болохоор л уул мэт нөөлөг, уужим саруул, холч мэргэн бодол, хал нь гаднаа хайр нь дотроо тэнгэрлэг ухаан бидэнд заяасан ажгуу. Бүрх малгай жишүүхэн духдуулж, урт шар цувныхаа хормойгоос бороо дуслуулан, галын дэргэд намайг цоо ширтэн суугаа намар цаг надтай юу ч үл ярина. Энгэр заамнаас нь хагд цэцэгсийн үнэр ханхийж, урт аяны замд тоосорсон гутал дээр нь өнгөрсөн бүхний дурсамж наалдан хоцорчээ.

Удаан тухлахаар ирээд ямар нэгэн тайлбаргүй яаруу сандруухан буцах зочин шиг намар цаг надад таашгүй оньсого үлдээн одно. Олон олон намар цаг надад ийм л зөн совин, сэрж мэдрэхүйг үлдээнэ. Хүний амьдрал богинохон, хөрст дэлхий уужим болохоор буцахаа мартсан шувууд шиг буурал намраар би буцаж, хүү минь бодлогоширч үлдэнэ...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Намрын борооноор цувгүй алхахдаа Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ хө гэж. сэрүүн жавартай орой нь хайртай хүнийхээ халуухан гарыг атган дулаацуулаад хайрандаа шатаж алхаж явж байж

    0 0 Хариу бичих
  2. Би яг энэ намар шиг Билгийн цэнхэр тэнгэртээ буцаж яваа шувуу шиг Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг гэдэг мөртүүд санагдлаа

    0 0 Хариу бичих
    • Уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг дурламаар ч юм шиг яаая дөө байз кккк

      0 0
  3. Буурал намраар би буцаж хүү минь бодлогоширч үлдэнэ

    0 0 Хариу бичих
  4. Уянга уярал дутагдсан намрын хонгор өдрүүд байлаа үүнийг сонсоод эмормоор болов

    0 0 Хариу бичих
  5. ugui er ingej goe boloh gej. eejiigee uneheer ih sanalaa. Нэг л намраар үглэж яншиж, загнаж зандардаггүй ч буруу, зөвийн шүүлтүүр болсон тэр л харц үүрд орхиод одсонсон. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх "хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын чиг шугам, бас "ухаарал” байсан учраас энэ намраас түүнийгээ эргүүлэн нэхнэ.yag yag

    0 0 Хариу бичих
  6. гоё байна уйтгарлаад ч байгаа юм шиг уйлмаар ч юм шиг байсан сэтгэлийг нуурлуулж бөглөөс гаргалаа баярллаа

    0 0 Хариу бичих
  7. Монгол минь ийм л сайхан. Баруунд одоо л үүнийг ухааоч байхад бид өөрсдөө ч мэдэлгүй солонгосын эргүүнүүдийг дуурайж үр хүүхдээ зэрэмдэглэж байна даэ. Нутагтаа очихсон.

    0 0 Хариу бичих
    • царцаа шаргиад л

      0 0
    • хатсан навчис шажигнуулан ой дундуур алхах гоё шүү

      0 0
    • ёооо ямар гоё юм бэ хэлж чадахгүй үгсийг хэлчих шиг нутгаадаа нэг оччихоод эээждээ нэг үнэрлүүлчихээд ирэхсэн

      0 0
  8. Нэг тийн хөнгөн гунигтай хэр нь гоё мэдээ байна. Уншсан хүн бүр сонсоод л баймаар

    0 0 Хариу бичих
  9. nutag min, namar mini, aav min, ur min

    0 0 Хариу бичих
    • Namar nadad hamgiin saihan uliral

      0 0