ЭМЯ “тоогоор тоглох” зуур эмч, мэргэжилтнүүд туйлдаж гүйцлээ

Ковид19 халдварын шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон иргэдийг өрхийн эмнэлэгтээ хандахыг ЭМЯ-наас болон 119 тусгай дугаараас зөвлөж буй билээ. Тодруулбал, халдварын шинж тэмдэг илэрсэн иргэд эмийн сангаас түргэвчилсэн оношлуур аваад, өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж шинжилгээ өгөх шаардлагатай. Улмаар эерэг гарсан тохиолдолд эмнэлгээс эмийн багцаа аваад, гэртээ өөрийгөө эмчлэх хэрэгтэй гэх зөвлөмжийг холбогдох байгууллагаас өгч буй юм. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдийн хамгийн түрүүнд хандаж, эмнэлгийн тусламж хүсэж буй газар нь өрхийн эмнэлэг юм.

Иймд манай сурвалжлах баг өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж буй талаар болон Ковид19 халдварын бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар нэгэн эмнэлгийг /эмч, ажилчдын хүсэлтээр нэг, хаягийн нь нууцлав/ зорьсон юм.

Эмнэлэгт халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авах тусгай цэг байршуулжээ. Шинжилгээний цэгийн гадна багагүй оочер байх бөгөөд амны хаалт зүүж, маск, бээлий зэхсэн иргэд бие, биеэсээ цэрвэн зогсоно.

Хариг яг хаалганы гадна 30 эргэм насны залуу шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ өгөх шаардлагатай байгаагаа учирлаж байлаа. Харин эмч “Шинж тэмдэг илэрсэн хүн болгоноос шинжилгээ авч болохгүй гэсэн сайдын тушаал ирсэн. Тиймээс хэрэв шинж тэмдэг илрээд байгаа бол эмчээр эмчилгээгээ бичүүлж аваад яв” гэж хэлэх нь дуулдав.

Ковид19 туссан эсэхээ нотлох ганц боломж нь шинжилгээ. Гэтэл шинжилгээ өгч, “Gerege” системд халдвар авсан болохоо бүртгүүлэх боломжийг нь хязгаарлаж буй нь хачирхалтай санагдав. Хэрэв дээрх системд бүртгүүлээгүй бол эмнэлгээс олгож буй эмчилгээний багцыг авах боломжгүй юм.

Энэ талаар шинжилгээ авч буй эмчээс тодруулахад “Сайдын л тушаал шүү дээ. Яамнаас янз янзын л үүрэг өгөөд, сайхан сайхан юм ярих юм. Яг бодит байдал дээр хэрэгжиж байгаа юм нэг ч алга. Биелүүлж чадахгүй, боломж, нөөцгүй хэрнэ олон нийтэд элдэв мэдээлэл цацахаа болих хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд ярьсан болгонд нь итгээд, элдэв юм нэхээд ирнэ. Өрхийн эмч нар л элдвээрээ зэмлүүлж, зүхүүлээд дуусах юм. Жишээ нь, халдвар авсан иргэдийг ойрын хавьтал болсон хүн нэг бүрээс шинжилгээ авна гэж яамнаас мэдээлсэн. Гэтэл бидэнд ойрын хавьтал болсон гэр бүлийн нэг л гишүүнээс шинжилгээ ав гэсэн үүрэг өгчихдөг. Тэгэхээр иргэд ойлгохгүй бухимдаад байдаг” гэлээ.

Тус эмнэлгийн эмч, ажилчдын дийлэнх нь Ковид19 халдвар авчээ. Тиймээс хүний нөөцийн хомстолд орж, хүнд нөхцөлд байгаагаа учирласан юм. Ердөө гурван эмчтэй байгаа аж. Энэ тухайгаа тус эмнэлгийн эмч нар “Эмч нарын ихэнх нь халдвар аваад явчихсан. Халдвар авахгүй байх ч нөхцөл алга. Өдрийн турш Ковид19-тэй хүмүүс л эмнэлгээр эргэлдэж байна. Бид маш урт цагаар ажилладаг. 18:00 цагаас хойш бүх өвчтөнүүдтэйгээ утсаар холбогдож, биеийн байдлыг нь тодруулна. Эмчилгээ, зөвлөгөө өгнө. Өдөр нь эмчилгээ, үзлэгтэй байдаг” гэлээ.

Ийнхүү эмч, мэргэжилтнүүдийг туйлдаж байх зуур ЭМЯ, Эрдэмтдийн зөвлөл тоо төдийхөнд ач холбогдол өгч байна. Тодруулбал, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр өчигдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Цаашид зөвхөн ПГУ шинжилгээг л хүчинтэйд тооцно гэх мэдээлэл өгсөн. Тодруулбал тэрээр “Бид цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан ковид19-ийн тоог албан ёсоор зарлах болно. Өнгөрсөн тав, зургадугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан энэ шийдвэрийг хүчингүй болгож байна. Есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байна. Тэгэхээр өвчлөөгүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно. Ингэснээр тархалтын тоо тодорхой хэмжээгээр буурах байх” гэх мэдээлэл өгсөн юм. Дээрх мэдээлэлтэй холбоотой хэд, хэдэн асуулт бий болж байна

  • Халдварын тархалтын тоог шинжилгээ өгөх боломжийг хязгаарлах байдлаар буулгах нь хэр оновчтой шийдвэр вэ?
  • PCR шинжилгээ өгөх цэгийг нэмэгдүүлэх боломж бий юу?
  • Түргэвчилсэн оношлуур баталгаатай эсэхийг түргэн хугацаанд шинжлэх боломжгүй байсан уу?
  • Шинжилгээ өгөөгүй ч шинж тэмдэг илэрсэн иргэдэд эмийн багц олгох уу?

Дээрх шиг эргэлзээтэй, ээдрээтэй, тодорхой бус шийдвэр, мэдээлэл нь нуруун дээрээ бүх ачааг үүрч буй эмч, өвдөөд бэдэрч буй өвчтөнүүдийн дунд үл ойлголцол бий болгож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ХЯНАЛТАА АЛДАНГУУТ ТҮРГЭВЧИЛСЭНГ ТООЦОХГҮЙ БОЛГОСОН.ОДОО БАРАГ БҮХ ХҮН ӨВДАЖ БНА.ӨРХ,КО ЗӨВЛӨХ ЭМЧ БҮГД УТСАА АВАХГҮЙ БНА.

    0 0 Хариу бичих
  2. Бодлого бодит байдал хоёр нь зөрөөд эрүүл мэндийн салбарын халуун цэгт ажиллаж байгаа нь туйлдаад иргэд бухимдаад хэцүүдэж байна даа хэзээ амьдралд нийцсэн шийдвэр гаргадаг болох юм болдоо

    0 0 Хариу бичих
  3. Чингэлтэй дүүргийн эмнэлэг 7давхар ковидын эмнэлэг болж өр зээлээ дарна гээд л бужигналдаж байна. Жилд хэдэн ч удаа нүүдэл хийв. Дүүргийн эмнэлэг ингэх нь зөвүү

    0 0 Хариу бичих
  4. Tord suusan archaagvi chadbargvi heseg hvnvvsees bolj ard tvmen emch nar zobj baina daa

    0 0 Хариу бичих
  5. Болосрол хэцүүдлээ нтр гэж сүржигнээд байх юм хүн эрүүл мэндээ 1т тавинашдээ Тэгээд ч монголын боловсрол гэж ямар олигтой юм биш Боловсорсон гээд байгаа Шиидвэр гаргагчидаа л харчих Ийм боловсролын төлөө эрүүл мэндээ эрсдүүлэх ямар ч хэрэг ыайхгүй

    5 0 Хариу бичих