Аюултай эх орон

24 настай Сомали залуу Германы Вюрцбург хотын нэгэн дэлгүүрт явж ороод гал тогооны хэрэгсэл зардаг тасаг хаана байгааг заалгажээ. Улмаар гал тогооны тасгаас хутга авч, дэлгүүрт байсан 24, 49, 82 настай гурван эмэгтэйн амийг хөнөөв. Харгис аллага үйлдсэн дэлгүүрээсээ гараад гудамжинд явсан өөр таван эмэгтэй, нэг хүүхдийг хутгалж шархдуулсан байна. Гэмт этгээд хэргийг үйлдэх үедээ Аллаху Акбар хэмээн орилсон гэж гэрчүүд хэлжээ. 2015 оноос хойш Германд амьдарч буй тэр залууг цагдаа нар гуя руу нь буудаж байж баривчлав. Германы иргэд ийнхүү эх нутагтаа алуурчин цагаачийн гарт амь эрсдэв.

2019 онд 16 настай Мила нэртэй франц охин исламын шашныг шүүмжилсэн агуулгатай бичлэгийг Инстаграмдаа байрлуулжээ. Мила исламын шашныг үзэн ядалтад суурилсан шашин гэж ярьсан ажээ. Өнгөрсөн сарын эхээр Мила охиныг сүрдүүлсэн хэргээр 18-30 настай арван эрэгтэй, гурван эмэгтэй хүн шүүхэд дуудагдав. Тэдний найм нь Милагийн амийг хөнөөнө гэж сүрдүүлсэн байна. Милагийн зовлонт амьдрал Инстаграм дахь бичлэгээс нь эхэлжээ. Тэрээр интернэт орчинд өөрийг нь занаж сүрдүүлсэн 100 мянга гаруй мессэж хүлээн авснаас гадна хэд хэдэн удаа сургуулиа сольж, 24 цагийн турш цагдаагийн хамгаалалт дор амьдарч байна.

Дунд сургуулийн багш Самуэль Пати Зөнч Мухаммедын шог зургийг сурагчдадаа үзүүлчихжээ. Энэ үйлдлийнх нь төлөө эцэг эхчүүдийн төлөөлөл сургуулийн захиргаанд гомдол мэдүүлсэн гэнэ. 2020 оны аравдугаар сарын 16-нд Самуэль Патийг сургуулиасаа тараад гэр рүүгээ явах замд нь гэмт этгээд заазуурдаж, толгойг нь тасалжээ.
Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаа нар буудаж хөнөөсөн бөгөөд Чечень улсаас Францад цагаачлан амьдарч байсан 18 настай Абдуллах Анзоров гэгч болохыг тогтоожээ.

2016 оны долоодугаар сарын 14-нд буюу Францын үндэсний баяр болох Бастилийн өдөр Тунис гаралтай 31 настай залуу ачааны машинаар 86 хүнийг дайран хөнөөж, 458 хүнийг шархдуулсан. Халдлагын дараах дүр зураг үнэхээр цочирдом, аймшигтай. Автомашинд дайруулсан хүмүүсийн амьгүй цогцос энд тэндгүй хэвтэнэ. Герман, Франц, Британи, Швед, Дани хүмүүс исламын жихадистуудын бай болжээ. Халдлагын дараа улстөрчид нь эмгэнэл илэрхийлж, эв нэгдэлтэй байхыг уриалах боловч цэцэг өргөх, лаа асаахаас хэтрэхгүй. Исламын улс орнуудаас орж ирсэн цагаач, дүрвэгсэд эрүүгийн гэмт хэрэг үйлдэх болсныг сануулсан улстөрч, хэвлэл мэдээлэл, намуудыг хэт барууны, үндсэрхэг, популист гэж доромжлох ажээ. Иргэн хүн төрж, өссөн эх орондоо алуулж, хутгалуулж, хүчиндүүлж, дээрэмдүүлэх нь мультикультурализмын үр дүн юм уу?

Бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн нь

Мультикультурализм нь социологи, улс төрийн философийн ойлголт бөгөөд тухайн нийгэмд өөр өөр хэл, соёл, угсаа, шашин шүтлэгтэй хүмүүс эв найртайгаар зэрэгцэн орших тухай агуулга ажээ. Гэтэл цагаан арьстай, Христ шашинтай Европын улс орнуудад исламын шашинт улс орнуудаас цагаач, дүрвэгсдийн урсгал түрэн орж ирснээр мультикультурализмын бодит үр дүнд эргэлзэх болжээ. Эргэлзээд ч байх юу байх вэ, бодит дүр зураг нь юм. Герман, Швед улсад эрүүгийн гэмт хэргийн тоо өссөн гэж анхааруулах боловч улстөрчид, зүүний үзэлтэй намууд нь үндэстний эв нэгдэл, сайн сайхныг уриалсаар л. Канцлер Ангела Меркель 2010 онд Христийн Ардчилсан Холбоо намын залуу гишүүдтэй уулзах үеэрээ Германд олон соёлт нийгэм бүтээх оролдлого бүтэлгүйтсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 2015 онд Меркель дахиад олон соёлт нийгэм гэгч нь Германд зэргэлдээ нийгмүүдийг бий болгож буйг шүүмжилжээ. 2011 онд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон төрийн мультикультурализм бүтэлгүйтсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрч байжээ.

Дүрвэгсдийн үер буусан нь

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилсэн Афганистаны дайнд цэг тавих гэж байна. Есдүгээр сарын 11-ний цуврал халдлагын дараа Ерөнхийлөгч Жорж Буш аль- Каеда бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладеныг орогнуулсан хэмээн ял асууж, Афганистанд цэргээ оруулснаар терроризмын эсрэг дайн хэмээх ажиллагаа эхэлсэн. 20 жилийн өмнө Талибаны дэглэмийг түлхэн унагаж байсан Америк тэргүүтэй холбоотнууд Талибуудын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөөд эндээс гарч байна. Саддам Хуссейн үй олноор нь хөнөөх зэвсэгтэй хэмээн 2003 онд Иракт цөмөрсөн боловч тэр зэвсэг нь олдоогүй. 2011 онд өргөн хүрээтэй байлдааны ажиллагаагаа зогсоосон боловч 2014-2017онд Исламын улс бүлэглэл Ирак, Сирид чамгүй түйвээлээ. 2011 оны Арабын хавраас хойш Сири, Ливийн нутаг хэд хэдэн хэсэгт хуваагдаж, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Исламын болоод угсаатны, орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд газрын тос, байгалийн хийн орд газруудыг хянахаар тэмцэлдэж байна. Ливийн Муаммар Кадафийг түлхэн унагаснаар Газрын дунд тэнгисийн эрэг хяналтгүй болов. Сирийн иргэний дайны дүрвэгсдийн дийлэнх нь Туркэд орогнож, үлдсэн хэсэг нь Баруун Европ руу дүрвэжээ. Сахарын цөлийн урд талаас Африкчууд, Ирак, Афганистан, Сириэс, Хойд Африкийн исламын шашинт улс орнуудаас сая сая дүрвэгч, цагаачдын урсгал Баруун Европ руу үерлэн цутгалаа. Сирийн дүрвэгсдийг манай улс л хооллож, ундалж, орон байр, боловсролоор хангаж байгаа шүү гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган үе үе сануулдаг нь учиртай.

Улс төр дэх өөрчлөлт

Өнгөрсөн хэдэн жилд Европын улс орнуудад барууны, үндсэрхэг үзэл баримтлалтай улс төрийн намууд сонгуульд амжилттай оролцох болов. Үнэндээ эдгээр намууд, улстөрчид
оргүй хоосон зүйл санаанаасаа зохиож, эрх баригчдыг шүүмжлээгүй ээ. Тэд улс орныхоо аюулгүй байдал, хэл, соёл, шашин, хил хязгаар, нийгмийн байгууламж, иргэдээ хамгаалахыг уриалж буй. Гэтэл эрх баригч нам, том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь тэднийгээ үндсэрхэг, популист, нацист фашист хэмээн доромжлох ажээ. Германы Альтернатив нам Бундестагийн сонгуулиар 95 суудалтай болсон. Энэ намрын сонгуульд ч дахин хүч үзнэ. Францад Марин Ле Пен үндсэрхэг үзлийн дуу хоолойг хүчтэй илэрхийлэх болжээ. Италийн барууны үзэлтнүүд цагаач, дүрвэгсдийг хүлээж авахгүй хэмээн үндэсний эрх ашгаа илэрхийлсний төлөө Брюссельд ад үзэгдэх болов. Цагаач, дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй хилээ хаасных нь төлөө Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг ад зэтгэр мэт үзнэ. Ойрын ирээдүйд соёлт Европын улс орнуудад үндсэрхэг намууд эрх барина гэж хэн ч зөгнөхгүй байгаа боловч улс төр, нийгэмд нэгэнт цочроо өгчээ. Тухайн угсаатан, үндэстний ижилслийг хэл, соёлоор нь таньж, тодорхойлдог. Харамсалтай нь цагаач, дүрвэгсдийн тодорхой хэсэг нь тухайн нийгэмд уусч, дасан зохицох тал дээр хангалтгүй байгааг л тэд анхааруулж байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 486

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Statistic too barimttai bichne uu. Neg taliig barisan niitlel baina. Mon Eagle n official page d oruulsan post het personal, uduun hatgasan mayagtai bichsen baina. Bolmoorgui l yum??!

    1 0 Хариу бичих
    • Үхсэний чинь өдөөн хатгалга? Бодит байдлыг л бичсэн байна. Чи лал уу?

      0 0